Tuesday, October 27, 2009

Монгол үзэл

Судрын чуулган
Монголын Илхаант улсын Хасан болон Өлзийт хааны үеийн төрийн сайд асан, Ираны Хамадани хотод төрсөн, жүүд гаралтай Рашид ад Дин Хасан хааны зарлигаар, Монгол, Перс, Хятад, Энэтхэг зэрэг олон үндэс угсааны, олон хэлний эрдэмтэд түүхчдийн тусламжтайгаар, тэр үеийн Монгол болон бусад улс түмний аман домог, түүх бичлэг болон угийн бичиг зэргийг ашиглан, 1301-1311 онд бичсэн “Судрын чуулган” хэмээх бүтээл нь түүх, угсаатны зүйн томоохон бүтээл болохоос гадна хэл судлаачдын ч анхаарлыг зүй ёсоор татдаг болов уу хэмээн бодно. Учир нь уг бүтээлд зохиогч зарим монгол үгсийг шууд авч хэрэглэсэн тохиолдол цөөнгүй байдаг гэхээс гадна зарим нэр, үгийн утгыг “энэ үгийн утга нь” хэмээн гаргасан байдаг. Энэ бүтээлд гарах нэр ус, үгсийн дуудлага тухайн үгийн яг зөв дуудлага болон зөв утга гэх нь эргэлзээтэй (эртний перс хэл, дам орчуулга, хуулбар г.м) хэдий ч ойролцоо болов уу хэмээн найдна.
Рашид ад Дины ашигласан түүхийн сурвалжууд дотор “Алтан дэвтэр” хэмээгдсэн монгол сурвалж дурдагдан байх ба эрдэмтэд судлаачдын анхаарлыг ихээр татдаг юм. Түүний бичсэнчлэн “Үнэн түүхийг үеийн үед уламжлан монгол хэл дээр, монгол бичгээр бичиж байсан бөгөөд гэхдээ цуглуулан цэгцлэлгүйгээр тус тусад нь хаадын нууцад хадгалсаар байдаг билээ. Түүнийг гадны хүнд уншуулах нь битгий хэл өөрийн итгэлтэй сайн хүнд ч уншуулалгүй нууцлан битүүмжилсэн байдаг” гээд “...Хасан хаан, сэтгэлгээний хамгийн дээдэд хүрсэн буянт оюун билгээ энэ бүх бичээсийг цуглуулан цэгцэлсэн байхад анхаарч...эдгээрийг нэгтгэн цэгцлэх лүндэнг Рашид Хамаданы хүүд буулгав” хэмээжээ. Монголчуудын түүх, төрийн бодлогын тухай нууцлан чандалсан уг сурвалжийг зохиогч өөрийн биер уншиж, судалсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд хэсэгчлэн уншсан, эсвэл уншсан хүнээс (Болд чинсан, Хасан хаан г.м) дам авсан болов уу хэмээн бодогддог. Тухайн үед Илхаант улсад суух Их хааны элчин, Иран Туран дахь цэргийн захирагч, дөрвөн аймгийн Болд чинсан түүнд олон үнэтэй мэдээлэл өгсөн бөгөөд монголчуудын аман домог сэлтийг түүнээс тодруулсан байх үнэн магадтай юм. Рашид ад Дин бүтээлдээ түүнийг их ноён, Болд ах хэмээжээ.
Мөн тэрээр ”Монголчуудын заншил бол өвөг дээдсийнхээ уг удмыг хадгалан, шинэ төрсөн хүүхэд бүрд түүнийгээ зааж мэдүүлдэг болохоор дотор нь өөрийн аймаг, уг гарлыг мэддэггүй нэг ч хүн байдаггүй. Бүх аймаг тус бүрдээ ил тодорхой угийн бичигтэй” хэмээн бичсэн байдгаас үзвэл Монголчуудын угийн бичгийг шууд буюу дам хэрэглэсэн нь тодорхой байна.
Судрын чуулган нь Чингис хаанаас өмнөх болон дараах үеийг хамарсан хэдэн зуун жилийн түүх домгийг багтаан бичигдсэн бөгөөд түүхийн үнэ цэнэтэй сурвалж болдог хэдий ч 100% үнэн гэж болохгүй ба, харин тухайн үеийн буюу түүний амьдран байх үе, Иран дах Монголын хаант улсын хүрээн дэх мэдээ занги нь хамгийн үнэнд ойр байх магадтай юм. Юм хөгжсөн гэх өнөө үед ч 100 жилийн өмнөх битгий хэл 20, 30 жил, өчигдөр уржигдарын явдал ч 100% үнэнтэй байж чадахгүй л байгаа болохоор арга үгүй биз ээ. Амьдрал өөрөө олон өнгөтэй түүнээс хар цагааныг ялгах нь туйлын бэрх ажгуу.
Судрын чуулганд бичсэнчлэн “Чингис бол дэлхийг нэг л улс, түүний оршин суугчдыг нэгэн санаатан болгосон. Улсын дэвсгэр нутгийн бөмбөлөгийг алан хядагч, төрийг булаагч, хэрцгий догшин байлдан эзлэгчдээс цэвэрлээд өөрийнхөө нэрт төрөл төрөгсөд аугаа их залгамжлагчдадаа үлдээлээ... ...тэдний дараа алсыг харагч үр сад ба түүний дараачийн үеийнхэнд нь, өөрийнх нь ард түмний өнгөрсөнд нь тулгуурласан тодорхой нэр хүнд үлдэх ёстой” хэмээсэн нь тэр үеийн Монгол хаадын бодлого Монголын төр ёсны их алтан дэвтэр байсан буй заа хэмээгээд түүнийг уншин байх явцдаа олж харсан хэдэн үг болон саналаа хэлье.
Нирун-нуруу. Нирун монголчуудын дээдсийг Алунгоо эхийн ар нуруунаас төрсөн учир нуруун монгол хэмээдэг гэжээ.
Отчигин-гал голомтын эзэн. Эндээс үзвэл от гэдэг нь гал, харин чигин, игин хэмээх нь эзэн сахиус, сахиул гэх утгатай болов уу хэмээн мунхаглана. Эчиг буюу эцгээс чэгин, тэгин, эзэн хэмээх нь, гал утаа-голомт хэмээхээс от, утаа, гал хэмээсэн болов уу, буруу бол хэлтрүүлж хайрла. Ямартай ч орчин цагийн монгол хэлэнд отгон хүүхэд, голомтын эзэн хэмээх отгоныг өргөн хэрэглэж амуй.
Боржигин-хөх нүдтэй. Европ зүгийнхний шүүрч авдаг мэдээллүүдийн нэг, гэхдээ бид чинь тодорхой хэмжээгээр Төв Азийн Индо-Ари угсаатан болох Скифийн цустай шүү дээ, бүр Хүн нараас ч өмнө генетикийн солилцоо хийсэн нь нотлогдсон юм. (Эртний ДНХ-орчин үеийн ДНХ-г үзнэ үү) Чингис хааны дээд өвөгт нэгэн удаагийн хольцоор бүхэл бүтэн угсаатан өөрчлөгдөхгүй билээ. Одоо ч зарим монгол багачуул шав шар үстэй, өнгөт нүдтэй байдаг ба Монгол хүнийг хонгор үстэй, хонин бор нүдтэй гэдэг. Тэгээд ч бид Лениныг монгол цустай гэдэг ч тэрээр орос л хүн шүү дээ. Тэгж яривал цэвэр гүрж Сталиныг орос л гэдэг. Миний үзэхээр энд нөгөө эзэн буюу “жигин” гэдэг үг маань байж байх шиг. Тэгэхээр “Бор” гэдгийг тайлбал “Бор”-ын эзэн гэсэн утга гарах мэт.
Үлэхү-илүү. Илхаант улсыг үндэслэгч Чингис хааны ач тус эрхэмийг Хүлэгү, Хулагу, Үлэгү, Хөлөг гэх мэт олон янзаар тэмдэглэдэг билээ, харин Судрын чуулганд Үлэхү гээд энэ нь гоц гойд ялгарсан, илүү гэсэн утгатай хэмээжээ. Эндээс харвал энэ нь одоо моодонд ороод байгаа илүү хэмээх утгатай нэр байх нь.
Толуй-толь. Толуй ханыг өнгөрсний хойно Монголчууд бүрлээчийн нэрийг цээрлэдэг заншлын дагуу толь хэмээх үгийг хэрэглэхгүй болсон гэсэн байна. Тэгвэл хэдий үеэс эхлэн толь гэдэг үгийг эргэн хэрэглэсэн байх нь сонирхол татдаг.
Жочи-Цочирхон мэндэлсэн тул ийн нэрлэжээ гэжээ.
Гэндүү чоно-азарган буюу эр чоно. Хожмын дундад эртний Монгол сударчдын бүтээл дотор ч ингэж гардаг.
Сухай-одоог болтол нэгэн төрлийн бутыг ийнхүү нэрлэдэг. Тухайн үед сухайн бутан дунд өлгийдөөд орхисон хүүхдийн хойчис сухайт овогтон (Баарины салбар) болов гэжээ.
Чин-бат бэх. Эндээс Чингис хааны нэрийг үүссэн гэжээ. Чингис хааны нэрийг нэгэн шувуу дуугарснаас, мөн тэнгис далай гэдгээс үүссэн гэх ба сүүлийнх нь илүү үнэнд ойр гэж үздэг. Тэгэхдээ энэхүү чин гэсэн үгийн утгыг зөв гаргасан мэт. Одоо ч чин үнэн, чин сэтгэлээсээ гэж хэрэглэдэг. Хожмын чин ван хэмээх цол ч үүнтэй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй мэт. Тоглоом шоглоомоор хэлэхэд Солонгосууд бат бэх үнэн, чин сэтгэлийн үнэн, нээрэн гэхийг чин ча гэдэг билүү.
Инанч-үнэнч. Энэ инанчаас инаг буюу янаг хэмээх үг одоо хэрэглэгддэг ба тухайн үедээ үнэнч, итгэлтэй хэмээх утгатай байв. Ажилдаа янаг, нөхөртөө янаг гэвэл ажилдаа дуртай, ажил мэргэжилдээ үнэнч, нөхөртөө үнэнч гэх утга гарна...завсарлага.

Tuesday, October 20, 2009

Киргизийн тухай

Төв Азийн эртний ард түмнүүдийн нэг Киргиз түмнийг анх Сибирийн төв хэсэг, Енисей мөрний дээд хөндий Минусын хотгорт оршин байсан гэдэг ба магадгүй тэд Саяны уулсаас өмнөш нутаглан байсан байх магадтай юм. (Хяргас нуур, Хиргисүүр) МЭӨ 201 оноос хятад сурвалжид Хүн нарт эзлэгдсэн аймгуудын дотор Гэгүн буюу Гянгүн гэх нэр гарах бөгөөд тэднийг Киргизүүдийн өвөг хэмээдэг. Тэд Тэлэ аймгийн холбоонд (Тогуз- огуз буюу 9 аймагт Уйгар, Сыр-Тардуш, Басмыл, Огуз, Хазар, Аланчууд, Киргиз, Тува, Якут ордог байжээ) байж Төв Азид үүсч, задарч байсан гүрнүүдийн бүрэлдэхүүнд орох болон тэмцэх зэргээр оршин байжээ. МЭӨ 2-р зуунаасөмнө Хакас-Минусын хотгорт Индо-Евро буюу Перс угсааны Динлинчүүд байсан гэдэг ба Хүн нар тэднийг МЭӨ 1-р зуунд эзлэн 150 жил ноёрхсон бөгөөд энэ үед алтай язгуурын хэлт, Монголжуу төрхт Гянгүнчүүд Хүн нарт шахагдан тус бүс нутагт шилжин шаргал үст, цэнхэр нүдэт Динлинчүүдтэй генетикийн болон соёлын солилцоонд орсон үеэс Гян буюу Кем-Енисей мөрний хөндий Хакас-Минусын хотгор Гянгүн нарын нутаглах үндсэн төв болсон байна. Тэд Динлинчүүдээс гадна Угор, Самоед болон Кет хэлтнүүдтэй ч нэлээн холилдсон бололтой. Үүний нотолгоо нь Таштыкын соёлын дурсгал, олдворуудаас харагдах бөгөөд 7-12-р зууны Хятад болон Муслим сурвалжид тэднийг улаан үстэй ногоон нүдтэй хүмүүс гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн орчин үеийн генетик ДНХ-ийн судалгаа ч үүнийг давхар нотлох бөгөөд одоогийн Киргизүүд нь тэр үеийн Сибирийн оршин суугчдын удам гэдгийг баталдаг. ДНХ-ийн судалгаагаар одоогийн Киргиз эрчүүдийн 63% нь Өвөг Индо-Европ хэлтний ген гэгддэг Y-ДНА-ийн R1а1 хаплогрупптэй байдаг байна. (Тажикуудын 64%, Украинуудын 54%, Польшуудын 56%, Айсландчуудын 25% нь ийм гентэй)
Хүн нарын ноёрхолын дараа Киргизүүд хэсэг тусгаар байгаад Нирун буюу Рураны мэдэлд байгаад хожим Хөх Түрэгийн бүрэлдэхүүнд орсон байна. Уйгарын хаант улсад 758 онд эзлэгдэн 80 орчим жил болжээ. Киргизүүд 818 онд Ажо хааны удирдлагаар Уйгарын эсрэг босон Харлугууд болон Төвдтэй холбоо тогтоон 20 гаран жил амжилттай тэмцсээр 840 онд, Уйгарын дотоодын хямралыг ашиглан нийслэл Ордбалгадыг түйвээж, Уйгарын хаант улсыг мөхөөжээ. Уйгаруудыг нэхэн хөөж байлдан эзлэх аяны дүнд тэд Хар мөрнөөс Тэнгэр уул хүртэлх газар нутгийг эзлэн авчээ. Гэвч тэд энэ нутагт төдий л удаан ноёрхоогүй бөгөөд Киргизүүд улс төрийн төвөө “Жэти-су”-д шилжүүлсэн ба ингэснээр тэд Тэнгэр уулын Киргизүүдийн суурийг тавьжээ хэмээн үздэг. Тэдний явсан шалтгаан болон цаг хугацааны талаар эрдэмтэд нэгдсэн ойлголтонд хүрч чадаагүй байна. Зарим судлаач Хятан нарт шахагдан баруунш хөдөлсөн гэдэг бол зарим нь цаг агаар, уур амьсгалын хүчин зүйлийн улмаас өөрсдөө баруун тийш нүүсэн гэдэг. Учир нь Киргизүүдийн аж ахуйд мал сүргээс гадна газар тариалан чухал байр эзэлж байсан бөгөөд Монголын өндөрлөг, газар тариаланд тохиромж муутай байсан гэж үздэг. Ямартай ч 10-р зуунд Хятаны Елюй Амбагян баруун зүг давшихад Киргисүүд байгаагүй хэмээн тэмдэглэгдсэн ба Монголчуудын дунд “Киргис хаан гэж байгаад булш, оршуулгаа цогцлоон үйлдэж, чулуун хөрөг дүрсээ бүтээгээд нүүгээд явчихсан юм гэнэ лээ” хэмээх аман домог байдаг.
Хэдийгээр тэд Тэнгэр уул хүрч суурьшсан ч уугуул нутаг Хэм Хэмчиг буюу Енисей мөрний хөндийд нэгэн хэсэг нь байсаар байсан ба 1207 онд Чингис хааны ууган хүү Жочи тэднийг дагуулснаар Монголын харъяанд орсон байна. Энэ тухай Монголын нууц товчоонд “Туулай жил Жочийг баруун гарын цэргүүдээр ойн иргэнд морилуулав. Буха газарчилж одов. Ойрадын Хутуга бэхи, түмэн Ойрадын урьд элсэн орж ирэв. Ирээд Жочийг удирдаж, түмэн Ойраддаа газарчилж, Шигшиг-д оруулав. Жочи Ойрад, Буриад, Баргуд, Урсуд, Хабханас, Ханхас, Туба тэргүүтнийг оруулаад, түмэн Хиргисүүдэд хүрвээс, Хиргисүүдийн ноёд Йэди-Инал, Алди-Эр, Өрэбэк-Дигин Хиргисүүдийн ноёд элсэн орж, цагаан шонхрууд, цагаан агтас, хар булгад аваад ирж, Жочид уулзав” хэмээжээ. Энэ түмэн хиргисийн хойчис 300 мянган Енисейн Киргисүүд одоо Тувад байгаа билээ. Енисейн Киргизүүд болон Тэнгэр уулын Киргизүүдийн ялган салгах аргагүй бөгөөд магадгүй тэд Енисейн эхээс Тэнгэр уул хүртэл ч тархан байсан байхыг үгүй гэх газаргүй бөгөөд сүүлийн үед эрдэмтэд судлаачдын дийлэнхи нь одоогийн Киргизийн Бүгд Найрамдах Улс буюу Тэнгэр уулын Киргизүүдийг эртний Скиф буюу Сака, Үсүн, Динлин, Хүн нарын овог аймгуудын нэгдэл, хойчис хэмээх дүгнэлтэнд хүрч байна. Одоогийн Киргизстаны нутаг дэвсгэрээс 200-300 мянган жилийн өмнө хүн байсан ул мөр олдсон бөгөөд МЭӨ 2000 оны үеийн соёл иргэншлийн талаар анх Хятадын сурвалжид гарах ба одоогийн Киргизүүд бол тэндхийн уугуул оршин суугчид болон Енисейн Киргизүүдийн удам угсаа гэж үзэх нь үнэнээс нэг их хол зөрөхгүй болов уу хэмээн бодно.
Киргизүүд 13-р зуунаас Монголчуудын тэлэлтэнд автан Алтан орд ба Цагаадайн улсын бүрэлдэхүүнд, хожим Ойрадын мэдэлд байгаад 1510 онд биеэ даасан гэж үздэг. Киргиз аймгууд 17-р зуунаас Халимагуудын довтолгоонд өртөн, Зүүн гар хүчирхэгжин гарч ирснээр Ойрдын мэдэлд орж, 18-р зууны дунд үес Манжууд Зүүн гарыг эзэлснээр Манжийн захиргаанд оржээ. Манжуудын хүч, хяналт суларсан 19-р зууны эхээр Кокандын ханлигт (Таранч, Сартууд буюу Тажик ба Узбекүүдээс бүрдсэн, доголон Төмөрийн хойчисын байгуулсан улс бөгөөд1709-1876 онуудад оршин байжээ) автжээ. 1876 онд тус бүс нутгийг хаант Орос өөртөө нэгтгэсэнээс үүдэн олон бослого тэмцэл гарч, олон олон Киргизүүд Памир болон Афганд дүрвэн гарчээ. 1916 оны Төв Азийн бослого дарагдснаар мөн олон Киргизүүд Хятадад дүрвэн гарчээ. Одоо Хятадад 145 мянган Киргизүүд Кизил Киргиз Автоном Мужид голлон оршин сууж байна.
Киргизыг 1919 онд Зөвлөлт засаг тогтсоноор Зөвлөлтүүд бүрэлдэхүүндээ оруулж, Кара-Киргиз Автономит Область гэх болж, 1925 онд Казах Киргиз хоёрыг салган, 1936 оны 12 сард Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Киргиз Улс болгосон байна. 1991 онд Киргизүүд тусгаар тогнолоо зарлан Бүгд Найрамдах Киргиз Улсыг тунхаглажээ. 2005 оны 3 сарын Парламентийн сонгуулийн дараагаар “Алтан зулын хувьсгал” гарч, 4 сард анхны ерөнхийлөгч Аскар Акаевыг огцруулжээ. Уг хувьсгалаар парламентийн 75 гишүүний 3 нь алагдсан бөгөөд үүний дараа нөхөн сонгуулиар ахынхаа оронд гарсан бас нэгэн гишүүн алагдсан байна. Алагдсан 4 гишүүн хууль бус бизнесийн байгууллагатай холбоотой байжээ. Өнгөт хувьсгалын үр дүнд байдал нэлээд өөрчлөгдсөн хэдий ч улс орны дотоод амьдралд авлига хээль хахуулийн төвшин өндөр, хүний эрхийн үзүүлэлт доогуур, хуулийн хэрэгжилт муу зэрэг сөрөг үзэгдэл их байна. Мөн 2009 онд Төв Ази дахь Америкийн цорын ганц цэргийн бааз болох Манасын цэргийн аэродромыг нутгаасаа гаргасан бөгөөд ингэснээрээ жилд орж ирэх арван хэдээс жаран хэдэн сая долларын орлогоос татгалзсан явдлыг Орос болоод Хятадын нөлөө байх хэмээн шинжээчид таамагладаг. 2007 оны байдлаар 5.2 сая хүн амтайгаас 69% нь Киргизүүд (9% Оросууд, Узбэкүүд 14.5%, Татарууд 1.9%, Уйгарууд 1.1%, Тажикууд 1.1%, Казахууд 0.7%, Украинууд 0.5%) юм. Тэнгэр уулын бүс, өндөр уулсын ян сарьдагууд, Исык кул нуур, Турфаны хөндий гээд энэ орны байгалийн сайхныг гайхан бишрэм бөгөөд Төв Азийн Швейцари гэгддэг.
Киргизүүдийн тухай өгүүлэхэд Манас хэмээх баатарлаг тууль, түүнийг уянгалуулан хайлах манасчи (манайхны туульч, хуурч, хуурчинтай адил) буюу Манас хайлагчийн болон Киргизийн алдарт зохиолч Чингиз Айтматовыг тухай дурдахгүй өнгөрч болохгүй юм. Манас тууль нь нэн эртний амаар дамжуулан ирсэн Киргиз түмний түүх соёлын их өв билээ. 15 зуунаас эхтэй гэгдэх энэхүү туулийг зарим нь 7-р зуунаас ч эхтэй хэмээдэг ба 1885 онд анх бичгийн хэлнээ буулгажээ.
Киргизүүд мөн л чоно буюу нохойг эх үүсэлтэйгээ холбон домоглох ба эцгийн талаа чоно хэмээсэн байдаг. Киргиз домгоор бол тэдний өвөг нь Кызыл буюу улаан нохой гэдэг. Уг домгоор хааны гүнж шивэгчидтэйгээ зугаацаар хот хүрээнээсээ гадагш явдаг байсан ба нэг удаа яваад ирэхэд нь аулыг нь дайсан этгээд тонон талж хүн зоныг нь устгасан байжээ. Тэр аулд үлдсэн ганц амьд амьтан нь нэгэн эр тайган нохой байснаар гүнж болон түүний шивэгчид болох 40 бүсгүй болон тэр улаан нохойн дундаас Киргизүүд үүссэн гэх бөгөөд дөчин бүсгүй буюу дөчин овог аймгийн нэгдэл гэх Кир киз нэр үүсэв хэмээдэг. Тэгээд ч одоо Киргизийн төрийн далбааны тоонолжин (түндүк буюу гэрийн тооно) голтой нар нь 40 цацрагтай байдаг байна. Төв Азийн нүүдэлчин түмний нэг, гарал үүслээ чоно нохойтой холбон домоглох Киргиз түмний тухай товч бичвэрээ энэ хүрээд төгсгөе.

Saturday, October 10, 2009

“Авдар” оюу толгой-II

Ойрын үед ч сонинтой шүү, манай 3-р номын ах, Айванхүү билүү, Еэвэнхүү билүү нөгөө хэн билээ дээ, за за нөгөө дархантай чинь “За зү” болчихсон гэнэ шүү. Би хэлээгүй юү, манай 3-р номын ах сүрхий гэж. За тэгээд л нүдээ аньсан чинь агаарт чихэр бурам нисэлдээд л арааны шүлс аяндаа гараад л сэтгэлдээ бол бялуурч байна шүү, ер нь, ойга... Хойд айлын ах нь ах нь гэж байгаад авчих гээд байдаг нөхөр харин өнгөрсөн хойно нь би нээж чадийш дээ ч гэх шиг, бас л ах нь ах нь гэх гээд байгаа юм уу хайшаа юм. Буян хөрш чимээгүй л байна, авах өгөхөө дэнсэлж л суугаа байлгүй дээ, хийдэг ажил нь тэр дээ. За за мориндоо явъя, урьд шөнө чөдөрлөөд орхисон газраа байгаа бол уу, дэгээд тэнэчихээгүй байгаа даа... Үгүй нээрээ, тэр дархан чинь бас ганцаараа биш юм гэнэлээ, Ороочинчин билүү дээ, ёстой нэг нэртэй цуутай дархантай хамтардаг юм гэсэн, тэрэнд бол ч төрөл бүрийн түлхүүр багаж хогоороо байдаг гэсэн шүү. Үгүй ингэхэд бид өөрсдөө хүрз зээтүү, алх сүхээ бариад дайрвал дийлэхгүй л байсан юм байх даа, за манайх ч олон авдартай даа, маниусын буян ч их юм даа, буянгаа бараад бузраа дэлгэчихгүй бол шүү дээ. Тэгэхдээ л ямар шидэт түлхүүр гэж байх биш дээ энэ хорвоо дээр чинь, маргааш гэхэд чихэртэй болчихгүй л байх даа, томцуул л сургаар нь өр зээл тавьчихгүй л бол, манайхны зарим нь ч хөөрөөд тэнгэрт гарсан байх, баярлаж болно, хөөрч болохгүй гэж нэг мэргэн хүн айлдсан санагдана. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг аа гэж...за тэр ч яахав, хэдэн хурууд маань байгаа, хоол болтол шийр зугаа гэж...ммм.
Морио хазаарлачихаад буцаж явсан чинь гэрийн баруун хойно хэдэн хүн бөөгнөж харагдана, яваад очсон чинь дээлээ нэлээн хөөргөж бүслээд, завьжиндаа бурсан хөөстэй, уурандаа мэнчийтэл улайсан маниасаа арай ахимаг, унаж яваад мориогийн үлгэр болсон Малууш залууш мэтийн манайхны хэдэн нөхдүүд байж байх юм. Бас ганц нэг чихэр харуулж цуглуулсан хэдэн багацуул ч харагдана. Яриагий нь жаал сонслоо, манийгаа загнаад ч байгаа юм уу, занаад ч байгаа юмуу нэлээн ширүүн байна аа. Тэгээд л тэр муу дархан болоод тохироо хийсэн, тохироог дэмжсэн томцуул багачуул болбоос намын бодлогийг хөсөрдүүлж, залуусын бодлыг хоёрдуулсан, Дүлзэн царайлсан, идээчин уучин, пийдал төрх нь бүрдсэн, завхай зайдан, архичин түүлэгчин гээд л, дагасан болоод дагуулсан хэдийн бөөрийг нь гаргаж, бөөсгийг нь сугалах юм болоод ч байх шиг, дарханыг ирэхээр нь зад амбаардаад хөгөөд явуулна ч гэх шиг сонсоод байвал зугаатай ч юм шиг байна шүү. Ядаж байхад хагархай тав, цуурай ес хоёрын хөөрч байгаа гэж. Цуурай ес гэснээс тэдний Хүжийн гал гэж нэг банди байна аа, дургүй их хүргэх юм аа, өмнө нь баахан худал ярьж, халуун хутгууш хийгээд тэрэндээ өөрөө түлэгдээд хавч шиг улайсан байх гэж бодсон чинь харин юу ч болоогүй юм шиг пөг пөг хийгээд л явах юм. За тэр ч яахав.
Үгүй тэгтэл нээрээ дарханаа амбаардаад л, бие биенийхээ бөөсгийг сугалаад эхэлбэл айл саахалтаас эхлээд л хорвоогоор нэг шившигээ дэлгэх байлгүй дээ, томцуул хэлэлцэж эедээд мань мэт нь битүүхэндээ дэмжээд за зү болчихлоо л гэж бодсон шүү дээ. Одоо харин мань дархчуулын ажиллахыг харж, нээхэд нь байлцаж, илүү дутуу хулуух вий, авдар савыг маань тараах вий, гэр орныг минь бусниулах вий, үнэн худал хэлэх вий, хэлсэн үгнээсээ буцах вий гэдгийг, томцуул харин эрдэнийг маань буруу юманд зарах вий, үрэн таран хийх вий, архи дарс хүүхэн шууханд өгчих вий, хөөрөг чулуу торго хоргой хурдан нэртэй хэдэн малаар сольчих вий, ганц нэгхэн чихрээр манийгаа хуураад өөрсдөө харин найрлаад дуусгачих вий гэдгийг харин ч нэг сайн харж байх хэрэгтэй дээ, хүүхдийн нүд ч хурц л байдагсан, тэгэхгүй бол юун бурам чихэр, бухын доодхыг харж үнэг турж үхэхийн үлгэр болно биз гэж бодогдож байхын, үгүй ер овоо хэрсүүжиж байгаа юм байх даа энэ одоо.
За за энэ хэд одоо адуу малаа боддоггүй юм байх даа, би ч морио эмээллээд адуундаа мордох уу даа...

Thursday, October 1, 2009

Туйлын эрх чөлөөний тухай бодол

Туйлын ганцаардал бол туйлын эрх чөлөө мөн
Би ер нь эрх чөлөөтэй байж чадаж байна уу, гээд эрх чөлөө гэж юу юм бэ? Хувь хүнд бие махбодийн болоод сэтгэл оюун санааны өөрөөр хэлбэл бодит болон хийсвэр эрх чөлөө байна уу, үгүй юү. Байна гэвэл тэр юу болох вэ, амьдралын дээд хэлбэр үү, бурхан уу, бясалгал уу, даяанч амьдрал уу, үхэл үү, эсвэл оргүй хоосон уу, өөрөө өөртөө хариулт хайна. Ямар ч ном, товхимол, бичлэг энэ тэр харахгүйгээр эрх чөлөөтэй сэтгэе гэвч хамгийн их эрх чөлөөтэй гэгддэг сэтгэлгээ, оюун санаа минь тийм ч эрх чөлөөтэй зүйл биш ажээ, ядаад л орчлон ертөнц хязгааргүй гэхэд тэр хязгаарт хүрч үл чадна...
Миний бодлоор, эрх чөлөө гэдэг нь юунд ч үл захирагдах явдал бөгөөд (дураар авирлах буюу анархи биш юм шүү) үүнийг би “туйлийн эрх чөлөө” хэмээн нэрлэе. Бүх амьтай хийгээд амьгүй зүйлс үүний төлөө л оршин байдаг хэмээн бодогдоно. Ялангуяа хүн дээр бүр ч илүү илрэлтэй байдаг ба ардчилсан ба эрх чөлөөний хөдөлгөөн, 70-аад оны секс хувьсгал, одоогийн блог бичвэрүүд г.м олон олон тэмүүллийг бид харж болно. Тэгвэл миний эрх чөлөө чинийхээр, чинийх минийхээр хязгаарлагдаад байна, яах вэ. Би ч, Чи ч туйлын эрх чөлөөг хүснэ, гэтэл энэ маань биднийг ганцаардал руу түлхэж байна. Туйлын эрх чөлөө бол туйлын ганцаардал мөн. Гэтэл бас ганцаардлыг тэсэж чаддаггүй, яагаад? Би, Чи туйлын ганцаардлыг хүснэ гэж үү...
Бидний ойлголтоор ертөнцийн дээд хэлбэр болсон хүн гээч нь аминаас бий болж, амь өөрөө амьгүйгээс бий болжээ. Амьгүй болоод амьтайгийн эцсийн зорилго бол өөрөө өөрийгөө хадгалах явдал бөгөөд амьгүй дээр энэ нь эрчмийн төлөө тэмцэл, амьтан дээр энэ нь үндсэн инстинкт болон гарч ирэх ба илэрхийлэл нь эрчмийн төлөө тэмцэл, нэмэх нь өөрийгөө буюу үр удмаа үлдээх тэмцэл, нийлээд бидний мэддэг амьдралын төлөө тэмцэл, хүн дээр ч адил энэ нь суурь зөн совин бөгөөд илрэл нь амиа бодох явдал бөгөөд өмнөх хоёроос ялгарах нь сэтгэлгээний буюу бидний бахдан хэлдэгээр оюун ухааны үрээр шууд биш дам хэлбэрээр илрэн гарч болох талтай. Бусдын төлөө амиа өгөх г.м. Гэхдээ л цаана нь үндсэн инстинкт байж л байгаа. Энэ амиа бодох үзлээс эхлэн үр хүүхэд хань ижил, гэр бүл элгэн садан, танил тал тал тохой, нутаг орон жалга дов, үндэстэн угсаатан эх орон гэх ойлголтууд гарч ирсэн бололтой. Дээд хэлбэр нь одоогоор үндэсний үзэл, эх оронч сэтгэл, хүн хэмээх зүйлийг хадгалах ухамсар юм. Өөрөөр хэлбэл би болон миний-ээс бид болон манай, үүний эсрэг чи болон танай гарчээ. Гэтэл орчлонгийн хуулиар би чамгүй, чи надгүйгээр оршин байх магадлал хэр байна вэ буюу өөрөөр хэлбэл туйлын эрх чөлөөг эдлэх боломж байна уу. Минийхээр бол энэ магадлал тэг рүү тэмүүлнэ-энэ бол бидний мэдэх орчлон ертөнцийн хууль. Үндсэн инстинкт, үндсэн хуулийг эгээрвэл мөхнө, эс бөгөөс өөр хэлбэрт шилжинэ (энэ нь цаад утгаараа мөхөл юм).
Бид физикийн хичээлээс вакуум дахь эгэл бөөмсийн эмх замбараагүй хөдөлгөөн аяндаа эрэмбэлэгдэж, хоёр туйлын хооронд эмх цэгцэнд ордгийг мэдэх болсон бөгөөд “хачин аттрактор” хэмээдэг билээ. Орчлон ертөнцийн түг түмэн эрхэс ч энэхүү зүй тогтолын дагуу орчлон ертөнц хэмээх вакуум дотор эрэмбэлэгдсэн хөдөлгөөнд оршдгийг ч бид мэднэ. Энэ бол амьгүйгийн туйлын эрх чөлөөний тэмцэл ба орчлонгийн хууль хэмээх эсрэг тэсрэг туйлын хоорондох хөдөлгөөн гэж ойлгож болох нь. Амьтай дээр амьгүйн зүйн тогтол дээр нэмэгдээд мөн л энэ вакуум ба туйлууд байх бөгөөд энэ нь амьдрах орчин хэмээх вакуум, туйлын эрх чөлөө ба байгалийн хууль гэсэн хоёр туйл, амьтайгийн дээд хэлбэр гэгдэх хүн дээр нийгэм гэх вакуум, туйлын эрх чөлөө буюу туйлын ганцаардал ба нийтийн амьдрал хэмээх туйлууд байдаг байна. Ингээд бодохул хувь хүнийг эгэл бөөмтэй зүйрлэбэл би, чи буюу туйлын эрх чөлөө (туйлын ганцаардал) ба хамтын амьдрал гэсэн эсрэг тэсрэг туйлуудын хоорондох эмх цэгцтэй хөдөлгөөнд оршин байх нь бидний хармони буюу өв тэгш нийцэл болох бөгөөд энэ нь орчлонгийн хууль буюу бурханы таалалд нийцэх хэрэг болохнээ. Тэгэхээр чи, би гэсэн энэ хоёр туйлын хоорондох хөдөлгөөнөө зохицуулах ухамсар бидэнд бий юү, эсвэл бурханы гараар аяндаа эмх цэгцэнд орохыг хүлээх үү? гэсэн асуултаар энэхүү бичвэрээ төгсгөе.