Friday, October 22, 2010

Монгол үзэл-Рашаан хадны дурсгал

Энэ удаад өөрийн бичиж байгаа зүйлтэй уялдуулан Монгол орон дахь археологи түүхийн нэгэн гайхамшигт дурсгалын талаар бичсү.

Тэрхүү дурсгал бол Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн нутаг, Биндэр уулын зүүн урд хормой, Хурх голын савд орших Рашаан хадны дурсгал билээ. Үзүүр хад ч гэх нь бий. Тус дурсгалыг судлах ажлыг Х.Пэрлээ гуай 1943 оноос эхлүүлсэн бөгөөд 1960-70 онд жил тутам очиж судалсан чухам л Рашаан хадны дурсгалаар мэргэшсэн өтгөс байсан ажгуу. Тэрээр Рашаан хадны дурсгалын талаар эрдэм шинжилгээний арав гаруй өгүүлэл бичсэн бөгөөд 1976 онд Рашаан хадны 400 гаруй тамганы зургийг судалсан судалгааны нэг сэдэвт “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” хэмээх бүтээлээ туурвижээ.

Энэ цогцолбор дурсгалд палеолитийн үеэс эхлэн дундад зууны үед холбогдох ан амьтан, хүн, хэдэн зуун тамга тэмдэг сийлж, орхон-енисей, хятан, араб, перс, монгол түвд манж хятад зэрэг хорь орчим бичээс үлдээжээ. (арслан заан, савагт хирс, /1.5 м гүнээс савагт хирсний эвэр олдсон/ хулан зэрэг амьтны дүрс, нийт 500-аад тамга тэмдэг /зарим хэсэг нь 1 метр орчим хөрсөнд хучигдсан байдгаас үзвэл нэн эртнийх болох нь мэдэгдэнэ/сийлсэн байдаг байна) Мөн энэ орчим хуучин чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн хүн оршин байсны нотолгоо болсон палеолитээс неолитийн эхэн хүртэлх үеийн чулуун зэвсэг, эртний булш, хүн чулуун болон буган хөшөө, хүрэл болон төмөр зэвсгийн болон Хүннү, Хятан, Монгол гүрний үед холбогдох шавар ваар савны үлдэгдэл, сумны зэв, түүхийн олон үед хамрагдах дурсгал элбэг олддог.

Чулуун зэвсгийн судалгааг 1973,74 оноос бага сага туршилтын малтлага хийж эхлүүлсэн ба 1980-81 онд палеолитийн сууринг малтаж 2.5-3.5 м гүн, 4 үе соёлт давхрагатай /палеолит, мезолит/ болохыг тогтоосон. Энэ үеэр 8000 гаруй чулуун зэвсгийн зүйлс олсон байна. Судалгаанд нийт 60 м.кв талбай хамрагдсан бөгөөд хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн шат дараалан хөгжсөн чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн явцыг тогтоох боломж олгосон судалгаа болсон байна. Тэндээс олдсон чулуун зэвсгийг судалсны үндсэн дээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь Орхон голын Мойлтын амны палеолитийн зэвсэгтэй бүхий л талаараа ижил байсан бөгөөд Өмнөд Сибирь, Дундад Сибирийн өмнөд хэсэг, Өвөр Байгалийн 30-35 мянган жилийн өмнөх дурсгалуудтай олон талаар адил гэж тогтоожээ. Чулуун зэвсгийн олон тооны үлдэцийг призм хэлбэрийн, говийн, урт шаантаг хэлбэрийн, леваллуа гэсэн 4 төрөлд ангилсан бөгөөд хамгийн хожуу үеийнх нь говийн болон призм хэлбэрийнх болно. Энэ нь цаг хугацааны хувьд 28 мянган жилийн тэртээд хамаардаг ажээ.
Говийн үлдэц нь Монголын чулуун зэвсгийн үеийн гол дурсгалын нэг бөгөөд Өмнөд Сибирь, Алс дорнод, Умард хятад, Солонгос, Японы Хоккайдо, АНУ-ын Аляска хүртэл тархсан байдаг нь угсаатны шилжилтийг харуулах хангалттай бүдүүвч зураглал болох боломжтой юм. Эндээс хөөн үзвэл чухам энэ үеэс /35-28МЖӨ/ Монголын дорнод бүс нутагт Өвөр Байгалийнхан хийгээд Ордос, Хөх нуурынхан нийлэн нэгдсэн, хэлхээ холбоо ойр болсон байх бүрэн магадтай юм. Учир юун хэмээвээс Х.Пэрлээ авгай энэ газрыг нэн эрт үеэс гарал үүсэл болон хэлхээ холбоо нэгтэй овог аймгуудын “цугларалт” болдог байсан газар бөгөөд тэдгээр овог аймгууд өөрсдийн тамга тэмдэгээ үе үед сийлэн үлдээж байжээ гэж үзсэнээр мөн тайлбарлаж болох юм. Тэрээр “Манай орны нутаг дэвсгэрээс Рашаан хадтай дүйцэхүйц археологийн цогцолбор дурсгал одоог хүртэл илэрч мэдэгдээгүй бөгөөд нэн эртнээс дундад зууныг хүртэл Дорнод бүс нутгийн төдийгүй нийт Монголын эртний соёлын нэгэн төв нутаг байсан бололтой” гэжээ. Мөн эндээс 12 км-ийн зайд өглөгчийн хэрэм оршин байгаа нь судлууштай өгөгдөхүүн юм.

12-р зуунд Хамаг Монгол аймгийн гол нутаг байсан бололтой. МНТ-д “Хурху-наг жубурт Хотолыг хаан өргөмжилж өвдөг газрыг өлцөртөл, хотгор газрыг холцортол бүжив” гэдэг ба Судрын чуулганд “Хурху-таш гэдэг газар Хотола хаан нутаглаж байсан” гэж үлджээ. Пэрлээ авгай “таш” хэмээхийг чулуу хэмээн тайлсан бөгөөд Хурх гол өнөөг хүртэл урссаар л байна. Хурху бол өнөөг хүртэл хэрэглэгдсээр буй хурал хуйгийн үйлдэх хэв мөн билээ. Энэ бүгдээс үзэхэд эрт дээр үеэс хэлхээ ойр овог аймгууд энд л хурж байсан гэдэг нь үнэнээс хол зөрөхгүй буйзаа.

Шигтгээ: Хөдөөгийн Пэрлээ 1911 онд Сэцэн хан аймгийн (одоогийн Хэнтий аймгийн Биндэр сум) нутагт малчин ард Хэрээд овогт Дамдингийн хүү болон мэндэлсэн. 1926-1928 онд Хошууны танхимийн бага сургууль, 1928-1929 онд Багшийн сургуулийг дүүргэсэн. 1929-1937 онд Хэнтий, Архангайд бага сургуулийн захирал, багш, холбоочин хийж хөдөөнөөс сонин сэтгүүлд бүтээл ирүүлсээр нэг мэдэхэд Хөдөөгийн хэмээн олон түмний хайрласан нэрээр алдарших болжээ. 1945-1949 онд МУИС-д эчнээгээр суран түүхч болсон. 1941 оноос насан өөд болтолоо Түүхийн хүрээлэнд 40 гаруй жил тасралтгүй ажиллажээ. 1957 онд Монгол улсад анх удаа эрдмийн зэрэг хамгаалах учир тохиож Оросын Дорно Дахины хүрээлэнгээс буцан ирж Хятаны түүхээс сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалсан. 1978 онд эрдэм шинжилгээний 30 гаруй бүтээлээ хураангуйлсан Эртний монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн түүхийн зарим асуудалд сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Олон эрдэмтний сонирхол татах болсон шинэ зүйл гэвэл Монгол улсын нутагт байгаа эртний хот балгасыг судлан шинжилсэн явдал байлаа. Тэрээр Онон-Хэрлэнгийн монголчууд (1959 он), Монголын Нэгдсэн улс байгуулагдахаас өмнөх монгол улс ханлигууд (1966 он), Гурван мөрний монголчуудын аман түүхийн мөрийг мөшгөсөн нь (1969 он), Монголын түүхийн урьд мэдэгдээгүй зарим он цагийн мэдээ (1956 он) зэрэг онц сонирхолтой бүтээлээ туурвисан билээ. Х.Пэрлээгийн Хятан нар, тэдний монголчуудтай холбогдсон нь (1959) зохиол Хятан судлалд хүндтэй байр суурь эзэлдэг. Тэрээр хятан нар монгол хэлтэй, монгол аймаг байсан гэдгийг баталж, Хятан улс эзэнт улсын төрхийг олж хот суурин барьж, их бага хоёр бичиг хэрэглэж, ном судар, орчуулж байсныг баримтаар хөдлөшгуй баталжээ.