Saturday, July 25, 2009

Оюу авдар

Манайд нэг цоожтой авдар байнаа, сонсоод байхнээ дотроо ч ёстой нэг ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад нь байгаан байхаа, гаргаад эдэлбэл ч лус атаархахаар баяжиж хэдэн үеэрээ барж идэхгүй хоолтой болох юмдаг уу даа янз нь. Гэхдээ л багацуул бидэнд тодорхой мэдэх юм алга, томцуул л янз янзаар яриад л мэргэн сургааль айлдаад л зарим нь сургаар нь пологтож бөөлжөө л зарим нь нарийнтаж хэвтээ л юм юм л болох дог оо ер нь. Хяслантай нь нөгөө цоожоо бид чинь онгойлгож барахгүй юм даг уу даа, авдраа эвдэж ч хүчрэхгүй юм байх, нарийн ур ухаан шаардах элдэв төрлийн багаж хэрэгсэл хэрэглэн баймаажан нэг юм онгойвол онгойх... нарийн эд юм байхаа, бүдүүхэн зүйлээр ч бардаггүй балай эд юм байлгүй, тэр цоож моожийг нь онгойлгодог цөөхөн хэдэн булдруу байдаг ч зарим нь үнэрхээд зарим нь сонжоод байгааг алин бүү мэд томцуул мэргэцүүлийн үгэнд толгой эргэж ухаан булингартах нээ янз нь. Нэг их мундаг дархан нээгээд өгье гэхдээ үнэ хөлсөө ч чамгүй нэхэх төлөвтэй гэнэ болоод л явчихлаа, томцуул ч онгойлгуулна үгүй гээд л хэрэлдэж хэлцээд л багацуул мань мэт дарвиж хөөрөө л нэг тийм улай үзсэн үхэр шиг л үймчихлээ. Сүүлдээ зарим томцуул маань хүний олноор түрий барьж эз дийлэх санаатай юм даг уу даа мань мэтийгээ хань татаж онгойчихвол ч ёстой чихэр бурам ч гэж нөгөө юу л гээд л, нөгөөдүүл нь болохоор онгойвол нөгөө “Алтан өргөө”-гийн Ёмбоо Ёрвоо хоёр яалаа санаж байгаа биз гэх шүү юм яриад л тэгсэн мөртөө хэн хэн нь яг таг мэдэж байгаа юмаар ер нь маруухан даг шүү янз нь хий л хөөрөөд байхаас биш. Тэгж тэгж нэг юм томцуул 3-р номын ахад “За чи цаадахтайгаа яриад нөгөө юу яавал яачих, үнэ хөлсөө харин тэрнээс их гаргаж болохгүй шүү” болоод л нэг үеээн бодвол овоо шийдвэр гаргаж байнаа, тэгсэн чинь нэг мэргэн авга маань “Үгүй тэр яаж болдгийм иймхэн үнэ хөлсөөр цаадах чинь хийхгүй хоёрын хооронд үргээчихнэ тэгээд л нөгөө лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг шиг юм болж хөрш буян гуйг л царайчилхаас өөр замгүй болно” гэж ирээд л дахиад л манийхаа толгойг эргүүлж байнаа, нөгөө булдруу ч уг нь юм хэлээгүй л дээ манай хүн л жаахан түрүүлээд л нөгөө юу яачихсан...Өө нээрээ тийм, манай хөрш буян гэж нэг “хадны мангаа” байдгийг хэлэхээ мартаж орхиж нөгөө толгой молгой эргээд... буян гуай ч уг нь баян л даа даан ч жаахан увайгүй золиг байдгийн аягүй бол илүүг нэхэж чадах л байх олон жил сайнтай муутай хөрш явлаа уг нь жаахан аваатай өгөөтэй ч санаандаа бол аль хэдийн өр мөр бодчихсон явахаасаа сийхгүй л нөхөр дөө, гэхдээ бид чинь юугаараа дутахын, гартай бол гартай хөлтэй бол хөлтэй, толгойтой бол толгойтой... үгүй юу билээ байгаа билүү...ингээд л толгой эргээд явчихдагийнмаа. За тэгээд шаварт унасан шарын эзэн хүчтэйн үлгэрээр одоо 3-р номын ах л мэдэж дээ, манай хүн ч уг нь мундаг л яриад явдаг юм бүтээж мэднэ шүү, тэгвэл ч нэг бурам чихэрэнд цадахсан, үгүй тэгээд нэг юм онгойлгоод үзсэн чинь хоосон байвал баларлаа шүү...за тэгээд маньдаа хэдэн чихрээс өөр юм олддог болов уу яадаг бол тэгээд ч эрдэнэсээ чихэр болгох гэж дахиад л хэрүүл... 80 жил болох байлгүй, хуруудаа хүлхээд явж байсан нь ч дээр юм уу, за за мэдэхгүй ээ. Харин цаад булдруу нь онгойлгож дийлдэг л байгаа даа, аягүй бол авдрыг маань эвдээд гэрээр нэг тараагаад л ээж эгч гэр муухай болголоо гээд л дахиад бөөн хэрүүл дэгдэхвий дээ, за за хонь хургаа нийлүүлчихгүй л байя даа ядаж оройдоо тарагтай гэж...

Tuesday, July 21, 2009

Төвдүүдийн тухай

Гималайн уулсын ард далайн түвшнөөс дээш дунджаар 4900 м-ийн өндөрт түвдийн тэгш өндөрлөг орших бөгөөд энэ нутаг нь өөрсдийгөө “Бод” хэмээх түвд-бирм хэлний овгийн түвд хэлээр ярилцах ба энэтхэгийн бярман бичгээс эхтэй өөрийн бичиг үсэгтэй Түвдүүдийн болон Монпас, Лобасуудын нутаг билээ. Одоо умард Пакистанаас Юннан Сичуан, Хөх нуураас Бутан хүртэл газар нутагт 6 сая орчим хүмүүс түвдээр ярилцан байнам.
Ярлун голын хөндийн түвдийн түүх нь домог яриагаар МЭӨ 1-р зуунаас эхлэх авч МЭ-ний 7-р зуунд 618 онд Соронзонгомбо хаан өөрийн эцэг хорлогдон үхсэн Намри-ийн эхлүүлсэн үйлсийг үргэлжлүүлэн Ярлуны хөндийн овог аймгуудыг нэгтгэн Түвдийн эзэнт улсыг байгуулсан үеэс ихэд тодордог. Тэрээр 635-636 онд Хөх нуурыг эзлэн хятадын Тан улсын худалдааны гол замд ноёрхолоо тогтоож Тангийн Тайзун хааны зээ Вэнчэн гүнжийг авчээ. Соронзонгомбын үед Шан Шүнийг эзлэн олон шинэчлэл явагдан Түвд ихэд хүчирхэгжин тэлжээ. Соронзонгомбын болон түүний залгамжлагчдын үед Түвдэд буддизм өргөн дэлгэр тархан улсын шашны зэрэгт хүрснээс гадна Түвдийн хүч чадал ч өсөн нэмэгдэж байв. 665-670 онуудад Түвдүүд Хотон нарыг цохиж Таримын сав газар болон Кашгарт 692 он хүртэл ноёрхолоо тогтоон 696 онд Тан улстай найрамдав. 710-720 оноос Араб Түргүүд товойж эхэлсэн ба Түвдүүд тэдэнтэй холбоолон 720 оноос Тан улстай дайтаж эхэлэн 730 онд ялсан ч хятадууд арабтай холбоолон түргийг довтлон шахамдуулан найрамдаж Түвд рүү довтолсон хэдий ч амжилт олсонгүй. 737 онд Түвдүүд Түргийг довтлон төлбөр авах болсон байна. 747 онд Тангийн жанжин Гао Шанжи Кашмир, төв Азируу гарах худалдааны замыг нээх зорилгоор цэргийн үйл ажиллагаа явуулснаар Түвдийн хүчийг ихээхэн сулруулж 750 он гэхэд тэд төв ази дах ноёрхолоо хятадуудад алдсан байлаа. Гао Шанжи Талас голын тулалдаанд Арабууд болон Харлагуудад цохигдон 755 онд Тан улсад Ань Шигийн бослого гарсан зэргээс үүдэн хятадын нөлөө хурдан буурч Түвдүүд дахин сэргэв. Тэд хойд энэтхэгийг эзлэн 763 онд Тангийн нийслэл Чанганыг эзэлсэн авч Тан улс Уйгарын эзэнт улстай холбоо тогтоон Түвдийг цохисноор Түвдийн Чангандах 15 хоногын ноёрхол дууссан авч Юннаны орчмын газар нутгийг 794 онд хятуудад цохигдох хүртлээ авч үлдсэн байна. 821,822 онд Лхас хотноо Түвд Хятадын хооронд хоёр хэл дээр 20 гаран жил үргэлжилсэн энхийн гэрээг байгуулан чулуун дээр сийлэн үлдээжээ. Түвдүүд баруун зүгт Самарканд, Кабул хүртэл идэвхитэй үйл ажиллагаа явуулан Киргизүүдтэй холбоо тогтоон хойд зүгт Уйгаруудтай дайтаж байсан ба 9-р зууны дунд үе хүртэл Төв Азийн тэргүүлэх гүрэн байжээ.
838-842 онуудад Ландарма хаан суух цаг дор Түвд дэх буддын шашинд том цохилт болсноос гадна 842 онд Ландармыг үхсэний хойно Түвд хуваагдан задарч иргэний дайн дэгдэн 1247 он буюу Сакяагийн үе хүртэл үргэлжилжээ. Ландармын үед 3 санваартан Лхасаас дутаан Амдод ирснээр буддын шашин Кам хавиар нууц байдлаар оршсоор 9-р зууны сүүл 10-р зууны эхээр Гонборавсал Түвдийн их хөлгөний буддизмыг зүүн хойд түвдэд хөгжүүлэн шавь нар нь Үй, Цан буюу түвдийн төв хэсгээр тархаажээ. 1073 онд Сакяагийн (Сажа-ийн) анхны сүм байгуулагдан хөгжин алдаршиж 2 зууны турш түвдийн соёл ахуйд үлэмж нөлөөлсөн юм. 1155 онд буддизмын Гармапагийн эх тавигджээ. Мөн 1040 онд Кашмираас Адишаг урьж авчирсан нь түвддэх буддын шашны хөгжлийн нэгэн үе болжээ.
1207 онд Монголчууд Тангуд улсыг дайлан улмаар 1215 онд Цанба Дүнхүрпа өөрийн 6 шавийн хамтаар Чингэс хаанд бараалхан Түвдүүд Монголд алба барих болов. Чингэс хааныг хальсны хойно алба барихаа больсон Түвдэд 1230-аад оны сүүлчээр хойд хятад, төв Ази, Орос, Украиныг эзлээд байсан Монголчууд анхаарлаа хандуулав. Ингээд 1239 онд Өгэдэй хааны 2-р хөвгүүн Гүдэн хунтайж Хөх нуурыг захирах болж 1240 онд Доорда даргачаар Түвдийг дайлуулж Сүн улсыг баруун талаас нь дайлах бэлтгэлийг хийлгэсэн боловч 1241 онд Өгэдэй хаан хальснаар Монголчуудын цэргийн ажиллагаа түр зогссон байна. 1244 онд Гүдэн хунтайж урилга илгээснээр 1246 онд Сакяа бандида (Сажа бандид Гунгаажалцан) өөрийн 2 ач дүү болох 11 настай Пагва, 7 настай Чагнадорж нарыг дагуулан Хөх нуурт иржээ. Гүдэн хаан Түвдийг 1247 онд бүрэн хяналтандаа авч 1249 онд Сакяа бандидаг Түвдийг захирагч болгосон байна. Тэрээр 1253 онд өөд болсноор Гүдэн хааны ордонд сууж Монгол хэлтэй болсон Пагва лам Лодойжалцаныг Сакяа бандидаг залгамжлуулан Түвдийн багш хэмээн Түвдийг захируулав. 1260 онд Хубилай хаан ширээнд сууж түүнийг улсын багш хэмээснээр түвдэд Сакяагийн урсгал хүчийг авч түвдийн улс төрийн амьдралыг зохицуулан засаг захиргааны төв болж Монголчууд ч Түвдэд өөртөө засах өргөн эрх эдлүүлж байв. Пагва лам өөрөө Юан гүрний улсын багш тэргүүн лам болж Түвд Монголын буддизм дахь анхны төр шашны харьцааны тухай онолын эхийг тавьж Хубилай хааны зарлигаар 1268 онд дөрвөлжин бичгийг зохиож дуусгав. Энэ бичгээр хятад ханз Монгол бичгийг халах оролдлого амжилтгүй болж цөөн тооны дурсгал үлдсэн ба орчин үеийн солонгос бичгийн үүсэхэд нөлөөлсөн гэж үздэг байна. Сакяагийн ноёрхол 1358 он хүртэл тогтоод Юан гүрнийг мөхсний хойно Кагюүгийн урсгалд (энэ урсгал 1285-1290 онуудад Хүлэг хааны дэмжлэгтэй бослого гаргаж байв) Түвдийн төв хэсгийг алдсан хэдий ч 1430-аад оныг хүртэл Түвд гаднаа болон дотроо харьцангуй тогтвортой байв. Энэ үед Гэлэгпа буюу шар малгайтны урсгалыг Зонхов Лувсандагва үндэслэн 1409 онд Галдан хийдийг байгуулж Цанид дацанг нээжээ.
1578 онд Түмэдийн Алтан хааны 2 дахь удаагийн урилгыг (анх 1569 онд) Гэлүгпагийн урсгалын тэргүүн 3-р Далай лам Содномжамц хүлээн авч Алтан хааны байгуулж эхэлсэн Хөх хотод ирж цугласан олонд сургааль айлджээ. Энэ үеэр Халхын Автай сайн хаан ирж Далай ламтай уулзжээ. Ингээд Хөх хотод Дэчин Чойнхор, 1586 онд Халхад Эрдэнэ зуу хийд байгуулагдан үүнээс хойш 50 жилийн дотор Монголчууд Буддизмд өргөнөөр оржээ. 4-р Далай лам Ёндонжамц цорын ганц Түвд бус Далай лам бөгөөд Алтан хааны ач хүү байв. 5-р Далай лам Лувсанжамцын (1617-1782) үед Түвдийн шашны урсгалуудын хооронд засаглалын төлөө тэмцэл ид явагдаж түүнд нь Монгол, Ойрад монгол, Манжууд идэвхийлэн оролцож байв. Тэрээр Гэлэгпагийн урсгалыг Түвдийн төв хэсэгт ноёрхох үүдийг нээж Түвдийг Гэлэгпагийн урсгалын дор нэгтгэгжээ. Цахарын Лигдэн хаан улааны урсгалыг дэмжин шар малгайтны урсгалыг устгасан авч удалгүй өөд болж Халхын Цогт хунтайж түүний үйл хэргийг үргэлжлүүлэн Хөх нуурт очин Амдог эзлэн Үй, Цанруу цэрэг оруулав. 5-р Далай лам Лувсанжамц Хошуудын Төрбайх тайж буюу Гүүш хаанаас тусламж эрсний дагуу Гүүш хаан шарын урсгалыг хамгаалан 1637 онд Цогтын цэргийг Улаан хошуунд бут цохин улмаар 1642 онд Түвдийг эзлэн 5-р Далай ламыг Түвдийн шашны ба улс төрийн тэргүүн болоход нь тусалж өрсөлдөгч урсгалуудыг даржээ. 5-р Далай лам Лхаст Будаалин хийдийн суурийг тавьж засаглалаа тийш нь нүүлгэн 1652 онд Бээжинд очиж Манжийн хаанаас тамга олгосоныг хүлээн авчээ. Тэрээр 1682 онд өөд болсныг Түвдүүд улс төрийн зорилгоор 15 жил нууж 1697 онд Цанъянжамцыг 6-р Далай ламаар өргөмжлөн засгийн эрхийг Дэсрид Санжаажамц барьж байв. 6-р Далай лам сахил санваараа үл тоон архи хүүхэн хэрэглэн хайрын дуу зохион байх дор 1705 онд Хошуудын Лхавзан хаан Түвдийг эзлэн засаг баригч Дэсрид Санжаажамцыг хороон Далай лам Хөх нуур орчим нас барсан байна. (зарим түүхэнд түүнийг нас барсан хэмээн худал зарласан бөгөөд 1746 онд нас барав хэмээх нь бий) Ингээд Лхавзан хаан шинэ Далай лам тодруулсан авч Далай лам Гэлүгпагийн урсгалыг дагаагүй юм. 1717 онд Зүүнгарын Их Цэрэндондов Түвдийг эзлэн түүнийг хороосон нь Түвдэд нэлээн дэмжлэг хүлээснийг үл тоон Манжийн Энхамгалан хаан түргэн арга хэмжээ авч 1718 онд Лхасд цэрэг оруулсан боловч бут цохигджээ. 1720 онд Энхамгалан хаан дахин үлэмжхэн хүчээр довтолж Зүүнгарыг Түвдээс гаргаж Галсанжамцыг Гүмбүмээс Лхаст авчран 1721 онд 7-р Далай ламаар суулгажээ. Хошуудын бослогын дараа 1724-1728 онуудад Манжууд Амдо, Камыг Хөх нуурт, зүүн Камыг хятадын зэргэлдээх мужид нэгтгэн Лхасад амбан суулгах болов. 1750 он хүртэл Түвдийн засгийн эрхийг хэрэг дээрээ Фолханас гэгч язгууртан ба түүний хүү барьж байсан ба энэ онд Манжийн амбанг хороосноор манжууд цэрэг оруулан босогчдыг дарж Далай ламаар удирдуулсан захиргааг байгуулсан авч шууд өөрийн бүрэлдэхүүн хэсэг болгоогүй юм. 1751 онд 7-р Далай лам Галсанжамц 43 насандаа “Хашаг” буюу сайд нарын зөвлөлийг байгуулж хуучны нэг хүнд их эрх мэдэл төвлөрдөг байсан Дэсридийн албан тушаалыг халж өөрөө Түвдийн шашин төрийн удирдагч болсон байна.
1788 онд Балбын Бахадур Шахын илгээсэн Гүрхачууд Түвдэд цөмөрч өмнөд хэсгийг нь эзэлж Банчин богдыг Лхас руу дутаалгасны хариуд Манжууд цэрэг илгээн Балбыг хөөн гаргаж алба татвар төлүүлэх болсны хойно 1791 онд Гүрхачууд дахин довтолж Панчин лам дахин Лхасруу зугтав. Манжийн хаан 17,000 цэрэг илгээн Түвдийн дэмжлэгтэйгээр 1793 онд Гүрхачуудыг байлдан шахаж Балбын нийслэл Катмандуд тулж ирснээр Балбууд ялагдлаа хүлээсэн байна. Энэ үеэс Манжууд Түвд дэх хяналтаа нэмж 1792 онд 29 зүйл бүхий хууль гарган бүхийл чухал шийдвэрийг Манжийн амбаны зөвшөөрөлтэй гаргадаг болсноор амбаны эрх мэдэл үлэмж өсч Түвдийн гадаад дотоод бүх хэргийг мэдэх болсон байна. Мөн энэ үеэс Далай лам болон Банчин ламыг амбаны удирдлага дор шинэ журмаар буюу тодрогсодын нэрийг бичсэн цаасуудыг алтан бумбанд хийн сугалаагаар тодруулах болов. 10-12-р Далай ламыг энэ аргаар тодруулсан ба 9 болон 13, 14-р Далай ламыг энэ аргаар тодруулаагүй юм.
19-р зуунд Манжийн хүч сулрахын хэрээр Британичууд хойд Энэтхэг болон Афганистанаас Оросууд төв Азиас Түвдийг өнгийж эхэлсэн зэргээс үүдэн 1850-иад оноос Түвдүүд гадныхныг хөөж хилээ хаасан байна.
20-р зууны эхэн үе бол Британичууд болон Оросууд төв Азид ноёрхохын төлөө “Том тоглоом”-д өрсөлдөж эхэлсэн үе байлаа. 1904 онд хурандаа Фрэнсис Яангхазбандаар удирдуулсан Британий экспедиц томхон цэргийн ангийн дэмжлэгтэйгээр Түвдэд цөмөрч Оросоос өрсөн Далай ламтай хэлэлцэн тохирч Түвдэд нөлөөгөө тогтоохоор тэднийг эсэргүүцсэн Түвдийн цэрэг энгийн иргэдийг устган Лхас хотноо хүрэхэд Далай лам аль хэдийн Монгол руу зугтан Өргөөд ирсэн байв. Тэрээр хоосон буцахгүйн тулд засаг баригч Гандэн Три Ринбүүчи болон албаны бусад улсаар гарын үсэг зуруулан Түвд Британид хилээ нээн худалдаа чөлөөтэй хийх, гаалийн татвар авахгүй байх, Британийн зөвшөөрөлгүй бусад гадаад улсуудадтай харилцах тохиолдолд 2.5 сая рупи Британид төлөх зэрэг заалт бүхий гэрээ байгуулсан байна. Уг гэрээг 1906 оны Англи Хятадын гэрээгээр баталгаажуулж Британийн засгийн газар Түвдийн дотоод хэрэгт оролцохгүй байх, Манжийн засгийн газар бусад орнуудад Түвдтэй харилцах зөвшөөрөл өгөхгүй байх үүрэг хүлээцгээн 1904 оны гэрээг Түвдүүд зөрчвөл Чин улс Британид мөн 2.5 сая рупи төлөхөөр болжээ. 1907 онд Британи болон Орос Манжийн Түвд дэх ноёрхолыг хүлээн зөвшөөрч тэднээр дамжихгүйгээр шууд Түвдтэй харилцахгүй байхыг зөвшөөрсөн байна.
Үйл явдал ийн өрнөх зуур 1905 (зарим түүхчид1908 он гэдэг) онд Манжууд Жао Ерфэнг Түвдийн арми командлагч Шининий захирагчаар томилон Далай ламыг хяналтандаа авах, Түвдийг шууд нэгтгэх зорилгоор цэрэг захируулан илгээв. Түүний цэргүүд Кам Амдод олон сүм хийдийг эвдэн өргөн хүчирхийлэл явуулснаар 13-р Далай лам Энэтхэг рүү зугтан гарсан ба 1911 оны 11 сард Манж улс мөхөхөд Жаогийн цэргүүд босон үймж түүний толгойг авчээ. Ингээд 1912 онд Далай лам эргэн ирж манжийн амбан хятад цэргийг Түвдээс гарган 1913 онд тусгаар тогтнолоо зарлан 36 жил Түвдүүд “де факто” тусгаар тогтносон юм. Энэ хугацаанд Хятадад иргэний дайн болж байсан учир Түвдэд анхаарах сэхээгүй басан юм.
1949 онд Мао Зэдуны удирдсан коммунистууд дотоодын дайнд ялан хятадад эзэн сууж Түвдийн хэрэгт оролцож эхэлсэн ба 1950 онд Түвд дэх Хятадын сюзернийг Британиар зөвшөөрүүлэн 10 сард ардын чөлөөлөх арми Түвдэд цөмрөн Түвдийн байнгын бус армийг бут цохив. 1951 онд 14-р Далай ламын засаг захиргаа Хятадын засгийн газартай Бээжинд хэлэлцээнд орж 17 зүйл бүхий тохиролцоонд хүрч Хятадын засаглалыг зөвшөөрчээ. Ардын чөлөөлөх армийн 20.000 цэрэг байсан хэдий ч де факто тусгаар үеийнх шиг байдал1959 он хүртэл үргэлжилсэн юм. Хятадуудын газрын шинэтгэл, хамтрал байгуулах явдлыг эсэргүүцэн 1956 онд зүүн Кам, Амдод (Хөх нуур) бослого гарч баруун Кам, Үй, Цаныг хамрарч 1959 онд Лхасын бослого болон Түвд даяар өрнөн 1962 он хүртэл үргэлжилжээ. Анх алаг цоог гарсан эсэргүүцэл Америкын Тагнуулын төв газрын дэмжлэгтэйгээр мэдэгдэхүйц амжилтанд хүрсэн авч 1959 онд Лхас дахь цэргийн үйл ажиллагаа нуран унаснаар зэвсэглэсэн босогчид Балбаруу орж мөн энэ үеэр Далай лам Энэтхэг рүү зугтан гарчээ. Далай лам болон түүнийг дагалдагчдад Энэтхэгийн засгийн газар Америк Британийн улс төрийн шахалтан дор Дарамсалад газар өгснөөр өнөөг хүртэл Түвдийн цөллөгийн засгийн газар тэнд үйл ажиллагаагаа явуулсаар байгаа билээ. Балбад гарсан босогчид ихэнхи нь Тагнуулын төв газрын тусгай камп-д бэлтгэгдсэн дайчдаас бүрдсэн 2000 хүнтэй зэвсэгт дайчидтай хагас тусгаар тогтносон Мустангийн хаант улс нэрээр Балбын нутгаас 1969 онд Киссинжэр Хятадад найрсаг санал тавьж 1972 онд ТТГ дэмжлэгээ зогсоож Балбын засгийн газар үйл ажиллагааг нь нураах хүртэл үйл ажиллагаагаа үргэлжлүүлжээ. Хятадууд Панчин ламыг Түвдийн бэлэгдэл төдий удирдагчаар тавьж улмаар 1965 онд Үй Цан болон баруун Камыг Түвдийн автономт бүс болгон (зүүн Кам болон Шиканыг Сичуанд нэгтгэсэн) засаглалын тэргүүнээр Түвд хүн тавьсан авч хэрэг дээрээ Хань хятадууд удирдаж эхэлсэн түүхтэй. Маогийн их үсрэлт Соёлын хувьсгалаар Түвдүүд маш ихээр хохирч хэдэн мянган сүм хийдээ сүйтгүүлэн мянга мянган лам гэлэнмаа нар алагдаж тамлагдан эрүүдүүлж шоронд хоригдсон юм. 1979 оноос эдийн засгийн шинэтгэлээр энэ байдал намжсан хэдий ч хятадын хяналт сулраагүй билээ. 1988 онд Түвдийн автономын намын даргаар Ху Жинтао томилогдон 1989 онд 10-р Панчин лам 50 насандаа зүрхний шигдээсээр гэнэт нас барсныг олон Түвд хүн Хугийн оролцоо байсан гэж үздэг. Үүнээс хэдэн сарын дараа генерал Ли Лианшиу тэрс үзэлтэй гэгддэг сэтгүүлч Тан Дашианыг хэрэгт холбогдуулах тушаалыг Лхасын цагдаагийн газар өгсөн ба үүнтэй холбогдуулан түвдүүд тайван жагсаал хийсэн нь 450 түвд хүний үхлийн шалтгаан болжээ. 1987-1993 он бол Түвдийн хоёрдах томоохон бослого эсэргүүцлийн үймээнт он жилүүд билээ. 1995 онд Далай лам 6 настай Гэдүн Чооки Нямыг 11-р Панчин ламаар нэрлэсэн авч Хятадууд Бээжинд өссөн Жянцан Норовыг Панчин ламаар нэрлэсэн байна. Гэдүн Чооки Ням болон түүний гэр бүлийнхнийг хятадууд шоронд хорьсон уу эсвэл дарамт хавчлагаас зугтан нуугдмал амьдрах болсон эсэх нь тодорхойгүйгээр ор сураггүй болсон юм. 1959 онд Үндэсний статистикийн товчооны мэдээгээр Түвдийн автономи бүс болон Кам, Хөх нуур, Гансюд нийтдээ 6,330,567 Түвд хүн байсан мэдээ байдаг бол 2000 оны тооллогоор хятадад Түвдийн автоном болон Хөх нуур, Сичуан, Юннан, Гансю мужуудад 5,245,347 Түвдүүд тоологдсон байна. Эндээс харахад Түвдийн хүн ам өсөлтийг тооцохгүйгээр 15% буюу бараг сая гаран хүнээр хорогдсон байгаа нь нэгийг хэлж байнам бус уу... 2008 он Түвдийн дахин эсэргүүцэл тэмцэл өрнөсөн он жил болж Түвдүүд жинхэнэ автономит эрх болон цаашлаад тусгаар тогтнолыг ямар ихээр хүсэн хүлээж байгаагаа илэрхийлсэн билээ. Дашрамд дурдахад Цагаан хүнчүүд 6-7 зуунд, Гэсэр 11-р зуунд Түвдтэй холбоотой байсан тухай мэдээ байдаг.

Thursday, July 9, 2009

Манжууд гэж хэн бэ (үргэлжлэл)

1722 оны өвөл Энх-Амгалан хаан өөд болж түүний 4 дөх хүү Юн хунтайж Юн жэн буюу Найралт төв хэмээгдэн 1723 онд хаан ор суув. Энхамгалангийн засаглалын сүүлийн жилүүдэд ах дүү нартайгаа таарамж муутай байснаас гадна хааны гэрээсийг өөрчлөн засч хаан суусан хэмээн хэлэгдэж асан Юн жэн Манжийг хатуу чанд гараар барьж байв. Тэрээр төрийн албаны шалгалтыг хатуу чанд болгон төрийн албан хаагчдыг чанга шалгуураар шалган хан үндэстэн хятадуудад итгэл хүлээлгэн өөрийн ах дүү төрөл ургийн ноёдын оронд төрийн өндөр албан тушаалд тавьсан байна. Мөн тэрээр хээл хахуулийн эсрэг хатуу байр сууринаас хандан, мөнгөний ханшийг дураар тогтоох явдлыг эцэс болгож зөрчсөн этгээдийг цаацлах хүртэл хатуу чанга шийтгэж байв.Түүний засаглалын үед Халх дах ноёрхолоо бэхжүүлэн Сайн ноён хаан аймгийг нэмж байгуулан халхыг 75 хошуунд хуваан халх дах манжийн цэргийн өртөөг бэхжүүлж монголын ноёдод цалин пүнлүү өгөх болжээ.
1735 онд Юн жэн хаан өөд болж түүний хүү Бао хунтайж 1736 онд 24 насандаа Цянь луи хаан хэмээгдэн Тэнгэрийн тэтгэсний анхдугаар оныг эхлүүлэв. Түүний засаглалын үед 1755 онд Монголын тусгаар тогтнолын сүүлчийн голомт ойрад түмэн маань дотоодын зөрчлийн улмаас манж нарт эзлэгдэн алж хядуулах, нутаг заагдан цөлөгдөх, зугтан одох зэргээр таран бутарчээ.1755-1758 онуудад хотгойдын Чингүүнжав, хойдын Амарсанаа нар халх ойрадын бослогыг эхлүүлж манжийн эсрэг тэмцсэн боловч нэгдмэл удирдлагагүй алаг цоог гарсан бослого тэмцлүүд санасан үр дүнд хүрээгүй билээ. 1745 онд манж нар Монголчуудын угийн бичиг, түүхийг Бээжинд хэвлэх нэрээр хураан авч устгаж эхэлсэн (магадгүй нууц товчоо ч байсан эсэхийг хэн мэдлээ) ба 1753 онд Дөрвөд аймаг манжийн захиргаанд орж,1755 онд Ойрад эзлэгдэн талуулж, 1757-1758 онд олон эх оронч Монголчууд хордуулагдан болон цаацлагдан хороолгуулж, шашны тэргүүнийг Түвдээс тодруулах болсон, халх ойрад дайны хөл татвар дайчилгаанд туйлдан доройтсон зэргээс үүдэн Тэнгэрийн тэтгэсний он жилүүд Монголд хүндээр туссан гэх бүрэн үндэстэй билээ. Халимагийн зуун далаад мянган хүн хуучин нутагтаа эргэн ирэхээр хөдөлсөн боловч оросын хатан хаан Екатеринагийн явуулгаар хасагууд тэднийг мөрдөн хөөж 1771 онд дөнгөж далаад мянган хүн хуучин нутагтаа хөл тавьжээ. Үлдсэн Халимагуудыг 1772 онд Оросын 2-р Екатерина хатан хаан хүчээр эрхшээлдээ оруулан хэрцгий харгислал явуулж Халимаг ноёдыг Петербургт цаазлав. Тэнгэрийн тэтгэсэний засаглалын үед Манж улсад хээл хахууль газар авч манжийн оргил үе дууссаны дохио гарч эхэлжээ. Үүний жишээ нь түүнийг үхмэгц буюу Сайшаал ерөөлтийн тэргүүн онд (1796) “цагаан лянхуа нийгэмлэг”-ийн бослого гарч 8 жил үргэлжилсэн нь Манжийн хүчийг ихээхэн сулруулсан юм. Энэ үед манжийн газар нутгийн хэмжээ 13 сая хавтгай дөрвөлжин километр хүрч ноёрхолынхоо оргилд хүрсэн ба Монголыг гадаад монголын 4 аймаг(Цэцэн хан аймаг 23 хошуу, Түшээт хан аймаг 20 хошуу, Сайн ноён хан аймаг 24 хошуу, Засагт хан аймаг 19 хошуу), Дарьгангын хааны сүрэгчин тусгай хошуу, Хөвсгөлийн, Тану урианхайн, Ховдын хязгаар 30 хошуу, Ил тарвагатайн 13 хошуу, Хөх нуурын 29 хошуу, Эзний хошуу, Алшаа хошуу, дотоод монголын 6 чуулган 24 аймаг 49 хошуу (Жирэм, Зост, Зуу үд, Шилийн гол, Улаан цав, Их зуу чуулган), Цахар 8 хошуу, Түмэд 2 хошуу, Уйгарыг Тяншанбэй, Тяншаннанд, хятад түвдийг 18 мужид хуваан захирч байв.
Ингээд тэнгэрийн тэтгэсний дараагаар 1796-1820 онд Жячин буюу Сайшаал ерөөлтийн, 1821-1850 онд Дао гуан Төр гэрэлтийн, 1851-1861 онд Сянь фэн Түгээмэл элбэгтийн, 1862-1874 онд Түн жи Бүрэн засагчийн, 1875-1908 он Гуансюй Бадаргуулт төрийн хаанчлалаар Манж чин улсын үе үргэлжлэн, 1909-1911 онд Сюан түн Хэвт ёсны хаанчлалаар төгсгөл болжээ.
1861-1908 онуудад хэрэг дээрээ Циши хатан Манжийн төрийг барьжээ. Тэрээр 1861 онд гарсан төрийн эргэлтээр Гон хунтайжийн тусламжтай Сүшүний ахалсан 8 засаг баригч ноёдыг хөөн гаргаж Сянь фэн хааныг үхэхийнх нь өмнө Цишигийн хүү Түн жиг хаанаар залгамжлуулахаар заалгажээ. Ингээд Бүрэн засагчийн мөн түүний залгамжлагч Цишигийн дүүгийн хүүхэд болох Гуан сюүй буюу Бадаргуулт төрийн нийт 47 жил Циши “хөшигний араас захирагч” байсан байна.
19-р зуун 20-р зууны эхэн Манжийн бууралт мөхөлийн үе байж дотоодын нийгмийн хагарал мөргөлдөөн, манжийн эсрэг бослого тэмцэл, барууны түрэлт, эдийн засгийн царцалт, хээл хахууль, хүн амын огцом өсөлтөөс үүдсэн хүнсний хомсдол, байгалийн гамшиг зэрэг нь тус улсыг сульдаан доройтуулж, хятадын үндэсний үзэлтнүүд болон чинээлэг давхрагынханы хийсэн хөрөнгөтний хувьсгалаар Манж чин улс мөхжээ.
Манжийн эсрэг бослого тэмцлүүдээс хамгийн том нь Тайпингийн бослого бөгөөд 1851 онд Хон Шиугуан гэгч Гуочжоу мужийг эзлэн “Их энхийн тэнгэрлэг хаант улс”-ыг байгуулан өөрийгөө хаан нь хэмээснээр эхэлж өргөн олныг хамарчээ. Энэ бослого нь өмнөд хятадыг бүхэлд нь хамарч иргэний дайны байдалд хүрч 1864 оныг хүртэл 14 жил үргэлжлэн 20-30 сая хүн үрэгдсэн ба Манжийн хааны хүсэлтээр ирүүлсэн Британи болон Францын орчин үеийн зэвсэглэлтэй цэргийн оролцоотой дарагджээ. Үүнээс гадна 1862-1873 оны лалын шашинтнууд болон Миао хүмүүсийн Дунганы, 1856-1873 оны Юннаньд гарсан Пантайгийн эсэргүүцэл бослогууд мөн Монгол оронд 1870 онд Их хүрээнд манжийг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн, 1880 онд ард Онолтийн удирдлагаар Улиастайн цэргийн бослого, Ордосын дугуйлан, 1900 онд Улиастайд манжийн эсрэг монгол цэргийн бослого, 1906 онд Их хүрээнд хятадын мөнгө хүүлэгч худалдаачдын эсрэг ардын хөдөлгөөн зэрэг бослого хөдөлгөөнүүд гарч байв.
19-р зуунд Ёвропын улсууд эрчтэй хөгжин колончлох, эдийн засгийн ашиг сонирхолдоо бусад улсыг хамруулах бодлогыг явуулж байсан нь Манжийн тэнгэрийн доорхи бүхнийг захирах бодлоготой мөргөлдөж эхэлсэн байна. Их Британи Британи болон Францын хятадад дахъ хар тамхины наймааг нь хаах гэсэн 1838 оны Манжийн оролдлогын хариуд дайн зарласнаар 1839 онд хар тамхины дайн эхлэв. Уг дайнд орчин үежсэн Британичууд тэнгис болон эх газарт хоцрогдсон Манжийн цэргийн хүчнийг хялбархан цохиж 1842 онд ялагдсан манжууд Нанкинд манайхны хэлдэгээр хилс гэрээ гэгчийг Британитай байгуулсан байна. Уг гэрээ ёсоор Манжууд дайны төлбөр төлөхөөс гадна боомтуудаа ёвропчуудад нээн онцгой эрх эдлүүлэх болон Хонг Конгийг Британид өгчээ. Барууныхан үүгээр ханасангүй, 1854 онд Британичууд Нанкины гэрээг дахин авч үзэх хятадын гол мөрөнд онцгой эрх эдлэх Бээжинд элчин сайдын яам нээх зэрэг зүйлийн тулгалтанд Манжууд эсэгүүцсэнд дахин дайн зарласанаар 1856 онд хар тамхины 2-р дайн эхэлсэн байна. Энэ дайн 1858 онд Британи болон Америк Француудтай өмнөхөөс илүү доромж гэрээг Тяньжинд байгуулснаар дуусаж Манжууд албаны бичиг баримтуудаа англи хэл дээр хийх, Британийн байлдааны онгоцуудад хятадын гол мөрнөөр чөлөөтэй нэвтрэх онцгой эрхийг өгчээ. Үүнээс гадна 1844 онд Вансяд Америктай хилс гэрээ, 1860 онд Бээжинд, 1881 он Петрбургт Оростой гэрээ байгуулан онгой эрхүүдийг өгч 1894-1895 онд Японтой хийсэн дайнд ялагдал хүлээжээ. Энэ мэт дорой байдал нь Хятадын үндэсний үзэлтнүүд, шинэчлэгчдийн дургүйг ихээхэн хүргэж байсны дээр Циши хатны өөрийн сүр хүчийг нэмэгдүүлэхийн тулд гаргасан их хэмжээний зардал тансаглал, энгийн ардын ядуурал зэргээс үүдэн Манжийн засаглалыг эсэргүүцэгчдийн тоо ихэд нэмэгдэхийн хажуугаар европынхон буюу гадныхныг үзэн ядах үзэл дэвэрчээ. 1898 онд Гуан сюүй хааны “шинэтгэн засах 100 өдөр” гэгч шинэтгэлийн бодлогоор хуучин хууль журмуудыг хүчингүй болгон Ли Хонжан зэрэг хуучинсаг үзэлтэй гэгдсэн улсыг албанаас буулган Кан Юүвэй мэт шинэчлэгчдийг өндөр албанд томилсон боловч Циши түүнийг таслан зогсоож ордны хорионд оруулсан байна. Энэхүү өөрчлөлтөөс улбаалан Манжуудын Монголтой хийсэн хуучин гэрээ хэлцлүүд, Монголтой холбоотой хууль цаацуудад өөрчлөлт орж эхэлсэн ба Монголын газар нутагт хятадуудыг суурьшуулахгүй байх зэрэг тохиролцоо алдагдаж Монголд тариалан хөгжүүлэх нэрээр 1906 онд хятадуудыг монголд нүүлгэх товчоо гэгчийг Бээжинд байгуулсан зэрэг нь Монголчуудын дургүйг ихээхэн хүргэсэн явдал болжээ. Түүхэнд “боксёрын бослого” хэмээгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөний эхний зорилт нь Манжийн хаант засаглалыг түлхэн унагаж харийнханыг хятадаас хөөн гаргах байсан ч Циши сайд нараараа дамжуулан тэднийг хянаж удирдагчаар нь “Чин улсыг дэмжин гадныхныг устгая” гэсэн уриа гаргуулан эрчимжүүлжээ. 1899 онд боксёрууд хятадад байсан хэдэн мянган загалмайтны шашны номлогчдыг толгойг нь тасдах, амьдаар нь өвчих зэргээр хэрцгийгээр алж хэдэн аван мянган христэд итгэгч хятадуудыг алж хядсан үйлдэл хийснийг Циши өөгшүүлэн дэмжиж байв. 1901 онд Германы элчин сайд алагдсанд 25.000 хүний бүрэлдэхүүнтэй 8 улсын цэргийн хүчин Бээжинг эзлэхэд зугтан гарсан Циши болон Манжийн засаг захиргаа хамтын хүчний тавьсан шаардлагыг хүлээн авч их хэмжээний мөнгөөр төлбөр хийн Бээжинг эргүүлэн авчээ.
1908 онд хатан хаан Циши болон Гуан сюүй хаан хоёр Чун хунтайж буюу Зайфэний ахмад хөвгүүн 2 настай Пуиг хаан суулгахаар гэрээслэн сульдаж доройтсон хэзээ мөдгүй сүйрэх гэж буй хаант төрийг үлдээгээд хоёул ойролцоо өөд болцгоов. Циши үхэхийнхээ өмнө итгэлтэй тайганаараа хаанд хор өгүүлжээ гэх нь бий ч өөр хувилбараар Юан Шикай хоёуланг нь гар буугаар буудаж хороосон гэх нь ч байдаг юм байна. Ингээд Зайфэн засаглалыг авснаар генерал Юан шикай албанаасаа буужээ. 1911 онд Зайфэн үндсэндээ Айшин гиоро овгийнхноос бүрдсэн “Хааны гэр бүлийн танхим”-ыг байгуулж төрийн хэргийг явуулах болсон байна. Мөн оны 10 сарын 10-нд Вучаны босогчид Дундад иргэн улс(Бүгд найрамдах хятад улс)-ыг байгуулж Нанжинд Сүн Ят-сэнээр толгойлуулсан засгийн газар байгуулснаа зарласан байна. Үүний дараагаар хэд хэдэн муж Манжаас салж ДИУ-д орж эхэлсэн тул Манжийн засгийн газар хувьсгалчдыг даруулахаар Юан Шикайд Манжийн анхны орчин үеийн зэвсгээр зэвслэгдсэн орчин үеийн цэрэг байлдааны арга барилд суралцсан Бэйяны армиа захирах эрхийг нь буцаан өгчээ.
Юан Шикай ерөнхий сайд болж өөрийн танхимаа бүрдүүлсний дараа хатан хаан Лонгуйгийн оролцоотойгоор Зайфэнийг эрх мэдлээс нь салган Чин улсын улс төрийн гол тоглогч болов. Сун Ятсэн үндсэн хуульт бүгд найрамдах засаглалыг хүсч байсан бол Юан Шикай үндсэн хуульт хаант засгийг байгуулахыг зорьж байсан ч хоёул Хятадын эрх ашгийг урьтал болгон үзэж байв. Ингээд Юан Шикай Лонгуй хатны зөвшөөрлөөр хувьсгалчидтай хэлэлцэн тохиролцох оролдлогыг хийж эхлэв. Сун Ятсэн бүгд найрамдах улс байгуулж дэмжлэг үзүүлбэл Юан Шикайг ерөнхийлөгч болгоход бэлэн байлаа. Хэд хэдэн удаагийн хэлэлцээний дараагаар 1912 онд Лонгуй хатан, хааны хаан ширээнээс татгалзах тухай зарлигийг гаргаснаар хятадад 2000 гаруй жил тогтсон хаант засаг мөн 300 шахам жил (1616-1912) тогтносон Манж чин улсын ноёрхолд цэг тавьжээ.
Энэ үеэр Монголд том ноёд лам нарын удирдлагаар үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эрчимтэй өрнөн 1910 онд Их хүрээнд манжийн эсрэг ардын хөдөлгөөн гарч бүх нийтийн дэмжлэгийг хүлээн Хүрээний Сандо амбан, Улиастайн жанжин нарыг хөөж 1911 оны 12 сард Олноо Өргөгдсөн Монгол улсыг байгуулан Богд Жавзун дамба хутагтыг хаанаар өргөмжлөн олноо тунхаглав. Манжийн эсрэг тэмцэл гагц халх төдийгүй нийт Монголыг хамарч байсны нэг нь Барга хошууны Дамдинсүрэнгийн удирдсан манжийн эсрэг ардын тэмцэл болно. Тэрээр Богд хаант Монгол улсын төрд зүтгэж Манлай баатар цолтойгоор Хатан баатар Магсаржавын хамт 1912 онд Ховдоос манжийн цэргийг хөөснөөр Монголын 150- 200 орчим жил манжаас хараат байсан байдлыг эцэс болгосон билээ.
Манж улс 1912 онд мөхсөн хэдий ч манж хэл соёлын тухайд аль 18-р зууны дунд үеэс бараг үгүй болсон байна. Хэдий манжийн засаг захиргаа манж хэл соёлыг хадгалах хүчин чармайлт гаргасан ч гэлээ (манжийн язгууртнууд хан хятадтай ураг барилдахыг хориглох зэрэг) соёл уламжлал нь хан хятуудуудад уусан нийлж хятад соёл мэтээр харагдан бүдгэрэн арилж, ярианы хэл нь устан бичгийн хэл нь зөвхөн хааны ордонд хаан болон өндөр угсаат язгууртны ярианы тэмдэглэлд хэрэглэх болсон нь л хожуу хүртэл уламжилж, одоо цөөн тооны өндөр настан болон манж судлаачдаас өөр мэдэх хүнгүй болжээ. (Энд зориуд хэлбэл зохих нэг зүйл нь эмэгтэй хүний хөлийн тавхайг хугалж хатингаршуулдаг уламжлал бол манжийн соёл биш юм байна.)
Дундад иргэн улсын засгийн газар манжийн хаан болон ордныхонд 1924 он хүртэл цалин пүнлүү олгож басан хэдий ч хятад даяар манж нарыг ялгаварлан гадуурхах явдал маш түгээмэл байснаас олон манж хүн угсаа гарвалаа нуух, хятад нэр авах, манжуудаасаа харилцаа холбоогоо таслах, нуугдмал амьдралаар амьдарч эхэлсэн байна. Манжуурыг Япончууд эзэлсний дараагаар 1934 онд Японы хараа хяналт, улс төрийн зорилго бүхий дэмжлэгтэйгээр өсч томрон ухаан суусан Пуиг хаанаар “томилж” Манж го буюу Манж улсыг байгуулсан нь 1945 онд Зөвлөлтийн арми Манжуурт орж ирснээр мөхөж манжуудын 3 дах удаагаа сэргэх оролдлогыг нураажээ. Хятадад Манж нарыг гадуурхах үзэл БНХАУ-ын засгийн газраас манжуудыг үндэсний цөөнх гэж албан ёсоор нэрийдэх 1952 он хүртэл байсаар асан ба манж нарын тоо энэ үед 2 дахин хорогдсон гэсэн байдаг байна.
1953 оны хятадын хүн амын тооллогоор 2.5 сая манж угсааны хүн бүртгэгдэж байсан бол 1982 онд 4.299.159, 1990 онд 9.821.180 манж угсаатан тоологдсон нь хятадын цөөнх үндэстэн (монгол, манж, түвд, хотон)-ий дотроос хамгийн хурдан өссөн үндэстэн болжээ. Энэ нь цэвэр өсөлтөөс гадна олон хүн манж угсаатан болж нэр овгоо өөрчилсөн, зарим нь манж угсаагаа сэргээсэн зэргээс шалтгаалсан өсөлт юм.
Одоогийн байдлаар зүүн хойд хятадын Хэбэй, Жилин, Ляонин мужуудад манжуудын 10, монгол манжийн 1 нийт 11 өөртөө засах дүүрэг байгаа юм байна. Мөн цөөн тооны манжууд Хойд солонгос, Оросын сибир, Канад болон Японд оршин суудаг ажээ.

Манжууд гэж хэн бэ

Манжууд гэж хэн бэ

Миний дуулснаар сүүлчийн цэвэр манж хүн 1950-иад онд үхсэнээр манж угсаатан үгүй болсон гэтэл 1990 оны хятадын хүн амын тооллогоор 10-аад сая манж угсаатан тоологдсон гэснийг үзээд манжуудын тухай мэдсэнээ буулгав.
Манж нь тунгус гаралтай угсаатан бөгөөд 17-р зуун хүртэл загас ан агнуур, бага хэмжээний газар таиалан, гахай үржүүлэх зэрэг амжиргаатай байжээ. Мөн тэд хамжлагат ёсны нийгмийн байгуулалттай ба хятад олзны хүмүүсийг боо и буюу манжаар нукай хэмээн нэрийдэж тамга шивээс хийн хойлогт дагуулах, хүнд хүчир ажил хийлгэх зэргээр боолчилдог байсан байна.
Тэд алтай язгуурын түнгүс бүлгийн хэлээр ярих ба бичиг үсгийн хувьд анх кидан бичгийг хэрэглэж байгаад 17-р зуунд Нурхайчийн зарлигаар монгол бичгийг авч хэрэглэсэн байна.
Анхны өвөг нь (sushen) МЭӨ 1,2-р мянганд 202-220 онд мандаж явсан иүлүйгийн харъяанд байсан мэдээ байдаг ба 5,6-р зуунд мохе аймгуудын хар ус (heishui) овог жүрчин овогтон болсноор жүрчидын суурь тавигджээ. 12-р зуунд Киданы харъяанд явсан тэд 1113 онд бослого гарган 1115 онд Алтан буюу Жин улсыг байгуулан Кидантай байлдаж эхэлсэн ба 1125 онд Киданыг мөхөөж бүс нутагт тэдний байр суурийг эзлэх болж 1135 онд Монголчуудыг гэнэдүүлэн довтолж эхэлсэн ч 1138 онд амжилттай няцааж улмаар 1147 онд найрамдав. 1210 охд Чингэс хаанд элч илгээн алба барихыг тулган шаардсанаас үүдэн 1211 онд Чингэс хаан Алтан улсад довтлон 1215 онд буулган авч алба бариулах болжээ. Хожим Өгэдэй хааны үед 1234 онд Алтан улсыг бүрэн мөхөөсөн байна.
Манжуудын удаахъ сэргэлт нь 17-р зуунд айшин гиоро овгийн Нурхайч жүрчидийг нэгтгэн 1616 онд хожмын Алтан буюу Жин улс, манжаар Амага айшин гүрүн улсыг байгуулж хаан хэмээгдэх үеэс эхэлжээ. Тэрээр 2 жилийн дараа “долоон өшил гомдол” гээчийг зарлан хятадын Мин улсын холбоо харъяанд байх бусад жүрчин аймгуудтай хэдэн удаагийн амжилттай байлдаанаар Ляодунгийг эзэлж 1625 онд Мүгдэнг эзлэн нийслэл хэмээн зарлажээ. Ингэснээр тэрээр эдийн засаг хүн хүчний нөөцөөр хүчирхэгжин Монголтой шууд хиллэн харилцах болжээ. Тэр үед Монголчууд хэдий тархай бутархай ч бүс нутагтаа хүчирхэг улс төр цэргийн байгуулалтай байв. Нурхайч Монголчуудыг Мингийн эсрэг холбоотноо болгох бодлогыг амжилттай хэгэгжүүлэн язгууртнуудаа монголтой худ ураг болгон дээр дурдсанчлан монгол бичгийг авч хэрэглэсэн байна. 1624 онд зүүн монголын Харчин, Дөрвөд, Жалайд, Горлос аймгууд манжид дагаар оров. Үүнийг Монголын сүүлчийн нэр төдий бага хаан Лигдэн тэргүүтэй ноёд язгууртнууд эсэргүүцэн манжтай байлдсан боловч төдий л амжилт олоогүй юм. 1626 онд Найман, Бааран, Онниуд, Горлрос аймгууд манжид дагав. Мөн онд Нурхайч Нанжин хотыг дайлах байлдаанд анхны ялагдалаа мингийн жанжин Юан Чунжуанд хүлээж хэдэн сарын дараа нас нөгцжээ. Хаан ширээний тэмцэлд 8-р хүү нь болох Хун тайж амжилт гарган1627 онд Абахай хэмээгдэн хаан суув. 1628 онд Лигдэн хаан Мингийн хязгаарын Сюан-фу, Да-тунг довтлон мөн Хянганы нурууг давж Хорчин, Түмэдийг эзэлжээ. Энэ нь Галдан бошигт халхыг шахамдуулсантай адил явдал болсон юм. 1630 онд Хорчин, Түмэд, Юншээбүү, Ордос Авга зэрэг аймгууд, 1631 онд манж нар Харчин, Асуд, Найман, Жаруд, аймгуудтай нийлэн түүний эсрэг байлдан 1632 онд Цахарт цөмрөн Лигдэний цэргийг цохижээ. Лигдэн Хөх нуурт зугтан ирж халхын Цогт хунтайжийг хүлээх зуураа 1634 онд тэнгэрт хальжээ. Ингэснээр Манжууд баруун талаасаа айх аюулгүй болсон байна. Абахай ханы Мингийн эсрэг анхны тулалдаан 1627 онд мөнөөх Юан Чунжуаны эсрэг болсон бөгөөд Мин улсын Португалаас олж авсан үхэр бууны улмаас ялагдсан ба 1634 онд Абахай олзны хятад дархчуудаар үхэр буу хийлгэн анхны манж үхэр бууны хороотой болсон байна. 1635 онд өвөр монголын цэрэг манж тугийн цэрэгт бүрэн нэгджээ. 1636 онд Солонгост довтлон 1637 онд Манж, Монголоос гадна хятадын Хан цэргийг байгуулан 1640-1642 онуудад хятадын Мингийн эсрэг амжилттай тулалдаануудыг хийж хойд хятадыг эзлэв. Ингээд тэрээр Мин улсын засаглалын хэлбэрийг авч хэрэгжүүлэн зарим хан хятадыг төрийн албанд томилсон ба Нурхайчийн үеийн олзны хан хятад ямар алба язгууртайг үл тооцон 5-р зэрэглэлийн хүн гэсэн ойлголтыг өөрчлөн манжид алба хаах хятадуудыг манж үндэстэн гэх болжээ. Мөн 1635 онд бүх жүрчидийг манж хэмээх болж (манж хэмээх нэрний тухайд Нурхайчийг манзуширийн хувилгаан гэдгээс үүссэн гэх боловч зарим судлаачид түнгүс хэлний их гол буюу манжунг хэмээхээс үүссэн гэх нь бий) Лигдэн хааны хүү Эжэй хан Юан гүрний Чингэсийн тамгыг Абахайд өргөлөө хэмээн 1636 онд улсын нэрийг Манж чин улс буюу манжаар Дайчин гүрүн хэмээн өөрчилж Абахай ханыг их эзэн хаан хэмээжээ. Энэ нь тэрээр Монголчуудад их эзэн Чингэс хааны залгамжлагч их Юан гүрнийг дахин мандуулагч гэх, мөн хятадуудад урдын жүрчидийн Алтан улс буюу гадны булаан эзлэгч биш гэдэг ойлголтыг өгөх бодлого байлаа. Мөн онд халхын ноёд Абахайтай хэлэлцээр хийсэн ба өвөр монгол манжийн захиргаанд оржээ. Манжийн хаан 1638 онд жил бүр есөн цагааны бэлэг өргөж байхыг халхын ноёдод тулгаж Засагт хан манжийг эсэргүүцэн Хөх хотыг уулгалан довтолжээ.
1643 онд Абахай гэнэт өөд болж түүний ахмад хүү Хүүж болон эцэг нэгтэй дүү Доргон нар хаан ширээний төлөө тэмцэлдсэн боловч Абахайн 5 настай хүүг хаан өргөмжлөхөөр тохиролцож 1644 онд Шүн жи хаан болж эеээр засагч гэгдвэй. Энэ үед хятадын Мин улс дотоодын самуунтай байсны оргил нь 1644 оны 4 сард Бээжинг Ли Зичэны удирдсан босогчид эзлэн Мингийн сүүлчийн хаан Чонзэн амиа хорлон Мин улсын төгсгөл болсон үйл явдал байлаа. Ли Зичэн бээжинг эзэлсэний дараагаар 200.000 хүнтэй босогчдын армиа Бээжингээс зүүн хойш 80 гаруй км-т цагаан хэрэмийн Шанхайгуан боомтод байх Манжаас Мингийн нийслэлийг сэргийлэн суугаа торгон цэргийн ерөнхий командлагч Вү Сангуйн зүг хөдлөгжээ. Вү жанжины цэргийн тоо босогчдоос 2 дахин цөөн олон жил манжтай байлдаж сульдсан байсан мөн манжуудыг мэдэх болсон зэргээс үүдэн хэрэг дээрээ төр барьж байсан Доргонтой холбоо байгуулсан байна. (зарим сурвалжид түүний гэр бүл бээжинд алагдсан учир гэх нь бий) Урдын дайсан шинэ холбоотнууд Чонзэн хааны өшөөг авах нэрээр 1644 оны 5 сарын 27-нд Ли-гийн босогчдыг бут цохин 6 сарын 6-нд Бээжинг эзлэв. Ингээд манжууд Мингийн сүүлчийн хааныг бунхлан өөрдийгөө мингийн залгамж лагч гээд 10 сарын 30-нд Шүнь Жи хааныг тэнгэийн хөвгүүн хуанди хэмээвэй. Үүнээс хойш тэд 17 жилийг бүх хятадыг эзлэхэд зарцуулсан юм.(энэ хугацаанд хятадууд асар их хохирсон жишээ нь 1645 оны Яанжоу-ийн аллага-10 өдөрт Додо хунтайжийн зөвшөөрлөөр 800.000 хүн) Хятадын сүүлчийн хамгаалагч мөн сүүлчийн хунтайж Гуи гэгч Мин улсын дагуул улс байсан Бирмийн хаанаас орогнол эрж очсон авч Вү-ийн удирдсан манжийн нэхэх арми түүнийг олзлон Хунаньд авчран 1662 онд цаацалжээ.
Эеээр засагчийн эхний 7 жил хэрэг дээрээ Доргоны засаглал байлаа. Тэрээр Вү-тэй холбоолон бээжинг эзэлснийг дээр өгүүлсэн билээ. Мөн олон манж язгууртан ноёдын эсэргүүцлийг сөрөн Бээжинг Манжийн нийслэл болгосон нь хэт алсын хараагүй явдал болсон авч тухайн үедээ Мин улсыг эзлэх явдлыг түргэтгэсэн билээ. Түүний шууд оролцоотой 1645 онд гарсан бусад үндэстнийг манжуудын адил тав гэзэг тавих хааны зарлиг гаргасан нь хятадуудын хэр үнэнчийг шалгах шалгуур болсон юм. Энэ нь күнзийн уламжлалтай Хан үндэстний хувьд том доромжлол байсан ба зарлигийг үл дагагчдын толгойг авч байсан ч эсэргүүцэгчид 1650 он хүртэл байсаар асан бөгөөд зарлиг бүрэн хэрэгжтэл хятад даяар 25 сая хүн цаазлагдсан гэдэг байна. 1646 онд Сөнөдийн Тэнгис хэмээгч манжийг эсэргүүцэн босч албат иргэдээ аван халхад нүүж ирэн удаах он нь халхын ноёд Тэнгисийг өмгөөлөн манжтай тэмцэж байв.
Доргон 1650 онд авд явж байгаад осолдож Шүн жи хаан 12 настай тул түүний эх Довагэр хатан төрийн ихэнхи үйлийг явуулж байсан ба Эеэр засагч 1661 онд 24 насандаа цэцэг өвчнөөр өөд болов. Эеэр засагчийн өөрийн засаглалын үед халх манж хоёул аядуу бодлого барьж байсан бололтой. Үүний жишээ нь 1655 онд Өндөр гэгээн өөрийн урласан дэлгэмэл болон цутгамал бурханаар манжийн хаанд бэлэг хүргүүлсэн, 1657 онд Засагт хан манжийн хаанд элч илгээн бичиг барьсан, 1658 онд манжийн хаанаас халхын ноёдод бэлэг хүргүүлсэн зэрэг явдал болно.
Манжийн хаад язгууртнууд Нурхайчийн үеэс улс төрийн болон бусад зорилгоор монголчуудтай ураг барилцсаар ирсэн ба хаад нь Монголын Юан гүрний хаадын удам алтан ургаас хатан авдаг байсан юм. Монгол хатнаас төрсөн анхны манж хаан бол Шүн жи хааны гутгаар хөвгүүн Шуани буюу 1662 онд хаан ор суусан Энх-Амгалан хаан юм. Тэрээр 61 жил төр барьсан бөгөөд түүний үеийг Кан си-ийн үе гэх бөгөөд энэ үед манж гүрэн нийгэм эдийн засаг цэрэг улс төрийн хамгийн хүчирхэг оргилдоо хүрсэн юм. Найман настай хаан болсон түүний он удаан жилийн амжилтын эхийг эцэг нь тавьсан гэж үзэх үндэстэй юм. Учир нь Шүн жи хаан Доргоны дарангуйлалыг давтуулахгүйн тулд үхэхээсээ өмнө хүүдээ үйлчлэх 4 тэргүүн зөвлөх сайд Сонин, Эбилүн, Сүксаха, Обои нарыг томилж хааны нэрийн өмнөөс засаглах эрхийг өгч харилцан хоорондоо эсрэг нөлөө үзүүлэхээр алба тушаалын хуваарилалт хийж өгсөн байна. Бас 4 сайдын үнэнч байдлаас гадна хаан ширээнд санаархах хааны гэр бүлийн ойрын хамаатан садан бус улсыг сонгосон нь нэг чухал үйл болсон байна. Хэдий тийм авч цаг хугацааны уртад Обоид хаан ширээнд суух боломж гарсан бөгөөд хувь хүний чанар, хуучинсаг үзэл, биеэ тоосон ихэмсэглэлээсээ болж залуу хаантай сөргөлдсөн боловч 1669 онд 15 тай хаан хашир улс төрч цэргийн гарамгай жанжинг хүчгүйдүүлэн шоронд хорьж чадсан байна. Энх Амгалангийн үед 1673 онд өмнөд хятадын Юанань, Гуочоу, Гуандон, Фүжиэны захирагч нар болох хан үндэстэн Шан Кэжи, Жэн Зонмин болон мөнөөх Вү Сангуйтан нийлэн бослого гарган тэмцлээ 8 жил үргэлжүүлсэн ба энэ нь тусгаар тогтнох гэхээсээ илүүтэй эрх ямбаны төлөөх тэмцэл байсан бөгөөд түүхэнд 3 феодалын бослого гэгджээ.
Мөн энэ үед Ойрад Монгол Галдан хааны засаглал дор хүчирхэгжин “Зүүнгарын хаант улс” хэмээгдсэн ойрад монгол 1640 оны “Дөчин дөрвөн хоёрын их цааз”-ыг зөрчин халх ойрад хоёр монгол 1673-74 онуудад хоорондоо дайтаж эвдрэлцэх болов. Галдан бошогт хаан 1676 -86 онуудад бүх ойрадыг нэгтгээд зогссонгүй Хөх нуур, дорнод Тургестан, Хами, Турфан, Кашгар, Яркенд, Сайрам хот, Ферганы хөндий, Бухар, Самарканд хотууд руу довтлон эзэлжээ. Үүний зэрэгцээ манж болон оростой худалдаа хийж байв. Тэрээр 1687 онд цэргийн хүчээр халхыг нэгтгэх оролдлого хийсэн нь амжилтанд хүрээгүй юм. Халх ойрдын дайнд халхууд ялагдан зугтаж Чуулалт хаалган хүрч буудалсан болон манжийн цэргийн хүчин Улхын голд Галдантай байлдсан нь 1690 оны явдал болно. 1691 онд Долнуурын чуулганд халхын 4 аймгийн ноёд Манж чин улсад дагаар оров. 1696 онд манж халхын цэрэг Галданг Тэрэлжийн зуун модонд байлдан цохижээ. 1697 онд Ойрдын хаанаар Цэвээнравдан тодорч Галдан бошогт хаан тэнгэрт халивай. Энх-Амгалангийн хаанчлалын үед хятадад одон орон, математик, газар зүй болон бусад шинжлэх ухаан гойд хөгжөн дэвшсэн ба мөн үед сарны тооллыг нарийвчлан засч сайжруулан шар зурхайг гарган нийтээр мөрдүүлжээ.
17, 18-р зуун буюу эдгээр он жилүүд Монголчуудын бууралт, манжийн сэргэлтийн он жилүүд давхцсан гэлтэй. Чухам л эдгээр он жилүүдэд монголчууд дэ факто таран бутарч бусдын ханцуй, өвөр түрий, хормой хотонд орсон байна. (1624 онд зүүн монголын Харчин, Дөрвөд, Жалайд, Горлос аймгууд,1626 онд Найман, Бааран, Онниуд, Горлос аймгууд манжид дагаар орж, 1636 онд өвөр монгол манжийн захиргаанд орж, мөн онд Торгуудын Хоо өрлөг харъяат иргэдээ авч Ижил мөрөнд очиж нутаглан, 1651 онд Хуучид нар манжид дагаж, 1654 онд Буриад нар 3 салж нэг хэсэг нь Орос улсад дагаар орж, 1663 онд Ойрадын Хошууд нар Зүүн гараас нүүж Халимагт нийлж, 1666 онд Авга нар, 1691 онд халхын 4 аймгийн ноёд, 1753 онд Дөрвөд аймаг Манж чин улсад дагаар орж, 1755 онд Ойрад манжид эзлэгдэн, 1772 онд Оросын 2-р Екатерина хатан хаан Халимагийг хүчээр эрхшээлдээ оруулан хэрцгий харгислал явуулж Халимаг ноёдыг Петербургт цаазлав г.м )