Monday, June 7, 2010

Монгол орны хуучин чулуун зэвсгийн дээд үе буюу Монгол дахь орчин үеийн хүний түүх эхэлбэй

(Хүний үүсэл хөгжил ба Монгол орон дахь эртний хүмүүс-гутгаар хэсэг)

Энэ удаад хуучин чулуун зэвсгийн дээд үеэс дунд чулуун зэвсгийн үе хүртэлх (МЭӨ 45 000, 40 000 -15 000, 10 000 жил) Монголын нутаг дахь эртний хүмүүсийн тухай эрдэмтэд мэргэдийн олж мэдсэнийг өгүүлье.

Хуучин чулуун зэвсгийн дунд үеэс дээд үед шилжих үе буюу 50 000 жилийн тэртээ чулуун зэвсгийн нэр төрөл олширч, ур хийц илт сайжирч шинэ дэвшил гарсныг хуучин чулуун зэвсгийн дээд үеийн хувьсгал - их дэвшил гэдэг. Энэ л үеэс эхлэн урлагийн эхлэл (хад агуйн зураг, эмэгтэй хүний дүрсбаримал) тавигдаж, орчин үеийн хүний зан төрх (оршуулах болон бусад зан үйл, билэгдэл дүрс, шүтлэг, хийсвэрлэл г.м) бий болжээ гэдэг. Монгол нутаг дахь энэ үеийн археологийн олдвор дурсгалуудаас чулуун зэвсгийн үйлдвэрлэл, арга техник эрс дэвшилд хүрч, хадны сийлмэл болон зосон зураг хийгээд чимэглэх урлаг чухам энэ л үеэс үүсч эхэлсэнийг харж болох бөгөөд энэ нь орчин үеийн хүн түрж орж ирсний илрэл болов уу. Өмнөх бүлэгт өгүүлсэнчлэн орчин үеийн хүн-хомо сапиенс үржиж олшрохын хэрээр уул нурууд, гол мөрний хөндий, үржил шимт нутаг даган, амжиргааны эх үүсвэр болох ан, загас, жимс ургамлын тархацыг даган шинэ газар орноод тархан тэлсээр 45-40 000 жилийн тэртээ монголын түүхэн нутагт гурван замаар орж ирсэн нь өвөр Байгаль, Хөх нуур, Ордос гурав гэж үзэж байна. Мөн Агнуурын тэнгисээс баруун тийш өвөр Байгаль, баруун хойд Энэтхэг болон Левантаас торгоны зам дагуу Ордос чиглэсэн нүүдэл суудлын зам мөр бий гэж үздэг байна. (Брадшау сан, Оппенхэймэр - генетик, археологийн судалгаанд үндэслэн гаргасан үзэл баримтлал) Эндээс харахад Монгол нутаг дахь орчин үеийн хүний буюу бидний өвөг дээдсийн түүх Хүн төрөлхтөний их нүүдэл тархалтын дүнд 40-45 000 жилийн тэртээ Хөх нуур, өвөр Байгаль, Ордос хүрсэн тэдгээр хүмүүсээс эхтэй болж байна.

Зүүн хойд Энэтхэгээс хэсэг бүлгээр гарсан хүмүүс Төвдөөр дамжин Хөх нуурын өндөрлөгт хүрч, өсч үржихийн хэрээр цааш Шар мөрний хөндий даган тархсаар Ордосынхонтой нийлэн Ордосын соёлыг үүсгэсэн байх бүрэн магадтай бөгөөд хойш уул нуруудын хөндий даган тархаж Тэнгэр уул, Алтайн нуруу хүрч Баянхонгор, Өвөрхангай, Говь алтай, Өмнөговь, Ховд хүртэл тархан өвөр Байгалийнхантай нүүр тулан учирсан байх магадтай юм. (Монголын хаад Энэтхэг-Түвдийн хаадаас гаралтай гэх домгийн эх байх бүрэн магадтай)
Харин Левантийн хэсгээс зүүн зүг тархсан хүмүүс хийгээд хойд Энэтхэг, Пакистанаас зүүн хойш гарсан тэлэлт дундад Азиар дамжин Алтайн нуруу хүрч нэгдээд цаашлан зүүн хойш тархсаар өвөр Байгаль хүрсэн хүмүүсийн хойчис Сэлэнгэ, Баргужин, Ангар мөрөн, цаашлаад Енесейн хөндий даган үржин тэлсээр хойд, зүүн, зүүн хойд Ази буюу Сибирь, Монголын умард нутгаар тархан суурьшсан хийгээд магадгүй Ордос хүртэл ч тархсан байх магадтай юм. Учир нь хойд Евроазийн хуучин чулуун зэвсгийн дээд үеийн технологийн урд зах нь Ордос бөгөөд үүнээс урагш тэрхүү нөлөө одоог болтол олдоогүй байна. (Монголчуудын дээд өвөг тэнгис далай гатлан..., Монголчууд Ари гаралтай г.м домог ярианы эх болсон байж болох юм)
Гурав дахь нь Ордосынхон бөгөөд Ордосын соёлыг бүтээгчид юм. Ордосын соёл гэж хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн төмөр зэвсгийн үе хүртэл он удаан жилийн хүний түүх соёлыг нэгтгэн нэрлэдэг бөгөөд чулуун зэвсгийн үе нь мустен-леваллуан арга барил дээр үндэслэсэн чулуун зэвсгийн үйлдэх шинэ арга барилыг сайтар эзэмшсэн байдаг онцлогтой юм. Ордосын Салаа ус гэдэг газраас 50-35 000 жилийн өмнөх хүний үлдэгдэл олдсон бөгөөд антропологийн шинжилгээгээр монгол төрхтөн болохыг нотолжээ. Ордосынхон өсч олшрохын хэрээр хойш, зүүн хойш тэлсээр Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг хүрч өвөр Байгалынхантай нийлж соёл хийгээд генетикийн солилцоонд орсон нь лавтай. Энэ бүгдээс үзэхэд эртний Монгол нутаг дахь хүмүүс энэ гурван бүлгийн хүмүүсийн удам хойчис байх бүрэн магадтай байна.

Монголын дээд палеолитийн (хуучин чулуун зэвсгийн дээд үе) олдвор арвин баялаг бөгөөд нэг дороос олон соёлт давхрагаас олдсон чулуун зэвсэгүүдийн үйлдвэрлэлийн арга нь харилцан адилгүй, нэг хэсэг нь леваллуан арга дээр уламжлан хөгжсөн байдаг бол нөгөө хэсэг нь Сибирь болон Енисейн дурсгалуудтай ижилсэх хандлагатай байдаг. Мөн хойд хятад, дундад Азийн дурсгалуудтай ч үйлдвэрлэлийн арга техник, он цагийн хамааралтай байдгаас харахад үнэхээр Монгол нутаг дахь дээд палеолитийн соёл нь дээр өгүүлсэн гурван голомтын нийлмэл цогц эсбөгөөс дээр дурьдсан газар нутгийн энгээр нэг тархсан байсан мэт бодогдоно.

Монгол нутаг дахь дээд палеолитийн дурсгалуудаас Өвөрхангайн Мойлтын ам хийгээд Хэнтий аймгийн Рашаан хадны суурингууд алдартай юм. Мойлтын амны суурин нь дээд палеолитын түрүү үеэс эхлэн мезолит, неолитийн эхэн үе хүртэл 20 гаруй мянган жил хүн тасралтгүй оршин сууж байсан соёлын 4 давхрага бүхий суурин бөгөөд чулуун зэвсгийн дурсгал нь мөн олон янз, леваллуагаас эхлэн дээд палеолитийн алгуур аажим хувьслыг бүрэн харуулж чаддаг байна. Рашаан хадны суурингаас дээд палеолитээс эхлэн хүн чулуу, буган хөшөө, хүрэл төмөр зэвсгийн үе, Хүннү, Хятан, Монгол гүрний үеийн олдворууд олддог хийгээд хад чулуунаа дээд палеолитийн үеэс эхлэн дундад зуун хүртэл хүн, амьтнаас өгсүүлээд хэдэн зуун тамга тэмдгийн хадны сийлмэл зураг дүрс байхаас гадна орхон-енисей, хятан, араб-перс, монгол, түвд, манж, хятад зэрэг 20 орчим бичээс олдсоноос үзвэл Рашаан хадны суурин нийт Монголын эртний соёлын нэгэн төв нутаг байсан бололтой. Чулуун зэвсгийн дурсгалын хувьд мөн л 4 үе давхрагатай бөгөөд 8000 гаруй чулуун зэвсгийн зүйлс олджээ. Эдгээр чулуун зэвсгийн олдворууд нь хэлбэр төрх, хэмжээ, хийсэн арга барил, бүхий л талаараа Мойлтын амныхтай ижил байгааг судлаачид тогтоосон бөгөөд судалгааны дүнгээс үзвэл өмнөд Сибирь, өвөр Байгалийн 30-35 000 жилийн тэртээх дурсгалуудтай хийсэн арга барил, олон талаараа ижилсэж байгаа ажээ. Чулуун зэвсэг хийж байсан үлдэцүүдийг хэлбэр төрх, цуулалтын арга техникийн хувьд призм хэлбэрийн, говийн, урт шаантаг хэлбэрийн, нэг ба хоёр цохих талбайтай жижиг хэмжээний леваллуа маягийн гэсэн 4 төрөлд ангилдаг байна.
Мөн дээд палеолитийн томоохон дурсгалуудын тоонд леваллуа арга барилаар тодорхойлогдсон, 40-30 000 жилд хамаарах Өвөрхангайн Орхон-ҮII, Орхон-I, Баянхонгорын Түйн гол-Ү, Булганы Дөрөлж-I, II зэрэг суурин дархны газрууд багтдаг байна.

Ийнхүү эртний хүмүүс 40-22 000 жилийн өмнө Монголын нутагт чулуун зэвсгийн харилцан адилгүй ч нэг нь нөгөөдөө нөлөөлсөн нийтлэг нэгэн соёлыг бүрдүүлж байжээ. Энэ үеэс хэл яриа улам бүр хөгжин, эхийн эрхт (эмэгтэй хүний баримал, дүрслэл) овгийн хүй нэгдэл бий болж, овгуудад өөрийн билгэдэл, аман хууль, хэв ёс бий болж, байгалийн агуй хонгилоосгадна гэр урц, газар гэрт амьдрах болжээ. Мөн энэ үеийн нэг онцлог нь нэг овгийн дотор бэлгийн харьцааг хориглож, өөр овгоос охин богтлох, өөр овогт хүргэн орох ёс үүсжээ.

Дээд палеолитийн үе нь хүн төрөлхтний түүхийн 30-40-өөд мянган жилийг хамрах бөгөөд энэ үед байгаль цаг уурын өөрчлөлт, агаарын хэм хэд хэдэн удаа буурсан мөчлөг тохиолдож байв. Ялангуяа 22-18-15 000 жилийн тэртээх сүүлчийн их мөстлөгийн үе дэлхийн хүн амд ялангуяа бөмбөрцгийн хойд хэсгийнхэнд ихээхэн нөлөөлжээ. Монгол нутагт энэхүү мөстлөг нөлөөлсний ул мөр өнөөг хүртэл оршсоор байна. Мөстлөгийн үеэр хүн амын тоо ихээхэн буурч, шилжилт хөдөлгөөн зогсож, хоорондын харилцаа холбоо, нөлөөл үгүй болсноор хэл, соёл, генийн ондоошил явагдсан гэж үздэг. Мөн энэ үеэс газар зүйн онцлог, нарны гэрлийн шингээлтийн хэрэгцээнээс хамаарсан генийн өөрчлөлт явагдсанаар одоогийн арьстны ялгаа гарсан байна. Овгуудын ялгарал, цаг уурын өөрчлөлтөөс хамаарсан хязгаарлагдмал байдал нь угсаатан бүрэлдэх эхийг тавьсан байна. Чухам энэ л үеэс монгол төрхтөн, нүүдэлчдийн дээд өвөг хэдийгээр хатуу ширүүн уур амьсгал зонхилж байсан хэдий ч харьцангуйгаар хүн амьдран суух боломжтой нийтлэг адил нөхцөлд байсан Монгол нутагт бүрэлдэж эхэлсэн гэж үзвэл зохилтой байна. (олон үеийн турш хүн оршин байсаар ирсэн монголын дээд палеолитийн суурин дурсгалуудаас харахад)
Энэхүү мөстлөг 18 000 жилийн өмнө дээд цэгтээ хүрсэн бөгөөд 15 000 жилийн тэртээ дэлхийн цаг уур дулаарч, мөсөн бүрхүүл хайлж, байгаль цаг уурын эрс өөчлөлт гарч, монголын байгаль газар зүйн байдал, амьтан ургамалын аймаг орчин үеийн төрхийг олсон байна. Энэ үеэс хүмүүсийн шилжилт хөдөлгөөн дахин эрчимжиж, их нүүдлийн аянд гарч, харилцан соёл хийгээд генийн нөлөөлөл, солилцоо явагдаж эхэлсэн байна. Монголын түүхчид энэ үеэс эхлэн дунд чулуун зэвсгийн үе эхэлсэн гэж үздэг бөгөөд Монгол нутаг дахь дунд болон шинэ чулуун зэвсгийн үеийг хүрлийн үе хүртэл, мөн чулуун зэвсгийн үеийн хадны зосон ба сийлмэл зураг, чимэглэх урлагийн талаар дараа удаад үргэлжлүүлэхээр түр хойш талбивай.

No comments:

Post a Comment