Monday, February 1, 2010

Хомо сапиенс, хүн төрөлхтний зам мөр (Хүний үүсэл хөгжил ба Монгол орон дахь эртний хүмүүс-дэд хэсэг)

Сүүлийн 10 жилийн дотор генетик, хүн судлал болон археологийн шинжлэх ухааны ололтоос хамааран хүний үүслийн талаар шинэ шинэ баримт нотолгоо гарсаар байгаа бөгөөд энэ нь хүн төрөлхтөний гарал үүслийг нэг эхтэй хэмээх онолыг улам бүр тодотгосоор байна. Өнөөгийн генетикийн шинжлэх ухаан, үр удамд эцгээс дамжих Ү хромосом буюу Адамын ген (Ү хр), эхээс дамжих митохондрын ДНХ буюу Евагийн ген (мт ДНХ) зэрэг бараг үл өөрчлөгдөн холилдох генийг судалснаар хүн төрөлхтөнийг нэг эх гол ишнээс салбарлан гарсан үй олон салаа мөчиртэй мод болгон харагдуулах агаад тэрхүү модыг дэлхийн газрын зургийн хавтгайд буулгаснаар хэрхэн бид эх дэлхийгээр нэг тархан суурьшсан дүр зураг гардаг. Ген буюу ДНХ-ийн хос гинжийг 4 амин хүчлийн хэлхээнээс тогтдогийг бид бүхэн мэдэх билээ. Гэхдээ энэхүү гинж нь огт хувирдаггүй эд биш бөгөөд хэрэв хувирдаггүй асан бол өнөөгийн хүн хөгжиж бий болох нь битгий хэл үүсэх ч үгүй байсан буй заа. Нэг л амин хүчлийн байрлал солигдоход мутаци явагддаг бөгөөд 1000 үед нэг удаагийн ийм мутаци явагдсан гэж үздэг бөгөөд бидний элэнц-хуланц...элэнц-хуланц гэхчилэн 160-200 МЖӨ байсан Евийн ген, 80-аад МЖӨ-х Адамын генээс бидний үеийг хүртэл 7-15 удаагийн мутаци явагджээ.

Хүн төрөлхтөн нэг эхтэй буюу Африкаас гаралтай хэмээх онолоор 160 мянган жилийн өмнө (МЖӨ) бидний өвөг Африкт амьдарч байсан хэмээн үзэх бөгөөд одоогийн байдлаар хамгийн эртний митохондрын ДНХ болон Ү хромосомын археологийн баталгаа зүүн Африкаас олдоод байгаа билээ. Тэрхүү голомтоос160-135 МЖӨ 4 бүлэг “анчид-түүгчид” нүүж, нэг бүлэг нь урагш Сайн итгэлтийн хошуу (Бломбын агуйн олдворууд), нөгөө нэг нь баруун урагш Конгийн хөндий, гуравдах бүлэг нь баруунш Зааны ясан эрэг хүрсэн бөгөөд тэд анхны L1 хэлбэрийн мт ДНХ-г тээгчид болжээ. 4 дэх бүлэг нь зүүн хойш гарсан бөгөөд 135-115 МЖӨ Нил мөрнийг өгсөн, тэр үед ногоон байсан Сахарыг гатлан, хойд үүд гэж нэрлэгдэх хэсгээр Левант руу гарчээ. Энийг Африкаас гарсан эхний гаралт гэх бөгөөд хүний дэлхийг эзэмдэх амжилтгүй дууссан оролдлого байлаа. Учир нь дахин мөстлөгийн эрин эхэлж, уур амьсгал хүйтэрч, Левант болон тэдний гарсан үүд болох ногоон Сахар цөлжин хаагдаж 90 МЖӨ тэд устаж мөхсөн хийгээд хожим уур амьсгал өөрчлөгдөн Левант сэргэсэн үед хойд зүгээс ирсэн бидний үеэл болох Х.Неандарталиуд тэнд суурьшсан гэж дийлэнхи судлаачид хүлээн зөвшөөрдөг ч, зарим судлаачид тэднийг хожмын ихэнхи Азийнхан болон Европчуулын анхдагчид хэмээн үзэх нь бий.

85 МЖӨ Африкаас гарах хоёр дахь оролдлого хийгдсэн агаад, харин энэ удаад Улаан тэнгисийг урд хүзүүвчээр нь буюу “зовлонт үүд”-ээр гаталж Арабын хойгийн өмнөд эрэгт хүрсэн хийгээд энэ нь хүн төрөлхтний дэлхийгээр нэг тархан суурьших эхлэлийг амжилттай тавьсан үйл явдал байлаа. Энэ гарсан бүлэг хүмүүсийг L3 генийг тээгчид байсан гэх бөгөөд тэд одоогийн бүх Африк бус хүмүүсийн эх сурвалж болжээ. Дашрамд тэмдэглэхэд Библи дэх Мосесийн Египтээс дутаан улаан тэнгисийг гаталсан дүрвэлт нь дээрхи үйл явдалтай цаг хугацаа, гаталсан газрын хувьд зөрүүтэй ч домог зүйн хувьд ямар нэг шижмээр холбогдох эсэх нь сонирхол татаж байна. 25 км өргөнтэй улаан тэнгисийн урд ам нь тухайн үедээ мөстлөгийн нөлөөгөөр одоогийнхоос нарийн байсан гэж үзэх хийгээд тухайн үед далайн төвшин одоогийнхоос 80 м-ээр нам байсан гэж үздэг. Ер нь сүүлчийн хоёр мөстлөгийн үе буюу 150 000 болон 20 000 жилийн тэртээд далайн төвшин одоогийнхоос 130 метрээр нам байсан гэж үздэг.

Тэдгээр бүлэг хүмүүс нэн эрт үеэс ан хийх, ургамал түүж хэрэглэхээс гадна далайн гаралтай хүнс хэрэглэж, далайн эрэг бараадан амьдарч байсан гэх дүгнэлтийг сүүлийн үед хийх болжээ. Эритрийн нутгаас олдсон улаан тэнгисийн усан доор 6 м-ийн гүнээс олдсон 120 мянган жилийн настай шүрэн эргэд барьцалдан үлдсэн далайн нялцгай биетнүүд болон галт уулын гаралтай хар шилэрхэг чулуугаар хийгдсэн сүх, чулуун зэвсэг олдсон нь ингэж үзэх үзлийг бататгажээ.
Эдгээр Арабын хойгт хүрсэн хүмүүс өсч үржин олшрохын хэрээр далайн эрэг даган Энэтхэг хүрч, цааш мөн л далайн эрэг хажин явсаар Индонезийн баруун арлуудад хүрч, тэндээсээ мөн л эрэг хажин Борнеа, өмнөд Хятадын эрэг хүрчээ. Энэ үйл явцад хүн төрөлхтөн Энэтхэгийн далайн эрэг хөвөөгөөр тархан нутаглах болсон хийгээд үүнд түүхийнхээ 10 мянган жилийг зарцуулжээ. (85-75 МЖӨ) Тэдний энэ тэлэлтийг хойд зүг рүү буюу өөрөөр хэлбэл Евроазиин гүн рүү оруулалгүй тогтоон барьж байсан хүчин зүйл нь тэр үеийн дэлхийн цаг уур байлаа. Тухайн үед Африкийн баруун эргээс зүүн хойд Сибир хүртэл үргэлжилсэн, гатлашгүй өргөн уудам цөл нутаг оршиж, түүнээс хойш нутгууд мөсөн бүрхүүлтэй байсан гэж үздэг. Энэ үед Азид Х.Эрэктусууд, Европт Х.Неандарталиуд амьдран байснаас үзэхэд Азийн гүнд болон баруун Европт хүн амьдран суух боломжтой газрууд үлдсэн байсан бололтой. Х.Сапиенсийн хувьд цаг уураас гадна далайн гаралтай хоол хүнс хэрэглэж байснаас үүдэн далайн эрэг даган тархсан байх бүрэн магадтай юм. (Стефан Оппенхэймер)

74 МЖӨ хүн төрөлхтөнд асар том байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон байна. Энэ бол одоо “Тобагийн сүйрэл” гэж нэрлэгдэх болсон Суматрын Тоба нууран дахь галт уулын супер дэлбэрэлт байжээ. Тухайн дэлбэрэлт нь дэлхийн түүхэн дэх сүүлийн 2 сая жилд тохиолдсон хамгийн том дэлбэрэлт бөгөөд тус дэлбэрэлтийн улмаас Энэтхэг, Пакистан 5м зузаан үнсэнд дарагдан, дэлхийн хэмжээнд 6 жилийн турш цөмийн өвөл болж, 1000 жил үргэлжлэх мөстлөгийн эрин эхэлжээ (үнсний үлдэц Грийнландын мөсөн давхрагаас ч олдсон). Энэхүү сүйрэл болон түүний үр дагавараас үүдэн тухайн үеийн дэлхийн хүн амын ихэнхи нь сүйрч устан ойролцоогоор 10 000 насанд хүрсэн хүн л амьд мэнд үлдсэн хэмээн үздэг бөгөөд үүнийг “лонхны хүзүү”-ний онол гэх агаад одоогийн хүмүүсийн генийн харьцангүй ижил байдлаар тайлбарладаг. Ганц хүн ч бус бусад хүний төрөл болох х.эрэктус болон х.неандарталчууд ч энэхүү сүйрлийн гамшгийг амсжээ. Ихэнхи судлаачид Ази дахь х.эрэктусыг энэ үед мөхсөн гэж үздэг ч палеоантропологийн судалгаанд үндэслэн Монголын нутагт 800 МЖӨ-өөс эхлэн амьдран байсан х.эрэктус Монгол болон Азийн гүнд тодорхой хэмжээгэр эсэн мэнд үлдсэн байх боломжтой юм.

Энэхүү сүйрлээс эсэн мэнд үлдсэн хүмүүс (74 000-65 000 жилийн өмнө) өсч үржин, Энэтхэг, Пакистан руу эргэн тархаж мөн далайн эрэг дагуу зүүн Ази руу тархан Шар тэнгисийн баруун эрэг хүрсэн авч хойш эх газрын гүн рүү нэвтрэхэд мөстлөгийн хэт хүйтрэл саад болсоор л байлаа. Энэ үед хүн төрөлхтөн ногоон тивийг эзэмших гараагаа эхэлж, завь ашиглан Тимороос Австрали, Борнеогоос Шинэ Гвиней хүрсэн гэж үздэг байна.
Харин 65 000-52 000 жилийн тэртээд дэлхийн цаг уур дулаарч эхлэн хүмүүс хойш нүүдлэн тархах боломж бий болж эхэлсэн байна. 52 000 жилийн өмнөх дулаарал хүмүүсийг арабын хойгийн хойд хэсэгт нумран тогтсон баян бүрдээр дамжин Левант хүрэх замыг нээгээд зогссонгүй 50 000 жилийн тэртээгээс эхлэн Боспороор дамжин Европ хүрэх үүдийг нээжээ. 52 000-45 000 жилийн өмнөх үеийг бага мөстлөгийн үе гэх ба энэ үед Евроазийн нутаг Скандинав болон хойд Сибирийн мөсөн бүрхүүлээс бусад хэсэг нь дулаан чийглэг уур амьсгалтай болсон үе байлаа. Энэ үед хуучин чулуун зэвсгийн дээд үеийн ауригнацийн гэгдэх соёл Туркээс Болгар, Европт тархан, чулуун зэвсгийн шинэ арга барил Данубаас Унгар, Австри руу тархжээ. Мөн энэ үеийн австраличууд ногоон тивийн өмнөд эрэгт хүрсэн байна.

Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр тэд гол мөрний хөндий, үржил шимт нутаг даган, амжиргааны эх үүсвэр болох ан, загас, жимс ургамлын тархацыг даган шинэ газар орноод тархан тэлж байжээ. Ингээд 45 000-40 000 жилийн тэртээ Европын тархалт Испани, Португали төдийгүй хойд Африкт ч хүрчээ. Харин Левантийн хэсгээс зүүн зүг тархсан хүмүүс, мөн хойд Энэтхэг, Пакистанаас зүүн хойш гарсан тэлэлт дундад Азиар дамжин Алтайн нуруу хүрч нэгдээд цаашлан зүүн хойш тархсаар өвөр Байгаль хүрсэн байна. Энэ үед зүүн хойд Энтхэгээс хэсэг бүлгээр тасран гарсан хүмүүс Төвдөөр дамжин Хөх нуурын өндөрлөгт хүрч, зүүн Ази буюу Шар тэнгисийн баруун эргээс хөдөлсөн хэсэг Төв Азийн тэгш өндөрлөгөөр дамжин зүүн хойд Азид нэвтэрч, баруунш хөх мөрөн шар мөрний хөндийгөөр тархан, нэг хэсэг нь Ордосын тал нутаг хүрчээ. Мөн нэг хэсэг нь далайн эрэг хөвөө даган зүүн хойд Ази Солонгосын хойг, Японы арлууд болон тэнгисийн хөвөө даган Камчаткийн хойгт хүрсэн байна.

Энэхүү 40-45 МЖӨ болсон нүүдэл суудал тархалтуудаас 3 зам миний сонирхолыг өөрийн эрхгүй татаж байгаа юм. 1-дэх нь Өвөр байгаль хүрсэн хэсэг, 2-дахь нь Хөх нуурын өндөрлөгт хүрсэн хэсэг, 3 дахь нь Ордосийн талд ирсэн хэсэг болно. Учир нь энэ гурвын нэгдэл бидний өвөг буюу Монгол төрхтний эхлэл байх магадлал тун өндөр байна. Мөн Япон тэнгис, Агнуурын тэнгисийн баруун эргээс ч баруун тийш эх газрын гүн рүү томоохон гол мөрнийг даган зарим нэг нүүдэл орж ирсэн байх талтай.
Миний үзэхээр Хөх нуурынхан уулын анчид янгир шүтээнт хүмүүс бөгөөд уул бараадан явсаар Тэнгэр уул, Алтайн нуруу даган тархсан байх магадтай хийгээд зарим хэсэг нь зүүн тийш нүүдэллэн Ордосынхон буюу талынхан хэмээгдэх чоно шүтээнт анчидтай нийлсэн байх магадтай. Өвөр байгалийнхан ойн анчид бөгөөд буга шүтээнт байсан байх магадлал өндөр байна. Ингэхээр бидний нэн эртний өвөг эдгээр ойн, уулын, талын анчдын хойчис болох бөгөөд ойнхон урагш, талынхан болон уулынхан хойш, зүүн хойш тархах явцад үүссэн эдний нэгдлээс хожмын нүүдэлчин, малчин, гөрөөчин улс бий болсон байх бүрэн магадтай гэж үзэж байна.
Левант, Энэтхэг, Пакистанаас Алтай, өвөр Байгаль хүрсэн хэсэг хийгээд Хойд Энэтхэгээс Төвдөөр дамжин ирсэн гэх Хөх нуурынханы нэн эртний энэ үйл явдлын тухай домог Монголын хаад Энэтхэг Төвдөөс буюу Индо-Ари гаралтай гэх домгийн эх болсон юм биш байгаа, Ордосынхны нэн эртний домгийн хятаджуулсан хувилбар нь Шун вэйн домог биш байгаа гэсэн сэтгэгдэл төрнө. Эндээс зарим хүн Ордосынхныг хятадаас гаралтай гэлээ гэх хэл үг гаргаж болох ч энэ үед угсаатан бүү хэл арьсны ялгарал ч гүйцэд явагдаагүй байсан гэдгийг бодолцоорой хэмээн хүсье.

Энэ тухайд буюу хуучин чулуун зэвсгийн дээд үеэс хүрлийн үе хүртэлх (МЭӨ 40 000-3 000 жил) Монголын нутаг дахь эртний хүмүүсийн тухай дараа удаад өгүүлэхээр түр орхиж, хүн төрөлхтний дэлхий даяар тархан суусан зам мөрийг үргэлжлүүлэн мөшгөсүгэй.

Левантаас мөн хойд Энэтхэг, Пакистанаас зүүн хойш гарч дундад Азид хүрсэн хүмүүс 40-25 МЖӨ баруун зүгт тархан зүүн Европыг дүүргэн, мөн хойш тэлсээр Арктикийн бүс хүрчээ. Дорнод Европт очсон хүмүүсийн дурсгалаас Францын нутаг дахь Чауветийн агуйн зураг (МЭӨ 35 000 жил) хамгийн нэр алдартай нь бөгөөд энэ үеэс урлагийн эхлэлийг авч үздэг билээ. Хойш болон зүүн хойд зүгт тэлсэн хэсэг нь Өвөр Байгалийнхантай нэгдэн зүүн хойш тархан хойд болон зүүн хойд Азийг эзэлжээ. Мөн зүүн хойд Азийг эзэгнэх үйлсэд Ордосынхон, Хөх нуурынханы зүүн хойшхи тэлэлт, Япон тэнгис болон Агнуурын тэнгисийн эргийнхэн оролцжээ. Мөн энэ үеэс зүүн өмнөд Азийнхан Шинэ Гвинейгээр дамжин Номхон далайн арлуудаар тархжээ гэж үздэг байна.

Өвөр Байгалийнхан хойш болон зүүн хойш нүүдэллэхээс гадна мөн урагш тэлж хойш болон зүүн хойш тэлж байсан Ордосынхон болон Хөх нуурынхантай нийлсэн байх нь дамжиггүй юм. Энэ үйл явцыг Төв Азийн тэгш өндөрлөг болон нам дор газрын байгалийн хил болох Шар (Хатан гол) мөрнөөс Сибирь хүртэлх газар нутгаас олддог 30 000 жилийн өмнөх чулуун зэвсгийн үйлдвэрлэх арга барил өөр хоорондоо болон Европын Кро-Магнон үеийнхтэй ижилсэх хандлагатай байдгаар тайлбарлаж болох бөгөөд энэ бүс нутгийнхан МЭӨ 30 000 жилийн тэртээгээс өөр хоорондоо холилдон соёлын нэгдмэл байдал руу орж байжээ хэмээн үзэх боломжтой юм.

Зүүн Сибир хүрсэн өвөр Байгалийнхан, Хөх нуур болон Ордосынхон, зүүн Азийнхан нэгдэн зүүн тийш улам бүр тэлэн тархсаар 25-22 МЖӨ тухайн үед Аляск болон Сибирийг холбож байсан газраар эсвэл мөсөн холбоосоор дамжин Берингийн хоолойг гаталж шинэ тивд хөл тавьжээ. Тэд 19 МЖӨ гэхэд хойд Америкийг хөндлөн туулж одоогийн Пенсильванийн нутагт хүрсэн гэж үзэж байна.

22 000-19 000 жилийн тэртээ хүн төрөлхтөнд дахин нэг шалгуур ирсэн нь мөстлөгийн эрин байлаа. Энэ мөстлөгийн улмаас цаг уур хүйтэрч, хуурай ширүүн болж ирснээс дэлхийн хойд хагаст хүн амьдран суух газрын хүрээ хумигдан хүн амын тоо эрс буурсан хйигээд зарим судлаачдынхаар хойд Европ, хойд Ази, хойд Америкт цөөн тооны хүн амын бөөгнөрөл буюу одоогийн хэлээр дүрвэгсдийн хуаран (европт 1-Украин, Азид 2-Өвөр байгаль хийгээд Монгол болон зүүн Сибирь, Америкт 2-Аляск болон Канадын бруун эрэг) үлджээ гэж үздэг байна. Зарим судлаачид төв Азийн өмнөд хэсэг цөлжин тэндэх хүмүүс устан Төвдөөс өөр газар үлдсэнгүй хэмээдэг. Ямартай ч энэ үеэс Төв Ази зүүн өмнөд болон өмнөд Азиас их говиор тусгаарлагдах болжээ. Харин их говийн хойд захаас Байгаль нуур хүртэлх нутаг хэдий хатуу ширүүн уур амьсгалтай хэдий ч хүн амьдран суух боломжтой үлдсэн нь бидний завшаан тэнгэрийн аврал гэлтэй. Энэхүү мөстлөг 18 000жилийн өмнө дээд цэгтээ хүрсэн байна. Энэ үед Америкийн зүүн эрэг хүрсэн бүлэг хүмүүс мөстлөг болоод уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн далайн эргээр өмнө тийш нүүсээр МЭӨ 15 000 он гэхэд төв болон өмнөд Америк хүрчээ. 15-12,5 МЖӨ дэлхийн цаг уур аажим аажмаар сайжирч, Канад Аляскийнхан шинэ тивийн баруун эргийг даган урагш нүүсээр өмнөд Америкт хөл тавьснаар зүүн эргийнхэн болон баруун эргийнхэн Америк тивийг бүхэлд нь нээж, эх газрын гүн рүү ч тархан тэлэх болжээ. МЭӨ 10 000 он гэхэд мөстлөг аажим буурсаар Берингийнхэн хойд Америкийн гүн рүү оржээ. Энэ үеэс Эскимо, Энуит, На-Дене хэлтэнгүүд үүсчээ гэдэг.
МЭӨ 10 000-8 000 жилийн тэртээгээс мөстлөг дуусч уур амьсгал зөөлөн чийглэг болж иржээ. Энэ үеэс хүн төрөлхтөн эргэн хойд зүг рүү тархан Британи, Скандинав, Шинэ газар, хойд Сибирь хүрснээс гадна мал амьтныг гаршуулан тэжээх болж, өмнөд болон төв Америк, Газар дундын тэнгис, Шинэ Гвиней, зүүн өмнөд Азид газар тариалан үүссэн байна.

Ингэж хүн төрөлхтөн 160 мянган жилийн тэртээгээс Африкаас эхэлсэн аянаараа МЭӨ 8 000 он гэхэд дэлхийн ихэнхи хэсэгт зам мөрөө үлдээж чаджээ.

No comments:

Post a Comment