Monday, December 28, 2009

Хүний үүсэл хөгжил ба Монгол орон дахь эртний хүмүүс (эхлэл хэсэг)

Орчин үеийн хүн, та бид болох хомо сапиенс сапиенсийн үүсэл, хөгжлийн асуудал нь хүн судлал (physical anthropology), бич судлал (primatology), археолог, хэл шинжлэл болон генетик г.м олон шинжлэх ухааны салбарууд хамтран судалдаг томоохон бөгөөд маргаантай асуудлын нэг юм. Сүүлийн үеийн олдворууд болон шинжлэх ухаан технологийн ололт дэвшил энэхүү асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж байгаа бөгөөд дийлэнхи олонхи эрдэмтэн судлаачид хүний үүсэл хөгжлийн талаар нэгдсэн үзэл баримтлалтай болж байна. Энэ нь хүний анхны өвөг Африкт үүсээд бусад тив рүү нүүдэллэн дэлхий дахинаа тархан суурьшсан гэх ба хүний үүслийн нэг төвт үзэл бөгөөд орчин үеийн бүх хүнийг нэг л эхтэй, нэг л зүйл гэх ойлголт юм. Үүний эсрэг олон газар тус тусдаа үүссэн эсбөгөөс өмнө нь тархсан бусад хүний зүйлтэй хожим үүссэн төрөл зүйл нүүдэллэн очиж генетикийн солилцоонд орж орчин үеийн хүн үүссэн гэх олон төвт үүслийн онолууд байдаг ч сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ няцааж байгаа юм.

Анх дэлхий дээр амьдралын анхны хэлбэр үүсэн бий болж хувьсан хөгжсөөр сээр нуруутан, хөхтөн бий болж 65-85 сая жилийн өмнө (СЖӨ) анхны мич болон лемурын өвөг болох одоогийн лемур маягийн амьтан (primate) үүсэн хойд америкаас евроази, африк руу тархсан ба сая сая жилийн турш хөгжин хувьсаж салаалан хөгжсөөр 25 СЖӨ хүн төрхт мич буюу хоминоидиа (great ape) бий болсон гэдэг. Ингээд 15 СЖӨ гиббоны өвгөөс, 13 СЖӨ орангутаны өвгөөс, 10 СЖӨ гориллын өвгөөс, 7 СЖӨ шимпанзийн өвгөөс тус тус салсан гэдэг байна. Ингээд Австралопитикус, Кениантропусаар дамжин 3 СЖӨ Австралопитесин бий болсон ба австралопитесин нь биеийн үсээ гээж эхлэн хоёр хөл дээрээ явдаг байсан байна.

Ийнхүү явсаар 2.5 СЖӨ Африкт австралиопитесинээс анхны хүний өвөг (genus homo) хомо хабилис салбарлан гарсан байна. Энэхүү “жэнүс хомо” ангилалд хомо хабилис, хомо рудолфэнсис, хомо эргастер, хомо жеоржикус, хомо антесестор, хомо сепранэнсис, хомо эрэктус, хомо хэйделбергенсис, хомо родесаинсис, хомо нэндарталэнсис, хомо сапиенс идалту, аркаик хомо сапиенс, хомо флоресаинсис зэрэг хүний хөгжлийн тодорхой үе шатууд болон аль нэнээс нь салбарлан гарсан биеэ даасан зүйл, дэд зүйлүүд ордог байна.

Хомо хабилис. Анх зүүн болон өмнөд Африкт австралопитесинээс салбарлан гарч хүний анхны өвөг бүх жэнүс хомогийн анхдагч болсон ба 2.5-1.4 СЖӨ амьдарч байсан байна. Анхны чулуун зэвсэг хэрэглэгч ба одоогоос 12 мянган жилийн өмнөхийг хүртэл буюу хүний технологийн түүхийн 99%-ийг хамрах хуучин чулуун зэвсгийн үеийг эхлүүлэгч гэж үзэж болно. Зарим судлаач түүний араг ясны бүтцээр нь модон дээр илүүтэй амьдрах зохицолгоотой байсан гэж үзээд жэнүс хомо ангилалаас гаргах саналтай байдгийг дурьдах нь илүүдэхгүй биз ээ. Түүний ясны үлдэгдэл олон олдсон бөгөөд дунджаар 1-1.5 м өндөртэй, 33-55 кг жинтэй, 660 см3 тархины эзэлхүүнтэй байсан байна.

Хомо рудолфэнсис. Кенийн нутгаас1.9 сая жилийн настай ганц ширхэг гавлын яс олдсон бөгөөд эрдэмтэд түүнийг хомо хабилисийн өөр нэг төрөл гэж байгаа ч бүрэн нотлогдоогүй байгаа.

Хомо жеоржикус. Гүржийн нутгаас 1.8 сая жилийн настай 4 ширхэг олдвор олдсоныг х.хабилис болон х.эрэктусын завсрын шатных эсвэл х.эрэктусын дэд зүйл гэж үзэж байгаа. Тархины багтаамж нь 600 см3.

Хомо эргастер. 1.8-1.4 СЖӨ Зүүн ба өмнөд Африкт байсан ба 1.9 м өндөртэй, тархины хэмжээ нь 700-850 см3 байж. Түүнийг биеэ даасан зүйл эсвэл х.эрэктусын дэд зүйл гэж үздэг. Нэлээд судлаач х.эргастер гэх нэр томъёог Азийн бус х.эрэктусын хэлбэр гэх утгаар хэрэглэдэг.

Хомо антесессор. Испани болон Англиас чулуужсан үлдэгдэл олдсон ба 1.2-0.8 СЖӨ байсан, дунджаар 1.75 м өндөртэй, 90 кг жинтэй, 1000 см3 эзэлхүүнтэй тархитай байсан гэж үздэг.

Хомо сепранэнсис. Италиас 0.8 сая жилийн настай 1000 см3 эзэлхүүн бүхий гавлын орой хэсэг олдсон байдаг. Х.антесессор болон х.сепранэнсисийг х.эрэктус, х.хэйделбергийн завсрын зүйл гэж үзэж байгаа юм байна.

Хомо хэйделбергенсис. Хэйделбергийн хүний үлдэгдэл Африк, Ази, Европоос их хэмжээгээр олдсон ба 1.8м өндөр, 60кг жинтэй, гавлын эзэлхүүн нь 1100-1400 см3 байж 0.8-0.3 СЖӨ амьдарч байжээ.

Хомо родесаинсис. Замбигаас цөөн тооны олдвор олдсоныг судлаад 1300 см3 эзэлхүүнтэй тархитай байсан, 0.3-0.125 СЖӨ байсан гэж үзсэн.

Хомо флоресаинсис. 100 000-12 000 жилийн өмнө амьдарч байсан одой хүмүүс буюу хоббит хэмээгддэг хүний нэгэн зүйл. 7 ширхэг олдвор Индонезээс олдсон. 1м өндөртэй 25 кг жинтэй, 400 см3 эзэлхүүн бүхий тархитай. Сүүлийн үед тэднийг орчин үеийн хүний дэд зүйл бөгөөд эмгэг одойшлын улмаас бий болсон гэж үзэх хандлага илүүтэй байна.

Хомо нэндарталэнсис. Европ, баруун болон төв Азид 0.4-0.03 СЖӨ оршин байсан нэлээн хүчирхэг 1.6м өндөр, 55-70кг жинтэй, 1200-1900 см3 эзэлхүүн бүхий тархитай байжээ гэж тогтоогдсон нь орчин үеийн хүний тархинаас том тархитай байсан гэсэн үзүүлэлт юм. Европод нэлээд сайн судлагдсан бөгөөд х.сапиенсийн дэд зүйл, биеэ даасан зүйл гэдэг дээр маргаан явагддаг. Сүүлийн үеийн генетик митохондрын ДНХ-ийн судалгаагаар нэндартал хүн нь биеэ даасан зүйл бөгөөд 660 000 жилийн өмнө орчин үеийн хүнтэй нэг өвөгтэй байсан гэсэн дүгнэлтэнд хүрээд байна. Өөрөөр хэлбэл орчин үеийн хүний өвөг бус харин холын үеэл байсан байна. Гэсэн хэдий ч гарал үүслээ түүнтэй холбох сонирхолтой хэсэг байсаар байхгүй маргаан гаргах эрдэмтэд ч байсаар байна. Гэвч энэ нь арьсны үзлийг өөгшүүлэхээс хэтрэхгүй бөгөөд сүүлийн үеийн судалгаа шинжилгээнүүд орчин үеийн хүмүүс бүгд нэг гарал үүсэлтэй гэдгийг хангалттай нотолж байгаа бөгөөд хожмын х.сапиенс Европ руу тархан түрэх үеэрээ тэднийг мөхөлд хүргэсэн гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Нэндарталын үлдэгдэл яс баруунтаа Их британиас эхлэн зүүнтэй Узбекстан хүртэл өргөн уудам нутгаас нэлээд элбэг олддог бөгөөд анх Германы Нэндартал буюу Нэндарын тал хөндийгөөс анх олдсон тул ийм нэрийг авчээ. Дашрамд дурдахад “тал” гэдэг нь германаас монголчилбол “хөндий, тал” гэсэн үг ажээ.

Хомо эрэктус. 1.8 СЖӨ х.хабилисаас үүссэн гэж үздэг бөгөөд тархины хэмжээ нь томорч, чулуун зэвсгийн шинэ арга барил бий болсон зэргээс үүдэн шинэ зүйл болгон авч үздэг. 1.5-0.2 СЖӨ Африк, Евроазийн нутагт өргөн тархсан бөгөөд 1.8 м өндөртэй, 60 кг жинтэй, тархины эзэлхүүн нь 850-1100 см3 гэж үздэг. Тэднийг хүний өвгөөс анхны цэвэр хоёр хөл дээрээ явагч байсан бөгөөд анхны гал хэрэглэгч болон усаар явах сал хэрэглэж эхэлсэн гэж үздэг. 70 000 жилийн өмнө болсон Тобагийн сүйрлээр ихэнхи нь устсан гэж үздэг ч монголын нутагт хожуу үе хүртэл оршин байсан бололтой. Монголын нутагт эртний хүмүүсээс х.эрэктус амьдран байсан байх магадлал илүүтэй юм. Монголын нутгаас хуучин чулуун зэвсгийн доод үе (2.5 саяас 300 мянган жилийн өмнөх үе хүртэл, зарим судлаач 100 жилийн өмнөх үе хүртэл гэх нь бий) хамаарах эртний хүний бууц Баянхонгор, Өмнөговь, Ховд, Дундговь, Дорноговь зэрэг аймгаас олдсон. Эдгээрээс Өмнөговь, Өвөрхангайн заагт байх Цахиуртын хөндийн сууринг чухал ач холбогдолтой гэж үздэг. Учир нь суурингийн хамрах хүрээ нь нэлээд том 10 000 км.кв бөгөөд хуучин чулуун зэвсгээс гадна дунд болон шинэ чулуун зэвсгийн дурсгалууд газрын хөрсөн дээр нягт тархан хадгалагдан үлдсэн нь цаг хугацааны хувьд ийм урт хугацааг хамарсан дурсгал дэлхийд урьд өмнө олдож байгаагүй юм. (“флинтстоуныхан” гэдэг хүүхэлдэйг өөрийн эрхгүй санагдуулам) Мөн 800 000 жилийн өмнө хүн нутаглаж байсан Баянхонгорын Нарийн гол, Баянхонгорын Цагаан агуй, 300 000 мянганы тэртээх Дундговийн ярхийн суурин зэрэг нь мөн л чухал ач холбогдолтой дурсгалууд юм. Эндээс үзэхэд монгол нутагт даруй 800 000 жилийн тэртээд хүн нутаглаж байсан бөгөөд энэ үеийн Азид тархсан хүний зүйл нь х.эрэктус билээ. Тэр үед зануу, болоржин, хасын хольцтой шар хар цайвар цахиурлаг чулуулгаар хугадас зэвсэг, гурвалжин хэлбэрийн гилбэр мэс, хоёр талаас нь зассан үзүүр мэс зэргийг зонхилон үйлдэж байсан байна. 300 000-100 000 жилийн өмнөөс эхлэн хуучин чулуун зэвсгийн дунд үед шилжиж чулуун зэвсгийн үйлдэх арга барил шинэ шатанд гарсан юм. Энэ үеийн дурсгалууд дээрхи аймгуудаас гадна Баян-Өлгий, Хэнтий зэрэг аймгийн нутгаас олддог. Энэ үеийн нэг ололт нь галыг дуртай үедээ гаргах болсон явдал байлаа. Мөн энэ үед байгаль цаг уурын өөрчлөлт ч гарч эхэлсэн үе юм. Энэ үе 50 000-30 000 жилийн өмнөх үе хүртэл үргэлжилжээ. Эндээс харахад х.эрэктус Монгол нутагт 800 000 мянганы тэртээгээс эхлэн 50 000-30 000 жилийн өмнөх үе хүртэл буюу хуучин чулуун зэвсгийн дунд үеийг дуустал оршин байж байгаад 100 000 жилийн тэртээх дөрөвдөгч галавын төгсгөлөөр үүссэн тивүүдийн шилжилт хөдөлгөөний улмаас үүссэн эх газрын өндөршилт, 70 000-ны тэртээ тохиолдсон Тобагийн сүйрэл зэргээс үүдсэн мөстлөг, хүйтрэл, 50 000-30 000 жилийн тэртээх шинэ чулуун зэвсгийг авчирсан хомо сапиенсийн Азийн гүн рүү орсон түрэлт зэргээс үүдэн мөхжээ гэж үздэг.

Зарим судлаачид х.эрэктус болон х.нэндарталыг хожим ирсэн х.сапиенстай Ази болон Европт генетикийн солилцоонд орсон гэх буюу өөрөөр хэлбэл Африктаа үлдсэн нь хар, х.эрэктустэй нийлсэн нь шар, х.нэндарталтай нийлсэн нь цагаан арьстны өвөг гэх тал байдаг ч генетикийн сүүлийн үеийн нотолгоо үүнийг няцааж байгаа юм. Тэгэхээр 800-40 мянганы тэртээх Монголын нутагт байсан эртний хүмүүс бидний өвөг биш байхнээ. Харин х.эрэктус болон х.нэндарталыг нэлээн хожим хүртэл цөөн тоогоор байсан байх магадтай гэдэг бөгөөд тэднийг өндөр уул, хүн хүршгүй өтгөн шугуйд үлдсэн байх магадтай гээд хожмын алмас, цасны хүн, том хөлт зэрэг байж магадгүй хэмээн үздэг судлаач нэлээн байдаг. Мөн дундад зууны үеийн сударчдын бичсэн нүүрэндээ үстэй нохой толгойт эрчүүдтэй улс гэж хэн байв гэсэн сониуч бодол ч төрнө.

Хомо сапиенс. 250 000 жилийн өмнөөс одоог хүртэл оршин байгаа жэнүс хомогийн цорын ганц төлөөлөгч. Анх Африкт х.эрэктусээс үүссэн хэмээн олонхи нь үздэг. Х.сапиенсийн тухай, түүний дэлхий дахинаа хэрхэн тархсан, хэзээ монгол нутагт ирэв гэх талаар дараагийн удаад өгүүлэхээр түр орхив.

No comments:

Post a Comment