Thursday, August 6, 2009

Эртний ДНХ-Хүннү-Орчин үеийн ДНХ

Монголын тал нутагт анхны төрт улсыг байгуулсан бидний өвөг дээдэс болох
Хүн нарыг чухам ямар хэлээр ярьж байсан, ямар үндэс угсааны хүмүүс байсан
талаар одоог хүртэл маргасаар, бараг булаацалдах нь халаг байдаг
(Монгол, Түрэг, Перс, холимог г.м) билээ. Арга ч үгүй биз, Төв болон Зүүн Азийг хамарсан анхдагч хүчирхэг Эзэнт гүрэн болохоор тэр байх. Хятадын домгийн чанартай бичлэгт Хятадын эртний домгийн улсын хаан өөрийн төрлийн нэгэн нөхрийг албат нарынх нь хамт Ордос руу цөлснөөр Хүн нар бий болов гэсэн нь бий ч энэ бол ор тас худал зүйл юм. Магадгүй цөлөгдсөн байж болох ч Хүн нарын өвөг дээдэс болох учиргүй бөгөөд гарал үүслийн хувьд ч тэр хэл, соёл, бичиг үсэг, шашин суртал цаашлаад генетикийн талаараа Хятадаас тэс өөр болох нь олон зүйлээр нотлогдсон билээ. Хожим Хүн гүрний үед хятадын Хан улсын цэргийн жанжид Хүн нарт олзлогдон тэдэнд хүчээ өгч байсан, Шанью нар “энх ургийн гэрээ” байгуулан Хятадын Хан улсаас алба татвар авч Тангийн гүнжийг эхнэр болгон авдаг байсан ч өргөн хэмжээгээр генетикийн солилцоо явагдаагүй, Хятад гүнжээс төрсөн хүүхдүүд улс төрийн бодлогод нөлөөгүй байсан юм.
Хүн нарыг Монгол, Унгар, Булгар, Түрэг угсаатан (Казах, Узбэк, Киргиз, Уйгар) болон Тунгус угсаатан (Якут, Манж) нар өвөг дээдсээ хэмээн тайлбарлах явдал түгээмэл байдаг ч баттай тогтоосон зүйл саяхныг хүртэл байгаагүй юм. Гэхдээ тэд Их гүрэн байх үедээ Монгол, Түрэг, Түнгүс угсаатнаас гадна Европ угсааны Скифүүд, Юэжчи аймаг зэргийг нэгэн дээвэр дор нэгтгэн захирч байсны хувьд эдгээр улс түмнүүд өвөг дээдсээ хэмээн үзэх бүрэн үндэстэй юм. Хожим Хүн гүрний бууралтын үед өмнөд хойд хоёр хэсэгт хуваагдан өмнөд Хүн нарын нэлээн хэсэг нь хойд хятадад суурьшан бослого тэмцэл гарган хамжлага маягтай байснаар зарим нь хятадад уусан, зарим нь (30000 хүн) хятадын зүүн Хан улсын задралаар зүүнш нүүж Солонгос очсон мэдээ ч байдаг болохоор хойд Хятад болон Солонгост тэдний удмынхан цөөн ч атугай байх нь магадтай юм. Хойд Хүн нарын хувьд тэд шахагдан нэгэн хэсэг нь баруунш нүүж гурван зуу орчим жил чимээ алдран байснаа хожим 4-6-р зуунд түүхийн тавцнаа дахин тодорч Европын түүхэнд гүнзгий мөр үлдээсэн билээ.

1943 онд Монгол Оросын хамтарсан експедиц Эгийн голын хөндийгөөс МЭӨ 3-р зуунаас МЭ 2-р зуунд хамаарах Хүн нарын оршуулгын газрыг олж илрүүлэн шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан байдаг. Эндээс олдсон 60 гаруй сайн хадгалагдсан гавлын ясанд Франц, Унгарын эрдэмтэд митохондрын буюу зөвхөн эхээс дамждаг, Ү-хромосомын буюу эцгээс дамждаг, автосомын буюу аль алинаас нь дамждаг ДНХ-ийн судалгааг 2003 оноос хийж эхэлсэн байна. Олонхи эрдэмтэдийн үздэгчлэн Ази Европ хүмүүсийн генетикийн солилцоо нэлээн хожим явагдсан гэдэг ойлголтыг энэ судалгаа няцаасан байна. Учир нь эдгээр ясны ДНХ-ээс Европ угсаатантай ижил төсөө ажиглагдсан бөгөөд тэр үеийн Хүн нар 10% Европ, 90% Азийн шинжийг агуулсан генетикийн холимог бүрдэлтэй гарсан нь бүр Хүн гүрэн байгуулагдахаас нэлээн өмнө Ази Европ хүмүүсийн генетикийн солилцоо эрчимтэй явагдсан болохыг харуулж байна.

Ингээд эрдэмтэдийн хийсэн судалгааны үр дүнг 2006 оны 4 сард Америкийн “Бие махбодийн хүн судлал” хэмээх сэтгүүлд нийтэлснийг тэр хэвээр нь сийрүүлэв.

Судалгааны өгүүлэл

Монголын хүн амын үүсэл гарал: Эртний ба орчин үеийн ДНХ-ийн
генетик бүтцийн шинжилгээ

Эртний ДНХ-Хүннү-орчин үеийн ДНХ

Эгийн голын хөндийгөөс (Монголын хойд хэсэг) олдсон 2300 жилийн настай Хүннүгийн
хүмүүсийн олдвороос авсан болон одоогийн Монголын хоёр бүлэг хүмүүс болох: олдвор олдсон газраас сонгосон хүмүүс (Эгийн голын хөндий орчим 100 км-ээс дотогш), Монголын бусад хэсгээс сонгосон хүмүүсээс авсан сорьцын өгөгдөхүүнд цөмийн (автосомын болон Ү-хромосомын богино тандемийн давтамж) ба митохондрын (өндөр хэлбэлзэлтбүс I) харьцуулсан судалгаа хийсэн юм. Энэ харьцуулсан шинжилгээний гол зорилго нь Монголын нутаг дахь одоогийн болон эртний хүмүүсийн хооронд генетикийн уялдаа холбоо адил төстэй шинж байгаа эсэхэд үнэлэлт өгөх явдал байв.
Мөн эртний Хүннү хүмүүсийг (сорьц) одоогийн Якутуудын өвгийн аль нэгтэй харьцуулсан судалгаанаас, Якутын одоогийн хүмүүсээс авсан өгөдөхүүн, ном хэвлэлд гарсан Түрк хүмүүсийн өгөгдөхүүнийг энэхүү судалгаандаа хамруулан судалсан. Бидний судалгааны гол үр дүн нь Хүннүгийн генетикийн ижил төсөө Монголын янз бүрийн цаг хугацааны болон газарзүйн байрлалаас авсан өгөгдөхүүнд ажиглагдсан явдал байлаа. Энэ үр дүн Монголын нутаг дахь Түрк болон Монголын овог аймгууд цаг хугацааны уртад генетикийн солилцооноосоо илүүтэйгээр соёлын солилцоо хийжээ гэсэн таамаглалд хүргэж байна.
Үүнээс гадна бидний урьд нь таамаглаж байсанчлан Якутын өвөг дээдэс Хүннү аймгуудын дунд олдсонгүй.
...гэжээ. Эндээс үзэхэд Хүн нар нь яахын аргагүй бидний өвөг дээдэс болох нь шинжлэх ухааны үндэслэлтэй болон баталгаажихаас гадна Хүн нар өвөг Монголчууд байсан, өвөг Монголчууд байсан юм чинь өвөг Монгол хэлтэй байсан байхнаа гэх бяцхан бардамнал төрснийг нуух нь илүүц биз ээ.

No comments:

Post a Comment