Tuesday, September 29, 2009

Казахуудын тухай

Газрын тос, байгалийн хий, ашигт малтмалаар баян, үүнийхээ хэрээр 2000 оноос хойш эдийн засгийн хөгжил нь эрс дээшилж яваа, аж үйлдвэр, ялангуяа нэхмэл эдлэлийн үйлдвэрлэл сайн хөгжсөн, хөдөө аж ахуй, түүн дотроо газар тариалан сайн хөгжсөн, дээр нь Байко нуурын сансрын буудал, бас нэгэн орхиж болохгүй зүйл нь Семиплатинскийн цөмийн зэвсгийн туршилтын талбартай Казахстан улс нь Казахуудын уугуул нутаг бөгөөд 1897 онд Казахууд хүн амын 73.9% нь байсан бол 1959 онд 30% хүртлээ буурч 1990-ээд оноос нэмэгдэн, 2009 оны байдлаар 65%-д хүрээд байгаа билээ. Казахстанаас гадна Орост (Астрахань, Волгоград, Самара, Оренбург, Челябинск, Курган, Тюмень, Омск, Новосибирск, Алтайн хязгаар) 1.3 сая, Хятадад (Шинжиан Уйгарын өөртөө засах орон болон Хөх нуур, Ганьсу мужид Казахын өөртөө засах Или /Или тарвагатай/ муж, Бар хөл, Мори, Аксайн өөртөө засах дүүрэг) 1.1 сая Казахууд оршин суудаг. Мөн Узбекстаны Каракалпакстан болон Ташкент орчим (бага жузийн Адай овгийнхон), Ираны хойд хэсэг Голестанд цөөн тоогоор амьдран байх ба Монголын Баян Өлгий аймаг, Налайх дүүрэг зэрэгт 100-аад мянган Казахууд оршин суугаа билээ. Монголын Казахууд нь дунд жуз буюу дунд ордын Казахууд бөгөөд тэдний тухай Л.Дэндэвийн “Монголын товч түүхэнд” дурдсанаар “1912 онд... хасгийн хэдэн ноёд... албат иргэдийн хамтаар Монгол улсад дагаар орж бэлэг ёслолыг хүргэн ирснийг хүлээн авч... тэргүүлэгч нарт тусгай захирах эрх олгож Ховдын сайдын захиргаанд оруулжээ” гэжээ.
Дундад Ази дах Монголчуудын ноёрхол нөлөө буурч, бутран салж байсан 15-16-р зууны үе буюу 1465 онд Казахын хаант улс байгуулагдсанаар Казах хэмээх нэр анх гарсан бөгөөд энэ үеэс эхлэн Казах нэрийн дор Казах түмэн бүрэлдэн тогтжээ. Казах хэмээх нэрийн үүдлийн талаар олон онол байдаг. Эдгээрээс хамгийн магадтай нь “Каз” гэдэг нь хэсэх, хэрэх гэдэг Түрэг үйл үгнээс гаралтай “чөлөөт хүн” гэсэн үг бөгөөд талын чөлөөт хүмүүсийг Казах гэдэг болсон гэх тайлбар юм. Үүнээс гадна тэд хасаг тэрэг өргөн хэрэглэдэг байсан учир Монголын хасаг тэрэг гэдгийн хасаг гэдгээс үүссэн гэж үздэг тал бий. Мөн 19-р зуунд гарсан нэгэн тайлбар бол “Цагаан хунгийн домог” бөгөөд энэхүү домгоор “нэгэн цагаан хун, гүнж болон хувирч анхны Казахыг төрүүлсэн” гэх бөгөөд хэл зүйн талаасаа Казах бус Акхаз гэгдэнэ хэмээх эсэргүүцэлтэй тулдаг ба нэлээн Орос хэв маягийн мэт санагдана. Бас нэг сонирхож судлууштай асуудал бол 8-р зууны Уюук Тураны хөшөөн дэх Түрэг бичээст Казгак гэж гардгийг Казах гэсэн үг хэмээн үздэг явдал юм.
Казах түмний угсаа гарвалыг одоогийн Казахстаны нутаг болон 13-р зууны Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин” номонд гардаг Тэндүкийн их талаас салгах учиргүй бөгөөд энэ нь Казахуудын унаган нутаг бөгөөд 13-р зууны оршин суугчид нь бидний сайн мэдэх Кипчагууд буюу барууныхны хэлдэгээр Команууд байжээ. Тэгвэл тэдгээр Кипчагуудын өвөг дээдэс хэн байв, одоогийн Казахууд хэн бэ гэдэгт хариу өгөхийн тулд энэ бүс нутгийн нэн адармаатай бөгөөд сонирхолтой түүхийг нэхэн харах хэрэгтэй болно. Тус бүс нутагт чулуун зэвсгийн үеэс хүн оршин байсан бөгөөд хүрлийн үеийн Срубна, Афанасево, Андроновагийн соёл (МЭӨ500 - МЭ500 он) гэгдсэн археологийн олдворууд олдсон байдаг ба эртний Азийн нүүдэлчидийн хоёр том төлөөлөл болох Скиф болон өвөг Түрэг- Монгол нүүдэлчдийн уулзвар нутаг байж, Төв Азийн газар зүйн онцлогт тохирсон нүүдлийн мал аж ахуй хөгжжээ. Тус бүс нутгийн зүүн хэсэг нь Хүн нар, Нирун улсын харъяанд байсан ба тэднээс баруунтаа нь Индо-Ари угсааны Юэжчи болон Динлины бүрэлдэхүүнд байсан Уйгаруудын өвөг Гаочэ (өндөр тэргэтэн) нарын мэдэлд байсан байна. 6-р зуунд Хөх Түргийн хаант улсын мандах цагт тэдний харъяанд орсон бөгөөд 8-р зуунд Хөх Түргийг унагаахад Уйгарын холбоотон байсан Харлугууд 766 онд одоогийн зүүн Казахстанд Уйгарын түшмэг холбоотон улс байгуулсныг энэ бүс нутгийн анхны улс гэж үздэг. 8-9-р зуунд Арабууд хүчирхэгжин өмнөд хэсгийг нь эзэлж, Исламын нөлөө үүссэн байна. 9-р зуунд Киркизүүдэд цохигдон бутарсан Уйгарын нэгэн хэсэг дорноос ирж Харлугуудыг шахан Уйгарын Хар ханид улсыг байгуулж, 9-11-р зуунд Огузууд (Тогуз огузын хойчис) одоогийн Казахстаны баруун хэсгийг буюу Кимак, Кипчакуудыг (Кипчакийн тал) мэдэж байв. 11-р зууны эхэн үеэс Хар ханид нь өвөр зуураа болон өмнө зүгт Селжүкүүдтэй байнгын мөргөлдөөн байлдаан хийж байсан ба тэр үеийн бэхлэлтүүдийн үлдэгдэл буурал түүхийн гэрч болон одоог хүртэл хадгалагдан үлджээ. Хар ханидууд Исламын шашныг хүлээн авч Багдадын Аббасидын Халифт улсын түшмэг болж байгаад 1130-аад онд Зөрчидүүдэд улсаа автахад ойж гарсан Зүүн монголын Хятангуудад (Кидан) цохигдон, Елүй Дашийн байгуулсан Хар Хятан улсын бүрэлдэхүүнд оржээ. Хар Хятан улс 12-р зууны дундуур Кваразмын Султант улс буюу Сартуулуудад дарагдан хүч нь суларсан ч 1218 оныг хүртэл оршин байгаад Их Монгол Улсын харъяанд орж, хожмын Алтан ордны улсын бүрэлдэхүүн болжээ.15-р зууны эхээр Алтан ордоны улс Ногайн орд, Узбекийн хаант улс болон хуваагдсанаар бүс нутаг дахь эрх мэдлийн хуваарилалтанд өөрчлөлт орж, шинэ хаант улс байгуулагдах нөхцөл бүрдэн 1465 онд Жэти су буюу долоон голын сав газар, одоогийн Казахстаны зүүн өмнөд хэсэгт Керей ба Жанибэк хааны удирдлагаар Казахын хаант улс байгуулагдан Казах нэрийн дор үндэстэн бүрэлдэн бий болох үндсийг бүрдүүлжээ. Казахын хаант улс нь Касым хааны (1511-1523) үед газар нутгаа тэлж өргөжүүлэн “Касым ханнын касга жоли” буюу “Касым хааны гэрэлт зам” хэмээх засаг хуулийг 1520 онд гаргаж мөрдүүлсэн байна. Казахын хаант улсын түүхэнд Хакназар, Есим, Тауке, Аблай хаадууд нэр алдараа дуурсгажээ. Казахын хаант улс нь их, бага, дунд гурван жуз буюу ордод хуваагдсан бөгөөд энэ гурван жузын нэгдсэн саналаар хааныг сонгодог ч нэгдмэл засаглал байнга дутагдаж байсан байна. 16-р зууны сүүлч, 17-р зууны эхэн үеэс Оросын худалдаачид анх нутгийн баруун хойд хэсгээр үзэгдэх болж, Козакууд буюу Оросын Хасаг цэргүүд бэхлэлт суурин барьж эхэлсэн нь хожим Уралск, Гүриев хотуудын эхлэл болжээ. Ийнхүү баруун умраас нь Оросууд шахаж эхлэн, Халимагуудыг хатган уулгалан довтлуулах болж, өмнө зүгт Перс хэлтэн аймгууд шахалт үзүүлэн, Ойрадууд (Зүүн гарын хаант улс) торгоны замд хяналт тогтоохыг оролдон, дорно зүгээс байнга довтлон шахах болж, их, дунд хоёр орд нь Ойрадын мэдэлд орж, бага жузын хан Абул Хаир Оросоос тусламж хүссэн нь Оросуудад сайхан далим болж, бага жузад хяналтаа тогтоосон бөгөөд энэ үеийг Казахууд “их ухралт”-ын он жилүүд гэдэг. Казахын хаант улсын үе дуусгавар болсон оныг 1731 он гэж үздэг ч 18-р зууны дундуур Зүүн гарын хаант улс Манжид цохигдон Ойрадын ноёрхол үгүй болсноор их, дунд жузууд хараат байдлаас гарч дунд жуз 1798 он хүртэл, их жуз 1820 он хүртэл тусгаар байгаад уван цуван Оросод эзлэгдсэн юм. (Их жуз өмнө зүгт нь гарч ирсэн Кокандын ханлигийн тэлэлтэнд шахагдан Оросыг түшин хараат болжээ) Казахын хаант улсын үед Муххамад Хайдар Духлатын 1541-1545 онд бичсэн “Тарих-и-Рашиди”, Кадыргали Косынули Жалайрын 1598-1599 онд бичсэн “Жамиги-ат-Таварих” зэрэг түүх бичлэгүүд гарсан нь Казахын хаант улсын эхэн үеийн түүхийн чухал эх сурвалж болдог. 1863 онд Оросууд шинэ бодлого боловсруулан “Горчаковын тойргийг” зарлан байгуулж, эрхээ хамгаалах нэрээр зарим бүс нутгийг хүчээр булаан авч, “Оросын Тургестан” болон “Талын” гэсэн хоёр засаг захиргааны нэгж (Генерал-Губернаторство) байгуулжээ. Одоогийн Казахстаны ихэнхи хэсэг “Талын” дүүрэгт харъяалагдах болжээ. 19-р зууны эхнээс эхлэн оросын гацаа тосгон олноор үүсэж, малын бэлчээр эрс хумигдан, 1890-ээд он гэхэд олон олон Орос тариачид Казахын зүүн болон хойд хэсэгт шилжэн ирсэн байлаа. 1906 онд Оренбургийг Ташкенттай холбосон Транс-Аралын төмөр зам ашиглалтанд орж, Оросын шилжин суурьшигсад ихээр орж ирэн колоничилж эхэлсэн байна. 1906-1912 оны хооронд тэнд хагас сая гаруй Оросын газар тариалангийн ферм нээгдсэн байв. Энэ үеэс Казахуудын гадагш дүрвэн гарах урсгал эхэлжээ. Оросын сайд Петр Столыпины шинэчлэл болон “Дэлхийн нэгдүгээр дайнд хүчээр цэрэгт татах бодлого”-ыг эсэргүүцэн, мөн амь амжиргаа, ёс уламжлалд нь эсрэгээр хандах болсон Оросуудыг эсэргүүцсэн “Төв Азийн бослого” гэгдсэн тэмцэлд Казахууд олноороо оролцож байв. 1916 онд Оросууд уг бослогыг харгислан дарж мянга мянган казахуудыг устгасан бөгөөд энэ харгислалал хавчлагаас зугтан мөн мянга мянган казахууд Хятад болон Монгол руу дүрвэн гарчээ. 1917 онд Орост Октябрийн хувьсгал гарч дотоодын самуунтай байх үеэр буюу 1917 оны 12 сарын 13-аас 1920 оны 8 сарын 26-ыг хүртэл Казахын үндэсний үзэлтнүүд биеэ даасан засгийн газар байгуулж “Алаш орд” нэрээр өөртөө засах өргөн эрх бүхий улс байгуулан байгаад Большевикуудын мэдэлд оржээ. Козак болон Казах нь адилхан Түрэг хэлний “чөлөөт хүн” гэдгээс үүссэн бөгөөд (Монголчууд аль алиныг нь үгийн үүслээр нь Хасаг гэдэг ч Казахуудыг хасаг цэргээс ялган Казах гэх нь зөв болов уу) Оросууд хасаг цэргээс ялгахын тулд Казахуудыг Киргиз гэдэг байснаас улбаалан 1920 онд “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Киргиз Автономи” гэж байгуулсан ч 1925 онд албан ёсоор Казахуудыг ялган салгаж “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казах Автономи” болгон Киргизээс салгажээ. 1925 онд Казах Автономийн язгуурын нийслэл Оренбургийг Орост нэгтгэн, зүүн өмнө орших Алматыг нийслэл болгосон байна. 1936 онд автономи эрхийг нь авч “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казах Улс” болгосон юм. 1929-1934 онд Оросын Зөвлөлт засгаас хамтаралжуулах хөдөлгөөн өрнүүлэхэд Казахын мал сүрэг нь 80%-иар хорогдож, өлсгөлөнгийн байдал үүсч, багаар бодоход 1.5 сая хүн амиа алдсан бөгөөд мөн олон Казахууд Хятадад дүрвэн гарчээ. Сталины дэглэмийн үед 1939 онд Орост довтолсон зүүн Польшуудын олзны хүмүүсийн ихэнхийг буюу сая орчим хүнийг Казахстанд аваачин, албадан хөдөлмөрлүүлэх хорих лагерь байгуулан хорьсон бөгөөд олзны хүмүүсийн тал хувь нь тэнд үрэгдсэн агаад орчин үеийн боолын хөдөлмөрийн жишээ болон “Гулаг” нэрээр түүхэнд үлджээ. Дэлхийн 2-р дайны үед Сталин Крымын Татарууд, Германууд, Хойд Кавказын Исламуудыг нацист Германтай нэгдэхээс болгоомжлон, тэднийг Казахстанд нүүлгэн шилжүүлэв. Мөн дайны хөлөөс холдуулах зорилгоор олон аж үйлдвэрийг Казахруу нүүлгэн шилжүүлснээр олон олон Казах бус үндэстнүүд ирж суурьшсан байна. Ингэж Казахууд тарчигхан хоол хүнсээ танихгүй улстай хуваалцах хэрэг гарчээ. Дайнаас хойш ч шилжин ирэгсэд нэмэгдсээр байсан бөгөөд 1953-1965 онд Хрущевийн үед “Атар газар” эзэмшихээр, 1960-1970-аад онд ашигт малтмал, уул уурхайн аж үйлдвэрт ажиллах хүмүүст нэмэлт урамшуулал олгох бодлого явуулсны үр дүнд маш олон Казах бус үндэстэн орж ирж суурьшсанаар өөрийн нутагтаа цөөнх болсон цорын ганц Зөвлөлт социалист бүгд найрамдах улс болжээ. (1959 оны байдлаар Казахууд Казахстаны хүн амын 30% болсон байна) Энэ хүн амын шилжин суурьшилт нь Казахуудад эерэг ба сөрөг нөлөөний аль алиныг үзүүлжээ. Тэгэхдээ энэ байдал удаан үргэлжилсэн бол угсаатны хувьд хүндхэн болох байсан нь гарцаагүй юм. Үүнээс гадна Оросууд 1947 оноос Семиплатинскийг цөмийн зэвсэгийн туршилтын талбар болгосон ба Байко нуурт сансарын буудал байгуулсан байна. Казахстан хэдийгээр нүүрс, газрын тос, эрчим хүчний аж үйлдвэр өндөр хөгжсөн, улаан буудайн тариалалтаар улсад тэргүүлж байсан ч баялгийг Оросууд захиран зарцуулж, Казахуудад оногдох хувь нь хангалтгүй байсан юм. Энэ байдал үнэндээ 1991 оны сүүлч хүртэл үргэлжилсэн юм. ЗХУКН-ын УТТ (Коммунист намын удирдах зөвлөл) 1986 оны 12 сарын 16-нд Казахстаны КН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Динмухамед Конауевыг халж Ульяновскийн Геннадий Колбиныг тавьсан нь Казахуудын дургүйг хүргэсэн үйл явдал болсон бөгөөд эсэргүүцлийн хөдөлгөөн гарчээ. Эрх баригчид энэхүү хөдөлгөөнийг хүчээр дарсан бөгөөд нэлээн дарсан тоо баримтаар 20-иод хүн үрэгдэж, 1000-аад хүн гэмтэж бэртэн, 2000 гаран хүн баривчлагдсан байна. Москва 1989 оны 9 сард Колбиныг одоогийн ерөнхийлөгч Нурсултан Назарбаеваар сольсон байна. 1990 оны 6 сард гарсан Москвагийн хэлбэр төдий тунхаглалын дараа Казахстанчууд цаашдын хувь заяагаа өөрснөө шийдэх шаардлагатай болсон юм. Энэ нь тус БНУ-ын 2 зонхилох угсаатны харьцааг хурцатгав. 8 сарын дундуур Оросын болон Казахын үндэсний үзэлтнүүд жагсаал цуглаан зохион байгуулж, парламентын байрны гадна цуглаан хийж эхлэв. 10 сард парламентаас тунхаг гаргаж тэр үеийн бусад БНУ-ын адил Нурсултан Назарбаевийг даргаар томилсон бөгөөд дараа нь ерөнхийлөгчийн засаглалыг авсан юм. Назарбаев нэгэнт тогтсон улс төр, эдийн засгийн уялдаа холбооны улмаас ЗХУ-аас бүрэн тусгаарлаж чадахгүй байсан ба энэ нь эдийн засгийн хувьд амиа хорлохтой адил санагдаж байв. Үнэндээ 1991 оны сүүлч хүртэл Москва Казахстаныг мэдэж байсны жишээ нь Горбачёв Америкийн газрын тосны “Шеврон” компанитай Казахстанд мэдэгдэлгүйгээр газрын тосны “Тэнгис” салбарыг сайжруулах гэрээний талаар тохиролцоонд хүрч байсан явдал юм. 1991 оны 6 сард бусад БНУ-ууд “Холбооны гэрээ”-гээр ЗХУ-г аврахыг оролдсон Горбачёвт шахалт үзүүлж эхэлсэн үед ч Назарбаевын оролцоо бараг үгүй байсан юм. Тэрээр бүх зүйл тодорхой болсон 12 сард өөрийн байр сууриа бататган өрсөлдөгчгүйгээр ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан 7 хоногийн дараа тусгаар улсын ерөнхийлөгч болсон агаад Орос, Украин, Белорустай хамт ЗХУ-г үгүй хийсэн баримтанд гарын үсэг зуржээ. Казахстан 1991 оны 12 сарын 16-нд Зөвлөлтийн БНУ-уудаас хамгийн сүүлд тусгаар тогтнолоо зарлаж, 1997 онд нийслэлээ Астанад шилжүүлжээ. 1991 оноос хойш дэлхийн Казахуудыг язгуурын нутагтаа ирэхийг уриалан, тусгай бодлого явуулсны үр дүнд өнөөгийн Казахстаны хүн амын 65%-ийг Казахууд бүрдүүлэх болсон байна. Эдийн засгийн хувьд хуучин бааз сууриа хөгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалт болон чөлөөт зах зээлийг дэмжин, олон улс дахь нэр хүндээ өсгөсний үрээр 2000 оноос хойш өндөр амжилтанд хүрч байгаа ч Оросын нөлөө байсаар байгааг үгүйсгэх аргагүй юм. Харин улстөр, хүний эрхийн талаар ямар байгааг энэ удаад хэлж чадахгүй ч интернетэд тавих хяналт, насан туршийн ерөнхийлөгч зэрэг зүйлүүд байгааг Казах түмний шийдэх хэрэг хэмээн бодно.
Казахын энэ адармаатай түүх нь Казах үндэстнийг Түрэг, Монгол, Энэтхэг-Перс угсааны (Кипчакууд, баруун кипчак буюу Команууд, Найманууд, Ногайчууд, Харлугууд, Печенэгийн нэг салбар болох Канкалисууд, Хиад, Хэрэйд, Хонгирад, Аргынууд, Мангуд, Жалайр, Духлатууд, Үсүнчүүд, Сарматууд, Скифүүд зэрэг) олон овог аймгийн хойчисын бүрдэл болгодог ба хүн судлалын шинжээр Монголжуу төрх давамгайлдаг юм. Цаг хугацааны хүрд, Алтайн нурууны баруун бие, Балхаш нуураас эхлэн Каспийн тэнгис, Ижил мөрөн хүртэлх энэ бүс нутагт Алтай язгуурын Түрэг хэлний (Казах, Татар, Туркмэн, Киргиз, Уйгар, Турк, Узбэк, Азери хэлүүд ордог) Кипчак бүлгийн Казах хэлтэй, Исламын Ханафи сургаалийн Суннит шашинтай, өөрийн өвөрмөц соёл, ёс заншилтай, удам судраа буюу сажараа эрхэмлэн, долоон үеэ мэддэг, Их, Дунд, Бага орд буюу Ули, Орта, Киши гэсэн гурван жузад хамаарах нэгэн үндэстэнийг бий болгон төлөвшүүлсэн нь одоогийн Казахууд юм. Их жуз нь одоогийн Казахстаны баруун хэсэг бөгөөд анх Казахын хаант улсыг үндэслэсэн газар ба Дулат, Жалайр, Канлы, Албан, Суан, Сары-Үйсүн, Шапырашты, Сиргэли, Ошакты, Үысты, Шанышкылы, Жаныс, Сикым, Ботбай, Шымыр овгуудаас бүрддэг. Дунд жуз нь Казахстаны зүүн хэсэг ба Балхаш нуураас хойшхи газар нутаг бөгөөд Аргун, Найман, Кипчаг, Хонгирад, Уак, Хэрэйд овгоос бүрдэнэ. Бага жуз нь Балхаш нуураас өмнөх газар нутгийг хамран байх ба Казахстаны баруун хэсгээс шахагдсан Ногайн хойчис буюу Ногайн ордын үлдэгдэл хэмээн үздэг ба Алымалы, Байулы, Жэтирү овгоос бүрддэг байна. Мөн жузаас гадна Казахууд хожмын удам угсаагаараа Торэ угсааныхан буюу Чингис хааны удмынхан, Хожа-гийнхан буюу Арабуудын удам, Толэнгитүүд буюу Ойрадын удам, Сунакууд буюу эртний Сайрам угсаатан гэж хуваагдах нь бий. Энэ хүрээд бидний холын хамаатан болох Казах түмний тухай өгүүлэлээ төгсгөе.

Monday, September 14, 2009

Түрэгийн тухай

Дэлхийн нэгдүгээр дайны дараа Оттоманы эзэнт улсын нутаг дэвсгэр ихээхэн хумигдаж, Туркийн Бүгд Найрамдах Улс шинээр байгуулагдах явцад олон олон Түргүүд БНТУ-ын гадна нэлээн хэдэн орны (Хойд Кипр, Грек, Булгар, Албани, Босни Герцеговин, Македон, Румыны Добружа бүс нутаг, Сербийн Сандзак бүс нутаг, Косово, Сири, Ирак) жин дарах цөөнх болон үлджээ. Мөн нэлээд нь Туркт нүүн ирж одоо дэлхийн Түргүүдийн зонхилох хэсэг (61,4 сая) БНТУ-д оршин байна. Тоо баримтаар яривал манай гариг дээр 70 сая гаруй (дэлхийн хүн амын 1,18%) Түргүүд байгаагаас БНТУ-аас гадна Азид 4 сая, Европт 5 сая (үүний 3 сая нь Германд), хойд Америк, Австралид 0,8 сая орчим Түргүүд оршин байна. Түргүүд Анатолийн, Румын (Оттоманы хуучин нутгаас Балканы хойгт нүүж ирэгсэд ба тэдний хойчис), Төв Азийн буюу Огуз Түрэг (Кавказ, өмнөд Орос, Төв Азиас нүүж ирсэн Түрэг хэлтэн ба тэдний хойчис) гэсэн гурван бүлэгт хуваагддаг. Соёлын хувьд ихээхэн холимог шинжтэй бөгөөд дээрхи гурван бүлэг болон барууны нөлөө ч ихээхэн туссан байдаг. Шашны хувьд хүн амын дийлэнхи хэсэг нь Исламын Суннитийн Ханафит урсгалыг баримталдаг бөгөөд 20-р зуунд нэлээд өөрчлөлт хийжээ. Түрэг хэл нь Алтай язгуурын эртний Огуз бүлэгт багтах бөгөөд 6-11 зуунд Төв Азид ихээхэн тархаж дараа нь Огуз Түргийн Селжукууд Анатолийд аваачжээ. 1932 онд Мустафа Кемал Ататюркийн ивээл дор “Түрэг хэлний холбоо” байгуулагдан хэлний шинэчлэлийг эхлүүлж, Араб Перс болон бусад гадаад хэлнээс зээлдсэн хэдэн зуун үгнүүдийг Түрэг үгээр орлуулан амжилттай шахсанаас гадна хэдэн зуунаар мартагдсан олон хуучин Түрэг үгийг сэргээн мөн Түрэг үгийн үндсээр олон шинэ үг зохион эргэлтэнд оруулжээ. (манайд хэрэгжүүлж болохуйц туршлага мэт, мөн Жүүдүүд устаад байсан ярианы хэлээ хэдэн мянган жилийн дараа бичгийн хэлнээсээ сэргээн одоогийн Израил хэлийг бий болгосон) Түргүүд 1071 оны Манзикертийн тулалдааны дараа Анатолийд суурьшиж эхлээд 12-13-р зуунд 1 сая Түрэг тэнд суурьшин байх үед тэндхийн уугуул хүн ам Түргүүдээс хэд дахин олон байсан гэж үздэг. ДНХ-ийн судалгаагаар Анатолийн хүн амын генийн бүтэц тэр хавийн түрэг бус газар дундын тэнгисийнхэнээс нэг их ялгарахгүйг тогтоосон байдаг. Эндээс “Селжук Түргүүд генетикийнхээсээ илүүтэйгээр тэндхийн хүн амыг шашин, соёл, хэлний талаар түргэжүүлжээ” гэсэн дүгнэлтэнд хүрчээ. (үс хэдий олон ч нэг л тонгоргоор хусдаг...) Одоогийн Түргүүдийн генийн бүтцэнд ихээхэн нөлөө үзүүлсэн бас нэгэн хүчин зүйл бол Оттоманы эзэнт гүрний үе бөгөөд маш олон Түрэг бус угсаатан соёлын хувьд түрэгжсэн явдал билээ. Мустафа Кемал Ататюрк “Бүгд Найрамдах Түрк Улсын дотор итгэл үнэмшил, шашин шүтлэг, яс үндэс, угсаа гарвал хамаагүй хэн Түргээр ярьж, Түрэг соёлоор хүмүүжиж, Түргийн үзэл санааг шингээсэн бүгд түрэг хүн мөн” хэмээжээ. (Түрэг гэдгийг Монголоор солиод хэлчихэд манайд ч гэсэн тохирох юм биш үү)
Түргийн түүхийг Хөх Түрэгийн үе, Селжук Түргийн үе, Оттоманы үе, Бүгд найрамдах улсын үе гэж хувааж үздэг. Эдгээр үеүүдээс Хөх Түргийн үе Монголын түүхтэй ихээхэн холбоотой тул манай судлаачид чухам энэ үеийг чухалчлан авч үздэг. Түргүүд нь Төв Азийн эртний оршин суугчдын салаа салбар бөгөөд дунд чулуун зэвсгийн үед буюу 7-12 мянган жилийн тэртээ анх зэрлэг амьтадыг гаршуулан адуулах болсон үеэс монгол, түрэг, манж-түнгүс хэлний ялгаа гарч тус тусын угсаа овог салж эхэлсэн үеэс өвөг Түрэг угсаатны эх тавигдсан гэж үзэх боломжтой юм. Түүх бичлэгт Түргүүдийн гарал үүслийг Ашина овгоос эхлүүлдэг бөгөөд энэ овог анхлан Хөх Түргийн нэрийг гаргажээ. “Жоу улсын түүх”, “Бэйгийн бичиг”, “Сүй улсын түүх” “Юйяан зазу” зэрэг эртний хятадын ойролцоо цаг үед (6-р зуун) зохиогдсон сурвалжуудад “Ашина нь Гаочангийн хойд хэсэгт саарал өлөгчин чонын төрүүлсэн 10 хүүгийн нэг”, “Ашинагийн өвөг нь Хүн нарын хойно байсан Со орны хүн бөгөөд чоно эхтэй”, “Зүүн Гансу мужийн Пинлианы захирагчдаас гарсан холимог овог”, “Ашинагийнхан бол Ашидэгийн агуй дахь тэнгисийн бурхантай хайр сэтгэлтэй болсон Шемо гэдэг мэргэн харваачийн удам угсаа” зэрэг домгуудыг тэмдэглэн үлдээснээс олонд хамгийн их тархсан нь “Тэд сихай буюу баруун тэнгисээс баруун зүг нутаглаж байсан хийгээд хөрш аймаг нь (зарим аман домогт хятадууд гэх нь бий) тэднийг довтолж хядан ганц хүүг хөл гарыг нь огтлон үлдээснийг Асена нэрт өлөгчин саарал чоно тэжээн өсгөж, хожим тэр хоёрын дундаас 10 хүү төрсний 1 нь Ашина нэртэй байж бусдыгаа удирдан Ашина овогтон болов” гэдэг. Энэ домгоос үзвэл Түргүүд уг гарвалынхаа эхийн талыг чонотой холбосон байдаг нь сонирхол төрүүлдэг. Энэхүү домгийн гэрч болж бидний үед хүрч ирсэн Бугатын хөшөө хэмээгдэх түрүү Түргийн үеийн дурсгал Архангай аймгийн Их тамир сумаас олдсон билээ. Ашина овог Алтайн өвөр хэсэгт очихоосоо өмнө анх хаана байсан талаар одоо хүртэл маргаантай байдаг бөгөөд Ганьсу муж Эзний голын сав Турфан орчим байсан эсвэл Хүн нарын хойно Алтайн хойд тал Бий гол хавьд байсан гэх хоёр баримтлал байдаг. Эндээс үзэхэд Хүн нарыг хүчирхэг үед эдгээр нутаг Хүн гүрний бүрэлдэхүүнд байсныг бодолцвол Түргүүд Хүн гүрний бүрэлдэхүүнд орж, нэг аймаг нь болж явжээ гэвэл үнэнээс нэг их хол зөрөхгүй биз ээ. Ер нь Түргүүд анхнаасаа Алтайн нуруу хавиар нутаглан тухайн үеийн Төв Азид тогтсон аймгуудын холбоо, төрт улсуудын харъяанд орох, нэгдэх байдлаар байж байгаад 400-аад оны үес хүчинд шахагдан Турфанд ирснээр тэндхийн Индо Ари угсаатантай хэлхээ холбоо тогтоож харилцан нөлөө үзүүлж байгаад 460 оноос Их Нирун улсын (Жужан) захиргаанд орж төмрөөр алба барих болсон гэсэн баримтлал арай илүү байна. Дашрамд сонирхуулахад Японы хэл шинжээчид Согд хэлээр бичигдсэн Ашинагийн тухай хамгийн эртний судар болох Бүгүтийг судлан Хятадын сударт гардагчлан Ашина биш Ашинас гэсэн үг гэсэн нь хожмын Араб сурвалжуудаар баталгаажсан. Мөн Японд Ашина гэж овгийн нэр (Сэй Ашина гэж Япон жүжигчин эмэгтэй байдаг), тэрчлэн Хирошимад Ашинас гэж дүүрэг бий. Түрэг гэх нэр Түжүэ гэдэг нэрээр 6-р зуунд хятад сурвалжид анхлан гарчээ. Нирун улсын сулралын үед 546 онд Нируны эсрэг боссон Тэлэ аймгийн холбоог (Тогуз-Огуз гэдэг ба Уйгар нэг аймаг нь байв) Ашина аймгийн зонхилогч Буман (Түмэн) дарж өөртөө нэгтгэн алдар гавъяаныхаа хариуд Нируны гүнжтэй гэрлэж хааны гэр бүлд орохыг хүссэн авч Нируны Анагуй хаан эс зөвшөөрчээ. Урам нь хугарсан Буман баруун Вэй улстай холбоо тогтоон 552 онд Нируны эсрэг дайтан хиартал цохиж, Анагуй хаан амиа хорлосноор Нирун улсын ноёрхол дуусгавар болов. Эргүнэ Кунгийн домог энэ үетэй холбоотой болов уу гэж бодогдоно. Буман Нируны харъяанд байсан овог аймгуудыг өөрийн болгож, Киргизүүд болон Киданчуудыг цохин, улстөрийн төвөө Орхоны хөндийд шилжүүлэн өөрийгөө Ил Хаан хэмээж Хөх Түргийн үндсийг тавьсан боловч удалгүй таалал төгсжээ. Түүний хүү Кэло, Иишиги хаан нэрээр 553 онд ор залгасан авч дараа жил нь үгүй болов. Кэлогийн дүү Кигин 554-572 онуудад Муган хаан цолтойгоор Түргийг захирч байх хугацаандаа Хятадтай хавсран Сянби угсааны Тогоон нарыг мөн дорно зүгт Татаби, Кидан, гучин Татар (татарыг хятадууд шивэй хэмээнэ) зэрэг монгол угсааны аймгуудыг эзлэн газар нутгаа тэлэн гадаад байдлаа бэхжүүлжээ. Буман хааны дүү Истэми 553-573 онд Ябгу (хааны удаахь бөгөөд баруун Түргийг захирагчийн цол, удам залгамжлана) цолтойгоор баруун Түргийг захирч Персийн Сасанидтай хамсан Нирун улсын түшмэг холбоотон байсан Цагаан Хүн буюу Эфталитуудыг цохин Европ руу шахаж, баруун зүг Арал тэнгис, Ижил мөрөн хүртэлх газар нутгийг эзлэн газар нутгаа тэлжээ. Чухам энэ үеэс Хөх Түрэг Дундад болонТөв Азийг хамарсан хүчирхэг гүрэн болж Хятадын Ци, Жоу улсуудаар алба бариулах болсон байна. Кигиний дүү 572-581 онуудад Таспар хаан цолтойгоор Түргийг захиран байв. 573 онд Ябгу Истэми өнгөрсний хойно түүний хүү Тарду залгамжлан баруун Түргийг захирах болж, хаанд захирагдахаас зайлсхийн баруун Түрэг хэрэг дээрээ бараг тусгаар улс болов. Энэ үед Хятадын нэгдсэн Сүй улс байгуулагдаж байв. 581 онд Таспарыг үгүй болсон хойно түүний гэрээс ёсоор Бумангийн ач Талопиэн хаан болох ёстой байсан ч дээд зөвлөлөөс түүний үеэл Шэтүг Шаболио хаан болгосноос үүдэн Талопиэн нь Апа хаан, өөр нэг үеэл Рудан нь Бүли хаан хэмээн өөрснийгөө өргөмжлөн дотоодын тэмцэл өрнөсөн байна. Энэ байдлыг далимдуулан Ябгу Тарду баруун Түргийг бүрэн бие даалгаж Хөх Түрэг баруун зүүн хоёр хэсэгт хуваагдсан байна. Түргүүд дотоодын тэмцэлдээ Хятадын дэмжлэг авахын тулд тэдэнд алба барих хүртэл байдалд орсноос гадна дорно зүгээс Кидан довтлон, Хятадууд задлан бутаргах бодлогыг тууштай барьж нөхцөл байдал улам дордов. Албан ёсны хаан гэгдсэн Шэтү Ишбараг үгүй болсны хойно түүний хүү Чулоухоү 588-599 онд, 599-609 онд Чулоухоүгийн хүү Ранган нар хаан болцгоосон хэдий ч бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдөж чадсангүй дотоодын тэмцэл үргэлжилсээр байв. Энэ үед баруун Түргийн Ябгу Тарду 599 онд өөрийгөө Датоү хаан (Бужиа хаан ч гэдэг) хэмээн өргөмжлөн зүүн Түрэгт цэрэглэн орсноор зүүн Түргийн хаан зугтан Хятадын хаан Яандигаас өмгөөлөл эрэн очжээ. 600 онд Тарду Түргийн дотоод хэрэгт оролцохоо зогсоохыг шаардан Хятадад цөмрөн нийслэл Чангаан руу довтолсон хэдий ч амжилт олсонгүй, харин Хятадууд Түргийн харъяанд байсан Сыр-Тардуш, Уйгараар толгойлуулсан Тэлэ аймгийг Түргийн эсрэг турхирах бодлогыг амжилттай хэрэгжүүлж, тэдэнтэй хавсран 603 онд Тардугийн ноёрхолыг унагажээ. Яг үүнтэй төстэй хэрэг явдал хожим Халх Ойрадын дайны үеэр давтагдсан бөгөөд Галдан бошигт хаан энэхүү түүхийг давтжээ. Гэвч нөхцөл байдал эргэн Хятадын дотоодод самуун дэгдэн Түргүүдэд бололцоо гарч ирсэн байна. Энэ үед 609-619 онд Шиби, 619-621 онд Чулоу, 621-630 онд Хиэли хаадууд зүүн Түргийг захиран байсан хийгээд Хятадын дотоодын самууныг ашиглан 67 удаа уулгалан довтолсон ба Сүйгээс Тан улс руу шилжих шилжилтэнд багагүй үүрэг гүйцэтгэсэн байна. Гэвч дотоод байдал нь тийм ч сайнгүй, Тэлэ аймгууд босч тэмцсээр байсан ба шинэхэн үүссэн Тан улс хүчээ бэхжмэгц Түргийн эсрэг хагалан бутаргах тууштай бодлого явуулж, Тэлэ аймгийн холбоотой хавсран 630 онд Хиэли хааныг олзлон улсыг нь эзлэн зүүн Түрэгийг унагажээ. Баруун Түрэг 659 он хүртэл биеэ даан тусгаар оршсон бөгөөд Нили хаан (603), Чуло хаан (603-611), Шэкүэй (611-618), Тун Ябгу (618-630), Юүвү хаан (630-) зэрэг хаад удирдагчид захиран байсан ба Бизантийн хаант улстай найрсаг харилцааг барьж Персийн Сасанидын эсрэг түүхэнд Түрэг-Персийн дайн гэгддэг дайнуудыг хийж Таримын хөндий, Аму даръя хүрч өмнөд хилээ сэргээн, Хазар болон Гераклиус хааны дэмжлэгтэйгээр Транскавказид цөмрөн Дагестаны Дербент, Гүржийн Тибилис, Арменийг авч Транскавказад ноёрхох болсон хэдий ч эзлэгдсэн газар нутагт Тун Ябгугийн явуулсан аллага хядлагын улмаас Транскавказад удаан ноёрхож чадалгүй 630 онд хөөгдсөн байна. Баруун Түрэгт 634-639 онд хаан байсан Ишбара засаг захиргааны шинэтгэл явуулж, улсаа тав таван хэсгээс бүрдэх Чуй голоор зааглагдсан 2 хэсэгт хуваан захирах болсон нь Оног буюу арван сум хэмээгдэн түүхэнд үлджээ. Энэ үеэс салан тусгаарлах хандлага гарч эхэлсэн бөгөөд Булгарууд салан тусгаарлаж, төв хэсэг нь Хазарын хаант улс хэмээн биеэ даах зуур 657 онд Тан улсын жанжин Сүн Дин фан зүүн хэсэгрүү довтлон түйвээв. 658 онд Тан улсын Тайзонг хаан өөрийгөө Түргүүдийн хаан хэмээн зарлаж, 659 онд Перс хүртэлх газар нутгийг эрхэндээ оруулан торгоны замыг бүрэн хяналтандаа авснаар Хөх Түргийн анхдугаар үе дуусгавар болж Түргүүд Тан улсад бүрэн эрхшээгдэж, албат харъяат нь болсон байна. Энэ үеэс Түргүүд хятад цол хэргэм авч, Тангийн өмнөөс дайн тулаан хийж, хил хязгаарыг сахих болсон байна. Хожим Манжууд Тангийн энэхүү бодлогыг Монголд хэрэгжүүлсэн мэт санагдана. Мөн энэ үеэр Уйгарууд Тэлэ буюу Тогуз Огуз (9 огуз) аймгийг зонхилохын төлөө Сыр-Тардуштай тэмцэн ялж Тан улсын холбоотон байж түр зуур тусгаар байдалтай байв. Ингэж Хөх Түрэг унасан хэдий ч Түрэг түмэн эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцсээр байсан бөгөөд 681 онд Күтүлүг өөрийн ах Мокор (хятад сурвалжид Мочо)-той хамтран Тангийн эсрэг бослого гарган Элтэрэс нэрээр хаан сууж (682-694) арав гаран жилийн турш амжилттай тэмцэл явуулан цагаан хэрэм хүртэл газар нутгаа сэргээн Хөх Түргийн хаант улсыг сэргээн байгуулав. Энэ тэмцэл амжилтанд Хятадад төрж өссөн мэргэн сайд Тоньюкук их хувь нэмэр оруулжээ. Элтэрэс, Капаган, Билгэ гурван хааны сайд байсан түүнд зориулсан хөшөө дурсгал Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байдгийг бид бүгд мэдэх билээ. Түүнчлэн Тан улс дотоодын самуунтай, дээр нь Төвдтэй дайн хийж байсан зэрэг Түргүүдийн хувьд таатай нөхцөл бүрдсэн байсан байна. Мөн энэ үеэс Тэлэ аймгийн холбоо буюу Тогуз огузын (Уйгар нэг зонхилох аймаг нь байсан есөн аймгийн холбоо) захирагчаар суух хүнд Ябгу цолыг өгөх болсон байна. Түүний хойно Мокор, Капаган хаан нэрээр 694-716 онд хаан сууж, газар нутгаа баруун зүг Самарканд хүртэл тэлж, тэр үед хүчийг авч эхэлж байсан Арабуудтай Трансоксанийг хянахын төлөө өрсөлдөх болов. 712-713 онуудад Умаяадын Халифаттай хэд хэдэн тулалдаан хийсэн авч амжилт олоогүй юм. Зүүн зүг Киданыг цохин, өмнө зүг Тан улсыг уулгалан бэлэг сэлтээр алба авч байв. Түүний хаанчлалын сүүлийн жилүүдэд дотоодын бослого самуун гарах болж, тэрээр нэгэн бослогын үеэр алагджээ. Капаган хааныг үгүй болсны хойно түүний хүү Инал буюу Бэгю хаан суусан авч төрийн эрхийг ёс бусаар авсан гэж үзсэн Элтэрэс хааны хүү Күль Тэгин түүнийг алж өөрийн ах Билгэг хаан суулгаж өөрөө маш их өргөн эрх дархыг эдлэх болж (Күль Тэгинийг түүхэнд төрийг хамтран баригч гэдэг), хуучин хааны үеийн эрх дархтанг зайлуулан зөвхөн мэргэн Тоньюкукийг төрийн зөвлөхөөр хэвээр үлдээсэн байдаг. Билгэ хааны үед Түргүүд дотоодын бослого тэмцлийг дарж, 720-721 онд Тан улстай хийсэн дайнд ялалт байгуулан улмаар найрамдан бэлэг сэлтээр алба авах болсон байна. 731 онд Күль Тэгин нас барахад Билгэ хаан ихээхэн гашуудаж том хэмжээний тахилын онгон байгуулсан байдаг. 734 онд Билгэ хаан хорлогдон таалал төгссөн бөгөөд энэ ах дүү хоёрын тахилын онгон Орхоны Хөшөө цайдамд өнөөг хүртэл оршин байгаа билээ. Энэхүү хөшөө дурсгалд Хөх түргийн түүхийг товч боловч тодорхой өгүүлсэн байдаг ба тэр үеийн улс орнуудын тухай бичиж үлдээсэн байдгаас арван отог буюу Түргэш (оног буюу баруун түрэг), Огуз буюу есөн аймгийн холбоо (Уйгарууд нэгэн аймаг нь байсан), Киргиз, Кидан, Татар, Татаби, Нанхиад нар өрсөлдөгч улсууд байсан нь хөшөөний бичгээс тодорхой байдаг. Билгэ хааныг таалал төгссөний дараа Ижань хаан 734-739 онд, Тэнгри хаан 740-741 онд, Эзмиш хаан 741-744 онуудад Түргийг захиран байсан ба энэ үеэс Ашина овгийн том язгууртан, бэкүүд харьцангуй бие даасан байдалтай болж, дээр нь дотоодын самуун, бусад овог аймаг, угсаатны бослого хөдөлгөөн ихээр өрнөх болж 742 онд Уйгарууд Харлуг болон Басмылуудтай хамтран 2-р Хөх Түрэгийн эсрэг босч 744 оны Таласын шийдвэрлэх тулалдаанд ялж, хаан Эзмишийг олзлон, Уйгарын хаан (Ябгу) Күтлүг түүнийг цаазлан, толгойг нь Тан улсад хүргүүлжээ. Ингэж Төв Азид Түрэгийн ноёрхол дуусгавар болж, Уйгарууд түүхийн тавцанд тодрон гарч ирэв. Түргүүдийн үлдээсэн орхон бичгийн дурсгалт хөшөө дурсгал, булш, тахилгын онгон, балбал чулуун зэл, хүн чулуу зэрэг өв соёлын дурсгал Монгол нутагт үлэмжхэн байдаг.
Энэ үеэс эхлэн хэдэн зууны турш тэдний тухай мэдээ сэлт хомс байдаг бөгөөд бөгөөд Түрэгийн түүхэнд бичсэнээр: “...тэдгээр нүүдэлчид Монголын баруун хойд хэсэг Алтай хавиар болон Төв Азийн тал нутагт нутаглан байгаад 6-8 зуунд Арал тэнгисээс Хинду Куш хүртэл буюу Трансоксанид ноёрхсон хаант улс байж 8-р зуунд зарим аймгууд нь Огузыг оролцуулан өмнөш нүүн Аму Даръяа буюу Аму гол хүрч, зарим нь баруунш нүүн Хар тэнгисийн хойд эрэг хүрчээ” хэмээдэг. Огузийн Ябгугийн улсад өндөр алба хашиж байсан Селжүк бэк Кужандад нүүн ирж исламжин Селжүкийн үндсийг тавьсан гэх агаад түүний ач хүү Түгрүл бэк дүү Чагрийн хамт 1029 онд Мерв, Нишапурийг эзлэн дараа нь Хорасан, Балх буюу Бактриг авч, 1037 онд Персэд (Газни) нэвтрэн улс байгуулсныг түүхчид “Их Селжүкийн эзэнт улс” хэмээдэг ба тэднийг Төв Азийн Түрэг овог аймаг гэж үздэг. Энэ үеэс эхлэн тэд хэл соёлын хувьд нэлээн персжих хандлагатай болсон юм. Тэд1055 онд Багдадыг эзлэн Анатолийд хүрчээ. Түгрүл бэкийн дараа Чагри бэкийн хүү Алп Арслан 1063-1072 онд Селжүкийг захиран 1064 онд Армени, Гүржийг эзлэн, 1068 онд Бизантыг цохиж, улмаар 1071 онд Манзикертэд Бизанттай дахин дайтаж, хааныг нь олзлон төв болон зүүн Анатолийг бүрэн хяналтандаа авав. Тэрээр өөртөө үнэнч зүтгэсэн Түрэг жанждыг эзэмшил газар нутгаар шагнаснаар атабэк буюу Бэйликүүд (Бэклик) үүссэн байна. Алп Арслангийн дараа Мэлик шах I 1072-1092 онд хаанчилсан бөгөөд түүний үеийг Селжүкийн алтан үе гэдэг. Энэ үед тэдний газар нутаг зүүн талдаа хятадтай, баруун талдаа Бизантитай хиллэн байснаас гадна цэргийн шинэчлэл явагдан Багдадад их сургууль байгуулж эхэлсэн байна. Абасидын Халиф түүнд “Дорно Өрнийн Султан” гэх цолыг 1087 онд өгч байжээ. Сайн юманд садаа мундахгүйн үлгэрээр Уулын өтгөс буюу Ассасинууд түүний үед хүчтэй байж аллага таллага явуулах болжээ. 1092 онд тэрээр таалал төгсөхдөө газар нутгаа хуваан Анатолийг дүү Килиж Арслан I-д (Румын Султант улсыг үндэслэгч), Сирийг дүү Тутуш I-д, Персийг хүү Махмуд I-д, Иракийг хүү Баркияаругт, Багдадыг хүү Мухамед I-д, Хорасаныг хүү Ахмад Санжарт тус тус захируулсан нь тэд өвөр хоорондоо тэмцэн Их Селжүк задарч, загалмайтны дайчдын довтолгоонд нэгдсэн эсэргүүцэл үзүүлж чадахгүй дийлдэж байсан байна. Нэр төдий нэгдмэл улс байсан хэдий ч сүүлчийн ёс төдий хаан Ахмад Санжарыг 1156 онд үгүй болсны хойно Атабэкүүд бүрэн бие даацгаажээ. 1194 онд Их Селжүк бүрэн унаж, Румын султант улс л үлдсэн байна. 1261 онд Монголчууд Анатолийг хяналтандаа авснаар Румын султанат олон жижиг Эмиратууд буюу Анатолийн Бэйликүүдэд хуваагдан Монголын хараат түшмэг байдлаар 13-р зууны сүүл үе хүртэл оршин тогтножээ. 1330-аад оноос тэндэх Монголчуудын ноёрхол дууссанаар Анатолийн Бэйликүүд Селжүк улс нэрээр улс төрийн хувьд нэгдмэл байдалтайгаар 14-р зууны эхэн хүртэл байгаад өвөр хоорондоо эрх мэдлийн төлөө тэмцэлдэн 16-р зууны эх хүрчээ. Энэ үеийг Бэйликүүдийн үе гэх бөгөөд энэ үед Түркоманууд улс төрийн хувьд хүчтэй байж Түрэг хэл соёл бүс нутагт давамгайлан шинжлэх ухаан, уран зохиолын болон Анатолийн албан ёсны хэл болсон нь энэ үеийн нэг онцлог юм.
Эдгээр Бэйликүүдийн нэг болох Бурса болон Ескисехир хоёрын хооронд орших газрыг Газнийн эмиратуудын нэг Ертүгрүл захиран байгаад 1281 онд хүү Осман нь залгамжлан авчээ. Осман нь эр зоригоороо “Кара” (хар) хэмээн нэрлэгдэн газар нутгаа өргөтгөн тэлж, Бурсад нийслэлэн, 1299 онд Селжук Түргээс тусгаар улс байгуулсан нь хожим түүний нэрээр нэрлэгдэх болсон Оттоманы эзэнт улс бөгөөд түүхийн олон нугачааг туулан 16-17-р зуунд хүч чадлынхаа оргилд хүрч, зүүн өмнөд Европ, Ойрхи дорнод, хойд Африкииг хамарсан эзэнт гүрэн болсон юм. 1402 онд Доголон Төмөр Анкарад тэдэнтэй тулалдан захирагч Баиезидийг олзолж, газар нутгийг нь авчээ. Хожим Мурад II-ын (1421-1451) үед дахин сэргэжээ. Оттоманууд Султан Мехмедийн (1451-1481) үед 1452 он гэхэд хуучин Бизантийн газар нутгийг бүрэн хяналтандаа авч, 1453 онд Константиноплийг 53 өдөр бүслэн байж аван Оттоманы эзэнт гүрний нийслэл болгожээ. Тэрээр аль ч шашинтан, үндэстэнийг “үл ялгаварлан гадуурхах” бодлогыг барьснаар олон үндэстний улсыг байгуулж “Пакс Оттоман”-ы үндсийг тавьж чаджээ. Селим I-ийн (1512-1520) үед Сири, Палестин, Египетийг авч, Мекка болон Медина хотыг хяналтандаа авч, тэрээр “Хоёр ариун бунханы хамгаалагч” гэх цол хүртжээ. Түүний дараа өрнөдөд “Гайхамшигт Сулейман”, дорнодод “Хууль тогтоогч” хэмээн алдаршсан Сулейман (1520-1566) Оттоманыг захиран Селимын газар нутгаа өргөтгөх бодлогыг үргэлжлүүлж, түүний арми нь Английн Ненри YII, Францын Францоис I, Ариун ромын эзэнт улсын Чарьлз Y-ын армиас хамаагүй илүү байж, Газар дундын тэнгист түүний тэнгисийн цэрэг Португаличуудын тэнгист ноёрхох хүртэл ноёрхож байв. Түүний үе Оттоманы эзэнт улсын алтан үе байж, хуулийн тогтолцоонд өөрчлөлт хийн улс даяар мөрдүүлсэн байна. Түүнийг 1566 онд таалал төгсөхөд Оттоман Исламын ертөнцийн том төвүүд болох Мекка, Медина, Иерусалем, Дамаск, Каир, Тунис, Багдадыг туган дороо нэгтэгсэн дэлхийн хүчирхэг гүрний нэг болж, хөгжлийнхөө оргилдоо хүрсэн байлаа. Түүнээс хойш Оттоманы султант улс зогсонги байдалд орж, хүч чадал нь аажмаар буурч 19-р зуун гэхэд Европын бусад улстай харьцуулахад хол хоцорсон байлаа. Селим III (1789-1807), Махмуд II (1808-1839) зэрэг султанууд шинэчлэл хийх оролдлого хийсэн авч төдий л амжилт олоогүй юм. 624 жил оршин байж, Түргийн соёлд баларшгүй ул мөрөө үлдээсэн Оттоманы султант улс 1923 онд БНТУ-д байр сууриа шилжүүлсэн билээ.
Германы холбоотон байсан Оттоманы Түрк дэлхийн нэгдүгээр дайнд ялагдал хүлээн, 1920 онд холбоотнуудтай хийсэн Сервесийн энхийн гэрээгээр Итали, Франц, Британи, Грек, Армени зэрэг улсуудад газар нутгаа алдан, Итали, Франц, Британи болон олон улсын нөлөөний бүс байгуулсан байна. 1919 онд, дайны баатар Мустафа Кемал Паша (хожим 1934 оны “Овгийн хууль”-иар Ататюрк нэрийг авсан) Оттоманы армийн үлдэгдэлийг зохион байгуулж, үндэсний үзэлтнүүдийг нэгтгэн Түркийн чөлөөлөх хөдөлгөөнийг эхлүүлсэн нь түүхэнд “Түркийн тусгаар тогнолын дайн” гэж нэрлэгддэг. Энэ дайнаар (1919-1922) Түркийн үндэсний үзэлтнүүд өрнөдөд Грекийг, дорнодод Арменийгшахаж, өмнөдөд Итали, Британи, Францыг ялж одоогийн Түркийн хил хязгаарыг тогтоон (Хатай, Александретта хоёр хожим 1938-1939 онд Францаас тусгаар тогтносны дараа нийлсэн), 1923 оны 7 сард Сервесийн гэрээг Лузанны энхийн гэрээгээр сольж, олон улсад зөвшөөрөгдөх эхлэлийг тавьжээ. 1923 оны 10 сарын 29-нд Оттоманы улсыг халж, Ататюркийг ерөнхийлөгч болгон үндсэн хуульт Бүгд найрамдах улсыг тунхаглаж Анкарад нийслэлээ шилжүүлснээр Түркийн шинэ түүх эхэлсэн. Энэ үеэс эмэгтэйчүүдэд бүрэн улс төрийн эрх олгох, малгай хувцасны хуулийг өөрчлөх, гэлэнмаагийн хийдийг хаах, эрүүгийн болон иргэний хуулийг шинээр гаргах (Италийн эрүүгийн хууль, Швейцарын иргэний хуулийг загвар болгосон), Түрк шинэ үсгийг хэрэглэх, овгийн нэрийг Түрк болгох, цол гуншинг халах зэрэг шинэчлэлтийг эрчимтэй хийж, 1946 оноос олон намын тогтолцоонд шилжжээ. Үндсэн хуулиндаа “БНТУ-ын иргэн бол БНТУ-ын тулгын чулуу” хэмээн заасан байдаг ба одоогийн Түрк хүн бол Оттоманы эзэнт улсын нутаг дэвсгэрт байсан олон угсаа гарвалтай Түрэг хэл, соёлтой Ислам хүмүүсийн үр удам юм. Одоо БНТУ нь орчин үеийн өндөр хөгжилтэй ардчилсан улс бөгөөд хүний хөгжлөөр дэлхийд дээгүүр ордог улс билээ. Эцэст нь тэмдэглэхэд Монголчууд бидэнд ч “Монгол улсын иргэн хэн байсан ч Монгол хүн мөн” гэсэн үзэл төлөвшил, түүний тулд бодож ажиллах хэрэгтэй мэт санагдана.

Wednesday, September 2, 2009

Сурвалж ба Домгоос үүдсэн санаа

Монголчуудын гарал үүслийн талаар эртний сурвалж бичгүүдэд юу гэж байдгийг нэхэн сөхвөл: Мэдээж Монголын Нууц Товчоог сөхөнгүүт Бүртэ Чиноос эхлэдэгийг, Арван Төрийн Буянт Цагаан Номын Түүх (Цагаан түүх)-нд Энэтхэг Төвдийн хаанаас удамтай Бүртэ чино хэмээн эхэлдэг ба энэ үеэс хойш 19-р зуун хүртэлх Монголын сурвалжууд энэ үзлийг баримтлах болсныг бид мэдэх билээ. Харин Рашид ад Дины Судрын чуулганд 13-р зуунд Иранд очсон Монголчууд түүний дотор Болод чинсангийн мэддэг байсан домгоос үндэслэн МНТ-нд байдаггүй нэлээн зүйлийг оруулсан байдаг. Үүнд: “Олон зуун жилийн тэртээ (13-р зуунаас) Монголчууд Түрэг хэлт овог аймгуудад цохигдон олон хүн алагдаж олзлогдон зөвхөн Никуз (нохос), Хиан (Хиад гэдгийн ганц тоо) хоёр тэргүүлэх ястан үлдэж дутаан Эргүнэ-Кун хэмээх газар очиж нуугдан нутагласан ба Эргүнэ гэдэг нь эгц уул, Кун гэдэг нь ташуу уул гэсэн үг” хэмээжээ. МНТ-нд энэ тухай дурдаагүй нь тэр үед Монголчууд их гүрнийг байгуулаад байсан цаг үе тул түүх бичлэгтээ бусдад дийлдэж явсанаа дурсаагүй бөгөөд зөвхөн аман домогтоо үлдээсэн болов уу гэж бодогдоно. Эргүнэ-Кунгийн домог бол Монгол түмний дунд ихээхэн тархсан домог билээ. Домог ёсоор Монголчууд тэндээ 400 гаруй жил суусан бөгөөд тус 2 яснаас салбарлан урианхай, хонгирад, ихирэс, олхунуд, элжигэн, арлуд, сүлдүс, баяуд зэрэг 20 гаруй овог үүссэнийг Рашид ад Дин тэмдэглэн үлдээжээ. Эрдэмтэн Лю Жэнсо 70 овог аймаг болон салбарласан хэмээсэн байдаг. Эдгээр овог аймгийг Дарлигин Монгол гэх бөгөөд энэ нь нийт Монгол угсаатны нэгхэн хэсэг бөгөөд Монгол угсаатан үүний өмнө олон янзын нэрээр оршин байсан ба Түрэгүүдийн харъяанд орсон нь ч мөн байсан нь магад бөгөөд харин нийт Монгол угсаатан Монгол нэрийн дор нэгэн үндэстэн болж бүрэлдэхийн эхлэл болсон буйзаа. Дарлигин Монголын зонхилогч нь Бүртэ чино байсан ба түүний хүү Батач хан гол монголыг захирч байв гэжээ. Үүнээс хойшихыг МНТ-оор бид бүхэн мэдэх билээ. Эндээс он цагийг хөөн Бүртэ чино 758 онд, Боданчар 970 онд, Чингис хаан 1162 онд тус тус төрсөн болж таардаг. Бүртэ чино Хүн нарын үеийн Лин ху буюу ойн иргэдийн удмын Гоо Маралыг хатан болгон авсан бөгөөд энэ тухай Лувсанчойндонгийн “Монголын зан аалийн ойлбор”-т “3-р хөвгүүн Бүртэ чино бие буруулж, Өөлд улсад ирж нутаглав. Бүртэ чино болбоос Өөлд аймгийн Гоо Маралыг биедээ гэргий болгон авсан” гэдэг байна. (чухам энэ үеэс “Өвөгтөн гурван голынхон, өрөөлтөн бусад монгол” гэсэн нэр томъёо үүссэн болов уу гэж судлаачид үздэг) Энэ нь нэлээн эрт үеэс ихэс дээдсийн баримталж ирсэн ургийн ёс болов уу хэмээн бодогддог. Учир нь Монголчууд өөрийн овгоос эхнэр авдаггүй уламжлал нэн эртнийх бөгөөд Бүртэ чиноос хойш Боржигидай мэргэн гэргий Монголжин Гоог ойн иргэнээс авсан, Добу мэргэн гэргий Алун Гоог Монгол туургатны нэгэн ойн иргэний угсаа Хорь түмэдээс авсан (Энэ тухай МНТ-д “Баргужин төхөмийн эзэн Баргудай мэргэний охин Баргужин гоо нэртэй охиныг Хорь түмэдийн ноён Хорилардай мэргэнээ өгөгдсөн ажгуу. Хорь түмэдийн газраа, Ариг уснаа Хорилардай мэргэний Баргужин гоогоос төрсөн Алан Гоо нэртэй охин тэр” гэжээ), Есүхэй баатар Олхунудаас Өлүн үжинийг, Чингис хаан Хонгиродоос Бөртэ үжинийг авсан зэргээс харагдана. Бүртэ чино-ын удам Добу мэргэнийг үгүй болсоны хойно Алунгоо эхээс гурван хүү төрсний отгон нь Боданчар билээ. Судрын чуулганд “Алунгоо эхийн 5-р хөвгүүн боржигин овгийн Боданчар мунхаг байгуулсан улсаа Монгол хэмээн нэрлэж хан цолтой байсан” гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн Монгол сурвалжуудад Боданчарыг Монхан хэмээн тэмдэглэсэн байдгаас үзвэл мунхаг гэдэг маань Монгол Хаган, Монхаган, Монхан гэсэн үг биш биз хэмээн бодогдлоо. Бас ч хаган бус хан гэснийг бодоход тэр үеийн нийт Монгол угсаатний хаган бус нэгэн салбар аймгийн хан буюу тэргүүн байсан болов уу. Учир нь хаган бол хануудын бүгдийн хан гэсэн утгыг илэрхийлдэг. Судрын чуулганд “Алунгоогийн овгоос түүний нөхөр буюу Добу баяныг үгүй болсноос хойш гарсан аймгуудыг монгол-нирун гэдэг...Монголчуудын санаж батлан хэлж байгаагаар Алунгоо нөхрөө үхсэнээс хойш туяанаас жирэмслээд төрүүлсэн гурван хүүгийн овогт хамаарагдах хүмүүсийг нирун гэдэг. Нирун гэдгийн утга нь Персээр “солб” (нуруу) юм. Эдгээр хөвгүүд гэрлээс гарсан учир ариун нурууг заадаг” гээд “Алунгоогийн гурван хөвгүүнээс гарсан бүх олон салбар аймгийг Нирун гэдэг нь бэлгийн бусаар, нуруунаас төрсөн учир юм. Энэ нь Алунгоогийн ариун нуруу хэвлийг битүүхэн зааж байна. Эдгээр аймаг дундаас гарах том сувд модны үр адил бусад аймгаас ялгаран нэн дээд зэргээр хүндлэгддэг” гэжээ. Энэ тухай МНТ-нд ч тэмдэглэн үлдээсэн билээ. Ингэж энэ үеэс эхлэн Монголчуудын удирдлага Дарлигин Монголоос Нирун Монголд шилжсэн гэж үздэг. Эндээс эхлэн одоо баримтлан буй түүхийн “хайрцаг”-наас гарах хэрэгтэй мэт болдог. Юун хэмээвээс МНТ-ны эхлэл дэх Хабул хааныг хүртэлх үеийг шууд утгаар нь бус харин ямар нэг нууц далд утгаар Монголчуудын гарал үүслийг тайлбарласан юм биш биз гэх бодол төрдөг. Ингээд надад төрсөн сэтгэгдлийг буулгасугай, харин харааж загнах хэн нэгэн байвал загнатугай, тунгаан бодох нэгэн байвал тунгаатугай хэмээвэй.
Нирун Монгол гэдэг бол Алунгоо эхийн ариун нуруунаас төрсөн тэнгэрийн хөвгүүдийн залгамж удам гэсэн домог бөгөөд доктор Гүнжийн Сүхбаатар гуай энэхүү домгийг Их Нирун улсын үеийн домог болохыг “Монгол Нирун Улс 330-555” бүтээлдээ тодорхой тайлбарласан байдаг. Тэгэхээр Бугу Хатаги, Бухату Салжи, Боданчар Мунхаг нар Нируны хаадын овгийн анхдагч нь болох бөгөөд Хятадын сурвалжид тэмдэглэснээс үзвэл Нируны хаадын овгийн анхдагч нь Тобагийн Ливэй хаан (220-277 он)-ы сүүл үеэр Тоба Вэй улсад олзлогдсон Мугулюй хэмээгч хүү байгаад хожим Муди хаан (304-316 он)-ы үед цэрэг татлагын товоос хоцорч цаазлах яланд унасан тул оргож Нируны үндсийг тавьжээ гэдэг. Энд МНТ-ны Боданчар мунхаг ах нартаа адлагдан Онон мөрний Балжун арал хүрч суусан ба дараа нь ах захгүй хэсэг иргэн нүүж ирснийг араас нь ирсэн ах дүү нарын хамтаар дагуулиж эзэн суув гэсэн хэсэг буйтай харгах мэт. Мугулюйн хүү эрэлхэг зоригтой дайчнаараа нэрд гарсан Цзюйлухуэй олон аймгийн эзэн болоод анх Жоужан хэмээх хоч зүүдэг болжээ гэж Хятад сурвалжид байдаг. Үүнийг МНТ-той харгуулбал: Боданчар Жарчууд Аданхан Урианхай жирэмсэн эмэгтэйг барьж татвар болгосон нь Жажирдайг төрүүлсэн ба Жадараны өвөг болов, Боданчараас нэгэн хүү төрүүлсэн нь Бааридай түүний хөвгүүн Чидухул бөх гэснийг хятадууд Цзюйлухуэй хэмээсэн байж болох талтай. (Бөх гэж дайчин зоригтой чадалтай хүнийг хэлэх бусуу, Монгол үгийг хятадаар дуудахад хэрхэн хувирдагийг дараахь жишээнээс харж болно: Бодон гуу-Будунгоу, Гүн сухайт-Гунсухао, Бугат хот-Баотоу, Монгол-Мэнгү г.м) Тоба Вэй бол Сянби улсаас салбарлан гарсан бөгөөд түүхэн сурвалжаас үзвэл тэд Хүн гүрний үед МЭӨ 2-р зуунд Мао хан (Монхан гэдэгтэй төстэй байна) зонхилогчтой 36 аймаг, 99 овогтой байсан мэдээ байдаг. Хүн гүрнийг мөхсний хойно урагшлан нүүсээр өмнөд Хүн нартай нийлэн, одоогийн өвөр монголын баруун хэсэг, хойд хятадын нутагт төвлөн байрлаж, 313 онд Тоба Илү ноён Тоба улсыг үндэслэн 536 он хүртэл оршжээ. Тобаг Түрэгүүд Табгач гэдэг байсан байна. Тоба Вэй улсыг Юан Вэй улс ч гэдэг. Тэд мөн Сянбийн салбар болох Муюунчуудын үндэслэсэн хожуу Яан улсыг цохижээ. Тоба болон Муюунчууд мөн Тогоончууд нь Сянбийн салбар салаа бөгөөд хойд Хятадыг эзлэн эзэн сууснаар хожмын Манжуудын замаар орсон билээ. Эдгээр улсуудын хойчис хожмоо өвөг Монголоос салбарласан Кидан буюу Хятан нарын болон Тангуд улсын ноёлогч овгууд байсан мэт байдаг билээ. Нируныг ч мөн Сянбигаас гаралтай гэдэг. Сянбичууд нь Дун Ху буюу Зүүн Хугийн салбар томхон аймгийн холбоо бөгөөд Нирунчуудын өмнө төв Монголд төрт улс байгуулан байсан билээ. Дун Хугийн баруун хэсэгт багтан Хянганы нурууны зүүн талд нь байсан Сянби, баруун өмнөд хэсгийн Ухуань, баруун хойд хэсгийн Муюн, Тоба аймгууд нь өвөг Монгол хэлтэй, хэл, соёл, шашин, зан заншил нь Хүн нартай үндсэндээ бараг адил, олон талаараа төстэй Монгол угсааны овог аймгууд (хожмын хамаг монгол, татар, хэрэйд, мэргид гэдэгтэй адил) байсан гэдэгтэй судлаачид санал нэгтэй байдаг ч барууны зарим түүхчид Зүүн Хугийн салбар гэдгээр нь Түнгүс гаралтай гэх нь бий ч Түнгүсүүд тэднээс нэлээн зүүн хойгуур байсан ба захиргаанд нь орж явсан бизээ. Тэдний урагшлан нүүсэн хэсэг нь Хятадад ууссан юм. Уусах явцад Сянби овгийн нэрийг хүртэл хан хятад болгон өөрчилсөн байдаг байна. Зарим жишээ дурдвал: Тоба гэдэг нэрийг-Юан, (хожим Хубилай хаан улсыг юунд Юан хэмээв) Гэгү-г Ху, Даши-г Ши, Еүлюй-г Еү, Шигихай-г Хай, Гүйдүн-г Гүй, Булиүгу-г Лу, Дүгү-г Лиү, Чилуо-г Луо, Шибэн-г Фэнг, Боши-г Бо, Будахан-г Хан, Чимэн-г Мэн, Чилу-г Зү, Тулай-г Жиү, Дабу-г Бао, Чину-г Лан гэх зэргээр өөрчилжээ. Сүүлчийн Чину гэдэг нь чоно гэсэн үг бололтой, учир нь Лан гэхийн ханз нь чоно гэсэн ханз байхыг миний бие Англи Япон толь бичгээс чадан ядан тодруулав. (Chinu (叱C奴) -> Lang (狼)) Хятад судлаач, ханз үсэгт тайлагдсан хүмүүс илүү олон нэрний утгыг гаргах байх хэмээн найдна. Өгүүлэн буй сэдвээсээ нэлээн хазайсны эцэст эргэн өгүүлэх нь: “Вэй улсын бичиг”, “Тан улсын хуучин бичиг” болон бусад сурвалжид өгүүлсэн мэдээнээс хөөн Г.Сүхбаатар “Монголын эртний түүх судлал” номондоо “Хятад сурвалж бичигт тэмдэглэгдсэн Сянби аймаг болох Тоба нарын нүүдлийн тухай домогт тэдний хаадын удмыг Хүн нарын Моду шаньюгаас эхлэн дурдсан байдаг гээд энэ нүүдлийн домог нь Рашид ад Дины Эргүнэ Кунгийн домгийн нэг хувилбар” хэмээн үзэж тайлбарласан байдаг. Хятадач Я.Ганбаатар “Хүннүгийн түүх соёл” номондоо Тобагийн нүүдлийн тухай “Сянби нарын дунд Монголын өвөг дээдэс Нирун ба Дарлигин хоёр аймаг байсан нь тодорхой болж байна гээд... МНТ-нд өгүүлдэгчлэн Бүртэ чино Гоо Марал хоёр тэнгис далайг гатлан Онон голын хөвөөнөө Бурхан Халдунд ирж нутаглав хэмээх нь чухам энэ энэ үйл явдал бөгөөд тэнгис гэдэг нь Хөлөн нуур болно гээд энэ үйл явдлыг МЭ 1-р зууны хэрэг явдал болно” гэжээ. Тэгэхээр энэ хоёр судлаач Эргүнэ Кунгийн домгийг Хятад сурвалжтай харгуулан Тобагийн нүүдлийг уг домогтой холбон үзсэн байна. Мөн Өвөр Монголын Ма Мөрөн “буга нохой шүтлэгт аймаг одоогоос 15 мянган жилийн өмнө Далай нуур, Хар мөрөн мужид байсан нутаглаж байсан” гэжээ. Энэ нутгаас олдсон 16 хүний гавлын ясыг судалсан эрдэмтэд тэдгээрийг дунд чулуун зэвсгийн үеийн монгол төрхтөн гээд “далайн хүн” хэмээн нэрлэсэн байдаг. Ма Мөрөн “эхэндээ тэд буга шүтлэгт, нохой (чоно) шүтлэгт аймгууд байгаад нэгдэн нийлж 8 мянган жилийн өмнө Сибирь, Монголын өндөрлөг, Хойд Хятадын ихэнхи нутгаар тархан суусан” гэжээ. Энд бас сонирхууштай нэгэн домог байдаг нь Түрэгийн уг гарвалын тухай Ашина овгийн домог юм. Хөх Түрэгийн улсын зонхилогч овог Ашинагийн домогт “Түрэгийн хөрш дайсагнагч аймаг (хятадын нэгэн угсаа) тэднийг довтлон юу ч үлдээлгүй хиар цохиж, тэднээс ганц хүү амьд үлдсэнийг нэгэн өлөгчин чоно авч тэжээн өсгөсөн ба тэр өлөгчин чоно тэр хүү хоёрын дундаас арван хүү төрсний нэг нь Ашина овгийн анхдагч болжээ” гэсэн домог юм. Энэ домогт Түрэгийн чоныг шүтэх үзлийг илтгэхээс гадна ялгаатай нь эмэгчин чоно байна. Эндээс үзвэл тэд угсаа гарвалаа өвөг түрэг ба чоно шүтлэгт аймгийн эмэгтэй нараас гарсан гэж үздэг байх талтай байна.
Миний бодлоор чоно шүтлэгт аймаг нь Хүн нарын дээдэс, буга шүтлэгт нь Лин Ху буюу ойн хугийн өвөг дээдэс мэт, тэгээд ч энэ нь Бүртэ чино Гоо Марал гэсэн нэртэй дүйцэх мэт бодогдоно. Судлаачид Бүртэ чино-ыг бодит хүн бөгөөд 8-р зуунд хамааруулдагийг дээр дурдсан билээ. Миний бодлоор одоо ч гэсэн Тэмүжин, Хасар, Алунгоо хэмээх нэртэй хүүхдүүд байсаар байгаагийн адил эртний домгоос улбаалан нэр авсан хожмын бодит хүмүн байхыг үгүйсгэх аргагүй. Боданчарын хойчис Нируны зонхилогч нар гэж үзсэнээс үүдэн Бүртэ Чино хэмээх бодит хүнийг нэлээн хөгшрүүлэх саналтай байна. Хүн нарын хааныг Хятад сурвалжид Чэнгли Хүтү Шанью гэхийг Тэнгэрийн хүү Чаню хэмээсэн утгатай гэдгийг олонхи судлаачид зөвшөөрдөг юм. Модун Шаньюг Моду Чаню (Хятад дуудлага нь Модун Шанью) гэх бөгөөд Моду нь одоогийн баатар хэмээх үг мөн хэмээн олон судлаачид үздэг бөгөөд эртний хэлбэр нь багатур, бахтур, бортур г.м олон янз байдгаас Моду Чаню бол Бүртэ Чино гэсэн саналтай байна. Эртний хүмүүсийн хувьд тал нутгийн араатны хаан бол чоно бөгөөд түүний дээр тэнгэр л байх бөгөөд тэнгэрийн элч бөгөөд шүтээн нь тэнгэрийн жигүүртэн байсан байх магадлал өндөр юм. Үүний жишээ болсон өвөр монголын нутгаас олдсон Хүн нарын хааны титмийн тухай өгүүлсү. Өвөр Монголын Үндэсний музейд буй уг алтан титэм түүний бүс нь архелогийн хосгүй олдвор бөгөөд титмийн орой хэсэг буюу овоодой дээр номин толгойтой алтан шонхор шувуу далавчаа дэлгэн сууж, сүр хүчийг үзүүлэх ба хүний толгойн хөдөлгөөнөөр толгой сүүл нь хөдөлж байхаар алтан утсаар холбон хийсэн нь тэнгэрийн элч жигүүртэн Шаньюн дээр байж түүний сүр хүчийг өгүүлэн байна. Овоодойг алтан ялтсаар хийсэн бөгөөд хээ угалз товойлгон, ирмэгий нь долгио гарган урласан бөгөөд нүүрэн талд нь эврээрээ газар цахлах аргалийг хөлнөөс нь зууж арагш угзрах чоныг товойлгон гаргасан нь Чанюг илэрхийлэх мэт, титмийн доод хэсэг болох бүслүүрийг алтаар урлан сүлжмэл хээ цохин адуу барс хонь зэргийг дүрсэлсэн нь Чанюн албат ард хараат түшмэг мэтийг илэрхийлэн харуулсан болов уу гэж бодогдохоор үнэхээр уран тансаг урлажээ. Энэ титэм нь шонхор шувуун шүтээнт тэнгэрийн хүү Чоно гэсэн санааг илтгэн харуулах мэтээ. Хүн гүрэн 24 овог аймгаас бүрдэх ба Г.Сүхбаатар болон гадны зарим судлаачдын үзэж байгаагаар тэдгээр овог аймагын дунд шонхор шүтээнт овгууд түүний дотор Хиан овог байсан гэж үздэг. МНТ-нд чоно буга шүтээнт аймгийн нэгдэл болон тэнгис гатлан энэ нутгийг эзэмшин хожим Бүртэ чино буюу Бортур Чаню эртний уламжлал ёсоор Буга шүтээнт Ойн иргэнээс Гоо Маралыг гэргий болгон Чингис хааны язгуур болсныг өгүүлсэн мэт санагдана. Түүхийн нугачаанд Хүн гүрэн задарч хойд Хүн нар баруун зүг нүүж, өмнөд Хүн нар Хан улсад даган байх үед Сянби тодрон гарч эх нутагтаа үлдсэн 600 000 мянган Хүн нарыг өөрийн харъяанд оруулжээ. (Хамаг Монгол Хэрэйдийг авах мэт) Түүний дараа Монголын тал нутгийг Алунгоо эхийн ариун нуруунаас төрсөн Г.Сүхбаатар гуайн нэрлэснээр Нирун Монголчууд (Хятадаар Жужан, Руран, Руру, Тантан, Татар, Түргээр Хүн хэмээдэг) захирах болсон ба тэд 552 онд гарсан тэдний хараат түшмэг төмөрлөг эдлэл, дарханы ажлаар алба барьдаг Ашина овгоор удирдуулсан Түрэгүүдийн бослогод дарагдан Их Нирун улс задарчээ. Эргүнэ Кунгийн домог бол миний үзэхээр энэ үеэс гарсан дам үг байх өндөр магадлалтай бөгөөд язгуур Монголчууд Түрэг хэлтэн овог аймагт шахуулсан үе нь 552-555 он бөгөөд энэ үед Нирунчуудын зонхилох аймаг болох Нохос буюу Чинос, Хиан хоёр аймаг Эргүнэ Кунд очиж үлдсэн аймгууд нь Түрэгийн харъяанд орж, баруун тийш зугтсан нь аварууд болжээ гэж үзэх үндэстэй байна. Аливаа үндэстэн угсаатан тэнгэрээс гэнэт бууж ирдэггүй, мөн газрын гаваар орсон мэт гэнэт алга болдоггүй билээ. Эргүнэ Кун бол эргэн тойрон уул хад, ой модоор хүрээлэгдсэн гаднаас ганцхан зөрөг замаар нэвтрэн орох боломжтой гэснээс үүдэн тус хоёр ястан тэр зөрөг замыг хаан шивээлэн сууж өөрсдийгөө хамгаалан байснаас үүдэн Шивэй, Монгол шивэй гэх нэр үүссэн байж болох талтай. Тэгээд ч Монгол Шивэйг тал нутгийн нүүдлийн соёлыг авч үлдсэн язгуурын Монгол гэдэг. Монголчууд тэнд 400 гаруй жил суусан гэдэг нь Түрэг, Уйгар, Киргизүүдийн Монголд эзэнт улсаа байгуулж байсан 555 оноос 10-р зууны эхэн хүртэлх хугацаатай тун ойролцоо байгаа юм. Хэрэв Боданчар мунхагийг Мугулюй гэж үзвэл Боданчарыг 260-аад оны үед байсан гэж үзэх бөгөөд Бүртэ Чиноос даруй 460-аад жилийн дараахь хэрэг явдал болно. Харин Боданчарыг Мао хан (Монхан гэдэгтэй төстэй байна) гэдэг байсан, мөн Тобаг Дува, (дашрамд өгүүлэхэд эртний хятадын “Уул усны судар” хэмээхэд буга чоно шүтээнт аймгуудын тухай дурдахдаа “тэдний Гуй улс гэж бий, тэр улсын хүн нь хүн шиг царайтай атлаа ганц нүдтэй” гэсэн байдаг байна. Судлаачид үүнийг баг эсвэл дуулгатаа нэг нүх гаргасан байдгаас үүдсэн гэж үздэг) Добу, Табгачи гэхийг Тамачи гэсэнтэй адилтгавал түүнийг МЭӨ 1-2-р зуунд бараг Моду Чанюгийн үед аваачиж байгаа бөгөөд чингэвэл Бүртэ чино нэн эртний хүн (домгийн хүн) болох нь байна. Энд авсан зарим нэг жишээ нь хэл шинжлэлд ардын этимологи гэгдэх үзлийн дагуу аливаа нэр томъёог үгийн гарал зүйн үүднээс бус авиазүйн талаас нь авч үзсэн болохоор тийм ч үнэмшилтэй сонсдохгүй тал байгаа боловч Нирун Монгол Алунгоогийн ариун нуруунаас төрсөн гэх домог болон Сүхбаатар гуайн хийсэн дүгнэлт тайлбарууд, Эргүнэ Кунгийн домог зэрэг нь ихээхэн авцалдаж байна хэмээн мөхөс хүн үзэж байгаа билээ. Тэгээд ч аливаа зүйл хайрцаг савнаасаа гарч байж хөгждөгийг санан энэхүү санаагаа бичихээр зориг шуудвай. Эцэст нь хэлэхэд Рашид ад Адины хэлсэнчлэн “бүгдийн эмээ ээж Алунгоо”-гийн эв эеэ хичээх тухай таван сумны сургаалийн домог одоо ч үнэ цэнээ алдаагүй бөгөөд үеийн үед Монголчуудын дагаж явах “ариун захиас, гэрээс” мэтээ.