Monday, December 28, 2009

Хүний үүсэл хөгжил ба Монгол орон дахь эртний хүмүүс (эхлэл хэсэг)

Орчин үеийн хүн, та бид болох хомо сапиенс сапиенсийн үүсэл, хөгжлийн асуудал нь хүн судлал (physical anthropology), бич судлал (primatology), археолог, хэл шинжлэл болон генетик г.м олон шинжлэх ухааны салбарууд хамтран судалдаг томоохон бөгөөд маргаантай асуудлын нэг юм. Сүүлийн үеийн олдворууд болон шинжлэх ухаан технологийн ололт дэвшил энэхүү асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж байгаа бөгөөд дийлэнхи олонхи эрдэмтэн судлаачид хүний үүсэл хөгжлийн талаар нэгдсэн үзэл баримтлалтай болж байна. Энэ нь хүний анхны өвөг Африкт үүсээд бусад тив рүү нүүдэллэн дэлхий дахинаа тархан суурьшсан гэх ба хүний үүслийн нэг төвт үзэл бөгөөд орчин үеийн бүх хүнийг нэг л эхтэй, нэг л зүйл гэх ойлголт юм. Үүний эсрэг олон газар тус тусдаа үүссэн эсбөгөөс өмнө нь тархсан бусад хүний зүйлтэй хожим үүссэн төрөл зүйл нүүдэллэн очиж генетикийн солилцоонд орж орчин үеийн хүн үүссэн гэх олон төвт үүслийн онолууд байдаг ч сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ няцааж байгаа юм.

Анх дэлхий дээр амьдралын анхны хэлбэр үүсэн бий болж хувьсан хөгжсөөр сээр нуруутан, хөхтөн бий болж 65-85 сая жилийн өмнө (СЖӨ) анхны мич болон лемурын өвөг болох одоогийн лемур маягийн амьтан (primate) үүсэн хойд америкаас евроази, африк руу тархсан ба сая сая жилийн турш хөгжин хувьсаж салаалан хөгжсөөр 25 СЖӨ хүн төрхт мич буюу хоминоидиа (great ape) бий болсон гэдэг. Ингээд 15 СЖӨ гиббоны өвгөөс, 13 СЖӨ орангутаны өвгөөс, 10 СЖӨ гориллын өвгөөс, 7 СЖӨ шимпанзийн өвгөөс тус тус салсан гэдэг байна. Ингээд Австралопитикус, Кениантропусаар дамжин 3 СЖӨ Австралопитесин бий болсон ба австралопитесин нь биеийн үсээ гээж эхлэн хоёр хөл дээрээ явдаг байсан байна.

Ийнхүү явсаар 2.5 СЖӨ Африкт австралиопитесинээс анхны хүний өвөг (genus homo) хомо хабилис салбарлан гарсан байна. Энэхүү “жэнүс хомо” ангилалд хомо хабилис, хомо рудолфэнсис, хомо эргастер, хомо жеоржикус, хомо антесестор, хомо сепранэнсис, хомо эрэктус, хомо хэйделбергенсис, хомо родесаинсис, хомо нэндарталэнсис, хомо сапиенс идалту, аркаик хомо сапиенс, хомо флоресаинсис зэрэг хүний хөгжлийн тодорхой үе шатууд болон аль нэнээс нь салбарлан гарсан биеэ даасан зүйл, дэд зүйлүүд ордог байна.

Хомо хабилис. Анх зүүн болон өмнөд Африкт австралопитесинээс салбарлан гарч хүний анхны өвөг бүх жэнүс хомогийн анхдагч болсон ба 2.5-1.4 СЖӨ амьдарч байсан байна. Анхны чулуун зэвсэг хэрэглэгч ба одоогоос 12 мянган жилийн өмнөхийг хүртэл буюу хүний технологийн түүхийн 99%-ийг хамрах хуучин чулуун зэвсгийн үеийг эхлүүлэгч гэж үзэж болно. Зарим судлаач түүний араг ясны бүтцээр нь модон дээр илүүтэй амьдрах зохицолгоотой байсан гэж үзээд жэнүс хомо ангилалаас гаргах саналтай байдгийг дурьдах нь илүүдэхгүй биз ээ. Түүний ясны үлдэгдэл олон олдсон бөгөөд дунджаар 1-1.5 м өндөртэй, 33-55 кг жинтэй, 660 см3 тархины эзэлхүүнтэй байсан байна.

Хомо рудолфэнсис. Кенийн нутгаас1.9 сая жилийн настай ганц ширхэг гавлын яс олдсон бөгөөд эрдэмтэд түүнийг хомо хабилисийн өөр нэг төрөл гэж байгаа ч бүрэн нотлогдоогүй байгаа.

Хомо жеоржикус. Гүржийн нутгаас 1.8 сая жилийн настай 4 ширхэг олдвор олдсоныг х.хабилис болон х.эрэктусын завсрын шатных эсвэл х.эрэктусын дэд зүйл гэж үзэж байгаа. Тархины багтаамж нь 600 см3.

Хомо эргастер. 1.8-1.4 СЖӨ Зүүн ба өмнөд Африкт байсан ба 1.9 м өндөртэй, тархины хэмжээ нь 700-850 см3 байж. Түүнийг биеэ даасан зүйл эсвэл х.эрэктусын дэд зүйл гэж үздэг. Нэлээд судлаач х.эргастер гэх нэр томъёог Азийн бус х.эрэктусын хэлбэр гэх утгаар хэрэглэдэг.

Хомо антесессор. Испани болон Англиас чулуужсан үлдэгдэл олдсон ба 1.2-0.8 СЖӨ байсан, дунджаар 1.75 м өндөртэй, 90 кг жинтэй, 1000 см3 эзэлхүүнтэй тархитай байсан гэж үздэг.

Хомо сепранэнсис. Италиас 0.8 сая жилийн настай 1000 см3 эзэлхүүн бүхий гавлын орой хэсэг олдсон байдаг. Х.антесессор болон х.сепранэнсисийг х.эрэктус, х.хэйделбергийн завсрын зүйл гэж үзэж байгаа юм байна.

Хомо хэйделбергенсис. Хэйделбергийн хүний үлдэгдэл Африк, Ази, Европоос их хэмжээгээр олдсон ба 1.8м өндөр, 60кг жинтэй, гавлын эзэлхүүн нь 1100-1400 см3 байж 0.8-0.3 СЖӨ амьдарч байжээ.

Хомо родесаинсис. Замбигаас цөөн тооны олдвор олдсоныг судлаад 1300 см3 эзэлхүүнтэй тархитай байсан, 0.3-0.125 СЖӨ байсан гэж үзсэн.

Хомо флоресаинсис. 100 000-12 000 жилийн өмнө амьдарч байсан одой хүмүүс буюу хоббит хэмээгддэг хүний нэгэн зүйл. 7 ширхэг олдвор Индонезээс олдсон. 1м өндөртэй 25 кг жинтэй, 400 см3 эзэлхүүн бүхий тархитай. Сүүлийн үед тэднийг орчин үеийн хүний дэд зүйл бөгөөд эмгэг одойшлын улмаас бий болсон гэж үзэх хандлага илүүтэй байна.

Хомо нэндарталэнсис. Европ, баруун болон төв Азид 0.4-0.03 СЖӨ оршин байсан нэлээн хүчирхэг 1.6м өндөр, 55-70кг жинтэй, 1200-1900 см3 эзэлхүүн бүхий тархитай байжээ гэж тогтоогдсон нь орчин үеийн хүний тархинаас том тархитай байсан гэсэн үзүүлэлт юм. Европод нэлээд сайн судлагдсан бөгөөд х.сапиенсийн дэд зүйл, биеэ даасан зүйл гэдэг дээр маргаан явагддаг. Сүүлийн үеийн генетик митохондрын ДНХ-ийн судалгаагаар нэндартал хүн нь биеэ даасан зүйл бөгөөд 660 000 жилийн өмнө орчин үеийн хүнтэй нэг өвөгтэй байсан гэсэн дүгнэлтэнд хүрээд байна. Өөрөөр хэлбэл орчин үеийн хүний өвөг бус харин холын үеэл байсан байна. Гэсэн хэдий ч гарал үүслээ түүнтэй холбох сонирхолтой хэсэг байсаар байхгүй маргаан гаргах эрдэмтэд ч байсаар байна. Гэвч энэ нь арьсны үзлийг өөгшүүлэхээс хэтрэхгүй бөгөөд сүүлийн үеийн судалгаа шинжилгээнүүд орчин үеийн хүмүүс бүгд нэг гарал үүсэлтэй гэдгийг хангалттай нотолж байгаа бөгөөд хожмын х.сапиенс Европ руу тархан түрэх үеэрээ тэднийг мөхөлд хүргэсэн гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Нэндарталын үлдэгдэл яс баруунтаа Их британиас эхлэн зүүнтэй Узбекстан хүртэл өргөн уудам нутгаас нэлээд элбэг олддог бөгөөд анх Германы Нэндартал буюу Нэндарын тал хөндийгөөс анх олдсон тул ийм нэрийг авчээ. Дашрамд дурдахад “тал” гэдэг нь германаас монголчилбол “хөндий, тал” гэсэн үг ажээ.

Хомо эрэктус. 1.8 СЖӨ х.хабилисаас үүссэн гэж үздэг бөгөөд тархины хэмжээ нь томорч, чулуун зэвсгийн шинэ арга барил бий болсон зэргээс үүдэн шинэ зүйл болгон авч үздэг. 1.5-0.2 СЖӨ Африк, Евроазийн нутагт өргөн тархсан бөгөөд 1.8 м өндөртэй, 60 кг жинтэй, тархины эзэлхүүн нь 850-1100 см3 гэж үздэг. Тэднийг хүний өвгөөс анхны цэвэр хоёр хөл дээрээ явагч байсан бөгөөд анхны гал хэрэглэгч болон усаар явах сал хэрэглэж эхэлсэн гэж үздэг. 70 000 жилийн өмнө болсон Тобагийн сүйрлээр ихэнхи нь устсан гэж үздэг ч монголын нутагт хожуу үе хүртэл оршин байсан бололтой. Монголын нутагт эртний хүмүүсээс х.эрэктус амьдран байсан байх магадлал илүүтэй юм. Монголын нутгаас хуучин чулуун зэвсгийн доод үе (2.5 саяас 300 мянган жилийн өмнөх үе хүртэл, зарим судлаач 100 жилийн өмнөх үе хүртэл гэх нь бий) хамаарах эртний хүний бууц Баянхонгор, Өмнөговь, Ховд, Дундговь, Дорноговь зэрэг аймгаас олдсон. Эдгээрээс Өмнөговь, Өвөрхангайн заагт байх Цахиуртын хөндийн сууринг чухал ач холбогдолтой гэж үздэг. Учир нь суурингийн хамрах хүрээ нь нэлээд том 10 000 км.кв бөгөөд хуучин чулуун зэвсгээс гадна дунд болон шинэ чулуун зэвсгийн дурсгалууд газрын хөрсөн дээр нягт тархан хадгалагдан үлдсэн нь цаг хугацааны хувьд ийм урт хугацааг хамарсан дурсгал дэлхийд урьд өмнө олдож байгаагүй юм. (“флинтстоуныхан” гэдэг хүүхэлдэйг өөрийн эрхгүй санагдуулам) Мөн 800 000 жилийн өмнө хүн нутаглаж байсан Баянхонгорын Нарийн гол, Баянхонгорын Цагаан агуй, 300 000 мянганы тэртээх Дундговийн ярхийн суурин зэрэг нь мөн л чухал ач холбогдолтой дурсгалууд юм. Эндээс үзэхэд монгол нутагт даруй 800 000 жилийн тэртээд хүн нутаглаж байсан бөгөөд энэ үеийн Азид тархсан хүний зүйл нь х.эрэктус билээ. Тэр үед зануу, болоржин, хасын хольцтой шар хар цайвар цахиурлаг чулуулгаар хугадас зэвсэг, гурвалжин хэлбэрийн гилбэр мэс, хоёр талаас нь зассан үзүүр мэс зэргийг зонхилон үйлдэж байсан байна. 300 000-100 000 жилийн өмнөөс эхлэн хуучин чулуун зэвсгийн дунд үед шилжиж чулуун зэвсгийн үйлдэх арга барил шинэ шатанд гарсан юм. Энэ үеийн дурсгалууд дээрхи аймгуудаас гадна Баян-Өлгий, Хэнтий зэрэг аймгийн нутгаас олддог. Энэ үеийн нэг ололт нь галыг дуртай үедээ гаргах болсон явдал байлаа. Мөн энэ үед байгаль цаг уурын өөрчлөлт ч гарч эхэлсэн үе юм. Энэ үе 50 000-30 000 жилийн өмнөх үе хүртэл үргэлжилжээ. Эндээс харахад х.эрэктус Монгол нутагт 800 000 мянганы тэртээгээс эхлэн 50 000-30 000 жилийн өмнөх үе хүртэл буюу хуучин чулуун зэвсгийн дунд үеийг дуустал оршин байж байгаад 100 000 жилийн тэртээх дөрөвдөгч галавын төгсгөлөөр үүссэн тивүүдийн шилжилт хөдөлгөөний улмаас үүссэн эх газрын өндөршилт, 70 000-ны тэртээ тохиолдсон Тобагийн сүйрэл зэргээс үүдсэн мөстлөг, хүйтрэл, 50 000-30 000 жилийн тэртээх шинэ чулуун зэвсгийг авчирсан хомо сапиенсийн Азийн гүн рүү орсон түрэлт зэргээс үүдэн мөхжээ гэж үздэг.

Зарим судлаачид х.эрэктус болон х.нэндарталыг хожим ирсэн х.сапиенстай Ази болон Европт генетикийн солилцоонд орсон гэх буюу өөрөөр хэлбэл Африктаа үлдсэн нь хар, х.эрэктустэй нийлсэн нь шар, х.нэндарталтай нийлсэн нь цагаан арьстны өвөг гэх тал байдаг ч генетикийн сүүлийн үеийн нотолгоо үүнийг няцааж байгаа юм. Тэгэхээр 800-40 мянганы тэртээх Монголын нутагт байсан эртний хүмүүс бидний өвөг биш байхнээ. Харин х.эрэктус болон х.нэндарталыг нэлээн хожим хүртэл цөөн тоогоор байсан байх магадтай гэдэг бөгөөд тэднийг өндөр уул, хүн хүршгүй өтгөн шугуйд үлдсэн байх магадтай гээд хожмын алмас, цасны хүн, том хөлт зэрэг байж магадгүй хэмээн үздэг судлаач нэлээн байдаг. Мөн дундад зууны үеийн сударчдын бичсэн нүүрэндээ үстэй нохой толгойт эрчүүдтэй улс гэж хэн байв гэсэн сониуч бодол ч төрнө.

Хомо сапиенс. 250 000 жилийн өмнөөс одоог хүртэл оршин байгаа жэнүс хомогийн цорын ганц төлөөлөгч. Анх Африкт х.эрэктусээс үүссэн хэмээн олонхи нь үздэг. Х.сапиенсийн тухай, түүний дэлхий дахинаа хэрхэн тархсан, хэзээ монгол нутагт ирэв гэх талаар дараагийн удаад өгүүлэхээр түр орхив.

Sunday, December 20, 2009

Амьдрал юун дээр...

Хүмүүсийн харилцаа, амьдрал юун дээр тогтдог юм бол оо, зовлон жаргал, оюун ухаан, хайр, мөнгө, секс гэх мэтээр хэлдэг бичдэг. Тэгвэл түүхийн цаг хугацааны явцад ухаант мэргэд эдгээрийг цөмөөрийг нь нэрлэжээ. За ингээд дээрхи нэрлэсэн зүйлүүдийг хэн юу гэсэн бэ гэвэл:
Анх Будда амьдрал бол зовлон, түүнийг туулах нь үнэн, үйлийн үрийг нь бага тарь гэжээ.
Сократ хэлэхдээ: Бүх зүйл тархи толгойноос өөрөөр хэлбэл оюун ухаанаас хамаарна гэжээ.
Бас нэгэн ухаантан хэлжээ: Бүх зүйл хүний зүрхнээс буюу сэтгэлээс хамаарна гэж Есүс хэлжээ. (хайр)
Дараа нь бас нэг агуу хүн хэлжээ: Бүгд ходоодноос хамаарна гэж...Карл Маркс (мөнгө)
Тэгвэл Зигмунд Фройд хэлэхдээ бүхий л харилцааг хүний дур зориг, хүсэл тачаал зохицуулдаг гэсэн байна (өнгө, секс)
Тэгвэл 20-р зууны хамгийн шилдэг тархи болох Эйнштейны тархи бүх зүйл харьцангуй гэсэн дүгнэлтэнд хүрчээ. (реалитив)
Эцэст нь тэмдэглэхэд хүн болон амьдралын үндсэн шинж нь өөрөө өөрийгөө хадгалах инстинкт (амьд байх, орших, үр удмаа үлдээх) буюу амьдралын үндсэн инстинкт бөгөөд энэ нь хар амиа бодохоос эхлэн үр хүүхэд эцэг эх, гэр бүл элгэн садан, төрсөн нутаг, үндэстэн угсаатан, улс эх орон, хүн төрөлхтөн хэмээн өргөждөг ажгуу. Хэрэв энэхүү инстинкт үгүй бол амьдрал эс орших бөлгөө. Энэ тухай "Туйлын эрх чөлөө бол туйлын ганцаардал" гэсэн бичвэртээ дурьдсан билээ. Гээд бүх зүйл харьцангуй...

Жамухыг цагаатгая

Түүхийн сурвалж болон судалгааны зохиол бүтээлүүдэд Жамухын талаар тийм ч таатай зүйлийг бичдэггүй билээ. Хаан ширээний төлөө анд Тэмүжинтэй тэмцэн, атаа хорсолд автсан, зальжин овтой, энд тэнд очиж хутган үймүүлсэн, зарим талаараа харгис хүн мэтээр бичсэн нь олантаа. Харин тухайн цаг үед хамгийн ойрхон бичигдсэн Монголын нууц товчоонд түүний тухай тийм ч муугаар бичээгүйгээр үл барам харин ч андын андгайг сахиж, анддаа туслан байсан тухай нэлээн бүрхэг далд байдлаар бичсэн байдаг билээ. Үүнийг анзаарсан Гумилев түүнийг Тэмүжины тагнуул “ажент” байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Юутай ч Жамух гэж хүн байгаагүй бол Чингис хаан хийгээд Их Монгол улс байх байсан эсэх нь эргэлзээтэй биш юмаа гэхэд Монголын түүх нэгэн хачир амтаар дутах нь магад билээ. Учир юунд вэ гэвэл тэрээр Чингис хааны өрсөлдөгчдийг нэгэн багцанд оруулж түүний аманд түлхэн оруулах замаар Хамаг монгол хийгээд бусад монгол угсааны овог аймгуудыг нэгтгэх үйлсэд нь ил далд зангилаа үүргийг гүйцэтгэн өөрөө муу нэрийг үүрэн эрийн ёсоор хорвоогоос буцсан нэгэн билээ. Өөрөөр хэлбэл “тэнгэрийн таалалд” үл нийцэх хэргүүдийг гардан гүйцэтгэсэн ба орчин үеийн хэллэгээр “гүйцэтгэгч болон цэвэрлэгчийн” үүргийг гүйцэтгэжээ.
Жамух бол Бодончар дээдсийн дайны олзонд авахад жирэмсэн байсан урианхайжингийн (урианхай бол монголын эртний нэгэн овог аймаг) төрүүлсэн үр удмын залгаа бөгөөд тиймдээ ч боржигинчуудын хувьд жадаран буюу харь хэмээсэн овгийн хүн юм.
Тэмүжин бага насандаа өнчирч овог аймагтаа, төрөл садандаа хаягдан гадуурхагдаж байсан бол Жамух Хамаг монголын Жадаран овог аймгийн тэргүүн бөгөөд 2-3 түмэн цэрэг гаргах чадалтай нэр алдар нь нэгэнт тодорч товойсон, Хамаг монголын ихэс язгууртны дунд нэгэнт байр сууриа олсон нэлээн хүчирхэг нөлөө бүхий удирдагч байжээ.
Тэрээр Тэмүүжины 11 настайд буюу 1271-72 оны өвөл Тэмүжинтэй нөхөрлөж андын андгай тавьсан ба тэр үеийн монгол угсааны нэр нөлөө бүхий Хэрэйд улсын хан Тоорилын өргөөнд хамт хүмүүжиж байсан байна. Ийнхүү бага наснаасаа нэгэн гэрт хамт байж нөхөрлөн өссөн хоёр залуугийн амьдрал түүхийн их нугачаанд олон янзын өнгө будгийг үлдээсэн байдаг. Түүхийн нугачаа Тэмүжин, Жамух, Тоорил гурвыг их л ээдрээтэй харьцаанд уяж өгсөн бөгөөд хоёр залуу илүүтэй дотно байсан нь маргаангүй хэмээн бодно.
Тэмүжин Жамух нарын харьцаа 1287 оны намрын сүүлч өвлийн эхээр буюу Бөртэг Мэргидээс аврах үеэс эхлэн ээдрээ зангилаанд орж эхэлсэн байдаг. Бөртэг аварсны дараа Жамухын нутаглаж байсан Хорхонаг жубурт тэр хоёр хамтдаа нэгэн хүрээ болж хоёр жил шахам цугтаа байж, андын андгайгаа бэхжүүлж, үл шингэх идээн хүртэж, үл мартах үгийг хэлэлцэн шөнө хөнжилдөөн цуг хонож байсан хэмээжээ. Тэгвэл энэ хоёр жилд юу болсон бэ?
...Энэ “хүрээ” гэх ойлголт нь Монголын түүхэн дэх нэлээн чухал ойлголт юм. Хүй нэгдлийн үеэс улбаатай овог бүлээрээ нийлэн нэгэн хүрээ үүсгэж байжээ. Багахан хот айлаар эсвэл ганц гэрээр амьдрах нь үнэндээ дээрэм тонуул зэргээс үүдэн үнэндээ боломжгүй зүйл байжээ. Тэгэхээр айл өрх, хувь хүн аль нэгэн хүрээнд хамрагдаж, харин багахан шиг хүрээ нь хүчирхэг том хүрээний эздийн албат харъяат болж зарим бүтээгдэхүүн болон цэрэг дайны болон том ав хомрого, аж ахуйн томоохон ажлуудад биеэр очин алба барьж хариуд нь тэдний эрх сүрээр өөрснийгөө хамгаалуулж байсан байна. Энэ хамгийн хүчирхэг том хүрээг “орд” гэх ба түүний харъяаны бусад хүрээнээс овог аймгууд бүрдэж байсан бололтой. Есүхэйг өнгөрсний хойно түүний гэр бүл хүрээнээс орхигдож гээгдэн хүндхэн үеийг туулсан байдаг...
Ингэж нэг хүрээнд цуг хоёр жилийг өнгөрөөсөн бага наснаасаа итгэж нөхөрлөсөн хоёрын хооронд олон чухал яриа болсон нь мэдээж бөгөөд зөвхөн тэр хоёрын мэдэх нууц ярианууд ч болсон гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй буй заа. Энгийн ахуйгаас эхлээд улс төр, дайн энх, ирээдүйн тухай мөрөөдлөө ч яриж байсан ба сайндаж муудаж ч байсан байж таарна. Мөн тус хүрээний бусад хүмүүсийн хувьд ч олон янзын яриа, үйл явдал өрнөсөн л байж таарахаас гадна хоёр залууг сонжиж ирээдүйд түших, ханилах нэгнийг сонгосон байх нь гарцаагүй билээ. Энэ нь тэр хоёрыг салж нүүсний дараа хэн нь хэнийг дагаснаас харагдах бөгөөд харин Хорчийн гаргасан яриа санамсаргүй гарав уу, санаатай гаргав уу, санаатай бол хэн ямар зорилгоор гаргав, эсвэл хожим зохиогдсон яриа юу гэх зэргээр сонирхол татдаг. Энэ л хоёр жил тэр хоёрын ирээдүйг төдийгүй нийт монгол угсаатны ирээдүйг тодорхойлох урьдчилсан нөхцөл болжээ. Тэр хоёрын ярианы нэг гол сэдэв нь “Одтой тэнгэр орчиж, орондоо унтах завгүй олзлолдон булаалдаж” байсан тухай гэхэд надад эргэлзэх зүйл алга. Үүнээс гарах арга зам нь хүчирхэг байх, хүчирхэг байх арга зам нь нэгдэл гэдэг дээр ч санал нийлсэн ба нэгэн хүчирхэг хаантай эртний их улсууд Хүннү Сүннүгийн тухай домог мэт яриаг ч хэлэлцэн байсан биз ээ.
Энэ үеэс түүхчид тэр хоёрыг хаан ширээний төлөөх тэмцлийн эвлэршгүй дайснууд болгосон юм. Үүний эсрэг нэгэн таамаг байж болох бөгөөд тэр нь юу вэ гэвэл тэр хоёр хамсан Хамаг монголыг нэгдсэн захиргаанд оруулж түүн дээрээ түшиглэн бусад монгол угсаатныг нэгтгэн домог түүхийн улбааг давтах гэсэн хэрэг бөгөөд энэ үеэс тэр хоёрын тактикийн тоглолтууд эхэлсэн гэж үзэх бүрэн үндэстэй юм. Харин хэн нь хаан болох вэ гэдэг дээр бараг тогтсон мэт. Учир нь Жамух бол Хиад Боржигин бус Жадараны угсааны хүн болохоор тухайн үеийн ойлголтоор Хамаг монголын хаан ширээг залгамжлах тэнгэрийн соёрхолгүй нэгэн билээ. Тэгээд ч цугтаа байсан тэр хоёр жилийн хугацаанд Тэмүжинийг Хамаг монголын хаан болгохоор ил ярьж байсан мэт. Харин бусад өрсөлдөгчдийн хувьд тэр хоёрын нөхөрлөлийг саармагжуулж, болж өгвөл салгах замаар өөрсөддөө боломж гаргах явдал байлаа. Тэд үүнийгээ ч амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд МНТ-д бичсэнчлэн 1289 онд Тэмүжинийг Хамаг монголын Чингис хаан хэмээн өргөмжилсөн мэдээг Архай Хасар, Чахурхан хоёроор элч болгон Жамухад хүргүүлэхэд тэрээр Алтан, Хучар нарт хэлүүлсэн үгст “...анд бид хоёр зуур Андын сүвээ сэжиж Хавирга хатган хагацуулав та нар. Анд бид хоёрыг үл хагацуулан хамт бүхүйд, Тэмүжин андыг хан яахан эс болгов, та нар? (Эндээс үзэхэд тэр хоёр хамт байх үес Тэмүжинийг хан болгох талаар ярьж байсан гэлтэй) Эдүгээ ямар л сэтгэл сэтгэж хан болгов, та нар? Алтан Хучар та хоёр өгүүлсэн үгстээн хүрэн, андын сэтгэл амуулж, андад минь сайтар нөхцөж өгөгтүн” хэмээжээ. Энэ үеэс эхлэн Жамух Чингис хааны ил “өрсөлдөгч” далд “хамжигч” болжээ. Гэтэл энэхэн үес нэгэн ээдрээтэй хэрэг явдал гарсан нь Жамухын дүү Тайчир гэгч зүрх зориг хүч чадал омог цөс ихтэй нэгэн бээр Чингис хааны албатын адууг дээрэмдэж байгаад харвуулж үхсэн явдал байлаа. Энэ явдал зайлшгүй дайны хүүрэг дэлдэхэд хүргэсэн юм. Учир юун хэмээвээс, “ирт мэсэсийг гаргасан” буюу хэв хуулийг зөрчсөн явдал байлаа.
...Энэхүү ирт мэсэсийг гаргах гэж хэв хууль байсан тухай эрдэмтэд сударчид тэмдэглэсэн байхаас бус чухам ямар учир утгатайг үл өгүүлсэн байх юм. Г.Сүхбаатар гуайн бичсэнчлэн бүр Хүн гүрний үед байсан хэв хууль ажээ. Миний үзэхээр энэхүү хэв хууль нь хүрэл зэвсгийн хожуу үе, төмрийн эхэн үеэс улбаатай ба цусыг цусаар, амийг амиар буюу дайн тулааны бус үед ирт мэсээр хүний амь хөнөөх нь цусан өшөө зангидах баттай шалтаг болдог байсан явдал гэж үзсэн болно. Ер нь Монголчууд дайн тулаан, ав хомрогоос бусад үед модон булцуут сум, зэвгүй годил хэрэглэдэг байсан ба сэлэм мэт мэсийг ч дайн ангаас бусад зүйлст хэрэглэдэггүй байсан бөгөөд Жүрхинтэй найрлан байгаад муудалцахад модны мөчир, айргийн бүлүүр мэтсийг хэрэглэн зодолдсон, Бэлгүтэйн мөрийг илдээр цавчсан Бүри бөх хожим алагдсан мөн Чараха өвгөнийг жадаар хатгаж шархтуулсан Тайчууд өслөгдсөн, Тэмүжин Бэгтэрийг харваж алаад Тайчуудад баригдсан гэх зэрэг олон жишээ бий. Одоо ч гэсэн хүйтэн халуун зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг хүндрүүлэх шалтгаантай байдаг ба АНУ-ын зарим мужид галт зэвсэг хэрэглэсэн гэмт хэргийг хоёр дахин хүндрүүлж үздэг хуультай байдаг нь одоог хүртэл тэр хэв хуулийн уламжлал буюу хүний сэтгэлгээний нийтлэг нэгэн онцлог гэлтэй. Үүнтэй холбогдуулан нэгэн зүйлийг нэмэхэд “Бэлгүтэй эхээ нэхэн таарсан Мэргид хүн бүрийг годилтох бөлгөө” гэсэн үгийг баахан хүн харваж алсан мэтээр эндүүрэх нь бий...
Тэмүжин өөрөөс нь салан нүүсний хойно хаан болсонд Жамухыг хувь хүн гэж үзвэл баахан унтууцаж эргэлзэх нь зүй ёсны бөгөөд эсвэл урьдаас мэдэж байсан үйл байсан ч байж болох талтай. Учир нь тэрээр өөрөөс нь салан нүүж Тэмүжинд очих иргэдийн нүүдлийг таслан зогсоох ямар нэг арга хэмжээ авсан гэх мэдээ занги байдаггүй билээ. Харин дүү нь алагдахад хэв хууль зөрчсөний учир, мөн хувь хүний үүднээс авч үзвэл хорсох гашуудах нь мэдээж бөгөөд түүхэнд арван гурван хүрээний байлдаан гэж нэрлэгдсэн тулалдааныг Далан балжудад үүтгэжээ. Энэхүү тулалдаанд Жамух Чингис хааныг шахан хавцалд хоргуулсан бөгөөд үнэндээ энэ нь ялалт байсан авч тэрээр андгай тангараг, хэлсэн яриснаа санасан уу, эс бөгөөс өөрийгөө хангалттай харууллаа гэж бодсон уу юутай ч цэргээ татжээ. Харин өшөө хорсол, хууль зөрчсөний гэм бурууг Чонос овогт үүрүүлж тэднийг талан толгойлогч Нэгүдэй цагаан увагийн толгойг авч морины сүүлнээс уяж оджээ.
...Энд чоносын залуусыг далан тогоонд буцалгасан гэх яриа байх бөгөөд миний үзэхэд далан тогоо гээч нь газрын нэр, буцалгаад гэдэг нь түйвээж талсаныг хэлсэн болов уу хэмээн боддог. Мөн ийм санааг Ж.Төмөрцэрэн гуай гаргасан байдаг...
Энэ байлдааны хойно ч зарим овог аймгууд Жамухаас салан тусгаарлах үйл үргэлжлэн Тэмүжинд нийлээр ирсэн байдаг. Гэвч ямар нэг хориг саад хийгдсэн мэдээ байдаггүй. Тэгэхээр Жамух тэднийг зогсоох оролдлого хийгээгүйрээ энэ болох үйл явдлыг мэдэж байсан, тэгээд үл тоосон эс бөгөөс ямар нэгэн үйлдлээр өөгшүүлсэн ч байж болох талтай. 13 хүрээний байлдаан нь тэр хоёрыг бусдад эвлэршгүй дайсан болгон харагдуулснаараа Монголын түүхэнд санамсаргүй болон санаатай (хэрэв тэр хоёр ямар нэгэн зүйл төлөвлөсөн бол) хийгдсэн чухал зангилаа болсон юм. Ингээд Монголчуудын дунд Жамухын болон Тэмүжины тал гэсэн хоёр туйл ялгарчээ. Энэхүү хоёр талын монголын тал нутагт ноёрхохын төлөө тэмцэл Чингис хааны ялалтаар өндөрлөснийг бид бүхэн мэдэх билээ. Ийнхүү Монгол угсааны овог аймгуудыг ээлж дараалан Чингис хааны гарт оруулан нэгтгэх учгийг Жамух гаргасан байх бөгөөд Чингис хааны өрсөлдөгчид болон дайсагнагч хүчнүүдийг өөртөө татан нийлүүлж, дайн байлдаанд турхирах бөгөөд энэ тухай болон байлдааны төлөвлөгөөний тухай мэдээллийг Тэмүжинд хүргэн өөрөө цэрэг албатын хамтаар дайн байлдааны талбарыг орхих, эсвэл тактикийн тоглолтууд хийн байлдааны төлөвлөлтийг нь нураах зэрэг үйлдэл хийдэг нь үе үеийн хүмүүсийн сонирхолыг өөрийн эрхгүй татдаг. Тэрээр 1200 онд Хатагин, Салжиуд, Татар, Дөрвөн, Ихирэс, Хонгирад, Горлос, Найман, Мэргид, Ойрад, Тайчууд зэрэг овог аймгууд болон заримынх нь томхон язгууртнуудын дэмжлэгтэй Гүр хаан болж, Чингисийн эсрэг талынхныг нэгтгэн Чингис хаан болон Тоорил ван ханы нэгдсэн хүчиний эсрэг “иргэний дайн” өдүүлсэн нь 1206 оныг хүртэл үргэлжлэн Чингис хааны ялалтаар өндөрлөжээ. Энэ дайны анхны томхон тулалдаан Хүйтэн уулнаа болж Гүр хааны хүчирхэг нэгдэл таран бутарсан нь үнэхээр “задын” хүч үү эсвэл зориуд бэлдсэн нууц төлөвлөгөөний хэрэгжилт байв уу гэдгийг хэн ч үл мэднэ. Юутай ч ингэж тарж бутарсан хүчнүүдийг Чингис хаан Тайчууд, Татар, Найманы Буйруг гэхчлэн ээлж дараалан дарсан байдаг. Үүний хойно Монголын нутаг дахь хамгийн хүчирхэг аймгийн холбоод болох Хэрэйд, Найман нарыг дарахад Жамухын оролцоо хэр байсныг бид бүхэн МНТ-оос мэдэх билээ. Ингэж 1200 онд эхлүүлсэн “иргэний дайнд” 1206 онд Чингис хаан ялагч болон гарч ирэн “Барс жил эсгий туургатан энх амар” болсон билээ.
...Энэхүү дотоодын буюу монголыг нэгтгэх дайны үед Чингис хаанд олон олон хүнд бэрх үе тохиосон бөгөөд Ван ханы хийсэн гэнэтийн довтолгоо хамгийн аюултай нь байсан юм. Тэр үед Чингис хааны гол зорилго нь Сэнгүм болон түүний хүчнийг түрүүлж цохих тактик байсан ч Сэнгүм эцэгтэйгээ нийлэн гэнэтийн цохилт өгсөн нь ихэнхи харъяат албат хүрээгээ дайнд татаж чадалгүй дайсанд автуулснаар Чингис хааныг нэлээд хүнд байдалд оруулсан юм. Муу өндөрийн энэхүү тулалдаанд ямартай ч Сэнгүмийг устгахаа байг гэхэд шархдуулж дөнгөсөн ч ихэнх албат харъятаа түүн дотор Хасарын хүрээ ч Ван хаанд автсан байдаг. Чингис хааны алдагдсан албат хүрээг Жамух Алтан, Хучар нарын дэмжлэгтэйгээр тарж бутрахаас сэргийлэн барьж, Ван ханы дотоодод тусгай ажиллагаа явуулсан байхыг хэн ч үгүйсгэхгүй хэмээн бодно. Энэ тухайд МНТ-д “Монголын олонхи Жамуха лугаа, Алтан, Хучар лугаа бидэнд буй. Тэмүжин лүгээ дайжиж гарсан Монгол хаа одох, тэд” хэмээсэн байдаг. Ингэж Чингис хаан цөөн цэрэг эрсийн хамтаар халх гол өөд дайжин гарч улс төрийн тоглолтуудаа хийснийг түүхнээ “алдарт илгээлт” хэмээжээ. Энэ үед түүний Жамухад элч илгээн хэлүүлсэн нь “Хан эцгээс минь үзэн ядаж, хагацуулав, чи. Бидний урьд боссон хан эцгийн хөх чунг уух бүлгээ. Намайг урьд босч уухад атаархав зэ, чи. Эдүгээ Хан эцгийн хөх чун-г барагтун. Хэдий зэ хороох, та нар” хэмээсэн байх бөгөөд энэ нь ямар нэг далд агуулга байхыг үгүйсгэх аргагүй юм. Ялангуяа хөх чун-г барах хэмээн юуг өгүүлсэн байж таарах вэ г.м. Мөн Алтан, Хучар нарт “...Гурван мөрний тэргүүнд хэнд бээр бүү буулгагтун” хэмээжээ. Энэ бүхний эцэст Чингис хаан ялагч болон гарч ирсэн билээ...
Ингэж дотоодын тэмцэлд Чингис хаан ялагч болсон үед Жамухыг шадар нөхөд нь барьж Чингис хаанд хүргэж ирсэн байдаг. Хэрэв тэр хоёр энэ бүхнийг сэдэж эхлүүлсэн бол эсгий туургатан энх амар болсон явдал нь тэр хоёрын үүсгэсэн үйл явдлын төгсгөл бодит үр дүн байв. Эхлүүлсэн үйл үр дүнд хүрлээ одоо яахав гэдэг асуудал гарч Чингис хаан Жамухад байр суурь амласан авч Жамух энэ бүхнийг илчлэх нь тэнгэрт үл таалагдах үйл бөгөөд олны итгэлийг ч алдахад хүргэнэ гэж үзсэнээр үхлийг сонгон язгууртан хүний ёсоор цус гаргалгүй бүтээж хаан хүний ёсоор өндөр газар бунхалахыг хүсжээ. Тиймдээ ч түүний намтар түүх ийнхүү бүрхэг үлджээ. Харин Рашид ад Дины бүтээлд Чингис хаан түүнийг алж үл түвдэн Алчидай ноёнд гэр өрхийн хамт шагнасан гээд харин хэдэн өдрийн хойно Алчидай түүнийг мөчилж хороосон бөгөөд тэгэхэд Жамуха ер айсан шинжгүй хурдан огтчиж ал гээд өөрөө зааж өгч байв хэмээжээ. Ямартай ч энэ үеэс үхсэн амьд гэдгийг хэн ч үл мэдэн эгнэгт оргүй болжээ.
Энэ бүгдээс үзвэл Жамуха хортон дайсан ч бай, тагнуул заншлаач ч бай, анд нөхөр ч бай, тэрчлэн Чингис хаан болон Жамуха нэг тэрэгний хос арал ч бай, нэг зоосны хоёр тал ч бай ямартай ч Их Монгол улс байгуулах үйлсэд Жамуха сэцэн хэмээгдэгч энэхүү хувь хүмүн ил далд, санаатай санамсаргүй ихээхэн тус хүргэжээ гэсэн дүгнэлт хийхэд болохгүй зүйл үгүй мэт. Тэгээд ч энэхүү “сэцэн” хэмээх цолыг хэн хэзээ түүнд юуны тул өгсөн нь тодорхойгүй л байна. Ер муу үгүйгээр сайн үгүй, үйл үгүйгээр үр үгүй гэдэг билээ. Энэхүү ертөнцийн хосмолын үрээр Жамуха үгүйгээр Чингис үгүй хэмээн Монголын түүхнээ түүнийг цагаатгая хэмээн энэхүү бичил бичвэрээ бичсэн билээ. Тухайн үеийн цаг үе буюу “Хөрст дэлхий хөрвөж, Хөнжилдөөн унтах завгүй хөнөөлдөн тэмцэж байсан” тэр л цаг үе Чингис хаан болоод Жамухыг төрүүлж түүх болгон бидэнд үлдээжээ.
Амьдрал маш олон өнгөтэй ажгуу. Энэ дундаас үнэнийг тодруулах нь туйлын бэрхтэй, тухайлбал хүний тархи толгой, сэтгэл зүрхийг нэвт уншдаг мэддэг болоод цаг хугацаагаар аялан явах тэр үед л туйлын үнэн гэж байдаг бол түүнийг мэдэх бөгөөд эс бөгөөс тийм ийм магадтай хэмээн эх сурвалжуудын мэдээ занги болон өөрийн оюун бодолд тулгуурлан таамаг гарган эрэл хайгуул хийсээр байх ба аль нь улс үндэстэн үр хойчид нь ашигтай вэ гэдгийг ч бодон тунгааж бүтээл туурвил гардаг хэмээн бодно. Монголын түүх нь нэн ч олон янзын өнгө будагтай бөгөөд энэ их өнгөөөр дэлхийн хэдэн ч сонгодогийг бүтээж болмоор санагдана. Тэр дундаас зөвхөн Тэмүжин ба Жамуха хэмээх хувь улсын нөхөрлөл нь ямар ч бүтээл туурвилын дундаршгүй эх булаг болж чадах тийм олон өнгөтэй ажгуу. “Жамухын өчил” гэх нэгэн бэсрэг бүтээлийг Д.Намсрай гэх эрхэм бичсэнийг олж уншаад тийм шилдгүүдийн нэг гэж бодсоны тул өөрийн энэхүү бичвэртээ чимэг болгон дор зүйж зохиогчоос нь ялдамхан хүлцэл өчсүү.
Д.Намсрай “Жамухын өчил”
Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж, эх нутгийн ноён салхинаа гудайсан хялганы толгой гашуудалтай бөхөлзөнө. Тэр газрын цээжийг аниртан чагнаваас монгол эрсийн нөхөрлөл, гуниг хагацлын тухай эмгэнэлт түүх өгүүлнэ. Олон аймгийн цуст тэмцэл, талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжины ялалтаар төгсөж байсан тэр жил... Хаан Жамух нөхөддөө баригдаад Чингисийн өргөөнөө хүргэгдэн ирэв.
Богд эзэндээ халдсан боол эрсийг Чингис хаан өвс ногоо хүрэнттэл цаазалж Жамухыг суллаад өгүүлрүүн...
-Эв эе эвдрэлцэж олонтаа будилсан ч амийг чинь хэлтрүүлье хаан анд минь. Эгнэгт нөхөрлөлөө бататгаж эгүүрд хамт түшилцэн явтугай чи хэмээн өршөөлийг үзүүлэв.
Гэвч нас сүүдэр ид дундаа, төрсөн биеийн хүч чадал төгөлдөржсөн хаан Жамух хариу өчсөн нь:
-Өндөр дээд хаан суудалдаа заларч, өрлөг жанжны тоо чинь бүрэн байхад би илүүдэх биз ээ, анд минь. Чамд зай тавьж өгье. Үндэс мөчир бөхтэй Хорхоногийн саглагар мод шиг цэцэглэн ганхаж явсан юмсан. Үйлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зайран бөө хөөрөгдсөнийг бүү мэд. Атгаг санаат эмийн үгэнд орж андгай тангаргаа няцсан цагаас хойш тавилан заяаны хувь зэрэгт улам бүр шахагдсаар хаан анд чиний өмнө хүрч ирлээ. Анд минь чи болгоогтун. Тэнгэрт хос наран мандвал газарт ган болж шатна. Монголд хоёр хаан байвал дажин самуун тасрахгүй. Олон дайнд оролцон чадал хүчиндээ эрдэж явснаа санахад чиний илдийн дор явж би хэзээ ч чадахгүй. Нэгэнт дийлдэшгүй хүчийг олсон анд чи миний зарлигийн дор явахыг бас тэвчихгүй. Чи бол тэнгэрийн бөө, шадар баатруудад итгэгдсэн Чингис хаан. Би чамтай зэрэгцэж өргөгдсөн хамаг Монголыг захирах Гүр хаан Жамух... Гурван түмэн цэргийнхээ ялалтын уухайгаар Даланбалжуудад чамайг шахан сандаргаж явсан домогт тэр Жамух өнөөдөр хаан анд чиний төлөө орчлонгоос халихаар шийджээ. Чамд өнө үүрд итгэгдэх ийм замыг сонголоо. Дээд тэнгэрт нар нэгэн байг! Дэлүүн болдогийг гийгүүлэх саран бас нэгэн байг! Дэлхий газарт хаан бас нэгэн байг!
...Өсөх насандаа Ононгийн мөсөн дээр шагалцан наадаж, өдгөө идэр цагтаа бүх Монголын хувь заяанд холбогдсон чи бид хоёр нэг нарны дор багтахгүй ээ. Учир иймд хоёр их хаан, хоёр их баатар, хоёр монгол эрийн ёсоор энэ хэргийг нэгэн тийш болгоё. Хаан Жамухын суу алдрыг даяар Монгол мэднэ. Энэ нэр сүрээрээ чиний хаан алдрыг өндөрт өргөөд би амиа тэвчье. Олны санаа бүү хоёрдог! Өлмий, өвдөг доор чинь би өөрийгөө ивж өгье, хаан анд минь! Чиний нэр уудам агуу болог! Гүр хаан Жамух өөрөө чамд сөгдлөө гэдгийг дуулаад хамаг монгол, дөрвөн зүг найман зовхист чиний алдар урьд хожид үзэгдээгүйгээр дуурсах болно. Нэгдсэн их гүрнийг нэг гарт хураан захируулахын тулд нэг нь нөгчиж, нөгөө нь хагацъя. Есөн хөлт цагаан туг, дайн тулааны хар сүлдэнд чинь хоёуланд нь сөгдөн гуйя, хаан анд минь! Чи намайг өршөө!... Өршөөхдөө цаазалж өршөө! Би чамтай нөхөрлөе! Нөхөрлөхдөө үхэж нөхөрлөе! Хүчирхэг гүрэн өнө мөнх оршихыг бэлгэдэж хаан биеэрээ туг сүлдийг чинь тахия! Эзэнт улсын чинь төлөө миний өргөх өчүүхэн энэ хувь багадах учиргүйг тэнгэр мэднэ. Одоо чамайг дийлэх хүчтэн газар дээр үгүй ээ! Чиний баатар цэргүүдийн өмнө юу ч тэсэн тэвчиж чадахгүй. Харь дайсан хатгалдахыг санаархвал Монгол цэргийн тахир сэлмээр дэлхийн дайдыг нумлан хэмжигтүн! Дорно зүгт нар хаанаас манддагийг очиж үзэгтүн! Өрнө зүгт нар хаана шингэдэгийг хүрч мэдэгтүн! Бас их төр, эзэнт гүрний хэргийг эмсийнхээ үгтэй хутгалдан зөвшигч надаар төгсгөл болог! Энэ мөчөөс хойш хаан Жамухын алдар урван тэрслэгч хэнийг ч болов төрийн цээрлэл цааз үл тойрохын хууль болог! Өчих өчил минь гүйцлээ. Хаан анд минь, өшөө хорсол буцалсан хамгийн бэрх цагт ч Өүлэн эхийн сүү цусгүй байсныг санаж цус гаргалгүйгээр намайг алуулагтун!!! Үтэр түргэн тонилгогтун! Түүхийн хүрд саад тотгоргүй эргэг! гэвэй.
Чингис хаан хэсэг бодлогоширсноо тэргүүнээ өргөн шадар хүмүүсээ дуудан зарлиг болгов.
-Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх хөх тэнгэр соёрхтугай! Баатар Жамухын сүүлчийн өчил гэрээсийг биелүүлж цус гаргалгүйгээр үхүүлэгтүн! Анддаа бэлэглэсэн алтан бүсийн минь бүслүүлж... аргамаг сайхан хүлгээр хаан Жамухыг тахиж, агсах зэвсэг хуяг дуулгыг нь асаан хүлэг баатрын ёсоор оршуулагтун! Эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсаж ч болдогийг түмэн үе санатугай!
Ийнхүү айлдан эргэхэд Чингис хааны ов товхон буурал суусан армаг тармаг сахал дээр нулимсан дусал гялтганав. Хаадын зарлиг ёсоор болж, мөнх тэнгэрийн таашаалд нийцэв.
...Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр эх нутгийн ноён салхи гунигтайхан хэсүүчилж нөхрийн тухай үгсийг хялганы бутанд шивнэн эрин зуунд илгээнэ.