Tuesday, September 29, 2009

Казахуудын тухай

Газрын тос, байгалийн хий, ашигт малтмалаар баян, үүнийхээ хэрээр 2000 оноос хойш эдийн засгийн хөгжил нь эрс дээшилж яваа, аж үйлдвэр, ялангуяа нэхмэл эдлэлийн үйлдвэрлэл сайн хөгжсөн, хөдөө аж ахуй, түүн дотроо газар тариалан сайн хөгжсөн, дээр нь Байко нуурын сансрын буудал, бас нэгэн орхиж болохгүй зүйл нь Семиплатинскийн цөмийн зэвсгийн туршилтын талбартай Казахстан улс нь Казахуудын уугуул нутаг бөгөөд 1897 онд Казахууд хүн амын 73.9% нь байсан бол 1959 онд 30% хүртлээ буурч 1990-ээд оноос нэмэгдэн, 2009 оны байдлаар 65%-д хүрээд байгаа билээ. Казахстанаас гадна Орост (Астрахань, Волгоград, Самара, Оренбург, Челябинск, Курган, Тюмень, Омск, Новосибирск, Алтайн хязгаар) 1.3 сая, Хятадад (Шинжиан Уйгарын өөртөө засах орон болон Хөх нуур, Ганьсу мужид Казахын өөртөө засах Или /Или тарвагатай/ муж, Бар хөл, Мори, Аксайн өөртөө засах дүүрэг) 1.1 сая Казахууд оршин суудаг. Мөн Узбекстаны Каракалпакстан болон Ташкент орчим (бага жузийн Адай овгийнхон), Ираны хойд хэсэг Голестанд цөөн тоогоор амьдран байх ба Монголын Баян Өлгий аймаг, Налайх дүүрэг зэрэгт 100-аад мянган Казахууд оршин суугаа билээ. Монголын Казахууд нь дунд жуз буюу дунд ордын Казахууд бөгөөд тэдний тухай Л.Дэндэвийн “Монголын товч түүхэнд” дурдсанаар “1912 онд... хасгийн хэдэн ноёд... албат иргэдийн хамтаар Монгол улсад дагаар орж бэлэг ёслолыг хүргэн ирснийг хүлээн авч... тэргүүлэгч нарт тусгай захирах эрх олгож Ховдын сайдын захиргаанд оруулжээ” гэжээ.
Дундад Ази дах Монголчуудын ноёрхол нөлөө буурч, бутран салж байсан 15-16-р зууны үе буюу 1465 онд Казахын хаант улс байгуулагдсанаар Казах хэмээх нэр анх гарсан бөгөөд энэ үеэс эхлэн Казах нэрийн дор Казах түмэн бүрэлдэн тогтжээ. Казах хэмээх нэрийн үүдлийн талаар олон онол байдаг. Эдгээрээс хамгийн магадтай нь “Каз” гэдэг нь хэсэх, хэрэх гэдэг Түрэг үйл үгнээс гаралтай “чөлөөт хүн” гэсэн үг бөгөөд талын чөлөөт хүмүүсийг Казах гэдэг болсон гэх тайлбар юм. Үүнээс гадна тэд хасаг тэрэг өргөн хэрэглэдэг байсан учир Монголын хасаг тэрэг гэдгийн хасаг гэдгээс үүссэн гэж үздэг тал бий. Мөн 19-р зуунд гарсан нэгэн тайлбар бол “Цагаан хунгийн домог” бөгөөд энэхүү домгоор “нэгэн цагаан хун, гүнж болон хувирч анхны Казахыг төрүүлсэн” гэх бөгөөд хэл зүйн талаасаа Казах бус Акхаз гэгдэнэ хэмээх эсэргүүцэлтэй тулдаг ба нэлээн Орос хэв маягийн мэт санагдана. Бас нэг сонирхож судлууштай асуудал бол 8-р зууны Уюук Тураны хөшөөн дэх Түрэг бичээст Казгак гэж гардгийг Казах гэсэн үг хэмээн үздэг явдал юм.
Казах түмний угсаа гарвалыг одоогийн Казахстаны нутаг болон 13-р зууны Марко Пологийн “Орчлонгийн элдэв сонин” номонд гардаг Тэндүкийн их талаас салгах учиргүй бөгөөд энэ нь Казахуудын унаган нутаг бөгөөд 13-р зууны оршин суугчид нь бидний сайн мэдэх Кипчагууд буюу барууныхны хэлдэгээр Команууд байжээ. Тэгвэл тэдгээр Кипчагуудын өвөг дээдэс хэн байв, одоогийн Казахууд хэн бэ гэдэгт хариу өгөхийн тулд энэ бүс нутгийн нэн адармаатай бөгөөд сонирхолтой түүхийг нэхэн харах хэрэгтэй болно. Тус бүс нутагт чулуун зэвсгийн үеэс хүн оршин байсан бөгөөд хүрлийн үеийн Срубна, Афанасево, Андроновагийн соёл (МЭӨ500 - МЭ500 он) гэгдсэн археологийн олдворууд олдсон байдаг ба эртний Азийн нүүдэлчидийн хоёр том төлөөлөл болох Скиф болон өвөг Түрэг- Монгол нүүдэлчдийн уулзвар нутаг байж, Төв Азийн газар зүйн онцлогт тохирсон нүүдлийн мал аж ахуй хөгжжээ. Тус бүс нутгийн зүүн хэсэг нь Хүн нар, Нирун улсын харъяанд байсан ба тэднээс баруунтаа нь Индо-Ари угсааны Юэжчи болон Динлины бүрэлдэхүүнд байсан Уйгаруудын өвөг Гаочэ (өндөр тэргэтэн) нарын мэдэлд байсан байна. 6-р зуунд Хөх Түргийн хаант улсын мандах цагт тэдний харъяанд орсон бөгөөд 8-р зуунд Хөх Түргийг унагаахад Уйгарын холбоотон байсан Харлугууд 766 онд одоогийн зүүн Казахстанд Уйгарын түшмэг холбоотон улс байгуулсныг энэ бүс нутгийн анхны улс гэж үздэг. 8-9-р зуунд Арабууд хүчирхэгжин өмнөд хэсгийг нь эзэлж, Исламын нөлөө үүссэн байна. 9-р зуунд Киркизүүдэд цохигдон бутарсан Уйгарын нэгэн хэсэг дорноос ирж Харлугуудыг шахан Уйгарын Хар ханид улсыг байгуулж, 9-11-р зуунд Огузууд (Тогуз огузын хойчис) одоогийн Казахстаны баруун хэсгийг буюу Кимак, Кипчакуудыг (Кипчакийн тал) мэдэж байв. 11-р зууны эхэн үеэс Хар ханид нь өвөр зуураа болон өмнө зүгт Селжүкүүдтэй байнгын мөргөлдөөн байлдаан хийж байсан ба тэр үеийн бэхлэлтүүдийн үлдэгдэл буурал түүхийн гэрч болон одоог хүртэл хадгалагдан үлджээ. Хар ханидууд Исламын шашныг хүлээн авч Багдадын Аббасидын Халифт улсын түшмэг болж байгаад 1130-аад онд Зөрчидүүдэд улсаа автахад ойж гарсан Зүүн монголын Хятангуудад (Кидан) цохигдон, Елүй Дашийн байгуулсан Хар Хятан улсын бүрэлдэхүүнд оржээ. Хар Хятан улс 12-р зууны дундуур Кваразмын Султант улс буюу Сартуулуудад дарагдан хүч нь суларсан ч 1218 оныг хүртэл оршин байгаад Их Монгол Улсын харъяанд орж, хожмын Алтан ордны улсын бүрэлдэхүүн болжээ.15-р зууны эхээр Алтан ордоны улс Ногайн орд, Узбекийн хаант улс болон хуваагдсанаар бүс нутаг дахь эрх мэдлийн хуваарилалтанд өөрчлөлт орж, шинэ хаант улс байгуулагдах нөхцөл бүрдэн 1465 онд Жэти су буюу долоон голын сав газар, одоогийн Казахстаны зүүн өмнөд хэсэгт Керей ба Жанибэк хааны удирдлагаар Казахын хаант улс байгуулагдан Казах нэрийн дор үндэстэн бүрэлдэн бий болох үндсийг бүрдүүлжээ. Казахын хаант улс нь Касым хааны (1511-1523) үед газар нутгаа тэлж өргөжүүлэн “Касым ханнын касга жоли” буюу “Касым хааны гэрэлт зам” хэмээх засаг хуулийг 1520 онд гаргаж мөрдүүлсэн байна. Казахын хаант улсын түүхэнд Хакназар, Есим, Тауке, Аблай хаадууд нэр алдараа дуурсгажээ. Казахын хаант улс нь их, бага, дунд гурван жуз буюу ордод хуваагдсан бөгөөд энэ гурван жузын нэгдсэн саналаар хааныг сонгодог ч нэгдмэл засаглал байнга дутагдаж байсан байна. 16-р зууны сүүлч, 17-р зууны эхэн үеэс Оросын худалдаачид анх нутгийн баруун хойд хэсгээр үзэгдэх болж, Козакууд буюу Оросын Хасаг цэргүүд бэхлэлт суурин барьж эхэлсэн нь хожим Уралск, Гүриев хотуудын эхлэл болжээ. Ийнхүү баруун умраас нь Оросууд шахаж эхлэн, Халимагуудыг хатган уулгалан довтлуулах болж, өмнө зүгт Перс хэлтэн аймгууд шахалт үзүүлэн, Ойрадууд (Зүүн гарын хаант улс) торгоны замд хяналт тогтоохыг оролдон, дорно зүгээс байнга довтлон шахах болж, их, дунд хоёр орд нь Ойрадын мэдэлд орж, бага жузын хан Абул Хаир Оросоос тусламж хүссэн нь Оросуудад сайхан далим болж, бага жузад хяналтаа тогтоосон бөгөөд энэ үеийг Казахууд “их ухралт”-ын он жилүүд гэдэг. Казахын хаант улсын үе дуусгавар болсон оныг 1731 он гэж үздэг ч 18-р зууны дундуур Зүүн гарын хаант улс Манжид цохигдон Ойрадын ноёрхол үгүй болсноор их, дунд жузууд хараат байдлаас гарч дунд жуз 1798 он хүртэл, их жуз 1820 он хүртэл тусгаар байгаад уван цуван Оросод эзлэгдсэн юм. (Их жуз өмнө зүгт нь гарч ирсэн Кокандын ханлигийн тэлэлтэнд шахагдан Оросыг түшин хараат болжээ) Казахын хаант улсын үед Муххамад Хайдар Духлатын 1541-1545 онд бичсэн “Тарих-и-Рашиди”, Кадыргали Косынули Жалайрын 1598-1599 онд бичсэн “Жамиги-ат-Таварих” зэрэг түүх бичлэгүүд гарсан нь Казахын хаант улсын эхэн үеийн түүхийн чухал эх сурвалж болдог. 1863 онд Оросууд шинэ бодлого боловсруулан “Горчаковын тойргийг” зарлан байгуулж, эрхээ хамгаалах нэрээр зарим бүс нутгийг хүчээр булаан авч, “Оросын Тургестан” болон “Талын” гэсэн хоёр засаг захиргааны нэгж (Генерал-Губернаторство) байгуулжээ. Одоогийн Казахстаны ихэнхи хэсэг “Талын” дүүрэгт харъяалагдах болжээ. 19-р зууны эхнээс эхлэн оросын гацаа тосгон олноор үүсэж, малын бэлчээр эрс хумигдан, 1890-ээд он гэхэд олон олон Орос тариачид Казахын зүүн болон хойд хэсэгт шилжэн ирсэн байлаа. 1906 онд Оренбургийг Ташкенттай холбосон Транс-Аралын төмөр зам ашиглалтанд орж, Оросын шилжин суурьшигсад ихээр орж ирэн колоничилж эхэлсэн байна. 1906-1912 оны хооронд тэнд хагас сая гаруй Оросын газар тариалангийн ферм нээгдсэн байв. Энэ үеэс Казахуудын гадагш дүрвэн гарах урсгал эхэлжээ. Оросын сайд Петр Столыпины шинэчлэл болон “Дэлхийн нэгдүгээр дайнд хүчээр цэрэгт татах бодлого”-ыг эсэргүүцэн, мөн амь амжиргаа, ёс уламжлалд нь эсрэгээр хандах болсон Оросуудыг эсэргүүцсэн “Төв Азийн бослого” гэгдсэн тэмцэлд Казахууд олноороо оролцож байв. 1916 онд Оросууд уг бослогыг харгислан дарж мянга мянган казахуудыг устгасан бөгөөд энэ харгислалал хавчлагаас зугтан мөн мянга мянган казахууд Хятад болон Монгол руу дүрвэн гарчээ. 1917 онд Орост Октябрийн хувьсгал гарч дотоодын самуунтай байх үеэр буюу 1917 оны 12 сарын 13-аас 1920 оны 8 сарын 26-ыг хүртэл Казахын үндэсний үзэлтнүүд биеэ даасан засгийн газар байгуулж “Алаш орд” нэрээр өөртөө засах өргөн эрх бүхий улс байгуулан байгаад Большевикуудын мэдэлд оржээ. Козак болон Казах нь адилхан Түрэг хэлний “чөлөөт хүн” гэдгээс үүссэн бөгөөд (Монголчууд аль алиныг нь үгийн үүслээр нь Хасаг гэдэг ч Казахуудыг хасаг цэргээс ялган Казах гэх нь зөв болов уу) Оросууд хасаг цэргээс ялгахын тулд Казахуудыг Киргиз гэдэг байснаас улбаалан 1920 онд “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Киргиз Автономи” гэж байгуулсан ч 1925 онд албан ёсоор Казахуудыг ялган салгаж “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казах Автономи” болгон Киргизээс салгажээ. 1925 онд Казах Автономийн язгуурын нийслэл Оренбургийг Орост нэгтгэн, зүүн өмнө орших Алматыг нийслэл болгосон байна. 1936 онд автономи эрхийг нь авч “Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Казах Улс” болгосон юм. 1929-1934 онд Оросын Зөвлөлт засгаас хамтаралжуулах хөдөлгөөн өрнүүлэхэд Казахын мал сүрэг нь 80%-иар хорогдож, өлсгөлөнгийн байдал үүсч, багаар бодоход 1.5 сая хүн амиа алдсан бөгөөд мөн олон Казахууд Хятадад дүрвэн гарчээ. Сталины дэглэмийн үед 1939 онд Орост довтолсон зүүн Польшуудын олзны хүмүүсийн ихэнхийг буюу сая орчим хүнийг Казахстанд аваачин, албадан хөдөлмөрлүүлэх хорих лагерь байгуулан хорьсон бөгөөд олзны хүмүүсийн тал хувь нь тэнд үрэгдсэн агаад орчин үеийн боолын хөдөлмөрийн жишээ болон “Гулаг” нэрээр түүхэнд үлджээ. Дэлхийн 2-р дайны үед Сталин Крымын Татарууд, Германууд, Хойд Кавказын Исламуудыг нацист Германтай нэгдэхээс болгоомжлон, тэднийг Казахстанд нүүлгэн шилжүүлэв. Мөн дайны хөлөөс холдуулах зорилгоор олон аж үйлдвэрийг Казахруу нүүлгэн шилжүүлснээр олон олон Казах бус үндэстнүүд ирж суурьшсан байна. Ингэж Казахууд тарчигхан хоол хүнсээ танихгүй улстай хуваалцах хэрэг гарчээ. Дайнаас хойш ч шилжин ирэгсэд нэмэгдсээр байсан бөгөөд 1953-1965 онд Хрущевийн үед “Атар газар” эзэмшихээр, 1960-1970-аад онд ашигт малтмал, уул уурхайн аж үйлдвэрт ажиллах хүмүүст нэмэлт урамшуулал олгох бодлого явуулсны үр дүнд маш олон Казах бус үндэстэн орж ирж суурьшсанаар өөрийн нутагтаа цөөнх болсон цорын ганц Зөвлөлт социалист бүгд найрамдах улс болжээ. (1959 оны байдлаар Казахууд Казахстаны хүн амын 30% болсон байна) Энэ хүн амын шилжин суурьшилт нь Казахуудад эерэг ба сөрөг нөлөөний аль алиныг үзүүлжээ. Тэгэхдээ энэ байдал удаан үргэлжилсэн бол угсаатны хувьд хүндхэн болох байсан нь гарцаагүй юм. Үүнээс гадна Оросууд 1947 оноос Семиплатинскийг цөмийн зэвсэгийн туршилтын талбар болгосон ба Байко нуурт сансарын буудал байгуулсан байна. Казахстан хэдийгээр нүүрс, газрын тос, эрчим хүчний аж үйлдвэр өндөр хөгжсөн, улаан буудайн тариалалтаар улсад тэргүүлж байсан ч баялгийг Оросууд захиран зарцуулж, Казахуудад оногдох хувь нь хангалтгүй байсан юм. Энэ байдал үнэндээ 1991 оны сүүлч хүртэл үргэлжилсэн юм. ЗХУКН-ын УТТ (Коммунист намын удирдах зөвлөл) 1986 оны 12 сарын 16-нд Казахстаны КН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Динмухамед Конауевыг халж Ульяновскийн Геннадий Колбиныг тавьсан нь Казахуудын дургүйг хүргэсэн үйл явдал болсон бөгөөд эсэргүүцлийн хөдөлгөөн гарчээ. Эрх баригчид энэхүү хөдөлгөөнийг хүчээр дарсан бөгөөд нэлээн дарсан тоо баримтаар 20-иод хүн үрэгдэж, 1000-аад хүн гэмтэж бэртэн, 2000 гаран хүн баривчлагдсан байна. Москва 1989 оны 9 сард Колбиныг одоогийн ерөнхийлөгч Нурсултан Назарбаеваар сольсон байна. 1990 оны 6 сард гарсан Москвагийн хэлбэр төдий тунхаглалын дараа Казахстанчууд цаашдын хувь заяагаа өөрснөө шийдэх шаардлагатай болсон юм. Энэ нь тус БНУ-ын 2 зонхилох угсаатны харьцааг хурцатгав. 8 сарын дундуур Оросын болон Казахын үндэсний үзэлтнүүд жагсаал цуглаан зохион байгуулж, парламентын байрны гадна цуглаан хийж эхлэв. 10 сард парламентаас тунхаг гаргаж тэр үеийн бусад БНУ-ын адил Нурсултан Назарбаевийг даргаар томилсон бөгөөд дараа нь ерөнхийлөгчийн засаглалыг авсан юм. Назарбаев нэгэнт тогтсон улс төр, эдийн засгийн уялдаа холбооны улмаас ЗХУ-аас бүрэн тусгаарлаж чадахгүй байсан ба энэ нь эдийн засгийн хувьд амиа хорлохтой адил санагдаж байв. Үнэндээ 1991 оны сүүлч хүртэл Москва Казахстаныг мэдэж байсны жишээ нь Горбачёв Америкийн газрын тосны “Шеврон” компанитай Казахстанд мэдэгдэлгүйгээр газрын тосны “Тэнгис” салбарыг сайжруулах гэрээний талаар тохиролцоонд хүрч байсан явдал юм. 1991 оны 6 сард бусад БНУ-ууд “Холбооны гэрээ”-гээр ЗХУ-г аврахыг оролдсон Горбачёвт шахалт үзүүлж эхэлсэн үед ч Назарбаевын оролцоо бараг үгүй байсан юм. Тэрээр бүх зүйл тодорхой болсон 12 сард өөрийн байр сууриа бататган өрсөлдөгчгүйгээр ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулан 7 хоногийн дараа тусгаар улсын ерөнхийлөгч болсон агаад Орос, Украин, Белорустай хамт ЗХУ-г үгүй хийсэн баримтанд гарын үсэг зуржээ. Казахстан 1991 оны 12 сарын 16-нд Зөвлөлтийн БНУ-уудаас хамгийн сүүлд тусгаар тогтнолоо зарлаж, 1997 онд нийслэлээ Астанад шилжүүлжээ. 1991 оноос хойш дэлхийн Казахуудыг язгуурын нутагтаа ирэхийг уриалан, тусгай бодлого явуулсны үр дүнд өнөөгийн Казахстаны хүн амын 65%-ийг Казахууд бүрдүүлэх болсон байна. Эдийн засгийн хувьд хуучин бааз сууриа хөгжүүлж, гадаадын хөрөнгө оруулалт болон чөлөөт зах зээлийг дэмжин, олон улс дахь нэр хүндээ өсгөсний үрээр 2000 оноос хойш өндөр амжилтанд хүрч байгаа ч Оросын нөлөө байсаар байгааг үгүйсгэх аргагүй юм. Харин улстөр, хүний эрхийн талаар ямар байгааг энэ удаад хэлж чадахгүй ч интернетэд тавих хяналт, насан туршийн ерөнхийлөгч зэрэг зүйлүүд байгааг Казах түмний шийдэх хэрэг хэмээн бодно.
Казахын энэ адармаатай түүх нь Казах үндэстнийг Түрэг, Монгол, Энэтхэг-Перс угсааны (Кипчакууд, баруун кипчак буюу Команууд, Найманууд, Ногайчууд, Харлугууд, Печенэгийн нэг салбар болох Канкалисууд, Хиад, Хэрэйд, Хонгирад, Аргынууд, Мангуд, Жалайр, Духлатууд, Үсүнчүүд, Сарматууд, Скифүүд зэрэг) олон овог аймгийн хойчисын бүрдэл болгодог ба хүн судлалын шинжээр Монголжуу төрх давамгайлдаг юм. Цаг хугацааны хүрд, Алтайн нурууны баруун бие, Балхаш нуураас эхлэн Каспийн тэнгис, Ижил мөрөн хүртэлх энэ бүс нутагт Алтай язгуурын Түрэг хэлний (Казах, Татар, Туркмэн, Киргиз, Уйгар, Турк, Узбэк, Азери хэлүүд ордог) Кипчак бүлгийн Казах хэлтэй, Исламын Ханафи сургаалийн Суннит шашинтай, өөрийн өвөрмөц соёл, ёс заншилтай, удам судраа буюу сажараа эрхэмлэн, долоон үеэ мэддэг, Их, Дунд, Бага орд буюу Ули, Орта, Киши гэсэн гурван жузад хамаарах нэгэн үндэстэнийг бий болгон төлөвшүүлсэн нь одоогийн Казахууд юм. Их жуз нь одоогийн Казахстаны баруун хэсэг бөгөөд анх Казахын хаант улсыг үндэслэсэн газар ба Дулат, Жалайр, Канлы, Албан, Суан, Сары-Үйсүн, Шапырашты, Сиргэли, Ошакты, Үысты, Шанышкылы, Жаныс, Сикым, Ботбай, Шымыр овгуудаас бүрддэг. Дунд жуз нь Казахстаны зүүн хэсэг ба Балхаш нуураас хойшхи газар нутаг бөгөөд Аргун, Найман, Кипчаг, Хонгирад, Уак, Хэрэйд овгоос бүрдэнэ. Бага жуз нь Балхаш нуураас өмнөх газар нутгийг хамран байх ба Казахстаны баруун хэсгээс шахагдсан Ногайн хойчис буюу Ногайн ордын үлдэгдэл хэмээн үздэг ба Алымалы, Байулы, Жэтирү овгоос бүрддэг байна. Мөн жузаас гадна Казахууд хожмын удам угсаагаараа Торэ угсааныхан буюу Чингис хааны удмынхан, Хожа-гийнхан буюу Арабуудын удам, Толэнгитүүд буюу Ойрадын удам, Сунакууд буюу эртний Сайрам угсаатан гэж хуваагдах нь бий. Энэ хүрээд бидний холын хамаатан болох Казах түмний тухай өгүүлэлээ төгсгөе.

No comments:

Post a Comment