Monday, December 28, 2009

Хүний үүсэл хөгжил ба Монгол орон дахь эртний хүмүүс (эхлэл хэсэг)

Орчин үеийн хүн, та бид болох хомо сапиенс сапиенсийн үүсэл, хөгжлийн асуудал нь хүн судлал (physical anthropology), бич судлал (primatology), археолог, хэл шинжлэл болон генетик г.м олон шинжлэх ухааны салбарууд хамтран судалдаг томоохон бөгөөд маргаантай асуудлын нэг юм. Сүүлийн үеийн олдворууд болон шинжлэх ухаан технологийн ололт дэвшил энэхүү асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж байгаа бөгөөд дийлэнхи олонхи эрдэмтэн судлаачид хүний үүсэл хөгжлийн талаар нэгдсэн үзэл баримтлалтай болж байна. Энэ нь хүний анхны өвөг Африкт үүсээд бусад тив рүү нүүдэллэн дэлхий дахинаа тархан суурьшсан гэх ба хүний үүслийн нэг төвт үзэл бөгөөд орчин үеийн бүх хүнийг нэг л эхтэй, нэг л зүйл гэх ойлголт юм. Үүний эсрэг олон газар тус тусдаа үүссэн эсбөгөөс өмнө нь тархсан бусад хүний зүйлтэй хожим үүссэн төрөл зүйл нүүдэллэн очиж генетикийн солилцоонд орж орчин үеийн хүн үүссэн гэх олон төвт үүслийн онолууд байдаг ч сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ няцааж байгаа юм.

Анх дэлхий дээр амьдралын анхны хэлбэр үүсэн бий болж хувьсан хөгжсөөр сээр нуруутан, хөхтөн бий болж 65-85 сая жилийн өмнө (СЖӨ) анхны мич болон лемурын өвөг болох одоогийн лемур маягийн амьтан (primate) үүсэн хойд америкаас евроази, африк руу тархсан ба сая сая жилийн турш хөгжин хувьсаж салаалан хөгжсөөр 25 СЖӨ хүн төрхт мич буюу хоминоидиа (great ape) бий болсон гэдэг. Ингээд 15 СЖӨ гиббоны өвгөөс, 13 СЖӨ орангутаны өвгөөс, 10 СЖӨ гориллын өвгөөс, 7 СЖӨ шимпанзийн өвгөөс тус тус салсан гэдэг байна. Ингээд Австралопитикус, Кениантропусаар дамжин 3 СЖӨ Австралопитесин бий болсон ба австралопитесин нь биеийн үсээ гээж эхлэн хоёр хөл дээрээ явдаг байсан байна.

Ийнхүү явсаар 2.5 СЖӨ Африкт австралиопитесинээс анхны хүний өвөг (genus homo) хомо хабилис салбарлан гарсан байна. Энэхүү “жэнүс хомо” ангилалд хомо хабилис, хомо рудолфэнсис, хомо эргастер, хомо жеоржикус, хомо антесестор, хомо сепранэнсис, хомо эрэктус, хомо хэйделбергенсис, хомо родесаинсис, хомо нэндарталэнсис, хомо сапиенс идалту, аркаик хомо сапиенс, хомо флоресаинсис зэрэг хүний хөгжлийн тодорхой үе шатууд болон аль нэнээс нь салбарлан гарсан биеэ даасан зүйл, дэд зүйлүүд ордог байна.

Хомо хабилис. Анх зүүн болон өмнөд Африкт австралопитесинээс салбарлан гарч хүний анхны өвөг бүх жэнүс хомогийн анхдагч болсон ба 2.5-1.4 СЖӨ амьдарч байсан байна. Анхны чулуун зэвсэг хэрэглэгч ба одоогоос 12 мянган жилийн өмнөхийг хүртэл буюу хүний технологийн түүхийн 99%-ийг хамрах хуучин чулуун зэвсгийн үеийг эхлүүлэгч гэж үзэж болно. Зарим судлаач түүний араг ясны бүтцээр нь модон дээр илүүтэй амьдрах зохицолгоотой байсан гэж үзээд жэнүс хомо ангилалаас гаргах саналтай байдгийг дурьдах нь илүүдэхгүй биз ээ. Түүний ясны үлдэгдэл олон олдсон бөгөөд дунджаар 1-1.5 м өндөртэй, 33-55 кг жинтэй, 660 см3 тархины эзэлхүүнтэй байсан байна.

Хомо рудолфэнсис. Кенийн нутгаас1.9 сая жилийн настай ганц ширхэг гавлын яс олдсон бөгөөд эрдэмтэд түүнийг хомо хабилисийн өөр нэг төрөл гэж байгаа ч бүрэн нотлогдоогүй байгаа.

Хомо жеоржикус. Гүржийн нутгаас 1.8 сая жилийн настай 4 ширхэг олдвор олдсоныг х.хабилис болон х.эрэктусын завсрын шатных эсвэл х.эрэктусын дэд зүйл гэж үзэж байгаа. Тархины багтаамж нь 600 см3.

Хомо эргастер. 1.8-1.4 СЖӨ Зүүн ба өмнөд Африкт байсан ба 1.9 м өндөртэй, тархины хэмжээ нь 700-850 см3 байж. Түүнийг биеэ даасан зүйл эсвэл х.эрэктусын дэд зүйл гэж үздэг. Нэлээд судлаач х.эргастер гэх нэр томъёог Азийн бус х.эрэктусын хэлбэр гэх утгаар хэрэглэдэг.

Хомо антесессор. Испани болон Англиас чулуужсан үлдэгдэл олдсон ба 1.2-0.8 СЖӨ байсан, дунджаар 1.75 м өндөртэй, 90 кг жинтэй, 1000 см3 эзэлхүүнтэй тархитай байсан гэж үздэг.

Хомо сепранэнсис. Италиас 0.8 сая жилийн настай 1000 см3 эзэлхүүн бүхий гавлын орой хэсэг олдсон байдаг. Х.антесессор болон х.сепранэнсисийг х.эрэктус, х.хэйделбергийн завсрын зүйл гэж үзэж байгаа юм байна.

Хомо хэйделбергенсис. Хэйделбергийн хүний үлдэгдэл Африк, Ази, Европоос их хэмжээгээр олдсон ба 1.8м өндөр, 60кг жинтэй, гавлын эзэлхүүн нь 1100-1400 см3 байж 0.8-0.3 СЖӨ амьдарч байжээ.

Хомо родесаинсис. Замбигаас цөөн тооны олдвор олдсоныг судлаад 1300 см3 эзэлхүүнтэй тархитай байсан, 0.3-0.125 СЖӨ байсан гэж үзсэн.

Хомо флоресаинсис. 100 000-12 000 жилийн өмнө амьдарч байсан одой хүмүүс буюу хоббит хэмээгддэг хүний нэгэн зүйл. 7 ширхэг олдвор Индонезээс олдсон. 1м өндөртэй 25 кг жинтэй, 400 см3 эзэлхүүн бүхий тархитай. Сүүлийн үед тэднийг орчин үеийн хүний дэд зүйл бөгөөд эмгэг одойшлын улмаас бий болсон гэж үзэх хандлага илүүтэй байна.

Хомо нэндарталэнсис. Европ, баруун болон төв Азид 0.4-0.03 СЖӨ оршин байсан нэлээн хүчирхэг 1.6м өндөр, 55-70кг жинтэй, 1200-1900 см3 эзэлхүүн бүхий тархитай байжээ гэж тогтоогдсон нь орчин үеийн хүний тархинаас том тархитай байсан гэсэн үзүүлэлт юм. Европод нэлээд сайн судлагдсан бөгөөд х.сапиенсийн дэд зүйл, биеэ даасан зүйл гэдэг дээр маргаан явагддаг. Сүүлийн үеийн генетик митохондрын ДНХ-ийн судалгаагаар нэндартал хүн нь биеэ даасан зүйл бөгөөд 660 000 жилийн өмнө орчин үеийн хүнтэй нэг өвөгтэй байсан гэсэн дүгнэлтэнд хүрээд байна. Өөрөөр хэлбэл орчин үеийн хүний өвөг бус харин холын үеэл байсан байна. Гэсэн хэдий ч гарал үүслээ түүнтэй холбох сонирхолтой хэсэг байсаар байхгүй маргаан гаргах эрдэмтэд ч байсаар байна. Гэвч энэ нь арьсны үзлийг өөгшүүлэхээс хэтрэхгүй бөгөөд сүүлийн үеийн судалгаа шинжилгээнүүд орчин үеийн хүмүүс бүгд нэг гарал үүсэлтэй гэдгийг хангалттай нотолж байгаа бөгөөд хожмын х.сапиенс Европ руу тархан түрэх үеэрээ тэднийг мөхөлд хүргэсэн гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Нэндарталын үлдэгдэл яс баруунтаа Их британиас эхлэн зүүнтэй Узбекстан хүртэл өргөн уудам нутгаас нэлээд элбэг олддог бөгөөд анх Германы Нэндартал буюу Нэндарын тал хөндийгөөс анх олдсон тул ийм нэрийг авчээ. Дашрамд дурдахад “тал” гэдэг нь германаас монголчилбол “хөндий, тал” гэсэн үг ажээ.

Хомо эрэктус. 1.8 СЖӨ х.хабилисаас үүссэн гэж үздэг бөгөөд тархины хэмжээ нь томорч, чулуун зэвсгийн шинэ арга барил бий болсон зэргээс үүдэн шинэ зүйл болгон авч үздэг. 1.5-0.2 СЖӨ Африк, Евроазийн нутагт өргөн тархсан бөгөөд 1.8 м өндөртэй, 60 кг жинтэй, тархины эзэлхүүн нь 850-1100 см3 гэж үздэг. Тэднийг хүний өвгөөс анхны цэвэр хоёр хөл дээрээ явагч байсан бөгөөд анхны гал хэрэглэгч болон усаар явах сал хэрэглэж эхэлсэн гэж үздэг. 70 000 жилийн өмнө болсон Тобагийн сүйрлээр ихэнхи нь устсан гэж үздэг ч монголын нутагт хожуу үе хүртэл оршин байсан бололтой. Монголын нутагт эртний хүмүүсээс х.эрэктус амьдран байсан байх магадлал илүүтэй юм. Монголын нутгаас хуучин чулуун зэвсгийн доод үе (2.5 саяас 300 мянган жилийн өмнөх үе хүртэл, зарим судлаач 100 жилийн өмнөх үе хүртэл гэх нь бий) хамаарах эртний хүний бууц Баянхонгор, Өмнөговь, Ховд, Дундговь, Дорноговь зэрэг аймгаас олдсон. Эдгээрээс Өмнөговь, Өвөрхангайн заагт байх Цахиуртын хөндийн сууринг чухал ач холбогдолтой гэж үздэг. Учир нь суурингийн хамрах хүрээ нь нэлээд том 10 000 км.кв бөгөөд хуучин чулуун зэвсгээс гадна дунд болон шинэ чулуун зэвсгийн дурсгалууд газрын хөрсөн дээр нягт тархан хадгалагдан үлдсэн нь цаг хугацааны хувьд ийм урт хугацааг хамарсан дурсгал дэлхийд урьд өмнө олдож байгаагүй юм. (“флинтстоуныхан” гэдэг хүүхэлдэйг өөрийн эрхгүй санагдуулам) Мөн 800 000 жилийн өмнө хүн нутаглаж байсан Баянхонгорын Нарийн гол, Баянхонгорын Цагаан агуй, 300 000 мянганы тэртээх Дундговийн ярхийн суурин зэрэг нь мөн л чухал ач холбогдолтой дурсгалууд юм. Эндээс үзэхэд монгол нутагт даруй 800 000 жилийн тэртээд хүн нутаглаж байсан бөгөөд энэ үеийн Азид тархсан хүний зүйл нь х.эрэктус билээ. Тэр үед зануу, болоржин, хасын хольцтой шар хар цайвар цахиурлаг чулуулгаар хугадас зэвсэг, гурвалжин хэлбэрийн гилбэр мэс, хоёр талаас нь зассан үзүүр мэс зэргийг зонхилон үйлдэж байсан байна. 300 000-100 000 жилийн өмнөөс эхлэн хуучин чулуун зэвсгийн дунд үед шилжиж чулуун зэвсгийн үйлдэх арга барил шинэ шатанд гарсан юм. Энэ үеийн дурсгалууд дээрхи аймгуудаас гадна Баян-Өлгий, Хэнтий зэрэг аймгийн нутгаас олддог. Энэ үеийн нэг ололт нь галыг дуртай үедээ гаргах болсон явдал байлаа. Мөн энэ үед байгаль цаг уурын өөрчлөлт ч гарч эхэлсэн үе юм. Энэ үе 50 000-30 000 жилийн өмнөх үе хүртэл үргэлжилжээ. Эндээс харахад х.эрэктус Монгол нутагт 800 000 мянганы тэртээгээс эхлэн 50 000-30 000 жилийн өмнөх үе хүртэл буюу хуучин чулуун зэвсгийн дунд үеийг дуустал оршин байж байгаад 100 000 жилийн тэртээх дөрөвдөгч галавын төгсгөлөөр үүссэн тивүүдийн шилжилт хөдөлгөөний улмаас үүссэн эх газрын өндөршилт, 70 000-ны тэртээ тохиолдсон Тобагийн сүйрэл зэргээс үүдсэн мөстлөг, хүйтрэл, 50 000-30 000 жилийн тэртээх шинэ чулуун зэвсгийг авчирсан хомо сапиенсийн Азийн гүн рүү орсон түрэлт зэргээс үүдэн мөхжээ гэж үздэг.

Зарим судлаачид х.эрэктус болон х.нэндарталыг хожим ирсэн х.сапиенстай Ази болон Европт генетикийн солилцоонд орсон гэх буюу өөрөөр хэлбэл Африктаа үлдсэн нь хар, х.эрэктустэй нийлсэн нь шар, х.нэндарталтай нийлсэн нь цагаан арьстны өвөг гэх тал байдаг ч генетикийн сүүлийн үеийн нотолгоо үүнийг няцааж байгаа юм. Тэгэхээр 800-40 мянганы тэртээх Монголын нутагт байсан эртний хүмүүс бидний өвөг биш байхнээ. Харин х.эрэктус болон х.нэндарталыг нэлээн хожим хүртэл цөөн тоогоор байсан байх магадтай гэдэг бөгөөд тэднийг өндөр уул, хүн хүршгүй өтгөн шугуйд үлдсэн байх магадтай гээд хожмын алмас, цасны хүн, том хөлт зэрэг байж магадгүй хэмээн үздэг судлаач нэлээн байдаг. Мөн дундад зууны үеийн сударчдын бичсэн нүүрэндээ үстэй нохой толгойт эрчүүдтэй улс гэж хэн байв гэсэн сониуч бодол ч төрнө.

Хомо сапиенс. 250 000 жилийн өмнөөс одоог хүртэл оршин байгаа жэнүс хомогийн цорын ганц төлөөлөгч. Анх Африкт х.эрэктусээс үүссэн хэмээн олонхи нь үздэг. Х.сапиенсийн тухай, түүний дэлхий дахинаа хэрхэн тархсан, хэзээ монгол нутагт ирэв гэх талаар дараагийн удаад өгүүлэхээр түр орхив.

Sunday, December 20, 2009

Амьдрал юун дээр...

Хүмүүсийн харилцаа, амьдрал юун дээр тогтдог юм бол оо, зовлон жаргал, оюун ухаан, хайр, мөнгө, секс гэх мэтээр хэлдэг бичдэг. Тэгвэл түүхийн цаг хугацааны явцад ухаант мэргэд эдгээрийг цөмөөрийг нь нэрлэжээ. За ингээд дээрхи нэрлэсэн зүйлүүдийг хэн юу гэсэн бэ гэвэл:
Анх Будда амьдрал бол зовлон, түүнийг туулах нь үнэн, үйлийн үрийг нь бага тарь гэжээ.
Сократ хэлэхдээ: Бүх зүйл тархи толгойноос өөрөөр хэлбэл оюун ухаанаас хамаарна гэжээ.
Бас нэгэн ухаантан хэлжээ: Бүх зүйл хүний зүрхнээс буюу сэтгэлээс хамаарна гэж Есүс хэлжээ. (хайр)
Дараа нь бас нэг агуу хүн хэлжээ: Бүгд ходоодноос хамаарна гэж...Карл Маркс (мөнгө)
Тэгвэл Зигмунд Фройд хэлэхдээ бүхий л харилцааг хүний дур зориг, хүсэл тачаал зохицуулдаг гэсэн байна (өнгө, секс)
Тэгвэл 20-р зууны хамгийн шилдэг тархи болох Эйнштейны тархи бүх зүйл харьцангуй гэсэн дүгнэлтэнд хүрчээ. (реалитив)
Эцэст нь тэмдэглэхэд хүн болон амьдралын үндсэн шинж нь өөрөө өөрийгөө хадгалах инстинкт (амьд байх, орших, үр удмаа үлдээх) буюу амьдралын үндсэн инстинкт бөгөөд энэ нь хар амиа бодохоос эхлэн үр хүүхэд эцэг эх, гэр бүл элгэн садан, төрсөн нутаг, үндэстэн угсаатан, улс эх орон, хүн төрөлхтөн хэмээн өргөждөг ажгуу. Хэрэв энэхүү инстинкт үгүй бол амьдрал эс орших бөлгөө. Энэ тухай "Туйлын эрх чөлөө бол туйлын ганцаардал" гэсэн бичвэртээ дурьдсан билээ. Гээд бүх зүйл харьцангуй...

Жамухыг цагаатгая

Түүхийн сурвалж болон судалгааны зохиол бүтээлүүдэд Жамухын талаар тийм ч таатай зүйлийг бичдэггүй билээ. Хаан ширээний төлөө анд Тэмүжинтэй тэмцэн, атаа хорсолд автсан, зальжин овтой, энд тэнд очиж хутган үймүүлсэн, зарим талаараа харгис хүн мэтээр бичсэн нь олантаа. Харин тухайн цаг үед хамгийн ойрхон бичигдсэн Монголын нууц товчоонд түүний тухай тийм ч муугаар бичээгүйгээр үл барам харин ч андын андгайг сахиж, анддаа туслан байсан тухай нэлээн бүрхэг далд байдлаар бичсэн байдаг билээ. Үүнийг анзаарсан Гумилев түүнийг Тэмүжины тагнуул “ажент” байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Юутай ч Жамух гэж хүн байгаагүй бол Чингис хаан хийгээд Их Монгол улс байх байсан эсэх нь эргэлзээтэй биш юмаа гэхэд Монголын түүх нэгэн хачир амтаар дутах нь магад билээ. Учир юунд вэ гэвэл тэрээр Чингис хааны өрсөлдөгчдийг нэгэн багцанд оруулж түүний аманд түлхэн оруулах замаар Хамаг монгол хийгээд бусад монгол угсааны овог аймгуудыг нэгтгэх үйлсэд нь ил далд зангилаа үүргийг гүйцэтгэн өөрөө муу нэрийг үүрэн эрийн ёсоор хорвоогоос буцсан нэгэн билээ. Өөрөөр хэлбэл “тэнгэрийн таалалд” үл нийцэх хэргүүдийг гардан гүйцэтгэсэн ба орчин үеийн хэллэгээр “гүйцэтгэгч болон цэвэрлэгчийн” үүргийг гүйцэтгэжээ.
Жамух бол Бодончар дээдсийн дайны олзонд авахад жирэмсэн байсан урианхайжингийн (урианхай бол монголын эртний нэгэн овог аймаг) төрүүлсэн үр удмын залгаа бөгөөд тиймдээ ч боржигинчуудын хувьд жадаран буюу харь хэмээсэн овгийн хүн юм.
Тэмүжин бага насандаа өнчирч овог аймагтаа, төрөл садандаа хаягдан гадуурхагдаж байсан бол Жамух Хамаг монголын Жадаран овог аймгийн тэргүүн бөгөөд 2-3 түмэн цэрэг гаргах чадалтай нэр алдар нь нэгэнт тодорч товойсон, Хамаг монголын ихэс язгууртны дунд нэгэнт байр сууриа олсон нэлээн хүчирхэг нөлөө бүхий удирдагч байжээ.
Тэрээр Тэмүүжины 11 настайд буюу 1271-72 оны өвөл Тэмүжинтэй нөхөрлөж андын андгай тавьсан ба тэр үеийн монгол угсааны нэр нөлөө бүхий Хэрэйд улсын хан Тоорилын өргөөнд хамт хүмүүжиж байсан байна. Ийнхүү бага наснаасаа нэгэн гэрт хамт байж нөхөрлөн өссөн хоёр залуугийн амьдрал түүхийн их нугачаанд олон янзын өнгө будгийг үлдээсэн байдаг. Түүхийн нугачаа Тэмүжин, Жамух, Тоорил гурвыг их л ээдрээтэй харьцаанд уяж өгсөн бөгөөд хоёр залуу илүүтэй дотно байсан нь маргаангүй хэмээн бодно.
Тэмүжин Жамух нарын харьцаа 1287 оны намрын сүүлч өвлийн эхээр буюу Бөртэг Мэргидээс аврах үеэс эхлэн ээдрээ зангилаанд орж эхэлсэн байдаг. Бөртэг аварсны дараа Жамухын нутаглаж байсан Хорхонаг жубурт тэр хоёр хамтдаа нэгэн хүрээ болж хоёр жил шахам цугтаа байж, андын андгайгаа бэхжүүлж, үл шингэх идээн хүртэж, үл мартах үгийг хэлэлцэн шөнө хөнжилдөөн цуг хонож байсан хэмээжээ. Тэгвэл энэ хоёр жилд юу болсон бэ?
...Энэ “хүрээ” гэх ойлголт нь Монголын түүхэн дэх нэлээн чухал ойлголт юм. Хүй нэгдлийн үеэс улбаатай овог бүлээрээ нийлэн нэгэн хүрээ үүсгэж байжээ. Багахан хот айлаар эсвэл ганц гэрээр амьдрах нь үнэндээ дээрэм тонуул зэргээс үүдэн үнэндээ боломжгүй зүйл байжээ. Тэгэхээр айл өрх, хувь хүн аль нэгэн хүрээнд хамрагдаж, харин багахан шиг хүрээ нь хүчирхэг том хүрээний эздийн албат харъяат болж зарим бүтээгдэхүүн болон цэрэг дайны болон том ав хомрого, аж ахуйн томоохон ажлуудад биеэр очин алба барьж хариуд нь тэдний эрх сүрээр өөрснийгөө хамгаалуулж байсан байна. Энэ хамгийн хүчирхэг том хүрээг “орд” гэх ба түүний харъяаны бусад хүрээнээс овог аймгууд бүрдэж байсан бололтой. Есүхэйг өнгөрсний хойно түүний гэр бүл хүрээнээс орхигдож гээгдэн хүндхэн үеийг туулсан байдаг...
Ингэж нэг хүрээнд цуг хоёр жилийг өнгөрөөсөн бага наснаасаа итгэж нөхөрлөсөн хоёрын хооронд олон чухал яриа болсон нь мэдээж бөгөөд зөвхөн тэр хоёрын мэдэх нууц ярианууд ч болсон гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй буй заа. Энгийн ахуйгаас эхлээд улс төр, дайн энх, ирээдүйн тухай мөрөөдлөө ч яриж байсан ба сайндаж муудаж ч байсан байж таарна. Мөн тус хүрээний бусад хүмүүсийн хувьд ч олон янзын яриа, үйл явдал өрнөсөн л байж таарахаас гадна хоёр залууг сонжиж ирээдүйд түших, ханилах нэгнийг сонгосон байх нь гарцаагүй билээ. Энэ нь тэр хоёрыг салж нүүсний дараа хэн нь хэнийг дагаснаас харагдах бөгөөд харин Хорчийн гаргасан яриа санамсаргүй гарав уу, санаатай гаргав уу, санаатай бол хэн ямар зорилгоор гаргав, эсвэл хожим зохиогдсон яриа юу гэх зэргээр сонирхол татдаг. Энэ л хоёр жил тэр хоёрын ирээдүйг төдийгүй нийт монгол угсаатны ирээдүйг тодорхойлох урьдчилсан нөхцөл болжээ. Тэр хоёрын ярианы нэг гол сэдэв нь “Одтой тэнгэр орчиж, орондоо унтах завгүй олзлолдон булаалдаж” байсан тухай гэхэд надад эргэлзэх зүйл алга. Үүнээс гарах арга зам нь хүчирхэг байх, хүчирхэг байх арга зам нь нэгдэл гэдэг дээр ч санал нийлсэн ба нэгэн хүчирхэг хаантай эртний их улсууд Хүннү Сүннүгийн тухай домог мэт яриаг ч хэлэлцэн байсан биз ээ.
Энэ үеэс түүхчид тэр хоёрыг хаан ширээний төлөөх тэмцлийн эвлэршгүй дайснууд болгосон юм. Үүний эсрэг нэгэн таамаг байж болох бөгөөд тэр нь юу вэ гэвэл тэр хоёр хамсан Хамаг монголыг нэгдсэн захиргаанд оруулж түүн дээрээ түшиглэн бусад монгол угсаатныг нэгтгэн домог түүхийн улбааг давтах гэсэн хэрэг бөгөөд энэ үеэс тэр хоёрын тактикийн тоглолтууд эхэлсэн гэж үзэх бүрэн үндэстэй юм. Харин хэн нь хаан болох вэ гэдэг дээр бараг тогтсон мэт. Учир нь Жамух бол Хиад Боржигин бус Жадараны угсааны хүн болохоор тухайн үеийн ойлголтоор Хамаг монголын хаан ширээг залгамжлах тэнгэрийн соёрхолгүй нэгэн билээ. Тэгээд ч цугтаа байсан тэр хоёр жилийн хугацаанд Тэмүжинийг Хамаг монголын хаан болгохоор ил ярьж байсан мэт. Харин бусад өрсөлдөгчдийн хувьд тэр хоёрын нөхөрлөлийг саармагжуулж, болж өгвөл салгах замаар өөрсөддөө боломж гаргах явдал байлаа. Тэд үүнийгээ ч амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд МНТ-д бичсэнчлэн 1289 онд Тэмүжинийг Хамаг монголын Чингис хаан хэмээн өргөмжилсөн мэдээг Архай Хасар, Чахурхан хоёроор элч болгон Жамухад хүргүүлэхэд тэрээр Алтан, Хучар нарт хэлүүлсэн үгст “...анд бид хоёр зуур Андын сүвээ сэжиж Хавирга хатган хагацуулав та нар. Анд бид хоёрыг үл хагацуулан хамт бүхүйд, Тэмүжин андыг хан яахан эс болгов, та нар? (Эндээс үзэхэд тэр хоёр хамт байх үес Тэмүжинийг хан болгох талаар ярьж байсан гэлтэй) Эдүгээ ямар л сэтгэл сэтгэж хан болгов, та нар? Алтан Хучар та хоёр өгүүлсэн үгстээн хүрэн, андын сэтгэл амуулж, андад минь сайтар нөхцөж өгөгтүн” хэмээжээ. Энэ үеэс эхлэн Жамух Чингис хааны ил “өрсөлдөгч” далд “хамжигч” болжээ. Гэтэл энэхэн үес нэгэн ээдрээтэй хэрэг явдал гарсан нь Жамухын дүү Тайчир гэгч зүрх зориг хүч чадал омог цөс ихтэй нэгэн бээр Чингис хааны албатын адууг дээрэмдэж байгаад харвуулж үхсэн явдал байлаа. Энэ явдал зайлшгүй дайны хүүрэг дэлдэхэд хүргэсэн юм. Учир юун хэмээвээс, “ирт мэсэсийг гаргасан” буюу хэв хуулийг зөрчсөн явдал байлаа.
...Энэхүү ирт мэсэсийг гаргах гэж хэв хууль байсан тухай эрдэмтэд сударчид тэмдэглэсэн байхаас бус чухам ямар учир утгатайг үл өгүүлсэн байх юм. Г.Сүхбаатар гуайн бичсэнчлэн бүр Хүн гүрний үед байсан хэв хууль ажээ. Миний үзэхээр энэхүү хэв хууль нь хүрэл зэвсгийн хожуу үе, төмрийн эхэн үеэс улбаатай ба цусыг цусаар, амийг амиар буюу дайн тулааны бус үед ирт мэсээр хүний амь хөнөөх нь цусан өшөө зангидах баттай шалтаг болдог байсан явдал гэж үзсэн болно. Ер нь Монголчууд дайн тулаан, ав хомрогоос бусад үед модон булцуут сум, зэвгүй годил хэрэглэдэг байсан ба сэлэм мэт мэсийг ч дайн ангаас бусад зүйлст хэрэглэдэггүй байсан бөгөөд Жүрхинтэй найрлан байгаад муудалцахад модны мөчир, айргийн бүлүүр мэтсийг хэрэглэн зодолдсон, Бэлгүтэйн мөрийг илдээр цавчсан Бүри бөх хожим алагдсан мөн Чараха өвгөнийг жадаар хатгаж шархтуулсан Тайчууд өслөгдсөн, Тэмүжин Бэгтэрийг харваж алаад Тайчуудад баригдсан гэх зэрэг олон жишээ бий. Одоо ч гэсэн хүйтэн халуун зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг хүндрүүлэх шалтгаантай байдаг ба АНУ-ын зарим мужид галт зэвсэг хэрэглэсэн гэмт хэргийг хоёр дахин хүндрүүлж үздэг хуультай байдаг нь одоог хүртэл тэр хэв хуулийн уламжлал буюу хүний сэтгэлгээний нийтлэг нэгэн онцлог гэлтэй. Үүнтэй холбогдуулан нэгэн зүйлийг нэмэхэд “Бэлгүтэй эхээ нэхэн таарсан Мэргид хүн бүрийг годилтох бөлгөө” гэсэн үгийг баахан хүн харваж алсан мэтээр эндүүрэх нь бий...
Тэмүжин өөрөөс нь салан нүүсний хойно хаан болсонд Жамухыг хувь хүн гэж үзвэл баахан унтууцаж эргэлзэх нь зүй ёсны бөгөөд эсвэл урьдаас мэдэж байсан үйл байсан ч байж болох талтай. Учир нь тэрээр өөрөөс нь салан нүүж Тэмүжинд очих иргэдийн нүүдлийг таслан зогсоох ямар нэг арга хэмжээ авсан гэх мэдээ занги байдаггүй билээ. Харин дүү нь алагдахад хэв хууль зөрчсөний учир, мөн хувь хүний үүднээс авч үзвэл хорсох гашуудах нь мэдээж бөгөөд түүхэнд арван гурван хүрээний байлдаан гэж нэрлэгдсэн тулалдааныг Далан балжудад үүтгэжээ. Энэхүү тулалдаанд Жамух Чингис хааныг шахан хавцалд хоргуулсан бөгөөд үнэндээ энэ нь ялалт байсан авч тэрээр андгай тангараг, хэлсэн яриснаа санасан уу, эс бөгөөс өөрийгөө хангалттай харууллаа гэж бодсон уу юутай ч цэргээ татжээ. Харин өшөө хорсол, хууль зөрчсөний гэм бурууг Чонос овогт үүрүүлж тэднийг талан толгойлогч Нэгүдэй цагаан увагийн толгойг авч морины сүүлнээс уяж оджээ.
...Энд чоносын залуусыг далан тогоонд буцалгасан гэх яриа байх бөгөөд миний үзэхэд далан тогоо гээч нь газрын нэр, буцалгаад гэдэг нь түйвээж талсаныг хэлсэн болов уу хэмээн боддог. Мөн ийм санааг Ж.Төмөрцэрэн гуай гаргасан байдаг...
Энэ байлдааны хойно ч зарим овог аймгууд Жамухаас салан тусгаарлах үйл үргэлжлэн Тэмүжинд нийлээр ирсэн байдаг. Гэвч ямар нэг хориг саад хийгдсэн мэдээ байдаггүй. Тэгэхээр Жамух тэднийг зогсоох оролдлого хийгээгүйрээ энэ болох үйл явдлыг мэдэж байсан, тэгээд үл тоосон эс бөгөөс ямар нэгэн үйлдлээр өөгшүүлсэн ч байж болох талтай. 13 хүрээний байлдаан нь тэр хоёрыг бусдад эвлэршгүй дайсан болгон харагдуулснаараа Монголын түүхэнд санамсаргүй болон санаатай (хэрэв тэр хоёр ямар нэгэн зүйл төлөвлөсөн бол) хийгдсэн чухал зангилаа болсон юм. Ингээд Монголчуудын дунд Жамухын болон Тэмүжины тал гэсэн хоёр туйл ялгарчээ. Энэхүү хоёр талын монголын тал нутагт ноёрхохын төлөө тэмцэл Чингис хааны ялалтаар өндөрлөснийг бид бүхэн мэдэх билээ. Ийнхүү Монгол угсааны овог аймгуудыг ээлж дараалан Чингис хааны гарт оруулан нэгтгэх учгийг Жамух гаргасан байх бөгөөд Чингис хааны өрсөлдөгчид болон дайсагнагч хүчнүүдийг өөртөө татан нийлүүлж, дайн байлдаанд турхирах бөгөөд энэ тухай болон байлдааны төлөвлөгөөний тухай мэдээллийг Тэмүжинд хүргэн өөрөө цэрэг албатын хамтаар дайн байлдааны талбарыг орхих, эсвэл тактикийн тоглолтууд хийн байлдааны төлөвлөлтийг нь нураах зэрэг үйлдэл хийдэг нь үе үеийн хүмүүсийн сонирхолыг өөрийн эрхгүй татдаг. Тэрээр 1200 онд Хатагин, Салжиуд, Татар, Дөрвөн, Ихирэс, Хонгирад, Горлос, Найман, Мэргид, Ойрад, Тайчууд зэрэг овог аймгууд болон заримынх нь томхон язгууртнуудын дэмжлэгтэй Гүр хаан болж, Чингисийн эсрэг талынхныг нэгтгэн Чингис хаан болон Тоорил ван ханы нэгдсэн хүчиний эсрэг “иргэний дайн” өдүүлсэн нь 1206 оныг хүртэл үргэлжлэн Чингис хааны ялалтаар өндөрлөжээ. Энэ дайны анхны томхон тулалдаан Хүйтэн уулнаа болж Гүр хааны хүчирхэг нэгдэл таран бутарсан нь үнэхээр “задын” хүч үү эсвэл зориуд бэлдсэн нууц төлөвлөгөөний хэрэгжилт байв уу гэдгийг хэн ч үл мэднэ. Юутай ч ингэж тарж бутарсан хүчнүүдийг Чингис хаан Тайчууд, Татар, Найманы Буйруг гэхчлэн ээлж дараалан дарсан байдаг. Үүний хойно Монголын нутаг дахь хамгийн хүчирхэг аймгийн холбоод болох Хэрэйд, Найман нарыг дарахад Жамухын оролцоо хэр байсныг бид бүхэн МНТ-оос мэдэх билээ. Ингэж 1200 онд эхлүүлсэн “иргэний дайнд” 1206 онд Чингис хаан ялагч болон гарч ирэн “Барс жил эсгий туургатан энх амар” болсон билээ.
...Энэхүү дотоодын буюу монголыг нэгтгэх дайны үед Чингис хаанд олон олон хүнд бэрх үе тохиосон бөгөөд Ван ханы хийсэн гэнэтийн довтолгоо хамгийн аюултай нь байсан юм. Тэр үед Чингис хааны гол зорилго нь Сэнгүм болон түүний хүчнийг түрүүлж цохих тактик байсан ч Сэнгүм эцэгтэйгээ нийлэн гэнэтийн цохилт өгсөн нь ихэнхи харъяат албат хүрээгээ дайнд татаж чадалгүй дайсанд автуулснаар Чингис хааныг нэлээд хүнд байдалд оруулсан юм. Муу өндөрийн энэхүү тулалдаанд ямартай ч Сэнгүмийг устгахаа байг гэхэд шархдуулж дөнгөсөн ч ихэнх албат харъятаа түүн дотор Хасарын хүрээ ч Ван хаанд автсан байдаг. Чингис хааны алдагдсан албат хүрээг Жамух Алтан, Хучар нарын дэмжлэгтэйгээр тарж бутрахаас сэргийлэн барьж, Ван ханы дотоодод тусгай ажиллагаа явуулсан байхыг хэн ч үгүйсгэхгүй хэмээн бодно. Энэ тухайд МНТ-д “Монголын олонхи Жамуха лугаа, Алтан, Хучар лугаа бидэнд буй. Тэмүжин лүгээ дайжиж гарсан Монгол хаа одох, тэд” хэмээсэн байдаг. Ингэж Чингис хаан цөөн цэрэг эрсийн хамтаар халх гол өөд дайжин гарч улс төрийн тоглолтуудаа хийснийг түүхнээ “алдарт илгээлт” хэмээжээ. Энэ үед түүний Жамухад элч илгээн хэлүүлсэн нь “Хан эцгээс минь үзэн ядаж, хагацуулав, чи. Бидний урьд боссон хан эцгийн хөх чунг уух бүлгээ. Намайг урьд босч уухад атаархав зэ, чи. Эдүгээ Хан эцгийн хөх чун-г барагтун. Хэдий зэ хороох, та нар” хэмээсэн байх бөгөөд энэ нь ямар нэг далд агуулга байхыг үгүйсгэх аргагүй юм. Ялангуяа хөх чун-г барах хэмээн юуг өгүүлсэн байж таарах вэ г.м. Мөн Алтан, Хучар нарт “...Гурван мөрний тэргүүнд хэнд бээр бүү буулгагтун” хэмээжээ. Энэ бүхний эцэст Чингис хаан ялагч болон гарч ирсэн билээ...
Ингэж дотоодын тэмцэлд Чингис хаан ялагч болсон үед Жамухыг шадар нөхөд нь барьж Чингис хаанд хүргэж ирсэн байдаг. Хэрэв тэр хоёр энэ бүхнийг сэдэж эхлүүлсэн бол эсгий туургатан энх амар болсон явдал нь тэр хоёрын үүсгэсэн үйл явдлын төгсгөл бодит үр дүн байв. Эхлүүлсэн үйл үр дүнд хүрлээ одоо яахав гэдэг асуудал гарч Чингис хаан Жамухад байр суурь амласан авч Жамух энэ бүхнийг илчлэх нь тэнгэрт үл таалагдах үйл бөгөөд олны итгэлийг ч алдахад хүргэнэ гэж үзсэнээр үхлийг сонгон язгууртан хүний ёсоор цус гаргалгүй бүтээж хаан хүний ёсоор өндөр газар бунхалахыг хүсжээ. Тиймдээ ч түүний намтар түүх ийнхүү бүрхэг үлджээ. Харин Рашид ад Дины бүтээлд Чингис хаан түүнийг алж үл түвдэн Алчидай ноёнд гэр өрхийн хамт шагнасан гээд харин хэдэн өдрийн хойно Алчидай түүнийг мөчилж хороосон бөгөөд тэгэхэд Жамуха ер айсан шинжгүй хурдан огтчиж ал гээд өөрөө зааж өгч байв хэмээжээ. Ямартай ч энэ үеэс үхсэн амьд гэдгийг хэн ч үл мэдэн эгнэгт оргүй болжээ.
Энэ бүгдээс үзвэл Жамуха хортон дайсан ч бай, тагнуул заншлаач ч бай, анд нөхөр ч бай, тэрчлэн Чингис хаан болон Жамуха нэг тэрэгний хос арал ч бай, нэг зоосны хоёр тал ч бай ямартай ч Их Монгол улс байгуулах үйлсэд Жамуха сэцэн хэмээгдэгч энэхүү хувь хүмүн ил далд, санаатай санамсаргүй ихээхэн тус хүргэжээ гэсэн дүгнэлт хийхэд болохгүй зүйл үгүй мэт. Тэгээд ч энэхүү “сэцэн” хэмээх цолыг хэн хэзээ түүнд юуны тул өгсөн нь тодорхойгүй л байна. Ер муу үгүйгээр сайн үгүй, үйл үгүйгээр үр үгүй гэдэг билээ. Энэхүү ертөнцийн хосмолын үрээр Жамуха үгүйгээр Чингис үгүй хэмээн Монголын түүхнээ түүнийг цагаатгая хэмээн энэхүү бичил бичвэрээ бичсэн билээ. Тухайн үеийн цаг үе буюу “Хөрст дэлхий хөрвөж, Хөнжилдөөн унтах завгүй хөнөөлдөн тэмцэж байсан” тэр л цаг үе Чингис хаан болоод Жамухыг төрүүлж түүх болгон бидэнд үлдээжээ.
Амьдрал маш олон өнгөтэй ажгуу. Энэ дундаас үнэнийг тодруулах нь туйлын бэрхтэй, тухайлбал хүний тархи толгой, сэтгэл зүрхийг нэвт уншдаг мэддэг болоод цаг хугацаагаар аялан явах тэр үед л туйлын үнэн гэж байдаг бол түүнийг мэдэх бөгөөд эс бөгөөс тийм ийм магадтай хэмээн эх сурвалжуудын мэдээ занги болон өөрийн оюун бодолд тулгуурлан таамаг гарган эрэл хайгуул хийсээр байх ба аль нь улс үндэстэн үр хойчид нь ашигтай вэ гэдгийг ч бодон тунгааж бүтээл туурвил гардаг хэмээн бодно. Монголын түүх нь нэн ч олон янзын өнгө будагтай бөгөөд энэ их өнгөөөр дэлхийн хэдэн ч сонгодогийг бүтээж болмоор санагдана. Тэр дундаас зөвхөн Тэмүжин ба Жамуха хэмээх хувь улсын нөхөрлөл нь ямар ч бүтээл туурвилын дундаршгүй эх булаг болж чадах тийм олон өнгөтэй ажгуу. “Жамухын өчил” гэх нэгэн бэсрэг бүтээлийг Д.Намсрай гэх эрхэм бичсэнийг олж уншаад тийм шилдгүүдийн нэг гэж бодсоны тул өөрийн энэхүү бичвэртээ чимэг болгон дор зүйж зохиогчоос нь ялдамхан хүлцэл өчсүү.
Д.Намсрай “Жамухын өчил”
Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж, эх нутгийн ноён салхинаа гудайсан хялганы толгой гашуудалтай бөхөлзөнө. Тэр газрын цээжийг аниртан чагнаваас монгол эрсийн нөхөрлөл, гуниг хагацлын тухай эмгэнэлт түүх өгүүлнэ. Олон аймгийн цуст тэмцэл, талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжины ялалтаар төгсөж байсан тэр жил... Хаан Жамух нөхөддөө баригдаад Чингисийн өргөөнөө хүргэгдэн ирэв.
Богд эзэндээ халдсан боол эрсийг Чингис хаан өвс ногоо хүрэнттэл цаазалж Жамухыг суллаад өгүүлрүүн...
-Эв эе эвдрэлцэж олонтаа будилсан ч амийг чинь хэлтрүүлье хаан анд минь. Эгнэгт нөхөрлөлөө бататгаж эгүүрд хамт түшилцэн явтугай чи хэмээн өршөөлийг үзүүлэв.
Гэвч нас сүүдэр ид дундаа, төрсөн биеийн хүч чадал төгөлдөржсөн хаан Жамух хариу өчсөн нь:
-Өндөр дээд хаан суудалдаа заларч, өрлөг жанжны тоо чинь бүрэн байхад би илүүдэх биз ээ, анд минь. Чамд зай тавьж өгье. Үндэс мөчир бөхтэй Хорхоногийн саглагар мод шиг цэцэглэн ганхаж явсан юмсан. Үйлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зайран бөө хөөрөгдсөнийг бүү мэд. Атгаг санаат эмийн үгэнд орж андгай тангаргаа няцсан цагаас хойш тавилан заяаны хувь зэрэгт улам бүр шахагдсаар хаан анд чиний өмнө хүрч ирлээ. Анд минь чи болгоогтун. Тэнгэрт хос наран мандвал газарт ган болж шатна. Монголд хоёр хаан байвал дажин самуун тасрахгүй. Олон дайнд оролцон чадал хүчиндээ эрдэж явснаа санахад чиний илдийн дор явж би хэзээ ч чадахгүй. Нэгэнт дийлдэшгүй хүчийг олсон анд чи миний зарлигийн дор явахыг бас тэвчихгүй. Чи бол тэнгэрийн бөө, шадар баатруудад итгэгдсэн Чингис хаан. Би чамтай зэрэгцэж өргөгдсөн хамаг Монголыг захирах Гүр хаан Жамух... Гурван түмэн цэргийнхээ ялалтын уухайгаар Даланбалжуудад чамайг шахан сандаргаж явсан домогт тэр Жамух өнөөдөр хаан анд чиний төлөө орчлонгоос халихаар шийджээ. Чамд өнө үүрд итгэгдэх ийм замыг сонголоо. Дээд тэнгэрт нар нэгэн байг! Дэлүүн болдогийг гийгүүлэх саран бас нэгэн байг! Дэлхий газарт хаан бас нэгэн байг!
...Өсөх насандаа Ононгийн мөсөн дээр шагалцан наадаж, өдгөө идэр цагтаа бүх Монголын хувь заяанд холбогдсон чи бид хоёр нэг нарны дор багтахгүй ээ. Учир иймд хоёр их хаан, хоёр их баатар, хоёр монгол эрийн ёсоор энэ хэргийг нэгэн тийш болгоё. Хаан Жамухын суу алдрыг даяар Монгол мэднэ. Энэ нэр сүрээрээ чиний хаан алдрыг өндөрт өргөөд би амиа тэвчье. Олны санаа бүү хоёрдог! Өлмий, өвдөг доор чинь би өөрийгөө ивж өгье, хаан анд минь! Чиний нэр уудам агуу болог! Гүр хаан Жамух өөрөө чамд сөгдлөө гэдгийг дуулаад хамаг монгол, дөрвөн зүг найман зовхист чиний алдар урьд хожид үзэгдээгүйгээр дуурсах болно. Нэгдсэн их гүрнийг нэг гарт хураан захируулахын тулд нэг нь нөгчиж, нөгөө нь хагацъя. Есөн хөлт цагаан туг, дайн тулааны хар сүлдэнд чинь хоёуланд нь сөгдөн гуйя, хаан анд минь! Чи намайг өршөө!... Өршөөхдөө цаазалж өршөө! Би чамтай нөхөрлөе! Нөхөрлөхдөө үхэж нөхөрлөе! Хүчирхэг гүрэн өнө мөнх оршихыг бэлгэдэж хаан биеэрээ туг сүлдийг чинь тахия! Эзэнт улсын чинь төлөө миний өргөх өчүүхэн энэ хувь багадах учиргүйг тэнгэр мэднэ. Одоо чамайг дийлэх хүчтэн газар дээр үгүй ээ! Чиний баатар цэргүүдийн өмнө юу ч тэсэн тэвчиж чадахгүй. Харь дайсан хатгалдахыг санаархвал Монгол цэргийн тахир сэлмээр дэлхийн дайдыг нумлан хэмжигтүн! Дорно зүгт нар хаанаас манддагийг очиж үзэгтүн! Өрнө зүгт нар хаана шингэдэгийг хүрч мэдэгтүн! Бас их төр, эзэнт гүрний хэргийг эмсийнхээ үгтэй хутгалдан зөвшигч надаар төгсгөл болог! Энэ мөчөөс хойш хаан Жамухын алдар урван тэрслэгч хэнийг ч болов төрийн цээрлэл цааз үл тойрохын хууль болог! Өчих өчил минь гүйцлээ. Хаан анд минь, өшөө хорсол буцалсан хамгийн бэрх цагт ч Өүлэн эхийн сүү цусгүй байсныг санаж цус гаргалгүйгээр намайг алуулагтун!!! Үтэр түргэн тонилгогтун! Түүхийн хүрд саад тотгоргүй эргэг! гэвэй.
Чингис хаан хэсэг бодлогоширсноо тэргүүнээ өргөн шадар хүмүүсээ дуудан зарлиг болгов.
-Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх хөх тэнгэр соёрхтугай! Баатар Жамухын сүүлчийн өчил гэрээсийг биелүүлж цус гаргалгүйгээр үхүүлэгтүн! Анддаа бэлэглэсэн алтан бүсийн минь бүслүүлж... аргамаг сайхан хүлгээр хаан Жамухыг тахиж, агсах зэвсэг хуяг дуулгыг нь асаан хүлэг баатрын ёсоор оршуулагтун! Эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсаж ч болдогийг түмэн үе санатугай!
Ийнхүү айлдан эргэхэд Чингис хааны ов товхон буурал суусан армаг тармаг сахал дээр нулимсан дусал гялтганав. Хаадын зарлиг ёсоор болж, мөнх тэнгэрийн таашаалд нийцэв.
...Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр эх нутгийн ноён салхи гунигтайхан хэсүүчилж нөхрийн тухай үгсийг хялганы бутанд шивнэн эрин зуунд илгээнэ.

Sunday, November 22, 2009

Төв Ази

Өнөөдөр дэлхий дахинаа төв ази, дундад ази, дотоод ази гэх нэр томъёогоор газар зүйн нэг л бүс нутгийг ойлгон нэрлэх болжээ. Гэхдээ уг бүс нутгийн хил хязгаарын талаар одоог болтол нэгдсэн ойлголтонд хүрээгүй байна. Энэ нь тус бүс нутгийг газар зүй, улс төр, түүхийн гэсэн 3 өнцгөөс хардагтай холбоотой болов уу гэж бодогддог.
Орчин үед Төв Ази нэрээр хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 5 станы газар нутгийг хамааруулан үзэх хандлага илүүтэй болсон байна. Энэ нь хуучин ЗХУ-ын үеэс гаралтай бөгөөд ЗХУ-ын түүх газар зүйчид Казахстаныг тус бүс нутагт оруулалгүй зөвхөн өмнөдийн 4 станыг дундад ази буюу төв ази гэж байжээ. ЗХУ задарсаны дараа үеэс Казахстан тус бүс нутагт орсноор одоогийн энэхүү ойлголт гарч иржээ. Энэхүү 5 станы бүрдлийг Туркестан гэж нэрлэх явдал нэлээн түгээмэл байдаг.
Харин ЮНЕСКО-ын албан ёсны түүх бичлэгт байгаль, цаг агаар, газар зүйн онцлог зэргийг үндэслэн дараахь хил хязгаарыг тогтоодог бөгөөд манай судлаачид ч үүнийг баримталдаг болов уу. Энэхүү ойлголтоор Төв ази нь Монгол, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 5 стан, (Казах, Киргиз, Узбек, Туркмен, Тажик) Хятадын баруун хойд хэсэг, (Өвөр Монгол, Хөх нуур, Төвд, Уйгар, Ганьсу, Сичуан, Ниншя, Шаанши, Шанши) Оросын өмнөд хэсэг, (Буриад, Тану Тува, Алтай, Өмнөд сибирь Эрхүү муж, Хакас, Урал,Тохарстан, Челябинск, Татарстан, Башкортостан) Энэтхэгийн баруун хойд бүс, (Кашмир болон Ладах муж) Афганистан, хойд Пакистан, Ираны зүүн хойд хэсэг (Голестан, Хойд Хорасан, Разави) зэрэг газар нутгийг хамардаг байна.
Газар зүйн тогтоцийн хувьд говь цөл, өндөрлөг уул нурууд байхаас гадна гол шинж нь тал хээр бөгөөд Төв Азийн тал хээрийг Евро-Азийн тал хээр гэх нь бий. Учир нь дорнод Европийн хээр нь Төв Азийн тал хээрийн үргэлжлэл юм. Төв Азид, Монголын Бүүрэг дэлийн элс буюу дэлхийн хамгийн хойд захын элсэн манхан, (хойд өргөргийн 50’18”) мөн Эрдэнэцогт сумын нутагт дэлхийн хойд хагасын хамгийн урд захын мөнх цэвдэг байх (х.ө 46’17”) ба дэлхийн мөнх цэвдэг болон хөлддөггүй цөл хоёр хамгийн ойрхон оршдог (770 км) зэрэг газар зүйн онцлог байдаг байна.
Түүх угсаатны талаас авч үзвэл энэ бүс нутаг нь баруун болон өмнөд талдаа Индо-Евро буюу Перс хэлтний, Дунд хэсгээрээ Түрэг хэлтэн, зүүн талдаа Монгол хэл, угсаатнаас бүрдэх бөгөөд нүүдэлчдийн сонгодог иргэншил соёлын төв юм. Орчин үеийн генетикийн судалгаагаар Төв Азид анх хүн 40-50 мянган жилийн өмнө суурьшсан ба хүн төрөлхтний эртний суурьшсан газруудын нэг юм. Төв Азийн энэ өргөн уудам нутагт олон олон нүүдэлчин болон хагас нүүдэлчин овог аймаг, угсаатан, улс гүрнүүд байгуулагдан генетикийн болон соёлын солилцоонд оролцохоос гадна газар нутаг бэлчээрийн болон бүс нутагт ноёрхохын төлөөх дайн тулаан хийж байжээ. Бүс нутагт ноёрхох нь тус бүс нутгийн нэгэн онцлог давуу тал болох баруун Ази, Европийг зүүн болон зүүн өмнөд Азийг холбох гүүр болж байсан торгоны замд хяналт тогтоох явдал байлаа. Нүүдэлчдийн хөдөлгөөнт чанар, чийрэг хатуужилтай байдал зэрэг нь тэднийг дайн байлдаанд илүү идэрхэг байлгаж, газар зүйн байршлийн давуу тал нь бусад иргэншлийг холбох зам гүүр болгож байсан нь тус бүс нутгийг 16-р зуун гартал дэлхийн хамгийн хүчирхэг бүс болгож байв. Харин 16-р зуунаас далайн тээвэр хөгжиж торгоны зам ач холбогдлоо алдаж, мөн галт зэвсэг гарсан зэрэг шалтгааны улмаас бүс нутаг энэ давуу талаа алджээ.
Төв Азийн баруун хэсэг буюу Хар тэнгис, Каспийн тэнгисийн хооронд болон хойд талаас Индо-Европ хэлтний үүслийг авч үздэг бөгөөд тэд эндээс хожим МЭӨ 4000-1000 онуудад баруун Сибирь, бидний нэрлэж дадсанаар дундад Ази, баруун болон баруун өмнөд Ази руу тархан нүүдэлсэн бөгөөд Европчуудын зарим нь ч эндээс гарал үүсэлтэй юм. Үүнийг Курганы онол гэх ба олонхи судлаачдын баримталдаг онол юм. Чухам энэ бүс нутгаас л Скифүүд, Бактри, Согдууд, хожмын Аланчууд, Иранчууд, Европчуул гарчээ. Индо-Европ буюу Перс Арийн ген хэмээгддэг Ү-хромсомын R1а1 хаплогрупп Дундад болон Баруун Ази (Түрэг болон Перс угсаатан---эндээс үзэхэд Түрэг угсаатан нь эцгийн талаасаа Перс ястай, домгийн хувилбараараа эхийн талаасаа Монгол төрхтөн чонын цустай бололтой) зүүн Европийн Индо Слав хүмүүс, Днепр, Дон мөрний хөндий, Скандинавт тархжээ. Баруун Европт уг гений давтамж ховор байдаг байна.
Төв Азийн төв болон зүүн талд Алтай хэлтнүүд оршин байсан ба Хүн нар, Монголчууд, хожмын утга зохиолд гарах Иран Туран хэмээхийн Туранчууд буюу Хөх Түргүүд энэ хэсэгт хамаарах ба тэд Төв Азийн хамгийн хүчирхэг гүрнүүдийг байгуулж явсан ба Перс хэлтнүүдийг баруун тийш түржээ. Мэдээж Төв Азийн хамгийн анхны гүрэн улсыг Хүн нар анхлан байгуулжээ.
Төв Азид анх адгуус амьтадыг гэршүүлж, морийг хөллөг, уналганд ашиглах болж, (МЭӨ 4500-4000 он) эмээл, дөрөө, өмд, тэрэг (МЭӨ 2000 онд байлдааны хүнд тэрэг, хигээст дугуй үүсч МЭӨ 1600 оноос хойд Хятадад нэвтэрчээ) зэрэг олон олон зүйлийг анхлан зохион олж, хүн төрөлхтний түүх соёлд онцгой нэмэр хандив оруулсан бөгөөд мянга мянган жилийн турш талын нүүдэлчид оршин байж сонгодог нүүдлийн мал аж ахуйг хөгжүүлжээ. Анх МЭӨ 4500 оны үес мал аж ахуйн зэрэгцээ газар тариалан багахан хэмжээгээр хөгжиж эхэлж байсан авч аажимдаа нүүдлийн мал аж ахуй сонгодог хэлбэрийг олж давамгайлах болжээ. Чухам яагаад энэ бүс нутагт газар тариалангаасаа илүүтэй нүүдлийн мал аж ахуй хөгжив гэдэг асуудалд тус бүс нутгийн байгаль цаг агаар, газар зүйн онцлог нь хариулт өгдөг гэж үздэг. Төв Азийн газар нутгийн дийлэнхи хэсэг нь өндөрлөг газар бөгөөд хуурай уур амьсгал зонхилох тул газар тариалан хөгжихөд бэрхшээлтэй байжээ. Гэхдээ Төв Азийн тодорхой хэсгүүдэд газар тариалан суурин иргэншил өндөр хөгжсөн бөгөөд дэлхийн бусад хэсгүүдэд ч нөлөөлсний дээр Төв Азийн нүүдэлчид нүүдлийн мал аж ахуйн иргэншил соёлыг бүтээн, өөрсний онцгой чанарын дэмээр дэлхий дахины нийтлэг соёлыг бий болгоход онцгой үүргийг биелүүлсэн юм.
Тус бүс нутаг нь хүн амын нягтралаар ихээхэн сийрэг (Ази тивд нэг 1 кв.км-т 80.5 хүн оршин суудаг бол тус бүс нутагт 1 кв.км-т 9 хүн) бөгөөд Азийн хүн амын 2% буюу 80 сая хүн энэ бүс нутагт оршин сууж байна.

Sunday, November 8, 2009

Монгол үзэл

Түүхийн ном зохиол унших зуур олж мэдсэн зүйлүүдээ “Монгол үг олъё” “Монгол заншил” гэсэн гарчгийн дор бичиглэн тэмдэглэж байснаа нэгтгэн нэгэн гарчгийн дор тэмдэглэн үлдээхээр шийдлээ. Ингээд хэл соёл, ёс уламжлал, зан заншлуудыг нийлүүлэн хэлэх үгийг хайсны эцэст “Монгол үзэл” гэж гарчиглахаар боллоо.
Төв Азийн монгол төрхт нүүдэлчин түмэн олон мянганы “үзэлтэй” бөгөөд Фин Угор хэлтэн болон Индо-Европ хэлтэн нүүдэлчин, суурьшмал улс түмэн болон шар мөрөн, хөх мөрний завсар үүссэн хуася буюу одоогийн нэрлэж дадсанаар хятадын суурьшмал үзэлүүдтэй харилцаа холбоотой явж ирсэн билээ. Хожмоо Төв Азийн монгол төрхтнүүд Монгол, Түрэг, Түнгүс буюу манж хамниган угсаатан болон салбарласан байна.
Нүүдэлчдийн явдал, харилцаа өргөн нутгийг хамарч, хэл соёлыг зээлдэх, өөрийн зүйлсээ түгээх онцгой чадамжтай байснаас мэдээлэл хавьгүй давуу олдог бөгөөд шинэ соргог санал сэдэл илүүтэй олох ба мөн бусад суурин иргэдийн мэдээллийг дамжуулан холбох үүргийг гүйцэтгэдэг. Харин суурин соёл тэдгээр мэдээллийг боловсруулан хөгжүүлдэг амуй. Эндээс үзэхэд эрт үед нүүдлийн болон суурин соёл бие биенээ харилцан дайсагнахаас гадна, илүүтэйгээр нэг нэгнээ хөгжүүлэн урагшлуулах зүй тогтол болж байжээ. Ийм харилцаа холбоонд харилцан өгөлцөж авахаас бус нэг нь байнга авч нөгөө нь байнга өгдөг зүй тогтол үгүй билээ. Өөрөөр хэлбэл соёлын давуу байдал гэж үгүй бөгөөд солилцоо хоёр чиглэлтэй билээ.
Монголчуудын нэг онцлог бол олон соёлын бүслэгүүдийн төв дунд байдаг явдал бөгөөд бидэнд хүн төрөлхтний түгээмэл буюу нийтлэг, мөн өөрийн өвөрмөц соёл уламжлан иржээ. Нийгэм, эдийн засгийн байгуулал, хэл, соёл дахь бусад үндэстэн угсаатантай адил буюу төсөөтэй үзэгдлийг дан ганц бусад соёлын нөлөө, эсбөгөөс бусад соёлоос зээлдсэн хэмээх тайлбар нь үндсээрээ буруу юм.
Монгол хэлэнд ном, судар, дэвтэр, намтараас авхуулаад лууван, байцаа гэх мэт гаднаас авч өөриймшүүлсэн олон олон үг хэллэг байгаа ч уг үг хэллэгүүдийн нэн эртний улбааг мөн судлууштай юм. (үүнтэй холбогдуулаад хэлэхэд чагнаал, данхраад, араажав, чаатар гэх мэт үгсийг энэ монгол дуудлагаар нь дуудаж, бичиж хэвшүүштэй, жишээ нь театр, радио гэх үгсийг бусад хэлнүүд өөр өөрийн хэлний дуудлагаар бичиж дууддаг ба бид заавал орос дуудлагыг баримтлах шаардлагагүй мэт) Орчин үеийн даяаршлийн болон мэдээллийн энэ эрин үед бусад хэл соёлоос авсан зүйлээ Монголчууд өөрийн болгож чадсан шигээ бусдад өгснөө тодруулах шаардлагатай байгаа бөгөөд судлаач эрдэмтэд ч энэ оролдлогыг эхлүүлэн байгаа бөгөөд хятад хэл бичиг сурч байгаа залуу үед ихээхэн найдлага тавьж байгаа билээ. Ер нь Монголчууд их бодь хүмүүс, хүнээс авснаа нуудаггүй, хүнд өгснөө сайрхдаггүй, өөрөөр хэлбэл соёлын ололтыг нийт хүн төрөлхтний өмч мэт хүлээн авдаг, их л дээрээс даяаршсан сэтгэлгээтэй байж уу гэмээр бодогддог.
Энэ удаад Хятадын сурвалж дахь умрын нүүдэлчидтэй холбоотой хэдэн үгийг судлаачдын бүтээлээс дам уншсанаа тэмдэглэн үлдээе. Ханз дүрс үсэг нь нэг үет дуудлагатай бөгөөд үгийг нэг үеэр тэмдэглэх бөгөөд үүнтэй уялдан нүүдэлчдийн нэр ус, үг хэллэгийг нэг үет үг болгох ба энэ нь дуудлагын хувьд эрс өөрчлөгддөг, мөн эртний хятад дуудлагыг хэрхэн дуудах тухай нэг мөр болгосон зүйл байхгүй тул уг үгийн гарвал хийгээд үндсэн дуудлагыг олоход нэн бэрхтэй ч эрдэмтэд зарим нэг үгсийн эх гарвалыг тодруулсан байдаг байна.
Хятад хэлнээ морийг ма, гүүг кэ гэх ба нүүдэлчдээс авсан үг гэжээ. Нүүдэлчид малыг хэдэн мянганы өмнөөс эхлэн гаршуулан тэжээж ирсэн тул мал аж ахуйн холбогдол бүхий үгс нүүдэлчдээс гаралтай байх бүрэн магадтай юм. (Монгол хэлнээ одоо мэдэгдэж буй адууны нас шүдтэй холбоотой 54, зан аашийн талаар 103 нэр томъёо байна) Үүний жишээ нь морь, гүү гэдэг үг хятад хэлнээ ма, кэ болон орсон мөн айраг гэх үг лао (эртний дуудлагыг нь хлак хэмээн сэргээсэн), тэрэг нь чэ болон оржээ.
Хуучирыг хятададаар Ху жин эр гэх ба утга нь хугийн хөгжим гэдэг ба монголоор жингэнүүр, жиргээ, жижиг хуур гэдэг байсан болов уу гэж бодогдоно. Мөн сыху-дөрвөн чавхдаст хуур, ху цзяа-Хугийн цуур буюу модон цуур, ху гу-хугийн арьсан хэнгэрэг (МНТ-д хэнгэргийг хүүрэг гэдэг), хуце-эвэр бүрээ гэх мэт хөгжмийн зэмсгийн нэрс байна. МЭ 198 оны мэдээгээр “зүүн Хан улсын хаан Линди нь Ху нарын хувцас, гэр, исэр, суудал, хоол, бүжиг болон кунхоу, ди буюу лимбэ хөгжимд дуртай байв” гэжээ. Энд байгаа кунхоу-г (хүн хуур гэж байгаа мэт) зарим судлаач хуур гэдэг үгийн их эртний хэлбэр гэх нь бий. Ер нь хятадууд лимбэ, хуур, пийпаа хөгжим болон 12 жилийн тооллыг нүүдэлчдээс дам болон шууд авсан гэж үздэг.
Хар чинжүүг хятадаар хузяо буюу хугийн халуун ногоо гэдэг, учир нь баруун зүгээс Хүн нараар дамжин Хятадад ирдэг байв. Ху бин гэх нэгэн төрлийн бинг Хүн нарын хоол гэх нь бий. Хуушуур-хугийн шарсан бин гэх утгатай үг гэжээ. Мөн бууз нь монгол хятадын алин болох нь мэдэгдэхгүй ч миний бодлоор боох гэсэн үгнээс гарсан болов уу. Одоо ч баруун аймгуудад бууз чимхэхийг боох гэдэг ба боосон гэдгээс үүссэн болов уу гэж бодогддог.
Хүн нарыг намар адуу таргалсны хойно Дайлинь хэмээх газар цуглаж тайлга тахилга үйлддэг хэмээжээ. Энэхүү Дайлинь-ийг газрын нэр гэх авч зарим судлаач ой мод тойрон хийдэг тахилгын зан үйлийн нэр гэжээ. Сүнбэчүүд бут хатган түүнээ тойрон тахилга хийдэг байсан ба Киданчууд намрын тахилгаа дайла гэдэг байв. Эндээс үзэхэд Дайлинь гэх үгийг тахилга тайлга гэх үгтэй холбон үзэж болох мэт. Дашрамд дурдахад энэхүү намрын тахилга өнөө үед тамганы баяраар уламжлан өнөөг хүртэл хийгдсээр байгаа бус уу.
Хүн нарт бичэци хэмээх албан тушаалтан байсныг хожмын Сүнбэ нарын бидэжэнь, орчин үеийн бичээч гэх үг мөн хэмээнэ.
Бас нэгэн сонирхолтой үг бол содо буюу гутал гэсэн үг байна. Уг үгийг зүүн Хан улсын үед сакдак гэдэг байсан гэх ба Енисейн остяк хэлнээ гутлыг сагди гэдэг, Перс хэлнээ элдсэн ширэн гутлыг саахтаг хэмээнэ. Монгол хэлнээ төстэй үг нь мөн л арьс ширийг элдэж хийсэн саадаг байна.
Бас нэг онцгой үг бол Тэнгэр юм. Эртний Сүмэрээс улбаалсан Дингир хэмээн байх ба Монгол Түрэгт Тэнгри, хятад хэлнээ Тэн байна.
Хятадын байлдаант улсуудын үед Жао улсын Үлин ван Хүн нартай тэнцэн байлдахын тулд Хүн нар шиг болтугай хэмээн Хүн нарын хувцад өмсөн, Хүн нарын байлдааны зэвсэг, нум хэрэглэж, морь унаж сурахыг зарлигдсан нь “Ху-гийн хувцад өмсөн, морь унаж, нум сумаар харвалдаж сурагтун” гэсэн хэллэгээр хятад хэлэнд байна. Энэ үеэс хятадад нарийн ханцуйт богино хормойт дээл, өмд, түрийтэй гутал, аралт бүс, ангийн үсэн малгай өмсч сурсан нь “Хуфу цишэ” хэмээх хэвшмэл хэллэг буй болсон гэж Я.Ганбаатар авгай бичсэн байна.
Сонирхолтой байж магадгүй үгс хятад сурвалжид олонтоо тохиолддог байна. Хүн нарын үед цэрэг татлагаас хожимдсон цэргийг цаазаар авдаг (дайнд явахгүй бол үхэл, явбал амьд үлдэх магадлал илүү) хуультай байсан ба “хоу чжэ” гэж тэмдгэлсэн байх ба энэ нь дайн байлдаанаас үлдэж “хоцорсон цэрэг” гэх нүүдэлчдийн үгний хятад дуудлага болов уу гэж бодогдоно. Мөн гэрийг Хун лу гэх ба утга нь бөмбөгөр сууц хэмээдэг. Үүний хун гэдэг нь монгол үг байх бүрэн магадтай юм. Учир нь хундан, хунбан, хундага, хун шувуу гэх монгол үгс байна. Мөн “Шаньюн өргөөний өмнө нэгэн нуур байх ба түүнд луу унасан хэмээн домоглодог. Тэрхүү нуурыг Тайлуэрхэхэ гэнэ” гэсний тайлурэхэхэ (тэнгэрийн луу эрхсэн гэвэл яахав) гэдэг үгийн утгыг олоогүй байна. Энэ мэт олон олон үг, хэллэг (хятад сурвалжаас 278 үгийг түүж, Хүн нарын үг хэллэг хэмээн үзэж байгаа) бий бөгөөд судлаачдын хувьд атар зэлүүд шахам байгаа талбар билээ.

Tuesday, October 27, 2009

Монгол үзэл

Судрын чуулган
Монголын Илхаант улсын Хасан болон Өлзийт хааны үеийн төрийн сайд асан, Ираны Хамадани хотод төрсөн, жүүд гаралтай Рашид ад Дин Хасан хааны зарлигаар, Монгол, Перс, Хятад, Энэтхэг зэрэг олон үндэс угсааны, олон хэлний эрдэмтэд түүхчдийн тусламжтайгаар, тэр үеийн Монгол болон бусад улс түмний аман домог, түүх бичлэг болон угийн бичиг зэргийг ашиглан, 1301-1311 онд бичсэн “Судрын чуулган” хэмээх бүтээл нь түүх, угсаатны зүйн томоохон бүтээл болохоос гадна хэл судлаачдын ч анхаарлыг зүй ёсоор татдаг болов уу хэмээн бодно. Учир нь уг бүтээлд зохиогч зарим монгол үгсийг шууд авч хэрэглэсэн тохиолдол цөөнгүй байдаг гэхээс гадна зарим нэр, үгийн утгыг “энэ үгийн утга нь” хэмээн гаргасан байдаг. Энэ бүтээлд гарах нэр ус, үгсийн дуудлага тухайн үгийн яг зөв дуудлага болон зөв утга гэх нь эргэлзээтэй (эртний перс хэл, дам орчуулга, хуулбар г.м) хэдий ч ойролцоо болов уу хэмээн найдна.
Рашид ад Дины ашигласан түүхийн сурвалжууд дотор “Алтан дэвтэр” хэмээгдсэн монгол сурвалж дурдагдан байх ба эрдэмтэд судлаачдын анхаарлыг ихээр татдаг юм. Түүний бичсэнчлэн “Үнэн түүхийг үеийн үед уламжлан монгол хэл дээр, монгол бичгээр бичиж байсан бөгөөд гэхдээ цуглуулан цэгцлэлгүйгээр тус тусад нь хаадын нууцад хадгалсаар байдаг билээ. Түүнийг гадны хүнд уншуулах нь битгий хэл өөрийн итгэлтэй сайн хүнд ч уншуулалгүй нууцлан битүүмжилсэн байдаг” гээд “...Хасан хаан, сэтгэлгээний хамгийн дээдэд хүрсэн буянт оюун билгээ энэ бүх бичээсийг цуглуулан цэгцэлсэн байхад анхаарч...эдгээрийг нэгтгэн цэгцлэх лүндэнг Рашид Хамаданы хүүд буулгав” хэмээжээ. Монголчуудын түүх, төрийн бодлогын тухай нууцлан чандалсан уг сурвалжийг зохиогч өөрийн биер уншиж, судалсан эсэх нь эргэлзээтэй бөгөөд хэсэгчлэн уншсан, эсвэл уншсан хүнээс (Болд чинсан, Хасан хаан г.м) дам авсан болов уу хэмээн бодогддог. Тухайн үед Илхаант улсад суух Их хааны элчин, Иран Туран дахь цэргийн захирагч, дөрвөн аймгийн Болд чинсан түүнд олон үнэтэй мэдээлэл өгсөн бөгөөд монголчуудын аман домог сэлтийг түүнээс тодруулсан байх үнэн магадтай юм. Рашид ад Дин бүтээлдээ түүнийг их ноён, Болд ах хэмээжээ.
Мөн тэрээр ”Монголчуудын заншил бол өвөг дээдсийнхээ уг удмыг хадгалан, шинэ төрсөн хүүхэд бүрд түүнийгээ зааж мэдүүлдэг болохоор дотор нь өөрийн аймаг, уг гарлыг мэддэггүй нэг ч хүн байдаггүй. Бүх аймаг тус бүрдээ ил тодорхой угийн бичигтэй” хэмээн бичсэн байдгаас үзвэл Монголчуудын угийн бичгийг шууд буюу дам хэрэглэсэн нь тодорхой байна.
Судрын чуулган нь Чингис хаанаас өмнөх болон дараах үеийг хамарсан хэдэн зуун жилийн түүх домгийг багтаан бичигдсэн бөгөөд түүхийн үнэ цэнэтэй сурвалж болдог хэдий ч 100% үнэн гэж болохгүй ба, харин тухайн үеийн буюу түүний амьдран байх үе, Иран дах Монголын хаант улсын хүрээн дэх мэдээ занги нь хамгийн үнэнд ойр байх магадтай юм. Юм хөгжсөн гэх өнөө үед ч 100 жилийн өмнөх битгий хэл 20, 30 жил, өчигдөр уржигдарын явдал ч 100% үнэнтэй байж чадахгүй л байгаа болохоор арга үгүй биз ээ. Амьдрал өөрөө олон өнгөтэй түүнээс хар цагааныг ялгах нь туйлын бэрх ажгуу.
Судрын чуулганд бичсэнчлэн “Чингис бол дэлхийг нэг л улс, түүний оршин суугчдыг нэгэн санаатан болгосон. Улсын дэвсгэр нутгийн бөмбөлөгийг алан хядагч, төрийг булаагч, хэрцгий догшин байлдан эзлэгчдээс цэвэрлээд өөрийнхөө нэрт төрөл төрөгсөд аугаа их залгамжлагчдадаа үлдээлээ... ...тэдний дараа алсыг харагч үр сад ба түүний дараачийн үеийнхэнд нь, өөрийнх нь ард түмний өнгөрсөнд нь тулгуурласан тодорхой нэр хүнд үлдэх ёстой” хэмээсэн нь тэр үеийн Монгол хаадын бодлого Монголын төр ёсны их алтан дэвтэр байсан буй заа хэмээгээд түүнийг уншин байх явцдаа олж харсан хэдэн үг болон саналаа хэлье.
Нирун-нуруу. Нирун монголчуудын дээдсийг Алунгоо эхийн ар нуруунаас төрсөн учир нуруун монгол хэмээдэг гэжээ.
Отчигин-гал голомтын эзэн. Эндээс үзвэл от гэдэг нь гал, харин чигин, игин хэмээх нь эзэн сахиус, сахиул гэх утгатай болов уу хэмээн мунхаглана. Эчиг буюу эцгээс чэгин, тэгин, эзэн хэмээх нь, гал утаа-голомт хэмээхээс от, утаа, гал хэмээсэн болов уу, буруу бол хэлтрүүлж хайрла. Ямартай ч орчин цагийн монгол хэлэнд отгон хүүхэд, голомтын эзэн хэмээх отгоныг өргөн хэрэглэж амуй.
Боржигин-хөх нүдтэй. Европ зүгийнхний шүүрч авдаг мэдээллүүдийн нэг, гэхдээ бид чинь тодорхой хэмжээгээр Төв Азийн Индо-Ари угсаатан болох Скифийн цустай шүү дээ, бүр Хүн нараас ч өмнө генетикийн солилцоо хийсэн нь нотлогдсон юм. (Эртний ДНХ-орчин үеийн ДНХ-г үзнэ үү) Чингис хааны дээд өвөгт нэгэн удаагийн хольцоор бүхэл бүтэн угсаатан өөрчлөгдөхгүй билээ. Одоо ч зарим монгол багачуул шав шар үстэй, өнгөт нүдтэй байдаг ба Монгол хүнийг хонгор үстэй, хонин бор нүдтэй гэдэг. Тэгээд ч бид Лениныг монгол цустай гэдэг ч тэрээр орос л хүн шүү дээ. Тэгж яривал цэвэр гүрж Сталиныг орос л гэдэг. Миний үзэхээр энд нөгөө эзэн буюу “жигин” гэдэг үг маань байж байх шиг. Тэгэхээр “Бор” гэдгийг тайлбал “Бор”-ын эзэн гэсэн утга гарах мэт.
Үлэхү-илүү. Илхаант улсыг үндэслэгч Чингис хааны ач тус эрхэмийг Хүлэгү, Хулагу, Үлэгү, Хөлөг гэх мэт олон янзаар тэмдэглэдэг билээ, харин Судрын чуулганд Үлэхү гээд энэ нь гоц гойд ялгарсан, илүү гэсэн утгатай хэмээжээ. Эндээс харвал энэ нь одоо моодонд ороод байгаа илүү хэмээх утгатай нэр байх нь.
Толуй-толь. Толуй ханыг өнгөрсний хойно Монголчууд бүрлээчийн нэрийг цээрлэдэг заншлын дагуу толь хэмээх үгийг хэрэглэхгүй болсон гэсэн байна. Тэгвэл хэдий үеэс эхлэн толь гэдэг үгийг эргэн хэрэглэсэн байх нь сонирхол татдаг.
Жочи-Цочирхон мэндэлсэн тул ийн нэрлэжээ гэжээ.
Гэндүү чоно-азарган буюу эр чоно. Хожмын дундад эртний Монгол сударчдын бүтээл дотор ч ингэж гардаг.
Сухай-одоог болтол нэгэн төрлийн бутыг ийнхүү нэрлэдэг. Тухайн үед сухайн бутан дунд өлгийдөөд орхисон хүүхдийн хойчис сухайт овогтон (Баарины салбар) болов гэжээ.
Чин-бат бэх. Эндээс Чингис хааны нэрийг үүссэн гэжээ. Чингис хааны нэрийг нэгэн шувуу дуугарснаас, мөн тэнгис далай гэдгээс үүссэн гэх ба сүүлийнх нь илүү үнэнд ойр гэж үздэг. Тэгэхдээ энэхүү чин гэсэн үгийн утгыг зөв гаргасан мэт. Одоо ч чин үнэн, чин сэтгэлээсээ гэж хэрэглэдэг. Хожмын чин ван хэмээх цол ч үүнтэй холбоотой байхыг үгүйсгэх аргагүй мэт. Тоглоом шоглоомоор хэлэхэд Солонгосууд бат бэх үнэн, чин сэтгэлийн үнэн, нээрэн гэхийг чин ча гэдэг билүү.
Инанч-үнэнч. Энэ инанчаас инаг буюу янаг хэмээх үг одоо хэрэглэгддэг ба тухайн үедээ үнэнч, итгэлтэй хэмээх утгатай байв. Ажилдаа янаг, нөхөртөө янаг гэвэл ажилдаа дуртай, ажил мэргэжилдээ үнэнч, нөхөртөө үнэнч гэх утга гарна...завсарлага.

Tuesday, October 20, 2009

Киргизийн тухай

Төв Азийн эртний ард түмнүүдийн нэг Киргиз түмнийг анх Сибирийн төв хэсэг, Енисей мөрний дээд хөндий Минусын хотгорт оршин байсан гэдэг ба магадгүй тэд Саяны уулсаас өмнөш нутаглан байсан байх магадтай юм. (Хяргас нуур, Хиргисүүр) МЭӨ 201 оноос хятад сурвалжид Хүн нарт эзлэгдсэн аймгуудын дотор Гэгүн буюу Гянгүн гэх нэр гарах бөгөөд тэднийг Киргизүүдийн өвөг хэмээдэг. Тэд Тэлэ аймгийн холбоонд (Тогуз- огуз буюу 9 аймагт Уйгар, Сыр-Тардуш, Басмыл, Огуз, Хазар, Аланчууд, Киргиз, Тува, Якут ордог байжээ) байж Төв Азид үүсч, задарч байсан гүрнүүдийн бүрэлдэхүүнд орох болон тэмцэх зэргээр оршин байжээ. МЭӨ 2-р зуунаасөмнө Хакас-Минусын хотгорт Индо-Евро буюу Перс угсааны Динлинчүүд байсан гэдэг ба Хүн нар тэднийг МЭӨ 1-р зуунд эзлэн 150 жил ноёрхсон бөгөөд энэ үед алтай язгуурын хэлт, Монголжуу төрхт Гянгүнчүүд Хүн нарт шахагдан тус бүс нутагт шилжин шаргал үст, цэнхэр нүдэт Динлинчүүдтэй генетикийн болон соёлын солилцоонд орсон үеэс Гян буюу Кем-Енисей мөрний хөндий Хакас-Минусын хотгор Гянгүн нарын нутаглах үндсэн төв болсон байна. Тэд Динлинчүүдээс гадна Угор, Самоед болон Кет хэлтнүүдтэй ч нэлээн холилдсон бололтой. Үүний нотолгоо нь Таштыкын соёлын дурсгал, олдворуудаас харагдах бөгөөд 7-12-р зууны Хятад болон Муслим сурвалжид тэднийг улаан үстэй ногоон нүдтэй хүмүүс гэж тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөн орчин үеийн генетик ДНХ-ийн судалгаа ч үүнийг давхар нотлох бөгөөд одоогийн Киргизүүд нь тэр үеийн Сибирийн оршин суугчдын удам гэдгийг баталдаг. ДНХ-ийн судалгаагаар одоогийн Киргиз эрчүүдийн 63% нь Өвөг Индо-Европ хэлтний ген гэгддэг Y-ДНА-ийн R1а1 хаплогрупптэй байдаг байна. (Тажикуудын 64%, Украинуудын 54%, Польшуудын 56%, Айсландчуудын 25% нь ийм гентэй)
Хүн нарын ноёрхолын дараа Киргизүүд хэсэг тусгаар байгаад Нирун буюу Рураны мэдэлд байгаад хожим Хөх Түрэгийн бүрэлдэхүүнд орсон байна. Уйгарын хаант улсад 758 онд эзлэгдэн 80 орчим жил болжээ. Киргизүүд 818 онд Ажо хааны удирдлагаар Уйгарын эсрэг босон Харлугууд болон Төвдтэй холбоо тогтоон 20 гаран жил амжилттай тэмцсээр 840 онд, Уйгарын дотоодын хямралыг ашиглан нийслэл Ордбалгадыг түйвээж, Уйгарын хаант улсыг мөхөөжээ. Уйгаруудыг нэхэн хөөж байлдан эзлэх аяны дүнд тэд Хар мөрнөөс Тэнгэр уул хүртэлх газар нутгийг эзлэн авчээ. Гэвч тэд энэ нутагт төдий л удаан ноёрхоогүй бөгөөд Киргизүүд улс төрийн төвөө “Жэти-су”-д шилжүүлсэн ба ингэснээр тэд Тэнгэр уулын Киргизүүдийн суурийг тавьжээ хэмээн үздэг. Тэдний явсан шалтгаан болон цаг хугацааны талаар эрдэмтэд нэгдсэн ойлголтонд хүрч чадаагүй байна. Зарим судлаач Хятан нарт шахагдан баруунш хөдөлсөн гэдэг бол зарим нь цаг агаар, уур амьсгалын хүчин зүйлийн улмаас өөрсдөө баруун тийш нүүсэн гэдэг. Учир нь Киргизүүдийн аж ахуйд мал сүргээс гадна газар тариалан чухал байр эзэлж байсан бөгөөд Монголын өндөрлөг, газар тариаланд тохиромж муутай байсан гэж үздэг. Ямартай ч 10-р зуунд Хятаны Елюй Амбагян баруун зүг давшихад Киргисүүд байгаагүй хэмээн тэмдэглэгдсэн ба Монголчуудын дунд “Киргис хаан гэж байгаад булш, оршуулгаа цогцлоон үйлдэж, чулуун хөрөг дүрсээ бүтээгээд нүүгээд явчихсан юм гэнэ лээ” хэмээх аман домог байдаг.
Хэдийгээр тэд Тэнгэр уул хүрч суурьшсан ч уугуул нутаг Хэм Хэмчиг буюу Енисей мөрний хөндийд нэгэн хэсэг нь байсаар байсан ба 1207 онд Чингис хааны ууган хүү Жочи тэднийг дагуулснаар Монголын харъяанд орсон байна. Энэ тухай Монголын нууц товчоонд “Туулай жил Жочийг баруун гарын цэргүүдээр ойн иргэнд морилуулав. Буха газарчилж одов. Ойрадын Хутуга бэхи, түмэн Ойрадын урьд элсэн орж ирэв. Ирээд Жочийг удирдаж, түмэн Ойраддаа газарчилж, Шигшиг-д оруулав. Жочи Ойрад, Буриад, Баргуд, Урсуд, Хабханас, Ханхас, Туба тэргүүтнийг оруулаад, түмэн Хиргисүүдэд хүрвээс, Хиргисүүдийн ноёд Йэди-Инал, Алди-Эр, Өрэбэк-Дигин Хиргисүүдийн ноёд элсэн орж, цагаан шонхрууд, цагаан агтас, хар булгад аваад ирж, Жочид уулзав” хэмээжээ. Энэ түмэн хиргисийн хойчис 300 мянган Енисейн Киргисүүд одоо Тувад байгаа билээ. Енисейн Киргизүүд болон Тэнгэр уулын Киргизүүдийн ялган салгах аргагүй бөгөөд магадгүй тэд Енисейн эхээс Тэнгэр уул хүртэл ч тархан байсан байхыг үгүй гэх газаргүй бөгөөд сүүлийн үед эрдэмтэд судлаачдын дийлэнхи нь одоогийн Киргизийн Бүгд Найрамдах Улс буюу Тэнгэр уулын Киргизүүдийг эртний Скиф буюу Сака, Үсүн, Динлин, Хүн нарын овог аймгуудын нэгдэл, хойчис хэмээх дүгнэлтэнд хүрч байна. Одоогийн Киргизстаны нутаг дэвсгэрээс 200-300 мянган жилийн өмнө хүн байсан ул мөр олдсон бөгөөд МЭӨ 2000 оны үеийн соёл иргэншлийн талаар анх Хятадын сурвалжид гарах ба одоогийн Киргизүүд бол тэндхийн уугуул оршин суугчид болон Енисейн Киргизүүдийн удам угсаа гэж үзэх нь үнэнээс нэг их хол зөрөхгүй болов уу хэмээн бодно.
Киргизүүд 13-р зуунаас Монголчуудын тэлэлтэнд автан Алтан орд ба Цагаадайн улсын бүрэлдэхүүнд, хожим Ойрадын мэдэлд байгаад 1510 онд биеэ даасан гэж үздэг. Киргиз аймгууд 17-р зуунаас Халимагуудын довтолгоонд өртөн, Зүүн гар хүчирхэгжин гарч ирснээр Ойрдын мэдэлд орж, 18-р зууны дунд үес Манжууд Зүүн гарыг эзэлснээр Манжийн захиргаанд оржээ. Манжуудын хүч, хяналт суларсан 19-р зууны эхээр Кокандын ханлигт (Таранч, Сартууд буюу Тажик ба Узбекүүдээс бүрдсэн, доголон Төмөрийн хойчисын байгуулсан улс бөгөөд1709-1876 онуудад оршин байжээ) автжээ. 1876 онд тус бүс нутгийг хаант Орос өөртөө нэгтгэсэнээс үүдэн олон бослого тэмцэл гарч, олон олон Киргизүүд Памир болон Афганд дүрвэн гарчээ. 1916 оны Төв Азийн бослого дарагдснаар мөн олон Киргизүүд Хятадад дүрвэн гарчээ. Одоо Хятадад 145 мянган Киргизүүд Кизил Киргиз Автоном Мужид голлон оршин сууж байна.
Киргизыг 1919 онд Зөвлөлт засаг тогтсоноор Зөвлөлтүүд бүрэлдэхүүндээ оруулж, Кара-Киргиз Автономит Область гэх болж, 1925 онд Казах Киргиз хоёрыг салган, 1936 оны 12 сард Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Киргиз Улс болгосон байна. 1991 онд Киргизүүд тусгаар тогнолоо зарлан Бүгд Найрамдах Киргиз Улсыг тунхаглажээ. 2005 оны 3 сарын Парламентийн сонгуулийн дараагаар “Алтан зулын хувьсгал” гарч, 4 сард анхны ерөнхийлөгч Аскар Акаевыг огцруулжээ. Уг хувьсгалаар парламентийн 75 гишүүний 3 нь алагдсан бөгөөд үүний дараа нөхөн сонгуулиар ахынхаа оронд гарсан бас нэгэн гишүүн алагдсан байна. Алагдсан 4 гишүүн хууль бус бизнесийн байгууллагатай холбоотой байжээ. Өнгөт хувьсгалын үр дүнд байдал нэлээд өөрчлөгдсөн хэдий ч улс орны дотоод амьдралд авлига хээль хахуулийн төвшин өндөр, хүний эрхийн үзүүлэлт доогуур, хуулийн хэрэгжилт муу зэрэг сөрөг үзэгдэл их байна. Мөн 2009 онд Төв Ази дахь Америкийн цорын ганц цэргийн бааз болох Манасын цэргийн аэродромыг нутгаасаа гаргасан бөгөөд ингэснээрээ жилд орж ирэх арван хэдээс жаран хэдэн сая долларын орлогоос татгалзсан явдлыг Орос болоод Хятадын нөлөө байх хэмээн шинжээчид таамагладаг. 2007 оны байдлаар 5.2 сая хүн амтайгаас 69% нь Киргизүүд (9% Оросууд, Узбэкүүд 14.5%, Татарууд 1.9%, Уйгарууд 1.1%, Тажикууд 1.1%, Казахууд 0.7%, Украинууд 0.5%) юм. Тэнгэр уулын бүс, өндөр уулсын ян сарьдагууд, Исык кул нуур, Турфаны хөндий гээд энэ орны байгалийн сайхныг гайхан бишрэм бөгөөд Төв Азийн Швейцари гэгддэг.
Киргизүүдийн тухай өгүүлэхэд Манас хэмээх баатарлаг тууль, түүнийг уянгалуулан хайлах манасчи (манайхны туульч, хуурч, хуурчинтай адил) буюу Манас хайлагчийн болон Киргизийн алдарт зохиолч Чингиз Айтматовыг тухай дурдахгүй өнгөрч болохгүй юм. Манас тууль нь нэн эртний амаар дамжуулан ирсэн Киргиз түмний түүх соёлын их өв билээ. 15 зуунаас эхтэй гэгдэх энэхүү туулийг зарим нь 7-р зуунаас ч эхтэй хэмээдэг ба 1885 онд анх бичгийн хэлнээ буулгажээ.
Киргизүүд мөн л чоно буюу нохойг эх үүсэлтэйгээ холбон домоглох ба эцгийн талаа чоно хэмээсэн байдаг. Киргиз домгоор бол тэдний өвөг нь Кызыл буюу улаан нохой гэдэг. Уг домгоор хааны гүнж шивэгчидтэйгээ зугаацаар хот хүрээнээсээ гадагш явдаг байсан ба нэг удаа яваад ирэхэд нь аулыг нь дайсан этгээд тонон талж хүн зоныг нь устгасан байжээ. Тэр аулд үлдсэн ганц амьд амьтан нь нэгэн эр тайган нохой байснаар гүнж болон түүний шивэгчид болох 40 бүсгүй болон тэр улаан нохойн дундаас Киргизүүд үүссэн гэх бөгөөд дөчин бүсгүй буюу дөчин овог аймгийн нэгдэл гэх Кир киз нэр үүсэв хэмээдэг. Тэгээд ч одоо Киргизийн төрийн далбааны тоонолжин (түндүк буюу гэрийн тооно) голтой нар нь 40 цацрагтай байдаг байна. Төв Азийн нүүдэлчин түмний нэг, гарал үүслээ чоно нохойтой холбон домоглох Киргиз түмний тухай товч бичвэрээ энэ хүрээд төгсгөе.