Thursday, July 9, 2009

Манжууд гэж хэн бэ (үргэлжлэл)

1722 оны өвөл Энх-Амгалан хаан өөд болж түүний 4 дөх хүү Юн хунтайж Юн жэн буюу Найралт төв хэмээгдэн 1723 онд хаан ор суув. Энхамгалангийн засаглалын сүүлийн жилүүдэд ах дүү нартайгаа таарамж муутай байснаас гадна хааны гэрээсийг өөрчлөн засч хаан суусан хэмээн хэлэгдэж асан Юн жэн Манжийг хатуу чанд гараар барьж байв. Тэрээр төрийн албаны шалгалтыг хатуу чанд болгон төрийн албан хаагчдыг чанга шалгуураар шалган хан үндэстэн хятадуудад итгэл хүлээлгэн өөрийн ах дүү төрөл ургийн ноёдын оронд төрийн өндөр албан тушаалд тавьсан байна. Мөн тэрээр хээл хахуулийн эсрэг хатуу байр сууринаас хандан, мөнгөний ханшийг дураар тогтоох явдлыг эцэс болгож зөрчсөн этгээдийг цаацлах хүртэл хатуу чанга шийтгэж байв.Түүний засаглалын үед Халх дах ноёрхолоо бэхжүүлэн Сайн ноён хаан аймгийг нэмж байгуулан халхыг 75 хошуунд хуваан халх дах манжийн цэргийн өртөөг бэхжүүлж монголын ноёдод цалин пүнлүү өгөх болжээ.
1735 онд Юн жэн хаан өөд болж түүний хүү Бао хунтайж 1736 онд 24 насандаа Цянь луи хаан хэмээгдэн Тэнгэрийн тэтгэсний анхдугаар оныг эхлүүлэв. Түүний засаглалын үед 1755 онд Монголын тусгаар тогтнолын сүүлчийн голомт ойрад түмэн маань дотоодын зөрчлийн улмаас манж нарт эзлэгдэн алж хядуулах, нутаг заагдан цөлөгдөх, зугтан одох зэргээр таран бутарчээ.1755-1758 онуудад хотгойдын Чингүүнжав, хойдын Амарсанаа нар халх ойрадын бослогыг эхлүүлж манжийн эсрэг тэмцсэн боловч нэгдмэл удирдлагагүй алаг цоог гарсан бослого тэмцлүүд санасан үр дүнд хүрээгүй билээ. 1745 онд манж нар Монголчуудын угийн бичиг, түүхийг Бээжинд хэвлэх нэрээр хураан авч устгаж эхэлсэн (магадгүй нууц товчоо ч байсан эсэхийг хэн мэдлээ) ба 1753 онд Дөрвөд аймаг манжийн захиргаанд орж,1755 онд Ойрад эзлэгдэн талуулж, 1757-1758 онд олон эх оронч Монголчууд хордуулагдан болон цаацлагдан хороолгуулж, шашны тэргүүнийг Түвдээс тодруулах болсон, халх ойрад дайны хөл татвар дайчилгаанд туйлдан доройтсон зэргээс үүдэн Тэнгэрийн тэтгэсний он жилүүд Монголд хүндээр туссан гэх бүрэн үндэстэй билээ. Халимагийн зуун далаад мянган хүн хуучин нутагтаа эргэн ирэхээр хөдөлсөн боловч оросын хатан хаан Екатеринагийн явуулгаар хасагууд тэднийг мөрдөн хөөж 1771 онд дөнгөж далаад мянган хүн хуучин нутагтаа хөл тавьжээ. Үлдсэн Халимагуудыг 1772 онд Оросын 2-р Екатерина хатан хаан хүчээр эрхшээлдээ оруулан хэрцгий харгислал явуулж Халимаг ноёдыг Петербургт цаазлав. Тэнгэрийн тэтгэсэний засаглалын үед Манж улсад хээл хахууль газар авч манжийн оргил үе дууссаны дохио гарч эхэлжээ. Үүний жишээ нь түүнийг үхмэгц буюу Сайшаал ерөөлтийн тэргүүн онд (1796) “цагаан лянхуа нийгэмлэг”-ийн бослого гарч 8 жил үргэлжилсэн нь Манжийн хүчийг ихээхэн сулруулсан юм. Энэ үед манжийн газар нутгийн хэмжээ 13 сая хавтгай дөрвөлжин километр хүрч ноёрхолынхоо оргилд хүрсэн ба Монголыг гадаад монголын 4 аймаг(Цэцэн хан аймаг 23 хошуу, Түшээт хан аймаг 20 хошуу, Сайн ноён хан аймаг 24 хошуу, Засагт хан аймаг 19 хошуу), Дарьгангын хааны сүрэгчин тусгай хошуу, Хөвсгөлийн, Тану урианхайн, Ховдын хязгаар 30 хошуу, Ил тарвагатайн 13 хошуу, Хөх нуурын 29 хошуу, Эзний хошуу, Алшаа хошуу, дотоод монголын 6 чуулган 24 аймаг 49 хошуу (Жирэм, Зост, Зуу үд, Шилийн гол, Улаан цав, Их зуу чуулган), Цахар 8 хошуу, Түмэд 2 хошуу, Уйгарыг Тяншанбэй, Тяншаннанд, хятад түвдийг 18 мужид хуваан захирч байв.
Ингээд тэнгэрийн тэтгэсний дараагаар 1796-1820 онд Жячин буюу Сайшаал ерөөлтийн, 1821-1850 онд Дао гуан Төр гэрэлтийн, 1851-1861 онд Сянь фэн Түгээмэл элбэгтийн, 1862-1874 онд Түн жи Бүрэн засагчийн, 1875-1908 он Гуансюй Бадаргуулт төрийн хаанчлалаар Манж чин улсын үе үргэлжлэн, 1909-1911 онд Сюан түн Хэвт ёсны хаанчлалаар төгсгөл болжээ.
1861-1908 онуудад хэрэг дээрээ Циши хатан Манжийн төрийг барьжээ. Тэрээр 1861 онд гарсан төрийн эргэлтээр Гон хунтайжийн тусламжтай Сүшүний ахалсан 8 засаг баригч ноёдыг хөөн гаргаж Сянь фэн хааныг үхэхийнх нь өмнө Цишигийн хүү Түн жиг хаанаар залгамжлуулахаар заалгажээ. Ингээд Бүрэн засагчийн мөн түүний залгамжлагч Цишигийн дүүгийн хүүхэд болох Гуан сюүй буюу Бадаргуулт төрийн нийт 47 жил Циши “хөшигний араас захирагч” байсан байна.
19-р зуун 20-р зууны эхэн Манжийн бууралт мөхөлийн үе байж дотоодын нийгмийн хагарал мөргөлдөөн, манжийн эсрэг бослого тэмцэл, барууны түрэлт, эдийн засгийн царцалт, хээл хахууль, хүн амын огцом өсөлтөөс үүдсэн хүнсний хомсдол, байгалийн гамшиг зэрэг нь тус улсыг сульдаан доройтуулж, хятадын үндэсний үзэлтнүүд болон чинээлэг давхрагынханы хийсэн хөрөнгөтний хувьсгалаар Манж чин улс мөхжээ.
Манжийн эсрэг бослого тэмцлүүдээс хамгийн том нь Тайпингийн бослого бөгөөд 1851 онд Хон Шиугуан гэгч Гуочжоу мужийг эзлэн “Их энхийн тэнгэрлэг хаант улс”-ыг байгуулан өөрийгөө хаан нь хэмээснээр эхэлж өргөн олныг хамарчээ. Энэ бослого нь өмнөд хятадыг бүхэлд нь хамарч иргэний дайны байдалд хүрч 1864 оныг хүртэл 14 жил үргэлжлэн 20-30 сая хүн үрэгдсэн ба Манжийн хааны хүсэлтээр ирүүлсэн Британи болон Францын орчин үеийн зэвсэглэлтэй цэргийн оролцоотой дарагджээ. Үүнээс гадна 1862-1873 оны лалын шашинтнууд болон Миао хүмүүсийн Дунганы, 1856-1873 оны Юннаньд гарсан Пантайгийн эсэргүүцэл бослогууд мөн Монгол оронд 1870 онд Их хүрээнд манжийг эсэргүүцсэн ардын хөдөлгөөн, 1880 онд ард Онолтийн удирдлагаар Улиастайн цэргийн бослого, Ордосын дугуйлан, 1900 онд Улиастайд манжийн эсрэг монгол цэргийн бослого, 1906 онд Их хүрээнд хятадын мөнгө хүүлэгч худалдаачдын эсрэг ардын хөдөлгөөн зэрэг бослого хөдөлгөөнүүд гарч байв.
19-р зуунд Ёвропын улсууд эрчтэй хөгжин колончлох, эдийн засгийн ашиг сонирхолдоо бусад улсыг хамруулах бодлогыг явуулж байсан нь Манжийн тэнгэрийн доорхи бүхнийг захирах бодлоготой мөргөлдөж эхэлсэн байна. Их Британи Британи болон Францын хятадад дахъ хар тамхины наймааг нь хаах гэсэн 1838 оны Манжийн оролдлогын хариуд дайн зарласнаар 1839 онд хар тамхины дайн эхлэв. Уг дайнд орчин үежсэн Британичууд тэнгис болон эх газарт хоцрогдсон Манжийн цэргийн хүчнийг хялбархан цохиж 1842 онд ялагдсан манжууд Нанкинд манайхны хэлдэгээр хилс гэрээ гэгчийг Британитай байгуулсан байна. Уг гэрээ ёсоор Манжууд дайны төлбөр төлөхөөс гадна боомтуудаа ёвропчуудад нээн онцгой эрх эдлүүлэх болон Хонг Конгийг Британид өгчээ. Барууныхан үүгээр ханасангүй, 1854 онд Британичууд Нанкины гэрээг дахин авч үзэх хятадын гол мөрөнд онцгой эрх эдлэх Бээжинд элчин сайдын яам нээх зэрэг зүйлийн тулгалтанд Манжууд эсэгүүцсэнд дахин дайн зарласанаар 1856 онд хар тамхины 2-р дайн эхэлсэн байна. Энэ дайн 1858 онд Британи болон Америк Француудтай өмнөхөөс илүү доромж гэрээг Тяньжинд байгуулснаар дуусаж Манжууд албаны бичиг баримтуудаа англи хэл дээр хийх, Британийн байлдааны онгоцуудад хятадын гол мөрнөөр чөлөөтэй нэвтрэх онцгой эрхийг өгчээ. Үүнээс гадна 1844 онд Вансяд Америктай хилс гэрээ, 1860 онд Бээжинд, 1881 он Петрбургт Оростой гэрээ байгуулан онгой эрхүүдийг өгч 1894-1895 онд Японтой хийсэн дайнд ялагдал хүлээжээ. Энэ мэт дорой байдал нь Хятадын үндэсний үзэлтнүүд, шинэчлэгчдийн дургүйг ихээхэн хүргэж байсны дээр Циши хатны өөрийн сүр хүчийг нэмэгдүүлэхийн тулд гаргасан их хэмжээний зардал тансаглал, энгийн ардын ядуурал зэргээс үүдэн Манжийн засаглалыг эсэргүүцэгчдийн тоо ихэд нэмэгдэхийн хажуугаар европынхон буюу гадныхныг үзэн ядах үзэл дэвэрчээ. 1898 онд Гуан сюүй хааны “шинэтгэн засах 100 өдөр” гэгч шинэтгэлийн бодлогоор хуучин хууль журмуудыг хүчингүй болгон Ли Хонжан зэрэг хуучинсаг үзэлтэй гэгдсэн улсыг албанаас буулган Кан Юүвэй мэт шинэчлэгчдийг өндөр албанд томилсон боловч Циши түүнийг таслан зогсоож ордны хорионд оруулсан байна. Энэхүү өөрчлөлтөөс улбаалан Манжуудын Монголтой хийсэн хуучин гэрээ хэлцлүүд, Монголтой холбоотой хууль цаацуудад өөрчлөлт орж эхэлсэн ба Монголын газар нутагт хятадуудыг суурьшуулахгүй байх зэрэг тохиролцоо алдагдаж Монголд тариалан хөгжүүлэх нэрээр 1906 онд хятадуудыг монголд нүүлгэх товчоо гэгчийг Бээжинд байгуулсан зэрэг нь Монголчуудын дургүйг ихээхэн хүргэсэн явдал болжээ. Түүхэнд “боксёрын бослого” хэмээгдсэн эсэргүүцлийн хөдөлгөөний эхний зорилт нь Манжийн хаант засаглалыг түлхэн унагаж харийнханыг хятадаас хөөн гаргах байсан ч Циши сайд нараараа дамжуулан тэднийг хянаж удирдагчаар нь “Чин улсыг дэмжин гадныхныг устгая” гэсэн уриа гаргуулан эрчимжүүлжээ. 1899 онд боксёрууд хятадад байсан хэдэн мянган загалмайтны шашны номлогчдыг толгойг нь тасдах, амьдаар нь өвчих зэргээр хэрцгийгээр алж хэдэн аван мянган христэд итгэгч хятадуудыг алж хядсан үйлдэл хийснийг Циши өөгшүүлэн дэмжиж байв. 1901 онд Германы элчин сайд алагдсанд 25.000 хүний бүрэлдэхүүнтэй 8 улсын цэргийн хүчин Бээжинг эзлэхэд зугтан гарсан Циши болон Манжийн засаг захиргаа хамтын хүчний тавьсан шаардлагыг хүлээн авч их хэмжээний мөнгөөр төлбөр хийн Бээжинг эргүүлэн авчээ.
1908 онд хатан хаан Циши болон Гуан сюүй хаан хоёр Чун хунтайж буюу Зайфэний ахмад хөвгүүн 2 настай Пуиг хаан суулгахаар гэрээслэн сульдаж доройтсон хэзээ мөдгүй сүйрэх гэж буй хаант төрийг үлдээгээд хоёул ойролцоо өөд болцгоов. Циши үхэхийнхээ өмнө итгэлтэй тайганаараа хаанд хор өгүүлжээ гэх нь бий ч өөр хувилбараар Юан Шикай хоёуланг нь гар буугаар буудаж хороосон гэх нь ч байдаг юм байна. Ингээд Зайфэн засаглалыг авснаар генерал Юан шикай албанаасаа буужээ. 1911 онд Зайфэн үндсэндээ Айшин гиоро овгийнхноос бүрдсэн “Хааны гэр бүлийн танхим”-ыг байгуулж төрийн хэргийг явуулах болсон байна. Мөн оны 10 сарын 10-нд Вучаны босогчид Дундад иргэн улс(Бүгд найрамдах хятад улс)-ыг байгуулж Нанжинд Сүн Ят-сэнээр толгойлуулсан засгийн газар байгуулснаа зарласан байна. Үүний дараагаар хэд хэдэн муж Манжаас салж ДИУ-д орж эхэлсэн тул Манжийн засгийн газар хувьсгалчдыг даруулахаар Юан Шикайд Манжийн анхны орчин үеийн зэвсгээр зэвслэгдсэн орчин үеийн цэрэг байлдааны арга барилд суралцсан Бэйяны армиа захирах эрхийг нь буцаан өгчээ.
Юан Шикай ерөнхий сайд болж өөрийн танхимаа бүрдүүлсний дараа хатан хаан Лонгуйгийн оролцоотойгоор Зайфэнийг эрх мэдлээс нь салган Чин улсын улс төрийн гол тоглогч болов. Сун Ятсэн үндсэн хуульт бүгд найрамдах засаглалыг хүсч байсан бол Юан Шикай үндсэн хуульт хаант засгийг байгуулахыг зорьж байсан ч хоёул Хятадын эрх ашгийг урьтал болгон үзэж байв. Ингээд Юан Шикай Лонгуй хатны зөвшөөрлөөр хувьсгалчидтай хэлэлцэн тохиролцох оролдлогыг хийж эхлэв. Сун Ятсэн бүгд найрамдах улс байгуулж дэмжлэг үзүүлбэл Юан Шикайг ерөнхийлөгч болгоход бэлэн байлаа. Хэд хэдэн удаагийн хэлэлцээний дараагаар 1912 онд Лонгуй хатан, хааны хаан ширээнээс татгалзах тухай зарлигийг гаргаснаар хятадад 2000 гаруй жил тогтсон хаант засаг мөн 300 шахам жил (1616-1912) тогтносон Манж чин улсын ноёрхолд цэг тавьжээ.
Энэ үеэр Монголд том ноёд лам нарын удирдлагаар үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн эрчимтэй өрнөн 1910 онд Их хүрээнд манжийн эсрэг ардын хөдөлгөөн гарч бүх нийтийн дэмжлэгийг хүлээн Хүрээний Сандо амбан, Улиастайн жанжин нарыг хөөж 1911 оны 12 сард Олноо Өргөгдсөн Монгол улсыг байгуулан Богд Жавзун дамба хутагтыг хаанаар өргөмжлөн олноо тунхаглав. Манжийн эсрэг тэмцэл гагц халх төдийгүй нийт Монголыг хамарч байсны нэг нь Барга хошууны Дамдинсүрэнгийн удирдсан манжийн эсрэг ардын тэмцэл болно. Тэрээр Богд хаант Монгол улсын төрд зүтгэж Манлай баатар цолтойгоор Хатан баатар Магсаржавын хамт 1912 онд Ховдоос манжийн цэргийг хөөснөөр Монголын 150- 200 орчим жил манжаас хараат байсан байдлыг эцэс болгосон билээ.
Манж улс 1912 онд мөхсөн хэдий ч манж хэл соёлын тухайд аль 18-р зууны дунд үеэс бараг үгүй болсон байна. Хэдий манжийн засаг захиргаа манж хэл соёлыг хадгалах хүчин чармайлт гаргасан ч гэлээ (манжийн язгууртнууд хан хятадтай ураг барилдахыг хориглох зэрэг) соёл уламжлал нь хан хятуудуудад уусан нийлж хятад соёл мэтээр харагдан бүдгэрэн арилж, ярианы хэл нь устан бичгийн хэл нь зөвхөн хааны ордонд хаан болон өндөр угсаат язгууртны ярианы тэмдэглэлд хэрэглэх болсон нь л хожуу хүртэл уламжилж, одоо цөөн тооны өндөр настан болон манж судлаачдаас өөр мэдэх хүнгүй болжээ. (Энд зориуд хэлбэл зохих нэг зүйл нь эмэгтэй хүний хөлийн тавхайг хугалж хатингаршуулдаг уламжлал бол манжийн соёл биш юм байна.)
Дундад иргэн улсын засгийн газар манжийн хаан болон ордныхонд 1924 он хүртэл цалин пүнлүү олгож басан хэдий ч хятад даяар манж нарыг ялгаварлан гадуурхах явдал маш түгээмэл байснаас олон манж хүн угсаа гарвалаа нуух, хятад нэр авах, манжуудаасаа харилцаа холбоогоо таслах, нуугдмал амьдралаар амьдарч эхэлсэн байна. Манжуурыг Япончууд эзэлсний дараагаар 1934 онд Японы хараа хяналт, улс төрийн зорилго бүхий дэмжлэгтэйгээр өсч томрон ухаан суусан Пуиг хаанаар “томилж” Манж го буюу Манж улсыг байгуулсан нь 1945 онд Зөвлөлтийн арми Манжуурт орж ирснээр мөхөж манжуудын 3 дах удаагаа сэргэх оролдлогыг нураажээ. Хятадад Манж нарыг гадуурхах үзэл БНХАУ-ын засгийн газраас манжуудыг үндэсний цөөнх гэж албан ёсоор нэрийдэх 1952 он хүртэл байсаар асан ба манж нарын тоо энэ үед 2 дахин хорогдсон гэсэн байдаг байна.
1953 оны хятадын хүн амын тооллогоор 2.5 сая манж угсааны хүн бүртгэгдэж байсан бол 1982 онд 4.299.159, 1990 онд 9.821.180 манж угсаатан тоологдсон нь хятадын цөөнх үндэстэн (монгол, манж, түвд, хотон)-ий дотроос хамгийн хурдан өссөн үндэстэн болжээ. Энэ нь цэвэр өсөлтөөс гадна олон хүн манж угсаатан болж нэр овгоо өөрчилсөн, зарим нь манж угсаагаа сэргээсэн зэргээс шалтгаалсан өсөлт юм.
Одоогийн байдлаар зүүн хойд хятадын Хэбэй, Жилин, Ляонин мужуудад манжуудын 10, монгол манжийн 1 нийт 11 өөртөө засах дүүрэг байгаа юм байна. Мөн цөөн тооны манжууд Хойд солонгос, Оросын сибир, Канад болон Японд оршин суудаг ажээ.

No comments:

Post a Comment