Friday, June 28, 2013

Ядуурал ба нийгмийн хөгжил

Нийгмийн хөгжил нь өргөн утгаараа, нийгэм бүхий л талаараа доороос дээш ахисан үйл явц юм. Энэ үйл явцыг доош чангаагч гол хүчин зүйлийн нэг нь ядуурал ба нөгөө талаар ядуурал нь нийгмийн хөгжлөөс хамааралтай үзэгдэл болохын хувьд нийгмийн хөгжил ба ядуурал нь хоорондоо урвуу хамааралтай байна. Нийгмийн хөгжил дэвшил бидний эрхэм зорилго бол манай нийгмийн шийдвэл зохих чухал асуудлын нэг нь ядуурлыг бууруулах явдал мөн. Ядуурлын тухай олон тодорхойлолт байдгаас “Ундны ус, хоол тэжээл, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, хувцас, орон сууц зэрэг хүний наад захын хэрэгцээний хомсдол” гэсэн тодорхойлолтыг түгээмэл хэрэглэдэг. Үүнийг туйлын ядуурал гэх ба мөн харьцангуй ядуурал гэсэн ойлголт байна. Энэ нь нэг хүнд оногдох нэг өдрийн орлогын хэмжээг дэлхийн дундаж үзүүлэлттэй харьцуулсан ойлголт бөгөөд 1,25 америк доллараас бага орлоготой бол нэн ядуу, 2 америк доллараас бага бол ядуу гэж үздэг аргачлал юм. Үндэсний статистикийн хорооны тайланд манай улсын ядуурлын түвшин хот , суурин газар 26.9%, хєдєєд 46.6%, НҮБХХ-ийн илтгэлд дурдсанаар улсын хэмжээнд 36,1%, байна /2009 он/. Мөн ХАССТ, НҮБХХ-ийн 2004 оны “Улаанбаатар хотын ядуурал ба шилжих хөдөлгөөн” судалгааны тайлангаас харахад хүн амын 33% нь орлогын, 24% нь нийгмийн оролцооны, 24% нь хүртээмжийн ядууралтай байна гэжээ. Дээрх тодорхойлолт болон тоо баримтууд нь нийгмийн хөгжлийг хангахын тулд ядуурлыг бууруулах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. Олон улсын туршлагаас харахад эдийн засгийн эрчимтэй єсєлт, зохистой хєдєлмєрєєр дамжин ядуурлыг бууруулдаг бєгєєд энэ нь бүтээмж єндєртэй ажлын байр шинээр бий болгосноор хэрэгждэг байна. Хєдєлмєр эрхлэлт нь ядуу хүмүүсийн хувьд єєрийн ганц ємч болох хєдєлмєрлєх хүчээ дээд зэргээр ашиглах боломжийг олгодог. Мянганы хөгжлийн зорилтод ажлын байрыг олноор бий болгох, хєдєлмєрийн зохистой нєхцлийг бүрдүүлэх, нийгмийн хамгааллын тогтолцоог улам бэхжүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд зориулагдсан хєрєнгє оруулалтыг хєхүүлэн дэмжихийг уриалсан бөгөөд Монгол Улсын Ерєнхий сайд С. Батболд Нью Йорк хотноо болсон НҮБ-ын Ерєнхий ассемблейн Мянганы хєгжлийн зорилтуудын талаарх дээд хэмжээний чуулган дээр хэлсэн үгэндээ ядуурлыг бууруулахад бүтээлч хєдєлмєр эрхлэлтийг хєхүүлэн дэмжих, ялангуяа ажиллах хүчин ихээхэн шаардагддаг аж үйлдвэрийн салбарыг хєгжүүлэх замаар залуучуудад зориулсан ажлын байрыг бий болгох нь тус улсын засгийн газрын нэн тэргүүний зорилтуудын нэг болохыг тэмдэглэсэн билээ. Миний бодлоор ядуурлыг бууруулах/нийгмийг хөгжүүлэх дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд нийгмийн эрчим голлох үүрэгтэй гэж үзэж байна. Энэ нь хүний хүчин зүйл бөгөөд иргэдийн өөрсдийн идэвхи санаачилга юм. Хөгжлийн гол тодорхойлогч ба нөөц нь хүн юм (Манай улсын хөдөлмөрийн насны хүн ам 2005-2008 онд жилд дунджаар 22,8 мянгаар нэмэгдэж, хүн амын өсөлтөөс түрүүлж байна. Энэ байдал 2020 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна). Тэд өөрсдийн бүтээлч байдал, боломжиндоо илүү ухамсартай хандаж, тэрийгээ мэдэрч, бодит байдлыг мэдэрснээр идэвхи санаачлагатай болдог. Хүний энэ ухамсарт мэдлэг нь нөхцөл байдалд нийгмийн үзүүлэх хариу үйлдлийг тодорхойлох хүсэл тэмүүлэл, хандлага, байр суурь нь болдог ба энэ зонхилох хандлага нь нийгмийн эрчмийн урсгалыг хянаж, хөгжлийн хүч, хэр хэмжээг тодорхойлдог гэж үздэг. Анхаарах зүйл нь нийгмийн хандлага нь нөхцөл байдалд тохиромжгүй бол хөгжлийн стратеги өгөөжтэй үр дүн өгөхгүй. Ийм тохиолдолд нийгмийн хандлагыг өөрчлөх асуудлыг стратегид суулгах хэрэгтэй болдог (нийгмийн боловсрол, иргэдийн идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх эдийн засгийн хөшүүрэг бий болгох, таниулан ухамсарлуулах, амжилтанд хүрсэн хувь хүмүүсийн жишээгээр нийгмийн урам зоригийг сэргээх үйл ажиллагаа явуулах зэрэг). Шинэ хандлага дэмжлэгийг ухамсарласан, шинэ зан чанар эзэмшиж хүлээж авсан, дасан зохицсон хувь хүн-анхдагч нар нийгмийн хөгжлийг идэвхижүүлж, нийгэм хамтлагийн дэвшлийн нүүр царай, өдөөгч хөшүүрэг, жадны үзүүр болдог. Нийгмийн хөгжил хувьсал нь их хэмжээний эрчмийг шаарддаг ба эрчмийг шинэ үйл явцад зөв ашиглах шаардлагатай. Хүмүүсийн ажил хөдөлмөр эрхлэх идэвхи санаачлагыг нийгмийн зөвшилцлийн үндсэн дээр зөв залуурдах бодлогоор идэвхжүүлснээр эрчмийг нэмэгдүүлж, хуримтлагдсан эрчмийг үйл ажиллагаанд шилжүүлж нийгмийн хөгжлийг тоон өсөлтөнд хүргэх ба илүү үр дүнтэй нарийн нийлмэл үйл ажиллагаанд оруулвал сая хөгжил чанарын дээд түвшинд хүрнэ. Ингэж дээд түвшинд хүрсэн шинэ зарчим нь албадлагаар бус инерцээр цааш хөдлөх болно. Хөгжил бол хөтөлбөр биш, үйл явц юм. ЗГ хүний хүчин зүйлийг нөхөж яагаад ч чадахгүй, харин энэ үйл явцыг бодлогоор, хуулиар, тусгай хөтөлбөрөөр дэмжиж, уялдуулж, найруулаж, идэвхижүүлж болно. Хөгжлийн стратеги нь хүмүүсийн идэвхи санаачлагыг чөлөөлөх идэвхижүүлэхэд чиглэгдэхээс бус тэрийг нөхөх орлох бодлого байж болохгүй. Эцсийн байдлаар манай улсын ядуурлыг бууруулах стратегийн зорилт нь нэгд: ажлын байр олноор бий болгох, хоёрт: ажлын байрыг “зохист” болгох, гуравт: (миний үзэж байгаагаар хамгийн гол зорилт) ажилтай хүн ажилгүй хүний “ялгаа”-г бий болгосноор хувь хүн, нийгмийг ажил хөдөлмөрт уриалан дуудаж, тэдний идэвхи санаачлагыг дээд зэргээр өдөөх явдал гэж үзэж байна. Ингэснээр хувь хүний ажил хөдөлмөрт хандах үнэлэмж, идэвхи дээшлэн, нийгмийн эрчмийг нэмэгдүүлснээр нийгмийн хөгжлийн тулгуур хүчин зүйл болох ба нийгмийн хөгжил дээшилснээр ядуурал буурна гэж үзэж байна. Дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд зээл, даатгал, бүртгэлийн системийг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулан хөгжүүлэх, хот хєдєєгийн хєгжлийн ялгааг арилгах, нийгмийн суурь үйлчилгээг хүн бүрт ижил тэгш хүргэх, хүмүүсийг эдийн засгийн үйл ажиллагаанд татан оруулах, тэднийг єсєлтийн үр дүнгээс тэгш хүртэх боломжоор хангах шаардлагатай байна. Манай улсын эдийн засгийн өсөлт нь ажилгүй өсөлт, харгис өсөлт, дуу хоолойгүй өсөлт, үндэс угсаагүй өсөлт, ирээдүйгүй өсөлт байх ёсгүй. Эцэст нь тэмдэглэхэд Хөгжил бол явц болохоос бус хөтөлбөр биш ээ.

Ажилтай хүн ажилгүй хүн хоёрын ялгаа

Сүүлийн үеийн судалгаагаар манай улсын хөдөлмөрийн насны хүн ам 2005-2008 онд жилд дунджаар 22,8 мянгаар нэмэгдэж, хүн амын өсөлтөөс түрүүлж байна. Энэ байдал 2020 он хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. /ҮСХ-ны тайлан/ Энэ байдлыг хүн амын цонхны үзэгдэл гэх ба хөдөлмөрийн насны хүн амын энэ өсөлтийг хэрхэн ажлын байраар тэр тусмаа зохист ажлын байраар хангах вэ гэдэг асуудал нийгмийн өмнө тулгарч байна. Дэлхийн хөдөлмөрийн байгууллага, НҮБХХ зэрэг олон улсын байгууллагууд хөдөлмөр шингэсэн ажлын байр олноор бий болгох, ажлын байрыг зохистой болгох, залуусыг ажил мэргэжилтэй болгох зэрэг олон зөвлөмж гаргасан. Хэдийгээр эдгээр зөвлөмж, Мянганы хөгжлийн зорилттой уялдсан хөтөлбөр, арга хэмжээнүүдийг төрөөс авч хэрэгжүүлж байгаа ч Монголын хүний хөгжлийн илтгэл 2007–д дурдсанаар манай улсын ядуурлын хамрах хүрээ 36.1%, ажилгүйдлийн түвшин ажиллах хүчний судалгаагаар 14.2%, хөдөлмөрийн насны идэвхигүй хүн ам 534 400 хүн, ДНБ-ий өсөлт 0.29 байхад ажил эрхлэлтийн өсөлт 0.09 буюу эдийн засгийн өсөлтийн хөдөлмөр эрхлэлтийн мэдрэмж 0.31, хөдөлмөрийн бүтээмжийн улсын дундаж 3207.40 байгаа нь манай улсын хөдөлмөр эрхлэлтийн үзүүлэлтүүд бодит байдал дээр тийм ч сайнгүй байгааг харуулж байна. Энэ бүгдээс харвал ажлын байр олноор бий болголоо ч ажиллах хүчин болсон хүний идэвхи санаачлага, тэдний хүсэл тэмүүлэл, өөрийгөө хөгжүүлж ажил хөдөлмөр эрхлэх эрмэлзэлгүйгээр хөдөлмөр эрхлэлтийн байдлыг сайжруулах боломжгүй юм. Олон залуус хөдөлмөр эрхлэх, өөрийгөө хөгжүүлэх сонирхолгүй, харин амар хялбараар мөнгө олохыг илүүд үзэх болсон байна. Тэгвэл тэдний энэ байдлыг өөрчлөх боломж, арга зам байна уу гэсэн асуултыг тавих хэрэгтэй болж байна. Хүн өөрсдийн бүтээлч байдал, боломжиндоо илүү ухамсартай хандаж, тэрийгээ мэдэрч, бодит байдлыг мэдсэнээр идэвхи санаачлагатай болдог. Энэ ухамсарт мэдлэгийг хөгжүүлэхэд хүүхэд залууст зориулсан мэргэжлийн боловсрол, чиг баримжаа олгох сургалт явуулах, хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг боловсронгуй болгож, нийгэмд ил тод, тэгш, хүртээмжтэй хүргэх асуудал чухал байр эзэлдэг. Гэхдээ энд хамгийн гол анхаарах зүйл нь хүн амын ажил хөдөлмөр эрхлэх хүсэл тэмүүлэлийг бий болгохын тулд ажилтай хүн, ажилгүй хүн хоёрын ялгааг нийгэм эдийн засгийн талаас нь тод томруун харуулах явдал гэж үзэж байна. Тэгвэл ялгаа хэрхэн бий болгох вэ. Тэдний өөрийнхөө төлөө гэсэн идэвхи эрмэлзлийг хэрхэн нэмэгдүүлэх вэ. Нийгмийн зөвшилцөлүүд дээр үндэслэн хөдөлмөрийн болон бусад хууль, журмаар зохицуулалт хийх замаар хөдөлмөр эрхэлж бүй хүмүүсийг тогтвортой ажиллах нөхцөл бололцоогоор хангах, ажил олгогч болон банкны тогтолцоогоор дамжуулан урт хугацааны бага хүүтэй зээлээр дамжуулан орон сууц болон бусад хүний хэрэглээний үнэ өндөр зүйлсээр хангах, ирээдүйд тогтвор суурьшилтай ажиллаж зээлийн өртгийг барагдуулдаг тогтолцоог бий болгох явдал гэж үзэж байна. Мөн даатгал болон бүртгэлийн системийг давхар уялдуулан хөгжүүлэх хэрэгтэй болно гэж үзэж байна. Төр хүмүүсийн идэвхи санаачлагыг чөлөөлөх идэвхижүүлэхэд чиглэсэн энэ үйл явцыг бодлого, хууль, тусгай хөтөлбөрөөр дэмжиж, уялдуулж, найруулаж, идэвхижүүлж, хөгжлийн стратегид тусган хэрэгжүүлж болно. Тэгш бус байдлыг багасгах, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, илүү өргөн хүрээтэй эдийн засгийг хөгжүүлэх, иргэний боловсролыг нэмэгдүүлэх зэрэг бодлогоос гадна ажилтай хүн ажилгүй хүний “ялгаа”-г бий болгосноор хувь хүн, нийгмийг ажил хөдөлмөрт уриалан дуудаж, тэдний идэвхи санаачлагыг дээд зэргээр өдөөн хувь хүний ажил хөдөлмөрт хандах үнэлэмж, идэвхийг дээшлүүлэх боломж бидэнд байна.

Номын тухай хэдэн үг

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Философи. социологи, эрхийн хүрээлэн 2008 онд шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Б.Даш-Ёндон редактортай “Монголын нийгмийн өөрчлөлт” нэртэй нэгэн сэдэвт хамтын бүтээл хэвлүүлэн гаргасан байна. Тус бүтээлд 1990 оноос өнөөг хүртэл /2007 он/ өрнөсөн Монголын нийгмийн өөрчлөлтийг судалж, нийгэмд гарсан язгуур өөрчлөлтийг философи. социологи, улс төр судлал, эрх зүй болон эдийн засгийн ухааны үүднээс шинжилж, эрдмийн дүгнэлт гаргасан ба асуудлыг гол төлөв философи сэтгэлгээ, философичилсон судалгааны үүднээс авч үзсэн байна. “Монголын нийгмийн өөрчлөлт” номын ач холбогдол нь 1990 оноос хойш манай нийгэмд өрнөсөн шилжилтийн үеийн олон янзын юмс үзэгдэл, олон янзын салбарын өөрчлөлтийг танин мэдэхэд тусалж, тэдгээрийн өвөрмөц болон нийтлэг шинж, дотоод хэлхээ холбоо, учир шалтгааны холбогдол, авцалдаа, зүй тогтолт чанарыг шинжлэх ухааны үүднээс дүгнэж гаргасанд оршино. Хар үгээр хэлбэл нөгөө "Юу болоод өнгөрвөө" гэдэг шиг манай нийгэмд гарсан өөрчлөлтийн талаар цэгцтэй ойлголттой болох, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлоход тань дөхөм болох байх гэснээс энэхүү мэдээллийн чанартай зүйлийг орууллаа.

Friday, October 22, 2010

Монгол үзэл-Рашаан хадны дурсгал

Энэ удаад өөрийн бичиж байгаа зүйлтэй уялдуулан Монгол орон дахь археологи түүхийн нэгэн гайхамшигт дурсгалын талаар бичсү.

Тэрхүү дурсгал бол Хэнтий аймгийн Батширээт сумын Хурх багийн нутаг, Биндэр уулын зүүн урд хормой, Хурх голын савд орших Рашаан хадны дурсгал билээ. Үзүүр хад ч гэх нь бий. Тус дурсгалыг судлах ажлыг Х.Пэрлээ гуай 1943 оноос эхлүүлсэн бөгөөд 1960-70 онд жил тутам очиж судалсан чухам л Рашаан хадны дурсгалаар мэргэшсэн өтгөс байсан ажгуу. Тэрээр Рашаан хадны дурсгалын талаар эрдэм шинжилгээний арав гаруй өгүүлэл бичсэн бөгөөд 1976 онд Рашаан хадны 400 гаруй тамганы зургийг судалсан судалгааны нэг сэдэвт “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” хэмээх бүтээлээ туурвижээ.

Энэ цогцолбор дурсгалд палеолитийн үеэс эхлэн дундад зууны үед холбогдох ан амьтан, хүн, хэдэн зуун тамга тэмдэг сийлж, орхон-енисей, хятан, араб, перс, монгол түвд манж хятад зэрэг хорь орчим бичээс үлдээжээ. (арслан заан, савагт хирс, /1.5 м гүнээс савагт хирсний эвэр олдсон/ хулан зэрэг амьтны дүрс, нийт 500-аад тамга тэмдэг /зарим хэсэг нь 1 метр орчим хөрсөнд хучигдсан байдгаас үзвэл нэн эртнийх болох нь мэдэгдэнэ/сийлсэн байдаг байна) Мөн энэ орчим хуучин чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн хүн оршин байсны нотолгоо болсон палеолитээс неолитийн эхэн хүртэлх үеийн чулуун зэвсэг, эртний булш, хүн чулуун болон буган хөшөө, хүрэл болон төмөр зэвсгийн болон Хүннү, Хятан, Монгол гүрний үед холбогдох шавар ваар савны үлдэгдэл, сумны зэв, түүхийн олон үед хамрагдах дурсгал элбэг олддог.

Чулуун зэвсгийн судалгааг 1973,74 оноос бага сага туршилтын малтлага хийж эхлүүлсэн ба 1980-81 онд палеолитийн сууринг малтаж 2.5-3.5 м гүн, 4 үе соёлт давхрагатай /палеолит, мезолит/ болохыг тогтоосон. Энэ үеэр 8000 гаруй чулуун зэвсгийн зүйлс олсон байна. Судалгаанд нийт 60 м.кв талбай хамрагдсан бөгөөд хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн шат дараалан хөгжсөн чулуун зэвсгийн үйлдвэрлэлийн явцыг тогтоох боломж олгосон судалгаа болсон байна. Тэндээс олдсон чулуун зэвсгийг судалсны үндсэн дээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь Орхон голын Мойлтын амны палеолитийн зэвсэгтэй бүхий л талаараа ижил байсан бөгөөд Өмнөд Сибирь, Дундад Сибирийн өмнөд хэсэг, Өвөр Байгалийн 30-35 мянган жилийн өмнөх дурсгалуудтай олон талаар адил гэж тогтоожээ. Чулуун зэвсгийн олон тооны үлдэцийг призм хэлбэрийн, говийн, урт шаантаг хэлбэрийн, леваллуа гэсэн 4 төрөлд ангилсан бөгөөд хамгийн хожуу үеийнх нь говийн болон призм хэлбэрийнх болно. Энэ нь цаг хугацааны хувьд 28 мянган жилийн тэртээд хамаардаг ажээ.
Говийн үлдэц нь Монголын чулуун зэвсгийн үеийн гол дурсгалын нэг бөгөөд Өмнөд Сибирь, Алс дорнод, Умард хятад, Солонгос, Японы Хоккайдо, АНУ-ын Аляска хүртэл тархсан байдаг нь угсаатны шилжилтийг харуулах хангалттай бүдүүвч зураглал болох боломжтой юм. Эндээс хөөн үзвэл чухам энэ үеэс /35-28МЖӨ/ Монголын дорнод бүс нутагт Өвөр Байгалийнхан хийгээд Ордос, Хөх нуурынхан нийлэн нэгдсэн, хэлхээ холбоо ойр болсон байх бүрэн магадтай юм. Учир юун хэмээвээс Х.Пэрлээ авгай энэ газрыг нэн эрт үеэс гарал үүсэл болон хэлхээ холбоо нэгтэй овог аймгуудын “цугларалт” болдог байсан газар бөгөөд тэдгээр овог аймгууд өөрсдийн тамга тэмдэгээ үе үед сийлэн үлдээж байжээ гэж үзсэнээр мөн тайлбарлаж болох юм. Тэрээр “Манай орны нутаг дэвсгэрээс Рашаан хадтай дүйцэхүйц археологийн цогцолбор дурсгал одоог хүртэл илэрч мэдэгдээгүй бөгөөд нэн эртнээс дундад зууныг хүртэл Дорнод бүс нутгийн төдийгүй нийт Монголын эртний соёлын нэгэн төв нутаг байсан бололтой” гэжээ. Мөн эндээс 12 км-ийн зайд өглөгчийн хэрэм оршин байгаа нь судлууштай өгөгдөхүүн юм.

12-р зуунд Хамаг Монгол аймгийн гол нутаг байсан бололтой. МНТ-д “Хурху-наг жубурт Хотолыг хаан өргөмжилж өвдөг газрыг өлцөртөл, хотгор газрыг холцортол бүжив” гэдэг ба Судрын чуулганд “Хурху-таш гэдэг газар Хотола хаан нутаглаж байсан” гэж үлджээ. Пэрлээ авгай “таш” хэмээхийг чулуу хэмээн тайлсан бөгөөд Хурх гол өнөөг хүртэл урссаар л байна. Хурху бол өнөөг хүртэл хэрэглэгдсээр буй хурал хуйгийн үйлдэх хэв мөн билээ. Энэ бүгдээс үзэхэд эрт дээр үеэс хэлхээ ойр овог аймгууд энд л хурж байсан гэдэг нь үнэнээс хол зөрөхгүй буйзаа.

Шигтгээ: Хөдөөгийн Пэрлээ 1911 онд Сэцэн хан аймгийн (одоогийн Хэнтий аймгийн Биндэр сум) нутагт малчин ард Хэрээд овогт Дамдингийн хүү болон мэндэлсэн. 1926-1928 онд Хошууны танхимийн бага сургууль, 1928-1929 онд Багшийн сургуулийг дүүргэсэн. 1929-1937 онд Хэнтий, Архангайд бага сургуулийн захирал, багш, холбоочин хийж хөдөөнөөс сонин сэтгүүлд бүтээл ирүүлсээр нэг мэдэхэд Хөдөөгийн хэмээн олон түмний хайрласан нэрээр алдарших болжээ. 1945-1949 онд МУИС-д эчнээгээр суран түүхч болсон. 1941 оноос насан өөд болтолоо Түүхийн хүрээлэнд 40 гаруй жил тасралтгүй ажиллажээ. 1957 онд Монгол улсад анх удаа эрдмийн зэрэг хамгаалах учир тохиож Оросын Дорно Дахины хүрээлэнгээс буцан ирж Хятаны түүхээс сэдвээр түүхийн ухааны дэд эрдэмтэний зэрэг хамгаалсан. 1978 онд эрдэм шинжилгээний 30 гаруй бүтээлээ хураангуйлсан Эртний монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн түүхийн зарим асуудалд сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Олон эрдэмтний сонирхол татах болсон шинэ зүйл гэвэл Монгол улсын нутагт байгаа эртний хот балгасыг судлан шинжилсэн явдал байлаа. Тэрээр Онон-Хэрлэнгийн монголчууд (1959 он), Монголын Нэгдсэн улс байгуулагдахаас өмнөх монгол улс ханлигууд (1966 он), Гурван мөрний монголчуудын аман түүхийн мөрийг мөшгөсөн нь (1969 он), Монголын түүхийн урьд мэдэгдээгүй зарим он цагийн мэдээ (1956 он) зэрэг онц сонирхолтой бүтээлээ туурвисан билээ. Х.Пэрлээгийн Хятан нар, тэдний монголчуудтай холбогдсон нь (1959) зохиол Хятан судлалд хүндтэй байр суурь эзэлдэг. Тэрээр хятан нар монгол хэлтэй, монгол аймаг байсан гэдгийг баталж, Хятан улс эзэнт улсын төрхийг олж хот суурин барьж, их бага хоёр бичиг хэрэглэж, ном судар, орчуулж байсныг баримтаар хөдлөшгуй баталжээ.

Monday, June 7, 2010

Монгол орны хуучин чулуун зэвсгийн дээд үе буюу Монгол дахь орчин үеийн хүний түүх эхэлбэй

(Хүний үүсэл хөгжил ба Монгол орон дахь эртний хүмүүс-гутгаар хэсэг)

Энэ удаад хуучин чулуун зэвсгийн дээд үеэс дунд чулуун зэвсгийн үе хүртэлх (МЭӨ 45 000, 40 000 -15 000, 10 000 жил) Монголын нутаг дахь эртний хүмүүсийн тухай эрдэмтэд мэргэдийн олж мэдсэнийг өгүүлье.

Хуучин чулуун зэвсгийн дунд үеэс дээд үед шилжих үе буюу 50 000 жилийн тэртээ чулуун зэвсгийн нэр төрөл олширч, ур хийц илт сайжирч шинэ дэвшил гарсныг хуучин чулуун зэвсгийн дээд үеийн хувьсгал - их дэвшил гэдэг. Энэ л үеэс эхлэн урлагийн эхлэл (хад агуйн зураг, эмэгтэй хүний дүрсбаримал) тавигдаж, орчин үеийн хүний зан төрх (оршуулах болон бусад зан үйл, билэгдэл дүрс, шүтлэг, хийсвэрлэл г.м) бий болжээ гэдэг. Монгол нутаг дахь энэ үеийн археологийн олдвор дурсгалуудаас чулуун зэвсгийн үйлдвэрлэл, арга техник эрс дэвшилд хүрч, хадны сийлмэл болон зосон зураг хийгээд чимэглэх урлаг чухам энэ л үеэс үүсч эхэлсэнийг харж болох бөгөөд энэ нь орчин үеийн хүн түрж орж ирсний илрэл болов уу. Өмнөх бүлэгт өгүүлсэнчлэн орчин үеийн хүн-хомо сапиенс үржиж олшрохын хэрээр уул нурууд, гол мөрний хөндий, үржил шимт нутаг даган, амжиргааны эх үүсвэр болох ан, загас, жимс ургамлын тархацыг даган шинэ газар орноод тархан тэлсээр 45-40 000 жилийн тэртээ монголын түүхэн нутагт гурван замаар орж ирсэн нь өвөр Байгаль, Хөх нуур, Ордос гурав гэж үзэж байна. Мөн Агнуурын тэнгисээс баруун тийш өвөр Байгаль, баруун хойд Энэтхэг болон Левантаас торгоны зам дагуу Ордос чиглэсэн нүүдэл суудлын зам мөр бий гэж үздэг байна. (Брадшау сан, Оппенхэймэр - генетик, археологийн судалгаанд үндэслэн гаргасан үзэл баримтлал) Эндээс харахад Монгол нутаг дахь орчин үеийн хүний буюу бидний өвөг дээдсийн түүх Хүн төрөлхтөний их нүүдэл тархалтын дүнд 40-45 000 жилийн тэртээ Хөх нуур, өвөр Байгаль, Ордос хүрсэн тэдгээр хүмүүсээс эхтэй болж байна.

Зүүн хойд Энэтхэгээс хэсэг бүлгээр гарсан хүмүүс Төвдөөр дамжин Хөх нуурын өндөрлөгт хүрч, өсч үржихийн хэрээр цааш Шар мөрний хөндий даган тархсаар Ордосынхонтой нийлэн Ордосын соёлыг үүсгэсэн байх бүрэн магадтай бөгөөд хойш уул нуруудын хөндий даган тархаж Тэнгэр уул, Алтайн нуруу хүрч Баянхонгор, Өвөрхангай, Говь алтай, Өмнөговь, Ховд хүртэл тархан өвөр Байгалийнхантай нүүр тулан учирсан байх магадтай юм. (Монголын хаад Энэтхэг-Түвдийн хаадаас гаралтай гэх домгийн эх байх бүрэн магадтай)
Харин Левантийн хэсгээс зүүн зүг тархсан хүмүүс хийгээд хойд Энэтхэг, Пакистанаас зүүн хойш гарсан тэлэлт дундад Азиар дамжин Алтайн нуруу хүрч нэгдээд цаашлан зүүн хойш тархсаар өвөр Байгаль хүрсэн хүмүүсийн хойчис Сэлэнгэ, Баргужин, Ангар мөрөн, цаашлаад Енесейн хөндий даган үржин тэлсээр хойд, зүүн, зүүн хойд Ази буюу Сибирь, Монголын умард нутгаар тархан суурьшсан хийгээд магадгүй Ордос хүртэл ч тархсан байх магадтай юм. Учир нь хойд Евроазийн хуучин чулуун зэвсгийн дээд үеийн технологийн урд зах нь Ордос бөгөөд үүнээс урагш тэрхүү нөлөө одоог болтол олдоогүй байна. (Монголчуудын дээд өвөг тэнгис далай гатлан..., Монголчууд Ари гаралтай г.м домог ярианы эх болсон байж болох юм)
Гурав дахь нь Ордосынхон бөгөөд Ордосын соёлыг бүтээгчид юм. Ордосын соёл гэж хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн төмөр зэвсгийн үе хүртэл он удаан жилийн хүний түүх соёлыг нэгтгэн нэрлэдэг бөгөөд чулуун зэвсгийн үе нь мустен-леваллуан арга барил дээр үндэслэсэн чулуун зэвсгийн үйлдэх шинэ арга барилыг сайтар эзэмшсэн байдаг онцлогтой юм. Ордосын Салаа ус гэдэг газраас 50-35 000 жилийн өмнөх хүний үлдэгдэл олдсон бөгөөд антропологийн шинжилгээгээр монгол төрхтөн болохыг нотолжээ. Ордосынхон өсч олшрохын хэрээр хойш, зүүн хойш тэлсээр Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутаг хүрч өвөр Байгалынхантай нийлж соёл хийгээд генетикийн солилцоонд орсон нь лавтай. Энэ бүгдээс үзэхэд эртний Монгол нутаг дахь хүмүүс энэ гурван бүлгийн хүмүүсийн удам хойчис байх бүрэн магадтай байна.

Монголын дээд палеолитийн (хуучин чулуун зэвсгийн дээд үе) олдвор арвин баялаг бөгөөд нэг дороос олон соёлт давхрагаас олдсон чулуун зэвсэгүүдийн үйлдвэрлэлийн арга нь харилцан адилгүй, нэг хэсэг нь леваллуан арга дээр уламжлан хөгжсөн байдаг бол нөгөө хэсэг нь Сибирь болон Енисейн дурсгалуудтай ижилсэх хандлагатай байдаг. Мөн хойд хятад, дундад Азийн дурсгалуудтай ч үйлдвэрлэлийн арга техник, он цагийн хамааралтай байдгаас харахад үнэхээр Монгол нутаг дахь дээд палеолитийн соёл нь дээр өгүүлсэн гурван голомтын нийлмэл цогц эсбөгөөс дээр дурьдсан газар нутгийн энгээр нэг тархсан байсан мэт бодогдоно.

Монгол нутаг дахь дээд палеолитийн дурсгалуудаас Өвөрхангайн Мойлтын ам хийгээд Хэнтий аймгийн Рашаан хадны суурингууд алдартай юм. Мойлтын амны суурин нь дээд палеолитын түрүү үеэс эхлэн мезолит, неолитийн эхэн үе хүртэл 20 гаруй мянган жил хүн тасралтгүй оршин сууж байсан соёлын 4 давхрага бүхий суурин бөгөөд чулуун зэвсгийн дурсгал нь мөн олон янз, леваллуагаас эхлэн дээд палеолитийн алгуур аажим хувьслыг бүрэн харуулж чаддаг байна. Рашаан хадны суурингаас дээд палеолитээс эхлэн хүн чулуу, буган хөшөө, хүрэл төмөр зэвсгийн үе, Хүннү, Хятан, Монгол гүрний үеийн олдворууд олддог хийгээд хад чулуунаа дээд палеолитийн үеэс эхлэн дундад зуун хүртэл хүн, амьтнаас өгсүүлээд хэдэн зуун тамга тэмдгийн хадны сийлмэл зураг дүрс байхаас гадна орхон-енисей, хятан, араб-перс, монгол, түвд, манж, хятад зэрэг 20 орчим бичээс олдсоноос үзвэл Рашаан хадны суурин нийт Монголын эртний соёлын нэгэн төв нутаг байсан бололтой. Чулуун зэвсгийн дурсгалын хувьд мөн л 4 үе давхрагатай бөгөөд 8000 гаруй чулуун зэвсгийн зүйлс олджээ. Эдгээр чулуун зэвсгийн олдворууд нь хэлбэр төрх, хэмжээ, хийсэн арга барил, бүхий л талаараа Мойлтын амныхтай ижил байгааг судлаачид тогтоосон бөгөөд судалгааны дүнгээс үзвэл өмнөд Сибирь, өвөр Байгалийн 30-35 000 жилийн тэртээх дурсгалуудтай хийсэн арга барил, олон талаараа ижилсэж байгаа ажээ. Чулуун зэвсэг хийж байсан үлдэцүүдийг хэлбэр төрх, цуулалтын арга техникийн хувьд призм хэлбэрийн, говийн, урт шаантаг хэлбэрийн, нэг ба хоёр цохих талбайтай жижиг хэмжээний леваллуа маягийн гэсэн 4 төрөлд ангилдаг байна.
Мөн дээд палеолитийн томоохон дурсгалуудын тоонд леваллуа арга барилаар тодорхойлогдсон, 40-30 000 жилд хамаарах Өвөрхангайн Орхон-ҮII, Орхон-I, Баянхонгорын Түйн гол-Ү, Булганы Дөрөлж-I, II зэрэг суурин дархны газрууд багтдаг байна.

Ийнхүү эртний хүмүүс 40-22 000 жилийн өмнө Монголын нутагт чулуун зэвсгийн харилцан адилгүй ч нэг нь нөгөөдөө нөлөөлсөн нийтлэг нэгэн соёлыг бүрдүүлж байжээ. Энэ үеэс хэл яриа улам бүр хөгжин, эхийн эрхт (эмэгтэй хүний баримал, дүрслэл) овгийн хүй нэгдэл бий болж, овгуудад өөрийн билгэдэл, аман хууль, хэв ёс бий болж, байгалийн агуй хонгилоосгадна гэр урц, газар гэрт амьдрах болжээ. Мөн энэ үеийн нэг онцлог нь нэг овгийн дотор бэлгийн харьцааг хориглож, өөр овгоос охин богтлох, өөр овогт хүргэн орох ёс үүсжээ.

Дээд палеолитийн үе нь хүн төрөлхтний түүхийн 30-40-өөд мянган жилийг хамрах бөгөөд энэ үед байгаль цаг уурын өөрчлөлт, агаарын хэм хэд хэдэн удаа буурсан мөчлөг тохиолдож байв. Ялангуяа 22-18-15 000 жилийн тэртээх сүүлчийн их мөстлөгийн үе дэлхийн хүн амд ялангуяа бөмбөрцгийн хойд хэсгийнхэнд ихээхэн нөлөөлжээ. Монгол нутагт энэхүү мөстлөг нөлөөлсний ул мөр өнөөг хүртэл оршсоор байна. Мөстлөгийн үеэр хүн амын тоо ихээхэн буурч, шилжилт хөдөлгөөн зогсож, хоорондын харилцаа холбоо, нөлөөл үгүй болсноор хэл, соёл, генийн ондоошил явагдсан гэж үздэг. Мөн энэ үеэс газар зүйн онцлог, нарны гэрлийн шингээлтийн хэрэгцээнээс хамаарсан генийн өөрчлөлт явагдсанаар одоогийн арьстны ялгаа гарсан байна. Овгуудын ялгарал, цаг уурын өөрчлөлтөөс хамаарсан хязгаарлагдмал байдал нь угсаатан бүрэлдэх эхийг тавьсан байна. Чухам энэ л үеэс монгол төрхтөн, нүүдэлчдийн дээд өвөг хэдийгээр хатуу ширүүн уур амьсгал зонхилж байсан хэдий ч харьцангуйгаар хүн амьдран суух боломжтой нийтлэг адил нөхцөлд байсан Монгол нутагт бүрэлдэж эхэлсэн гэж үзвэл зохилтой байна. (олон үеийн турш хүн оршин байсаар ирсэн монголын дээд палеолитийн суурин дурсгалуудаас харахад)
Энэхүү мөстлөг 18 000 жилийн өмнө дээд цэгтээ хүрсэн бөгөөд 15 000 жилийн тэртээ дэлхийн цаг уур дулаарч, мөсөн бүрхүүл хайлж, байгаль цаг уурын эрс өөчлөлт гарч, монголын байгаль газар зүйн байдал, амьтан ургамалын аймаг орчин үеийн төрхийг олсон байна. Энэ үеэс хүмүүсийн шилжилт хөдөлгөөн дахин эрчимжиж, их нүүдлийн аянд гарч, харилцан соёл хийгээд генийн нөлөөлөл, солилцоо явагдаж эхэлсэн байна. Монголын түүхчид энэ үеэс эхлэн дунд чулуун зэвсгийн үе эхэлсэн гэж үздэг бөгөөд Монгол нутаг дахь дунд болон шинэ чулуун зэвсгийн үеийг хүрлийн үе хүртэл, мөн чулуун зэвсгийн үеийн хадны зосон ба сийлмэл зураг, чимэглэх урлагийн талаар дараа удаад үргэлжлүүлэхээр түр хойш талбивай.

Monday, February 1, 2010

Хомо сапиенс, хүн төрөлхтний зам мөр (Хүний үүсэл хөгжил ба Монгол орон дахь эртний хүмүүс-дэд хэсэг)

Сүүлийн 10 жилийн дотор генетик, хүн судлал болон археологийн шинжлэх ухааны ололтоос хамааран хүний үүслийн талаар шинэ шинэ баримт нотолгоо гарсаар байгаа бөгөөд энэ нь хүн төрөлхтөний гарал үүслийг нэг эхтэй хэмээх онолыг улам бүр тодотгосоор байна. Өнөөгийн генетикийн шинжлэх ухаан, үр удамд эцгээс дамжих Ү хромосом буюу Адамын ген (Ү хр), эхээс дамжих митохондрын ДНХ буюу Евагийн ген (мт ДНХ) зэрэг бараг үл өөрчлөгдөн холилдох генийг судалснаар хүн төрөлхтөнийг нэг эх гол ишнээс салбарлан гарсан үй олон салаа мөчиртэй мод болгон харагдуулах агаад тэрхүү модыг дэлхийн газрын зургийн хавтгайд буулгаснаар хэрхэн бид эх дэлхийгээр нэг тархан суурьшсан дүр зураг гардаг. Ген буюу ДНХ-ийн хос гинжийг 4 амин хүчлийн хэлхээнээс тогтдогийг бид бүхэн мэдэх билээ. Гэхдээ энэхүү гинж нь огт хувирдаггүй эд биш бөгөөд хэрэв хувирдаггүй асан бол өнөөгийн хүн хөгжиж бий болох нь битгий хэл үүсэх ч үгүй байсан буй заа. Нэг л амин хүчлийн байрлал солигдоход мутаци явагддаг бөгөөд 1000 үед нэг удаагийн ийм мутаци явагдсан гэж үздэг бөгөөд бидний элэнц-хуланц...элэнц-хуланц гэхчилэн 160-200 МЖӨ байсан Евийн ген, 80-аад МЖӨ-х Адамын генээс бидний үеийг хүртэл 7-15 удаагийн мутаци явагджээ.

Хүн төрөлхтөн нэг эхтэй буюу Африкаас гаралтай хэмээх онолоор 160 мянган жилийн өмнө (МЖӨ) бидний өвөг Африкт амьдарч байсан хэмээн үзэх бөгөөд одоогийн байдлаар хамгийн эртний митохондрын ДНХ болон Ү хромосомын археологийн баталгаа зүүн Африкаас олдоод байгаа билээ. Тэрхүү голомтоос160-135 МЖӨ 4 бүлэг “анчид-түүгчид” нүүж, нэг бүлэг нь урагш Сайн итгэлтийн хошуу (Бломбын агуйн олдворууд), нөгөө нэг нь баруун урагш Конгийн хөндий, гуравдах бүлэг нь баруунш Зааны ясан эрэг хүрсэн бөгөөд тэд анхны L1 хэлбэрийн мт ДНХ-г тээгчид болжээ. 4 дэх бүлэг нь зүүн хойш гарсан бөгөөд 135-115 МЖӨ Нил мөрнийг өгсөн, тэр үед ногоон байсан Сахарыг гатлан, хойд үүд гэж нэрлэгдэх хэсгээр Левант руу гарчээ. Энийг Африкаас гарсан эхний гаралт гэх бөгөөд хүний дэлхийг эзэмдэх амжилтгүй дууссан оролдлого байлаа. Учир нь дахин мөстлөгийн эрин эхэлж, уур амьсгал хүйтэрч, Левант болон тэдний гарсан үүд болох ногоон Сахар цөлжин хаагдаж 90 МЖӨ тэд устаж мөхсөн хийгээд хожим уур амьсгал өөрчлөгдөн Левант сэргэсэн үед хойд зүгээс ирсэн бидний үеэл болох Х.Неандарталиуд тэнд суурьшсан гэж дийлэнхи судлаачид хүлээн зөвшөөрдөг ч, зарим судлаачид тэднийг хожмын ихэнхи Азийнхан болон Европчуулын анхдагчид хэмээн үзэх нь бий.

85 МЖӨ Африкаас гарах хоёр дахь оролдлого хийгдсэн агаад, харин энэ удаад Улаан тэнгисийг урд хүзүүвчээр нь буюу “зовлонт үүд”-ээр гаталж Арабын хойгийн өмнөд эрэгт хүрсэн хийгээд энэ нь хүн төрөлхтний дэлхийгээр нэг тархан суурьших эхлэлийг амжилттай тавьсан үйл явдал байлаа. Энэ гарсан бүлэг хүмүүсийг L3 генийг тээгчид байсан гэх бөгөөд тэд одоогийн бүх Африк бус хүмүүсийн эх сурвалж болжээ. Дашрамд тэмдэглэхэд Библи дэх Мосесийн Египтээс дутаан улаан тэнгисийг гаталсан дүрвэлт нь дээрхи үйл явдалтай цаг хугацаа, гаталсан газрын хувьд зөрүүтэй ч домог зүйн хувьд ямар нэг шижмээр холбогдох эсэх нь сонирхол татаж байна. 25 км өргөнтэй улаан тэнгисийн урд ам нь тухайн үедээ мөстлөгийн нөлөөгөөр одоогийнхоос нарийн байсан гэж үзэх хийгээд тухайн үед далайн төвшин одоогийнхоос 80 м-ээр нам байсан гэж үздэг. Ер нь сүүлчийн хоёр мөстлөгийн үе буюу 150 000 болон 20 000 жилийн тэртээд далайн төвшин одоогийнхоос 130 метрээр нам байсан гэж үздэг.

Тэдгээр бүлэг хүмүүс нэн эрт үеэс ан хийх, ургамал түүж хэрэглэхээс гадна далайн гаралтай хүнс хэрэглэж, далайн эрэг бараадан амьдарч байсан гэх дүгнэлтийг сүүлийн үед хийх болжээ. Эритрийн нутгаас олдсон улаан тэнгисийн усан доор 6 м-ийн гүнээс олдсон 120 мянган жилийн настай шүрэн эргэд барьцалдан үлдсэн далайн нялцгай биетнүүд болон галт уулын гаралтай хар шилэрхэг чулуугаар хийгдсэн сүх, чулуун зэвсэг олдсон нь ингэж үзэх үзлийг бататгажээ.
Эдгээр Арабын хойгт хүрсэн хүмүүс өсч үржин олшрохын хэрээр далайн эрэг даган Энэтхэг хүрч, цааш мөн л далайн эрэг хажин явсаар Индонезийн баруун арлуудад хүрч, тэндээсээ мөн л эрэг хажин Борнеа, өмнөд Хятадын эрэг хүрчээ. Энэ үйл явцад хүн төрөлхтөн Энэтхэгийн далайн эрэг хөвөөгөөр тархан нутаглах болсон хийгээд үүнд түүхийнхээ 10 мянган жилийг зарцуулжээ. (85-75 МЖӨ) Тэдний энэ тэлэлтийг хойд зүг рүү буюу өөрөөр хэлбэл Евроазиин гүн рүү оруулалгүй тогтоон барьж байсан хүчин зүйл нь тэр үеийн дэлхийн цаг уур байлаа. Тухайн үед Африкийн баруун эргээс зүүн хойд Сибир хүртэл үргэлжилсэн, гатлашгүй өргөн уудам цөл нутаг оршиж, түүнээс хойш нутгууд мөсөн бүрхүүлтэй байсан гэж үздэг. Энэ үед Азид Х.Эрэктусууд, Европт Х.Неандарталиуд амьдран байснаас үзэхэд Азийн гүнд болон баруун Европт хүн амьдран суух боломжтой газрууд үлдсэн байсан бололтой. Х.Сапиенсийн хувьд цаг уураас гадна далайн гаралтай хоол хүнс хэрэглэж байснаас үүдэн далайн эрэг даган тархсан байх бүрэн магадтай юм. (Стефан Оппенхэймер)

74 МЖӨ хүн төрөлхтөнд асар том байгалийн гамшигт үзэгдэл тохиолдсон байна. Энэ бол одоо “Тобагийн сүйрэл” гэж нэрлэгдэх болсон Суматрын Тоба нууран дахь галт уулын супер дэлбэрэлт байжээ. Тухайн дэлбэрэлт нь дэлхийн түүхэн дэх сүүлийн 2 сая жилд тохиолдсон хамгийн том дэлбэрэлт бөгөөд тус дэлбэрэлтийн улмаас Энэтхэг, Пакистан 5м зузаан үнсэнд дарагдан, дэлхийн хэмжээнд 6 жилийн турш цөмийн өвөл болж, 1000 жил үргэлжлэх мөстлөгийн эрин эхэлжээ (үнсний үлдэц Грийнландын мөсөн давхрагаас ч олдсон). Энэхүү сүйрэл болон түүний үр дагавараас үүдэн тухайн үеийн дэлхийн хүн амын ихэнхи нь сүйрч устан ойролцоогоор 10 000 насанд хүрсэн хүн л амьд мэнд үлдсэн хэмээн үздэг бөгөөд үүнийг “лонхны хүзүү”-ний онол гэх агаад одоогийн хүмүүсийн генийн харьцангүй ижил байдлаар тайлбарладаг. Ганц хүн ч бус бусад хүний төрөл болох х.эрэктус болон х.неандарталчууд ч энэхүү сүйрлийн гамшгийг амсжээ. Ихэнхи судлаачид Ази дахь х.эрэктусыг энэ үед мөхсөн гэж үздэг ч палеоантропологийн судалгаанд үндэслэн Монголын нутагт 800 МЖӨ-өөс эхлэн амьдран байсан х.эрэктус Монгол болон Азийн гүнд тодорхой хэмжээгэр эсэн мэнд үлдсэн байх боломжтой юм.

Энэхүү сүйрлээс эсэн мэнд үлдсэн хүмүүс (74 000-65 000 жилийн өмнө) өсч үржин, Энэтхэг, Пакистан руу эргэн тархаж мөн далайн эрэг дагуу зүүн Ази руу тархан Шар тэнгисийн баруун эрэг хүрсэн авч хойш эх газрын гүн рүү нэвтрэхэд мөстлөгийн хэт хүйтрэл саад болсоор л байлаа. Энэ үед хүн төрөлхтөн ногоон тивийг эзэмших гараагаа эхэлж, завь ашиглан Тимороос Австрали, Борнеогоос Шинэ Гвиней хүрсэн гэж үздэг байна.
Харин 65 000-52 000 жилийн тэртээд дэлхийн цаг уур дулаарч эхлэн хүмүүс хойш нүүдлэн тархах боломж бий болж эхэлсэн байна. 52 000 жилийн өмнөх дулаарал хүмүүсийг арабын хойгийн хойд хэсэгт нумран тогтсон баян бүрдээр дамжин Левант хүрэх замыг нээгээд зогссонгүй 50 000 жилийн тэртээгээс эхлэн Боспороор дамжин Европ хүрэх үүдийг нээжээ. 52 000-45 000 жилийн өмнөх үеийг бага мөстлөгийн үе гэх ба энэ үед Евроазийн нутаг Скандинав болон хойд Сибирийн мөсөн бүрхүүлээс бусад хэсэг нь дулаан чийглэг уур амьсгалтай болсон үе байлаа. Энэ үед хуучин чулуун зэвсгийн дээд үеийн ауригнацийн гэгдэх соёл Туркээс Болгар, Европт тархан, чулуун зэвсгийн шинэ арга барил Данубаас Унгар, Австри руу тархжээ. Мөн энэ үеийн австраличууд ногоон тивийн өмнөд эрэгт хүрсэн байна.

Дэлхийн хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр тэд гол мөрний хөндий, үржил шимт нутаг даган, амжиргааны эх үүсвэр болох ан, загас, жимс ургамлын тархацыг даган шинэ газар орноод тархан тэлж байжээ. Ингээд 45 000-40 000 жилийн тэртээ Европын тархалт Испани, Португали төдийгүй хойд Африкт ч хүрчээ. Харин Левантийн хэсгээс зүүн зүг тархсан хүмүүс, мөн хойд Энэтхэг, Пакистанаас зүүн хойш гарсан тэлэлт дундад Азиар дамжин Алтайн нуруу хүрч нэгдээд цаашлан зүүн хойш тархсаар өвөр Байгаль хүрсэн байна. Энэ үед зүүн хойд Энтхэгээс хэсэг бүлгээр тасран гарсан хүмүүс Төвдөөр дамжин Хөх нуурын өндөрлөгт хүрч, зүүн Ази буюу Шар тэнгисийн баруун эргээс хөдөлсөн хэсэг Төв Азийн тэгш өндөрлөгөөр дамжин зүүн хойд Азид нэвтэрч, баруунш хөх мөрөн шар мөрний хөндийгөөр тархан, нэг хэсэг нь Ордосын тал нутаг хүрчээ. Мөн нэг хэсэг нь далайн эрэг хөвөө даган зүүн хойд Ази Солонгосын хойг, Японы арлууд болон тэнгисийн хөвөө даган Камчаткийн хойгт хүрсэн байна.

Энэхүү 40-45 МЖӨ болсон нүүдэл суудал тархалтуудаас 3 зам миний сонирхолыг өөрийн эрхгүй татаж байгаа юм. 1-дэх нь Өвөр байгаль хүрсэн хэсэг, 2-дахь нь Хөх нуурын өндөрлөгт хүрсэн хэсэг, 3 дахь нь Ордосийн талд ирсэн хэсэг болно. Учир нь энэ гурвын нэгдэл бидний өвөг буюу Монгол төрхтний эхлэл байх магадлал тун өндөр байна. Мөн Япон тэнгис, Агнуурын тэнгисийн баруун эргээс ч баруун тийш эх газрын гүн рүү томоохон гол мөрнийг даган зарим нэг нүүдэл орж ирсэн байх талтай.
Миний үзэхээр Хөх нуурынхан уулын анчид янгир шүтээнт хүмүүс бөгөөд уул бараадан явсаар Тэнгэр уул, Алтайн нуруу даган тархсан байх магадтай хийгээд зарим хэсэг нь зүүн тийш нүүдэллэн Ордосынхон буюу талынхан хэмээгдэх чоно шүтээнт анчидтай нийлсэн байх магадтай. Өвөр байгалийнхан ойн анчид бөгөөд буга шүтээнт байсан байх магадлал өндөр байна. Ингэхээр бидний нэн эртний өвөг эдгээр ойн, уулын, талын анчдын хойчис болох бөгөөд ойнхон урагш, талынхан болон уулынхан хойш, зүүн хойш тархах явцад үүссэн эдний нэгдлээс хожмын нүүдэлчин, малчин, гөрөөчин улс бий болсон байх бүрэн магадтай гэж үзэж байна.
Левант, Энэтхэг, Пакистанаас Алтай, өвөр Байгаль хүрсэн хэсэг хийгээд Хойд Энэтхэгээс Төвдөөр дамжин ирсэн гэх Хөх нуурынханы нэн эртний энэ үйл явдлын тухай домог Монголын хаад Энэтхэг Төвдөөс буюу Индо-Ари гаралтай гэх домгийн эх болсон юм биш байгаа, Ордосынхны нэн эртний домгийн хятаджуулсан хувилбар нь Шун вэйн домог биш байгаа гэсэн сэтгэгдэл төрнө. Эндээс зарим хүн Ордосынхныг хятадаас гаралтай гэлээ гэх хэл үг гаргаж болох ч энэ үед угсаатан бүү хэл арьсны ялгарал ч гүйцэд явагдаагүй байсан гэдгийг бодолцоорой хэмээн хүсье.

Энэ тухайд буюу хуучин чулуун зэвсгийн дээд үеэс хүрлийн үе хүртэлх (МЭӨ 40 000-3 000 жил) Монголын нутаг дахь эртний хүмүүсийн тухай дараа удаад өгүүлэхээр түр орхиж, хүн төрөлхтний дэлхий даяар тархан суусан зам мөрийг үргэлжлүүлэн мөшгөсүгэй.

Левантаас мөн хойд Энэтхэг, Пакистанаас зүүн хойш гарч дундад Азид хүрсэн хүмүүс 40-25 МЖӨ баруун зүгт тархан зүүн Европыг дүүргэн, мөн хойш тэлсээр Арктикийн бүс хүрчээ. Дорнод Европт очсон хүмүүсийн дурсгалаас Францын нутаг дахь Чауветийн агуйн зураг (МЭӨ 35 000 жил) хамгийн нэр алдартай нь бөгөөд энэ үеэс урлагийн эхлэлийг авч үздэг билээ. Хойш болон зүүн хойд зүгт тэлсэн хэсэг нь Өвөр Байгалийнхантай нэгдэн зүүн хойш тархан хойд болон зүүн хойд Азийг эзэлжээ. Мөн зүүн хойд Азийг эзэгнэх үйлсэд Ордосынхон, Хөх нуурынханы зүүн хойшхи тэлэлт, Япон тэнгис болон Агнуурын тэнгисийн эргийнхэн оролцжээ. Мөн энэ үеэс зүүн өмнөд Азийнхан Шинэ Гвинейгээр дамжин Номхон далайн арлуудаар тархжээ гэж үздэг байна.

Өвөр Байгалийнхан хойш болон зүүн хойш нүүдэллэхээс гадна мөн урагш тэлж хойш болон зүүн хойш тэлж байсан Ордосынхон болон Хөх нуурынхантай нийлсэн байх нь дамжиггүй юм. Энэ үйл явцыг Төв Азийн тэгш өндөрлөг болон нам дор газрын байгалийн хил болох Шар (Хатан гол) мөрнөөс Сибирь хүртэлх газар нутгаас олддог 30 000 жилийн өмнөх чулуун зэвсгийн үйлдвэрлэх арга барил өөр хоорондоо болон Европын Кро-Магнон үеийнхтэй ижилсэх хандлагатай байдгаар тайлбарлаж болох бөгөөд энэ бүс нутгийнхан МЭӨ 30 000 жилийн тэртээгээс өөр хоорондоо холилдон соёлын нэгдмэл байдал руу орж байжээ хэмээн үзэх боломжтой юм.

Зүүн Сибир хүрсэн өвөр Байгалийнхан, Хөх нуур болон Ордосынхон, зүүн Азийнхан нэгдэн зүүн тийш улам бүр тэлэн тархсаар 25-22 МЖӨ тухайн үед Аляск болон Сибирийг холбож байсан газраар эсвэл мөсөн холбоосоор дамжин Берингийн хоолойг гаталж шинэ тивд хөл тавьжээ. Тэд 19 МЖӨ гэхэд хойд Америкийг хөндлөн туулж одоогийн Пенсильванийн нутагт хүрсэн гэж үзэж байна.

22 000-19 000 жилийн тэртээ хүн төрөлхтөнд дахин нэг шалгуур ирсэн нь мөстлөгийн эрин байлаа. Энэ мөстлөгийн улмаас цаг уур хүйтэрч, хуурай ширүүн болж ирснээс дэлхийн хойд хагаст хүн амьдран суух газрын хүрээ хумигдан хүн амын тоо эрс буурсан хйигээд зарим судлаачдынхаар хойд Европ, хойд Ази, хойд Америкт цөөн тооны хүн амын бөөгнөрөл буюу одоогийн хэлээр дүрвэгсдийн хуаран (европт 1-Украин, Азид 2-Өвөр байгаль хийгээд Монгол болон зүүн Сибирь, Америкт 2-Аляск болон Канадын бруун эрэг) үлджээ гэж үздэг байна. Зарим судлаачид төв Азийн өмнөд хэсэг цөлжин тэндэх хүмүүс устан Төвдөөс өөр газар үлдсэнгүй хэмээдэг. Ямартай ч энэ үеэс Төв Ази зүүн өмнөд болон өмнөд Азиас их говиор тусгаарлагдах болжээ. Харин их говийн хойд захаас Байгаль нуур хүртэлх нутаг хэдий хатуу ширүүн уур амьсгалтай хэдий ч хүн амьдран суух боломжтой үлдсэн нь бидний завшаан тэнгэрийн аврал гэлтэй. Энэхүү мөстлөг 18 000жилийн өмнө дээд цэгтээ хүрсэн байна. Энэ үед Америкийн зүүн эрэг хүрсэн бүлэг хүмүүс мөстлөг болоод уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн далайн эргээр өмнө тийш нүүсээр МЭӨ 15 000 он гэхэд төв болон өмнөд Америк хүрчээ. 15-12,5 МЖӨ дэлхийн цаг уур аажим аажмаар сайжирч, Канад Аляскийнхан шинэ тивийн баруун эргийг даган урагш нүүсээр өмнөд Америкт хөл тавьснаар зүүн эргийнхэн болон баруун эргийнхэн Америк тивийг бүхэлд нь нээж, эх газрын гүн рүү ч тархан тэлэх болжээ. МЭӨ 10 000 он гэхэд мөстлөг аажим буурсаар Берингийнхэн хойд Америкийн гүн рүү оржээ. Энэ үеэс Эскимо, Энуит, На-Дене хэлтэнгүүд үүсчээ гэдэг.
МЭӨ 10 000-8 000 жилийн тэртээгээс мөстлөг дуусч уур амьсгал зөөлөн чийглэг болж иржээ. Энэ үеэс хүн төрөлхтөн эргэн хойд зүг рүү тархан Британи, Скандинав, Шинэ газар, хойд Сибирь хүрснээс гадна мал амьтныг гаршуулан тэжээх болж, өмнөд болон төв Америк, Газар дундын тэнгис, Шинэ Гвиней, зүүн өмнөд Азид газар тариалан үүссэн байна.

Ингэж хүн төрөлхтөн 160 мянган жилийн тэртээгээс Африкаас эхэлсэн аянаараа МЭӨ 8 000 он гэхэд дэлхийн ихэнхи хэсэгт зам мөрөө үлдээж чаджээ.

Monday, January 11, 2010

Гурван оюун бий гэнэм

Хүнд гурван оюун бий гэнэм. Юун хэмээвээс ухаан нэгэн оюун гэнэм, сэтгэл бас нэгэн оюун хэмээнэ, эцэст нь санаа буюу сүнс бас нэгэн оюун гэнэм. Огт оргүйн бөмбөлөг мэт энэхүү гурван оюун орчлонгийн Хүмүн бүрий байх агаад чандмань эрдэнэ мэт гурван оюунаа энхрийлэн тэтгэж, хөгжүүлэн өргөж, тулгын чулуу мэт тулж амьдралын галыг бадрааж явах ёстой гэнэм. Аль нэг нь дундравч нөгөө хоёр нь нөхөж байдаг учиртай бүрүүн. Эс чадваас аль нэг нь, эс бөгөөс бүгдээр уруудан доройтож сэмрэн барагдах аваас төрөл арилжиж түмэн бодист тархдаг гэнэм.


Үүнээс дээшилбээс гурван оюунаа нэгэн зүгт залж, мөнхийн наст оюун сүнсэндээ энэ биеийн наст оюун ухаан болон оюун сэтгэлээ уусган шингээж, нэгтгэхийг хичээн үйлдэх хэрэгтэй гэнэм. Энэхүү нэгдэл давхцлын хэмжээнээс их л зүйл шалтгаалдаг бүрүүн. Хагас ч атугай нэгдвээс хувилгаан шидийг олох боломжтой хийгээд бүрэн нэгтгэж чадвал сая энэ ертөнцийн түмэн зүйлийг ухаараад, мөнхийн шидийг олж, бурханы зэрэгт хүрдэг гэнэм.


Энэ л гурван оюунаас хүний үйл хамаардаг гэнэм. Үйл нь заавал үр дагуулдаг бүрүүн. Үйлийн үр хэмээгч нь магад үнэн бөгөөд үр нь харин хойд наснаа бус энэ л насанд өөрт буюу үр хойчид учирдаг гэнэм, үйл үгүй бол үр үгүй, сайн үйлээс сайн үр, саар үйлээс саар үр л гардаг гэнэм.


Зүрх сэтгэлээн чагнаж, ухаан бодлоо хурцалж, хүсэл тэмүүлэлтэй байж зорилготой амьдарч, зөв үйл хийн сайн сайхан үрийг нь хүртэх болтугай.


Санаж сэрж явах болтугай.

Monday, December 28, 2009

Хүний үүсэл хөгжил ба Монгол орон дахь эртний хүмүүс (эхлэл хэсэг)

Орчин үеийн хүн, та бид болох хомо сапиенс сапиенсийн үүсэл, хөгжлийн асуудал нь хүн судлал (physical anthropology), бич судлал (primatology), археолог, хэл шинжлэл болон генетик г.м олон шинжлэх ухааны салбарууд хамтран судалдаг томоохон бөгөөд маргаантай асуудлын нэг юм. Сүүлийн үеийн олдворууд болон шинжлэх ухаан технологийн ололт дэвшил энэхүү асуудлыг тодорхой хэмжээгээр шийдэж байгаа бөгөөд дийлэнхи олонхи эрдэмтэн судлаачид хүний үүсэл хөгжлийн талаар нэгдсэн үзэл баримтлалтай болж байна. Энэ нь хүний анхны өвөг Африкт үүсээд бусад тив рүү нүүдэллэн дэлхий дахинаа тархан суурьшсан гэх ба хүний үүслийн нэг төвт үзэл бөгөөд орчин үеийн бүх хүнийг нэг л эхтэй, нэг л зүйл гэх ойлголт юм. Үүний эсрэг олон газар тус тусдаа үүссэн эсбөгөөс өмнө нь тархсан бусад хүний зүйлтэй хожим үүссэн төрөл зүйл нүүдэллэн очиж генетикийн солилцоонд орж орчин үеийн хүн үүссэн гэх олон төвт үүслийн онолууд байдаг ч сүүлийн үеийн шинжлэх ухааны судалгаа шинжилгээ няцааж байгаа юм.

Анх дэлхий дээр амьдралын анхны хэлбэр үүсэн бий болж хувьсан хөгжсөөр сээр нуруутан, хөхтөн бий болж 65-85 сая жилийн өмнө (СЖӨ) анхны мич болон лемурын өвөг болох одоогийн лемур маягийн амьтан (primate) үүсэн хойд америкаас евроази, африк руу тархсан ба сая сая жилийн турш хөгжин хувьсаж салаалан хөгжсөөр 25 СЖӨ хүн төрхт мич буюу хоминоидиа (great ape) бий болсон гэдэг. Ингээд 15 СЖӨ гиббоны өвгөөс, 13 СЖӨ орангутаны өвгөөс, 10 СЖӨ гориллын өвгөөс, 7 СЖӨ шимпанзийн өвгөөс тус тус салсан гэдэг байна. Ингээд Австралопитикус, Кениантропусаар дамжин 3 СЖӨ Австралопитесин бий болсон ба австралопитесин нь биеийн үсээ гээж эхлэн хоёр хөл дээрээ явдаг байсан байна.

Ийнхүү явсаар 2.5 СЖӨ Африкт австралиопитесинээс анхны хүний өвөг (genus homo) хомо хабилис салбарлан гарсан байна. Энэхүү “жэнүс хомо” ангилалд хомо хабилис, хомо рудолфэнсис, хомо эргастер, хомо жеоржикус, хомо антесестор, хомо сепранэнсис, хомо эрэктус, хомо хэйделбергенсис, хомо родесаинсис, хомо нэндарталэнсис, хомо сапиенс идалту, аркаик хомо сапиенс, хомо флоресаинсис зэрэг хүний хөгжлийн тодорхой үе шатууд болон аль нэнээс нь салбарлан гарсан биеэ даасан зүйл, дэд зүйлүүд ордог байна.

Хомо хабилис. Анх зүүн болон өмнөд Африкт австралопитесинээс салбарлан гарч хүний анхны өвөг бүх жэнүс хомогийн анхдагч болсон ба 2.5-1.4 СЖӨ амьдарч байсан байна. Анхны чулуун зэвсэг хэрэглэгч ба одоогоос 12 мянган жилийн өмнөхийг хүртэл буюу хүний технологийн түүхийн 99%-ийг хамрах хуучин чулуун зэвсгийн үеийг эхлүүлэгч гэж үзэж болно. Зарим судлаач түүний араг ясны бүтцээр нь модон дээр илүүтэй амьдрах зохицолгоотой байсан гэж үзээд жэнүс хомо ангилалаас гаргах саналтай байдгийг дурьдах нь илүүдэхгүй биз ээ. Түүний ясны үлдэгдэл олон олдсон бөгөөд дунджаар 1-1.5 м өндөртэй, 33-55 кг жинтэй, 660 см3 тархины эзэлхүүнтэй байсан байна.

Хомо рудолфэнсис. Кенийн нутгаас1.9 сая жилийн настай ганц ширхэг гавлын яс олдсон бөгөөд эрдэмтэд түүнийг хомо хабилисийн өөр нэг төрөл гэж байгаа ч бүрэн нотлогдоогүй байгаа.

Хомо жеоржикус. Гүржийн нутгаас 1.8 сая жилийн настай 4 ширхэг олдвор олдсоныг х.хабилис болон х.эрэктусын завсрын шатных эсвэл х.эрэктусын дэд зүйл гэж үзэж байгаа. Тархины багтаамж нь 600 см3.

Хомо эргастер. 1.8-1.4 СЖӨ Зүүн ба өмнөд Африкт байсан ба 1.9 м өндөртэй, тархины хэмжээ нь 700-850 см3 байж. Түүнийг биеэ даасан зүйл эсвэл х.эрэктусын дэд зүйл гэж үздэг. Нэлээд судлаач х.эргастер гэх нэр томъёог Азийн бус х.эрэктусын хэлбэр гэх утгаар хэрэглэдэг.

Хомо антесессор. Испани болон Англиас чулуужсан үлдэгдэл олдсон ба 1.2-0.8 СЖӨ байсан, дунджаар 1.75 м өндөртэй, 90 кг жинтэй, 1000 см3 эзэлхүүнтэй тархитай байсан гэж үздэг.

Хомо сепранэнсис. Италиас 0.8 сая жилийн настай 1000 см3 эзэлхүүн бүхий гавлын орой хэсэг олдсон байдаг. Х.антесессор болон х.сепранэнсисийг х.эрэктус, х.хэйделбергийн завсрын зүйл гэж үзэж байгаа юм байна.

Хомо хэйделбергенсис. Хэйделбергийн хүний үлдэгдэл Африк, Ази, Европоос их хэмжээгээр олдсон ба 1.8м өндөр, 60кг жинтэй, гавлын эзэлхүүн нь 1100-1400 см3 байж 0.8-0.3 СЖӨ амьдарч байжээ.

Хомо родесаинсис. Замбигаас цөөн тооны олдвор олдсоныг судлаад 1300 см3 эзэлхүүнтэй тархитай байсан, 0.3-0.125 СЖӨ байсан гэж үзсэн.

Хомо флоресаинсис. 100 000-12 000 жилийн өмнө амьдарч байсан одой хүмүүс буюу хоббит хэмээгддэг хүний нэгэн зүйл. 7 ширхэг олдвор Индонезээс олдсон. 1м өндөртэй 25 кг жинтэй, 400 см3 эзэлхүүн бүхий тархитай. Сүүлийн үед тэднийг орчин үеийн хүний дэд зүйл бөгөөд эмгэг одойшлын улмаас бий болсон гэж үзэх хандлага илүүтэй байна.

Хомо нэндарталэнсис. Европ, баруун болон төв Азид 0.4-0.03 СЖӨ оршин байсан нэлээн хүчирхэг 1.6м өндөр, 55-70кг жинтэй, 1200-1900 см3 эзэлхүүн бүхий тархитай байжээ гэж тогтоогдсон нь орчин үеийн хүний тархинаас том тархитай байсан гэсэн үзүүлэлт юм. Европод нэлээд сайн судлагдсан бөгөөд х.сапиенсийн дэд зүйл, биеэ даасан зүйл гэдэг дээр маргаан явагддаг. Сүүлийн үеийн генетик митохондрын ДНХ-ийн судалгаагаар нэндартал хүн нь биеэ даасан зүйл бөгөөд 660 000 жилийн өмнө орчин үеийн хүнтэй нэг өвөгтэй байсан гэсэн дүгнэлтэнд хүрээд байна. Өөрөөр хэлбэл орчин үеийн хүний өвөг бус харин холын үеэл байсан байна. Гэсэн хэдий ч гарал үүслээ түүнтэй холбох сонирхолтой хэсэг байсаар байхгүй маргаан гаргах эрдэмтэд ч байсаар байна. Гэвч энэ нь арьсны үзлийг өөгшүүлэхээс хэтрэхгүй бөгөөд сүүлийн үеийн судалгаа шинжилгээнүүд орчин үеийн хүмүүс бүгд нэг гарал үүсэлтэй гэдгийг хангалттай нотолж байгаа бөгөөд хожмын х.сапиенс Европ руу тархан түрэх үеэрээ тэднийг мөхөлд хүргэсэн гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Нэндарталын үлдэгдэл яс баруунтаа Их британиас эхлэн зүүнтэй Узбекстан хүртэл өргөн уудам нутгаас нэлээд элбэг олддог бөгөөд анх Германы Нэндартал буюу Нэндарын тал хөндийгөөс анх олдсон тул ийм нэрийг авчээ. Дашрамд дурдахад “тал” гэдэг нь германаас монголчилбол “хөндий, тал” гэсэн үг ажээ.

Хомо эрэктус. 1.8 СЖӨ х.хабилисаас үүссэн гэж үздэг бөгөөд тархины хэмжээ нь томорч, чулуун зэвсгийн шинэ арга барил бий болсон зэргээс үүдэн шинэ зүйл болгон авч үздэг. 1.5-0.2 СЖӨ Африк, Евроазийн нутагт өргөн тархсан бөгөөд 1.8 м өндөртэй, 60 кг жинтэй, тархины эзэлхүүн нь 850-1100 см3 гэж үздэг. Тэднийг хүний өвгөөс анхны цэвэр хоёр хөл дээрээ явагч байсан бөгөөд анхны гал хэрэглэгч болон усаар явах сал хэрэглэж эхэлсэн гэж үздэг. 70 000 жилийн өмнө болсон Тобагийн сүйрлээр ихэнхи нь устсан гэж үздэг ч монголын нутагт хожуу үе хүртэл оршин байсан бололтой. Монголын нутагт эртний хүмүүсээс х.эрэктус амьдран байсан байх магадлал илүүтэй юм. Монголын нутгаас хуучин чулуун зэвсгийн доод үе (2.5 саяас 300 мянган жилийн өмнөх үе хүртэл, зарим судлаач 100 жилийн өмнөх үе хүртэл гэх нь бий) хамаарах эртний хүний бууц Баянхонгор, Өмнөговь, Ховд, Дундговь, Дорноговь зэрэг аймгаас олдсон. Эдгээрээс Өмнөговь, Өвөрхангайн заагт байх Цахиуртын хөндийн сууринг чухал ач холбогдолтой гэж үздэг. Учир нь суурингийн хамрах хүрээ нь нэлээд том 10 000 км.кв бөгөөд хуучин чулуун зэвсгээс гадна дунд болон шинэ чулуун зэвсгийн дурсгалууд газрын хөрсөн дээр нягт тархан хадгалагдан үлдсэн нь цаг хугацааны хувьд ийм урт хугацааг хамарсан дурсгал дэлхийд урьд өмнө олдож байгаагүй юм. (“флинтстоуныхан” гэдэг хүүхэлдэйг өөрийн эрхгүй санагдуулам) Мөн 800 000 жилийн өмнө хүн нутаглаж байсан Баянхонгорын Нарийн гол, Баянхонгорын Цагаан агуй, 300 000 мянганы тэртээх Дундговийн ярхийн суурин зэрэг нь мөн л чухал ач холбогдолтой дурсгалууд юм. Эндээс үзэхэд монгол нутагт даруй 800 000 жилийн тэртээд хүн нутаглаж байсан бөгөөд энэ үеийн Азид тархсан хүний зүйл нь х.эрэктус билээ. Тэр үед зануу, болоржин, хасын хольцтой шар хар цайвар цахиурлаг чулуулгаар хугадас зэвсэг, гурвалжин хэлбэрийн гилбэр мэс, хоёр талаас нь зассан үзүүр мэс зэргийг зонхилон үйлдэж байсан байна. 300 000-100 000 жилийн өмнөөс эхлэн хуучин чулуун зэвсгийн дунд үед шилжиж чулуун зэвсгийн үйлдэх арга барил шинэ шатанд гарсан юм. Энэ үеийн дурсгалууд дээрхи аймгуудаас гадна Баян-Өлгий, Хэнтий зэрэг аймгийн нутгаас олддог. Энэ үеийн нэг ололт нь галыг дуртай үедээ гаргах болсон явдал байлаа. Мөн энэ үед байгаль цаг уурын өөрчлөлт ч гарч эхэлсэн үе юм. Энэ үе 50 000-30 000 жилийн өмнөх үе хүртэл үргэлжилжээ. Эндээс харахад х.эрэктус Монгол нутагт 800 000 мянганы тэртээгээс эхлэн 50 000-30 000 жилийн өмнөх үе хүртэл буюу хуучин чулуун зэвсгийн дунд үеийг дуустал оршин байж байгаад 100 000 жилийн тэртээх дөрөвдөгч галавын төгсгөлөөр үүссэн тивүүдийн шилжилт хөдөлгөөний улмаас үүссэн эх газрын өндөршилт, 70 000-ны тэртээ тохиолдсон Тобагийн сүйрэл зэргээс үүдсэн мөстлөг, хүйтрэл, 50 000-30 000 жилийн тэртээх шинэ чулуун зэвсгийг авчирсан хомо сапиенсийн Азийн гүн рүү орсон түрэлт зэргээс үүдэн мөхжээ гэж үздэг.

Зарим судлаачид х.эрэктус болон х.нэндарталыг хожим ирсэн х.сапиенстай Ази болон Европт генетикийн солилцоонд орсон гэх буюу өөрөөр хэлбэл Африктаа үлдсэн нь хар, х.эрэктустэй нийлсэн нь шар, х.нэндарталтай нийлсэн нь цагаан арьстны өвөг гэх тал байдаг ч генетикийн сүүлийн үеийн нотолгоо үүнийг няцааж байгаа юм. Тэгэхээр 800-40 мянганы тэртээх Монголын нутагт байсан эртний хүмүүс бидний өвөг биш байхнээ. Харин х.эрэктус болон х.нэндарталыг нэлээн хожим хүртэл цөөн тоогоор байсан байх магадтай гэдэг бөгөөд тэднийг өндөр уул, хүн хүршгүй өтгөн шугуйд үлдсэн байх магадтай гээд хожмын алмас, цасны хүн, том хөлт зэрэг байж магадгүй хэмээн үздэг судлаач нэлээн байдаг. Мөн дундад зууны үеийн сударчдын бичсэн нүүрэндээ үстэй нохой толгойт эрчүүдтэй улс гэж хэн байв гэсэн сониуч бодол ч төрнө.

Хомо сапиенс. 250 000 жилийн өмнөөс одоог хүртэл оршин байгаа жэнүс хомогийн цорын ганц төлөөлөгч. Анх Африкт х.эрэктусээс үүссэн хэмээн олонхи нь үздэг. Х.сапиенсийн тухай, түүний дэлхий дахинаа хэрхэн тархсан, хэзээ монгол нутагт ирэв гэх талаар дараагийн удаад өгүүлэхээр түр орхив.

Sunday, December 20, 2009

Амьдрал юун дээр...

Хүмүүсийн харилцаа, амьдрал юун дээр тогтдог юм бол оо, зовлон жаргал, оюун ухаан, хайр, мөнгө, секс гэх мэтээр хэлдэг бичдэг. Тэгвэл түүхийн цаг хугацааны явцад ухаант мэргэд эдгээрийг цөмөөрийг нь нэрлэжээ. За ингээд дээрхи нэрлэсэн зүйлүүдийг хэн юу гэсэн бэ гэвэл:
Анх Будда амьдрал бол зовлон, түүнийг туулах нь үнэн, үйлийн үрийг нь бага тарь гэжээ.
Сократ хэлэхдээ: Бүх зүйл тархи толгойноос өөрөөр хэлбэл оюун ухаанаас хамаарна гэжээ.
Бас нэгэн ухаантан хэлжээ: Бүх зүйл хүний зүрхнээс буюу сэтгэлээс хамаарна гэж Есүс хэлжээ. (хайр)
Дараа нь бас нэг агуу хүн хэлжээ: Бүгд ходоодноос хамаарна гэж...Карл Маркс (мөнгө)
Тэгвэл Зигмунд Фройд хэлэхдээ бүхий л харилцааг хүний дур зориг, хүсэл тачаал зохицуулдаг гэсэн байна (өнгө, секс)
Тэгвэл 20-р зууны хамгийн шилдэг тархи болох Эйнштейны тархи бүх зүйл харьцангуй гэсэн дүгнэлтэнд хүрчээ. (реалитив)
Эцэст нь тэмдэглэхэд хүн болон амьдралын үндсэн шинж нь өөрөө өөрийгөө хадгалах инстинкт (амьд байх, орших, үр удмаа үлдээх) буюу амьдралын үндсэн инстинкт бөгөөд энэ нь хар амиа бодохоос эхлэн үр хүүхэд эцэг эх, гэр бүл элгэн садан, төрсөн нутаг, үндэстэн угсаатан, улс эх орон, хүн төрөлхтөн хэмээн өргөждөг ажгуу. Хэрэв энэхүү инстинкт үгүй бол амьдрал эс орших бөлгөө. Энэ тухай "Туйлын эрх чөлөө бол туйлын ганцаардал" гэсэн бичвэртээ дурьдсан билээ. Гээд бүх зүйл харьцангуй...

Жамухыг цагаатгая

Түүхийн сурвалж болон судалгааны зохиол бүтээлүүдэд Жамухын талаар тийм ч таатай зүйлийг бичдэггүй билээ. Хаан ширээний төлөө анд Тэмүжинтэй тэмцэн, атаа хорсолд автсан, зальжин овтой, энд тэнд очиж хутган үймүүлсэн, зарим талаараа харгис хүн мэтээр бичсэн нь олантаа. Харин тухайн цаг үед хамгийн ойрхон бичигдсэн Монголын нууц товчоонд түүний тухай тийм ч муугаар бичээгүйгээр үл барам харин ч андын андгайг сахиж, анддаа туслан байсан тухай нэлээн бүрхэг далд байдлаар бичсэн байдаг билээ. Үүнийг анзаарсан Гумилев түүнийг Тэмүжины тагнуул “ажент” байсан гэсэн дүгнэлтэнд хүрсэн байдаг. Юутай ч Жамух гэж хүн байгаагүй бол Чингис хаан хийгээд Их Монгол улс байх байсан эсэх нь эргэлзээтэй биш юмаа гэхэд Монголын түүх нэгэн хачир амтаар дутах нь магад билээ. Учир юунд вэ гэвэл тэрээр Чингис хааны өрсөлдөгчдийг нэгэн багцанд оруулж түүний аманд түлхэн оруулах замаар Хамаг монгол хийгээд бусад монгол угсааны овог аймгуудыг нэгтгэх үйлсэд нь ил далд зангилаа үүргийг гүйцэтгэн өөрөө муу нэрийг үүрэн эрийн ёсоор хорвоогоос буцсан нэгэн билээ. Өөрөөр хэлбэл “тэнгэрийн таалалд” үл нийцэх хэргүүдийг гардан гүйцэтгэсэн ба орчин үеийн хэллэгээр “гүйцэтгэгч болон цэвэрлэгчийн” үүргийг гүйцэтгэжээ.
Жамух бол Бодончар дээдсийн дайны олзонд авахад жирэмсэн байсан урианхайжингийн (урианхай бол монголын эртний нэгэн овог аймаг) төрүүлсэн үр удмын залгаа бөгөөд тиймдээ ч боржигинчуудын хувьд жадаран буюу харь хэмээсэн овгийн хүн юм.
Тэмүжин бага насандаа өнчирч овог аймагтаа, төрөл садандаа хаягдан гадуурхагдаж байсан бол Жамух Хамаг монголын Жадаран овог аймгийн тэргүүн бөгөөд 2-3 түмэн цэрэг гаргах чадалтай нэр алдар нь нэгэнт тодорч товойсон, Хамаг монголын ихэс язгууртны дунд нэгэнт байр сууриа олсон нэлээн хүчирхэг нөлөө бүхий удирдагч байжээ.
Тэрээр Тэмүүжины 11 настайд буюу 1271-72 оны өвөл Тэмүжинтэй нөхөрлөж андын андгай тавьсан ба тэр үеийн монгол угсааны нэр нөлөө бүхий Хэрэйд улсын хан Тоорилын өргөөнд хамт хүмүүжиж байсан байна. Ийнхүү бага наснаасаа нэгэн гэрт хамт байж нөхөрлөн өссөн хоёр залуугийн амьдрал түүхийн их нугачаанд олон янзын өнгө будгийг үлдээсэн байдаг. Түүхийн нугачаа Тэмүжин, Жамух, Тоорил гурвыг их л ээдрээтэй харьцаанд уяж өгсөн бөгөөд хоёр залуу илүүтэй дотно байсан нь маргаангүй хэмээн бодно.
Тэмүжин Жамух нарын харьцаа 1287 оны намрын сүүлч өвлийн эхээр буюу Бөртэг Мэргидээс аврах үеэс эхлэн ээдрээ зангилаанд орж эхэлсэн байдаг. Бөртэг аварсны дараа Жамухын нутаглаж байсан Хорхонаг жубурт тэр хоёр хамтдаа нэгэн хүрээ болж хоёр жил шахам цугтаа байж, андын андгайгаа бэхжүүлж, үл шингэх идээн хүртэж, үл мартах үгийг хэлэлцэн шөнө хөнжилдөөн цуг хонож байсан хэмээжээ. Тэгвэл энэ хоёр жилд юу болсон бэ?
...Энэ “хүрээ” гэх ойлголт нь Монголын түүхэн дэх нэлээн чухал ойлголт юм. Хүй нэгдлийн үеэс улбаатай овог бүлээрээ нийлэн нэгэн хүрээ үүсгэж байжээ. Багахан хот айлаар эсвэл ганц гэрээр амьдрах нь үнэндээ дээрэм тонуул зэргээс үүдэн үнэндээ боломжгүй зүйл байжээ. Тэгэхээр айл өрх, хувь хүн аль нэгэн хүрээнд хамрагдаж, харин багахан шиг хүрээ нь хүчирхэг том хүрээний эздийн албат харъяат болж зарим бүтээгдэхүүн болон цэрэг дайны болон том ав хомрого, аж ахуйн томоохон ажлуудад биеэр очин алба барьж хариуд нь тэдний эрх сүрээр өөрснийгөө хамгаалуулж байсан байна. Энэ хамгийн хүчирхэг том хүрээг “орд” гэх ба түүний харъяаны бусад хүрээнээс овог аймгууд бүрдэж байсан бололтой. Есүхэйг өнгөрсний хойно түүний гэр бүл хүрээнээс орхигдож гээгдэн хүндхэн үеийг туулсан байдаг...
Ингэж нэг хүрээнд цуг хоёр жилийг өнгөрөөсөн бага наснаасаа итгэж нөхөрлөсөн хоёрын хооронд олон чухал яриа болсон нь мэдээж бөгөөд зөвхөн тэр хоёрын мэдэх нууц ярианууд ч болсон гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй буй заа. Энгийн ахуйгаас эхлээд улс төр, дайн энх, ирээдүйн тухай мөрөөдлөө ч яриж байсан ба сайндаж муудаж ч байсан байж таарна. Мөн тус хүрээний бусад хүмүүсийн хувьд ч олон янзын яриа, үйл явдал өрнөсөн л байж таарахаас гадна хоёр залууг сонжиж ирээдүйд түших, ханилах нэгнийг сонгосон байх нь гарцаагүй билээ. Энэ нь тэр хоёрыг салж нүүсний дараа хэн нь хэнийг дагаснаас харагдах бөгөөд харин Хорчийн гаргасан яриа санамсаргүй гарав уу, санаатай гаргав уу, санаатай бол хэн ямар зорилгоор гаргав, эсвэл хожим зохиогдсон яриа юу гэх зэргээр сонирхол татдаг. Энэ л хоёр жил тэр хоёрын ирээдүйг төдийгүй нийт монгол угсаатны ирээдүйг тодорхойлох урьдчилсан нөхцөл болжээ. Тэр хоёрын ярианы нэг гол сэдэв нь “Одтой тэнгэр орчиж, орондоо унтах завгүй олзлолдон булаалдаж” байсан тухай гэхэд надад эргэлзэх зүйл алга. Үүнээс гарах арга зам нь хүчирхэг байх, хүчирхэг байх арга зам нь нэгдэл гэдэг дээр ч санал нийлсэн ба нэгэн хүчирхэг хаантай эртний их улсууд Хүннү Сүннүгийн тухай домог мэт яриаг ч хэлэлцэн байсан биз ээ.
Энэ үеэс түүхчид тэр хоёрыг хаан ширээний төлөөх тэмцлийн эвлэршгүй дайснууд болгосон юм. Үүний эсрэг нэгэн таамаг байж болох бөгөөд тэр нь юу вэ гэвэл тэр хоёр хамсан Хамаг монголыг нэгдсэн захиргаанд оруулж түүн дээрээ түшиглэн бусад монгол угсаатныг нэгтгэн домог түүхийн улбааг давтах гэсэн хэрэг бөгөөд энэ үеэс тэр хоёрын тактикийн тоглолтууд эхэлсэн гэж үзэх бүрэн үндэстэй юм. Харин хэн нь хаан болох вэ гэдэг дээр бараг тогтсон мэт. Учир нь Жамух бол Хиад Боржигин бус Жадараны угсааны хүн болохоор тухайн үеийн ойлголтоор Хамаг монголын хаан ширээг залгамжлах тэнгэрийн соёрхолгүй нэгэн билээ. Тэгээд ч цугтаа байсан тэр хоёр жилийн хугацаанд Тэмүжинийг Хамаг монголын хаан болгохоор ил ярьж байсан мэт. Харин бусад өрсөлдөгчдийн хувьд тэр хоёрын нөхөрлөлийг саармагжуулж, болж өгвөл салгах замаар өөрсөддөө боломж гаргах явдал байлаа. Тэд үүнийгээ ч амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд МНТ-д бичсэнчлэн 1289 онд Тэмүжинийг Хамаг монголын Чингис хаан хэмээн өргөмжилсөн мэдээг Архай Хасар, Чахурхан хоёроор элч болгон Жамухад хүргүүлэхэд тэрээр Алтан, Хучар нарт хэлүүлсэн үгст “...анд бид хоёр зуур Андын сүвээ сэжиж Хавирга хатган хагацуулав та нар. Анд бид хоёрыг үл хагацуулан хамт бүхүйд, Тэмүжин андыг хан яахан эс болгов, та нар? (Эндээс үзэхэд тэр хоёр хамт байх үес Тэмүжинийг хан болгох талаар ярьж байсан гэлтэй) Эдүгээ ямар л сэтгэл сэтгэж хан болгов, та нар? Алтан Хучар та хоёр өгүүлсэн үгстээн хүрэн, андын сэтгэл амуулж, андад минь сайтар нөхцөж өгөгтүн” хэмээжээ. Энэ үеэс эхлэн Жамух Чингис хааны ил “өрсөлдөгч” далд “хамжигч” болжээ. Гэтэл энэхэн үес нэгэн ээдрээтэй хэрэг явдал гарсан нь Жамухын дүү Тайчир гэгч зүрх зориг хүч чадал омог цөс ихтэй нэгэн бээр Чингис хааны албатын адууг дээрэмдэж байгаад харвуулж үхсэн явдал байлаа. Энэ явдал зайлшгүй дайны хүүрэг дэлдэхэд хүргэсэн юм. Учир юун хэмээвээс, “ирт мэсэсийг гаргасан” буюу хэв хуулийг зөрчсөн явдал байлаа.
...Энэхүү ирт мэсэсийг гаргах гэж хэв хууль байсан тухай эрдэмтэд сударчид тэмдэглэсэн байхаас бус чухам ямар учир утгатайг үл өгүүлсэн байх юм. Г.Сүхбаатар гуайн бичсэнчлэн бүр Хүн гүрний үед байсан хэв хууль ажээ. Миний үзэхээр энэхүү хэв хууль нь хүрэл зэвсгийн хожуу үе, төмрийн эхэн үеэс улбаатай ба цусыг цусаар, амийг амиар буюу дайн тулааны бус үед ирт мэсээр хүний амь хөнөөх нь цусан өшөө зангидах баттай шалтаг болдог байсан явдал гэж үзсэн болно. Ер нь Монголчууд дайн тулаан, ав хомрогоос бусад үед модон булцуут сум, зэвгүй годил хэрэглэдэг байсан ба сэлэм мэт мэсийг ч дайн ангаас бусад зүйлст хэрэглэдэггүй байсан бөгөөд Жүрхинтэй найрлан байгаад муудалцахад модны мөчир, айргийн бүлүүр мэтсийг хэрэглэн зодолдсон, Бэлгүтэйн мөрийг илдээр цавчсан Бүри бөх хожим алагдсан мөн Чараха өвгөнийг жадаар хатгаж шархтуулсан Тайчууд өслөгдсөн, Тэмүжин Бэгтэрийг харваж алаад Тайчуудад баригдсан гэх зэрэг олон жишээ бий. Одоо ч гэсэн хүйтэн халуун зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг хүндрүүлэх шалтгаантай байдаг ба АНУ-ын зарим мужид галт зэвсэг хэрэглэсэн гэмт хэргийг хоёр дахин хүндрүүлж үздэг хуультай байдаг нь одоог хүртэл тэр хэв хуулийн уламжлал буюу хүний сэтгэлгээний нийтлэг нэгэн онцлог гэлтэй. Үүнтэй холбогдуулан нэгэн зүйлийг нэмэхэд “Бэлгүтэй эхээ нэхэн таарсан Мэргид хүн бүрийг годилтох бөлгөө” гэсэн үгийг баахан хүн харваж алсан мэтээр эндүүрэх нь бий...
Тэмүжин өөрөөс нь салан нүүсний хойно хаан болсонд Жамухыг хувь хүн гэж үзвэл баахан унтууцаж эргэлзэх нь зүй ёсны бөгөөд эсвэл урьдаас мэдэж байсан үйл байсан ч байж болох талтай. Учир нь тэрээр өөрөөс нь салан нүүж Тэмүжинд очих иргэдийн нүүдлийг таслан зогсоох ямар нэг арга хэмжээ авсан гэх мэдээ занги байдаггүй билээ. Харин дүү нь алагдахад хэв хууль зөрчсөний учир, мөн хувь хүний үүднээс авч үзвэл хорсох гашуудах нь мэдээж бөгөөд түүхэнд арван гурван хүрээний байлдаан гэж нэрлэгдсэн тулалдааныг Далан балжудад үүтгэжээ. Энэхүү тулалдаанд Жамух Чингис хааныг шахан хавцалд хоргуулсан бөгөөд үнэндээ энэ нь ялалт байсан авч тэрээр андгай тангараг, хэлсэн яриснаа санасан уу, эс бөгөөс өөрийгөө хангалттай харууллаа гэж бодсон уу юутай ч цэргээ татжээ. Харин өшөө хорсол, хууль зөрчсөний гэм бурууг Чонос овогт үүрүүлж тэднийг талан толгойлогч Нэгүдэй цагаан увагийн толгойг авч морины сүүлнээс уяж оджээ.
...Энд чоносын залуусыг далан тогоонд буцалгасан гэх яриа байх бөгөөд миний үзэхэд далан тогоо гээч нь газрын нэр, буцалгаад гэдэг нь түйвээж талсаныг хэлсэн болов уу хэмээн боддог. Мөн ийм санааг Ж.Төмөрцэрэн гуай гаргасан байдаг...
Энэ байлдааны хойно ч зарим овог аймгууд Жамухаас салан тусгаарлах үйл үргэлжлэн Тэмүжинд нийлээр ирсэн байдаг. Гэвч ямар нэг хориг саад хийгдсэн мэдээ байдаггүй. Тэгэхээр Жамух тэднийг зогсоох оролдлого хийгээгүйрээ энэ болох үйл явдлыг мэдэж байсан, тэгээд үл тоосон эс бөгөөс ямар нэгэн үйлдлээр өөгшүүлсэн ч байж болох талтай. 13 хүрээний байлдаан нь тэр хоёрыг бусдад эвлэршгүй дайсан болгон харагдуулснаараа Монголын түүхэнд санамсаргүй болон санаатай (хэрэв тэр хоёр ямар нэгэн зүйл төлөвлөсөн бол) хийгдсэн чухал зангилаа болсон юм. Ингээд Монголчуудын дунд Жамухын болон Тэмүжины тал гэсэн хоёр туйл ялгарчээ. Энэхүү хоёр талын монголын тал нутагт ноёрхохын төлөө тэмцэл Чингис хааны ялалтаар өндөрлөснийг бид бүхэн мэдэх билээ. Ийнхүү Монгол угсааны овог аймгуудыг ээлж дараалан Чингис хааны гарт оруулан нэгтгэх учгийг Жамух гаргасан байх бөгөөд Чингис хааны өрсөлдөгчид болон дайсагнагч хүчнүүдийг өөртөө татан нийлүүлж, дайн байлдаанд турхирах бөгөөд энэ тухай болон байлдааны төлөвлөгөөний тухай мэдээллийг Тэмүжинд хүргэн өөрөө цэрэг албатын хамтаар дайн байлдааны талбарыг орхих, эсвэл тактикийн тоглолтууд хийн байлдааны төлөвлөлтийг нь нураах зэрэг үйлдэл хийдэг нь үе үеийн хүмүүсийн сонирхолыг өөрийн эрхгүй татдаг. Тэрээр 1200 онд Хатагин, Салжиуд, Татар, Дөрвөн, Ихирэс, Хонгирад, Горлос, Найман, Мэргид, Ойрад, Тайчууд зэрэг овог аймгууд болон заримынх нь томхон язгууртнуудын дэмжлэгтэй Гүр хаан болж, Чингисийн эсрэг талынхныг нэгтгэн Чингис хаан болон Тоорил ван ханы нэгдсэн хүчиний эсрэг “иргэний дайн” өдүүлсэн нь 1206 оныг хүртэл үргэлжлэн Чингис хааны ялалтаар өндөрлөжээ. Энэ дайны анхны томхон тулалдаан Хүйтэн уулнаа болж Гүр хааны хүчирхэг нэгдэл таран бутарсан нь үнэхээр “задын” хүч үү эсвэл зориуд бэлдсэн нууц төлөвлөгөөний хэрэгжилт байв уу гэдгийг хэн ч үл мэднэ. Юутай ч ингэж тарж бутарсан хүчнүүдийг Чингис хаан Тайчууд, Татар, Найманы Буйруг гэхчлэн ээлж дараалан дарсан байдаг. Үүний хойно Монголын нутаг дахь хамгийн хүчирхэг аймгийн холбоод болох Хэрэйд, Найман нарыг дарахад Жамухын оролцоо хэр байсныг бид бүхэн МНТ-оос мэдэх билээ. Ингэж 1200 онд эхлүүлсэн “иргэний дайнд” 1206 онд Чингис хаан ялагч болон гарч ирэн “Барс жил эсгий туургатан энх амар” болсон билээ.
...Энэхүү дотоодын буюу монголыг нэгтгэх дайны үед Чингис хаанд олон олон хүнд бэрх үе тохиосон бөгөөд Ван ханы хийсэн гэнэтийн довтолгоо хамгийн аюултай нь байсан юм. Тэр үед Чингис хааны гол зорилго нь Сэнгүм болон түүний хүчнийг түрүүлж цохих тактик байсан ч Сэнгүм эцэгтэйгээ нийлэн гэнэтийн цохилт өгсөн нь ихэнхи харъяат албат хүрээгээ дайнд татаж чадалгүй дайсанд автуулснаар Чингис хааныг нэлээд хүнд байдалд оруулсан юм. Муу өндөрийн энэхүү тулалдаанд ямартай ч Сэнгүмийг устгахаа байг гэхэд шархдуулж дөнгөсөн ч ихэнх албат харъятаа түүн дотор Хасарын хүрээ ч Ван хаанд автсан байдаг. Чингис хааны алдагдсан албат хүрээг Жамух Алтан, Хучар нарын дэмжлэгтэйгээр тарж бутрахаас сэргийлэн барьж, Ван ханы дотоодод тусгай ажиллагаа явуулсан байхыг хэн ч үгүйсгэхгүй хэмээн бодно. Энэ тухайд МНТ-д “Монголын олонхи Жамуха лугаа, Алтан, Хучар лугаа бидэнд буй. Тэмүжин лүгээ дайжиж гарсан Монгол хаа одох, тэд” хэмээсэн байдаг. Ингэж Чингис хаан цөөн цэрэг эрсийн хамтаар халх гол өөд дайжин гарч улс төрийн тоглолтуудаа хийснийг түүхнээ “алдарт илгээлт” хэмээжээ. Энэ үед түүний Жамухад элч илгээн хэлүүлсэн нь “Хан эцгээс минь үзэн ядаж, хагацуулав, чи. Бидний урьд боссон хан эцгийн хөх чунг уух бүлгээ. Намайг урьд босч уухад атаархав зэ, чи. Эдүгээ Хан эцгийн хөх чун-г барагтун. Хэдий зэ хороох, та нар” хэмээсэн байх бөгөөд энэ нь ямар нэг далд агуулга байхыг үгүйсгэх аргагүй юм. Ялангуяа хөх чун-г барах хэмээн юуг өгүүлсэн байж таарах вэ г.м. Мөн Алтан, Хучар нарт “...Гурван мөрний тэргүүнд хэнд бээр бүү буулгагтун” хэмээжээ. Энэ бүхний эцэст Чингис хаан ялагч болон гарч ирсэн билээ...
Ингэж дотоодын тэмцэлд Чингис хаан ялагч болсон үед Жамухыг шадар нөхөд нь барьж Чингис хаанд хүргэж ирсэн байдаг. Хэрэв тэр хоёр энэ бүхнийг сэдэж эхлүүлсэн бол эсгий туургатан энх амар болсон явдал нь тэр хоёрын үүсгэсэн үйл явдлын төгсгөл бодит үр дүн байв. Эхлүүлсэн үйл үр дүнд хүрлээ одоо яахав гэдэг асуудал гарч Чингис хаан Жамухад байр суурь амласан авч Жамух энэ бүхнийг илчлэх нь тэнгэрт үл таалагдах үйл бөгөөд олны итгэлийг ч алдахад хүргэнэ гэж үзсэнээр үхлийг сонгон язгууртан хүний ёсоор цус гаргалгүй бүтээж хаан хүний ёсоор өндөр газар бунхалахыг хүсжээ. Тиймдээ ч түүний намтар түүх ийнхүү бүрхэг үлджээ. Харин Рашид ад Дины бүтээлд Чингис хаан түүнийг алж үл түвдэн Алчидай ноёнд гэр өрхийн хамт шагнасан гээд харин хэдэн өдрийн хойно Алчидай түүнийг мөчилж хороосон бөгөөд тэгэхэд Жамуха ер айсан шинжгүй хурдан огтчиж ал гээд өөрөө зааж өгч байв хэмээжээ. Ямартай ч энэ үеэс үхсэн амьд гэдгийг хэн ч үл мэдэн эгнэгт оргүй болжээ.
Энэ бүгдээс үзвэл Жамуха хортон дайсан ч бай, тагнуул заншлаач ч бай, анд нөхөр ч бай, тэрчлэн Чингис хаан болон Жамуха нэг тэрэгний хос арал ч бай, нэг зоосны хоёр тал ч бай ямартай ч Их Монгол улс байгуулах үйлсэд Жамуха сэцэн хэмээгдэгч энэхүү хувь хүмүн ил далд, санаатай санамсаргүй ихээхэн тус хүргэжээ гэсэн дүгнэлт хийхэд болохгүй зүйл үгүй мэт. Тэгээд ч энэхүү “сэцэн” хэмээх цолыг хэн хэзээ түүнд юуны тул өгсөн нь тодорхойгүй л байна. Ер муу үгүйгээр сайн үгүй, үйл үгүйгээр үр үгүй гэдэг билээ. Энэхүү ертөнцийн хосмолын үрээр Жамуха үгүйгээр Чингис үгүй хэмээн Монголын түүхнээ түүнийг цагаатгая хэмээн энэхүү бичил бичвэрээ бичсэн билээ. Тухайн үеийн цаг үе буюу “Хөрст дэлхий хөрвөж, Хөнжилдөөн унтах завгүй хөнөөлдөн тэмцэж байсан” тэр л цаг үе Чингис хаан болоод Жамухыг төрүүлж түүх болгон бидэнд үлдээжээ.
Амьдрал маш олон өнгөтэй ажгуу. Энэ дундаас үнэнийг тодруулах нь туйлын бэрхтэй, тухайлбал хүний тархи толгой, сэтгэл зүрхийг нэвт уншдаг мэддэг болоод цаг хугацаагаар аялан явах тэр үед л туйлын үнэн гэж байдаг бол түүнийг мэдэх бөгөөд эс бөгөөс тийм ийм магадтай хэмээн эх сурвалжуудын мэдээ занги болон өөрийн оюун бодолд тулгуурлан таамаг гарган эрэл хайгуул хийсээр байх ба аль нь улс үндэстэн үр хойчид нь ашигтай вэ гэдгийг ч бодон тунгааж бүтээл туурвил гардаг хэмээн бодно. Монголын түүх нь нэн ч олон янзын өнгө будагтай бөгөөд энэ их өнгөөөр дэлхийн хэдэн ч сонгодогийг бүтээж болмоор санагдана. Тэр дундаас зөвхөн Тэмүжин ба Жамуха хэмээх хувь улсын нөхөрлөл нь ямар ч бүтээл туурвилын дундаршгүй эх булаг болж чадах тийм олон өнгөтэй ажгуу. “Жамухын өчил” гэх нэгэн бэсрэг бүтээлийг Д.Намсрай гэх эрхэм бичсэнийг олж уншаад тийм шилдгүүдийн нэг гэж бодсоны тул өөрийн энэхүү бичвэртээ чимэг болгон дор зүйж зохиогчоос нь ялдамхан хүлцэл өчсүү.
Д.Намсрай “Жамухын өчил”
Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр өнөөдөр талын болжмор жиргэж, эх нутгийн ноён салхинаа гудайсан хялганы толгой гашуудалтай бөхөлзөнө. Тэр газрын цээжийг аниртан чагнаваас монгол эрсийн нөхөрлөл, гуниг хагацлын тухай эмгэнэлт түүх өгүүлнэ. Олон аймгийн цуст тэмцэл, талын язгууртнуудын өрсөлдөөн Тэмүүжины ялалтаар төгсөж байсан тэр жил... Хаан Жамух нөхөддөө баригдаад Чингисийн өргөөнөө хүргэгдэн ирэв.
Богд эзэндээ халдсан боол эрсийг Чингис хаан өвс ногоо хүрэнттэл цаазалж Жамухыг суллаад өгүүлрүүн...
-Эв эе эвдрэлцэж олонтаа будилсан ч амийг чинь хэлтрүүлье хаан анд минь. Эгнэгт нөхөрлөлөө бататгаж эгүүрд хамт түшилцэн явтугай чи хэмээн өршөөлийг үзүүлэв.
Гэвч нас сүүдэр ид дундаа, төрсөн биеийн хүч чадал төгөлдөржсөн хаан Жамух хариу өчсөн нь:
-Өндөр дээд хаан суудалдаа заларч, өрлөг жанжны тоо чинь бүрэн байхад би илүүдэх биз ээ, анд минь. Чамд зай тавьж өгье. Үндэс мөчир бөхтэй Хорхоногийн саглагар мод шиг цэцэглэн ганхаж явсан юмсан. Үйлийн хонгор салхийг минь ямар тэнгэрийн зайран бөө хөөрөгдсөнийг бүү мэд. Атгаг санаат эмийн үгэнд орж андгай тангаргаа няцсан цагаас хойш тавилан заяаны хувь зэрэгт улам бүр шахагдсаар хаан анд чиний өмнө хүрч ирлээ. Анд минь чи болгоогтун. Тэнгэрт хос наран мандвал газарт ган болж шатна. Монголд хоёр хаан байвал дажин самуун тасрахгүй. Олон дайнд оролцон чадал хүчиндээ эрдэж явснаа санахад чиний илдийн дор явж би хэзээ ч чадахгүй. Нэгэнт дийлдэшгүй хүчийг олсон анд чи миний зарлигийн дор явахыг бас тэвчихгүй. Чи бол тэнгэрийн бөө, шадар баатруудад итгэгдсэн Чингис хаан. Би чамтай зэрэгцэж өргөгдсөн хамаг Монголыг захирах Гүр хаан Жамух... Гурван түмэн цэргийнхээ ялалтын уухайгаар Даланбалжуудад чамайг шахан сандаргаж явсан домогт тэр Жамух өнөөдөр хаан анд чиний төлөө орчлонгоос халихаар шийджээ. Чамд өнө үүрд итгэгдэх ийм замыг сонголоо. Дээд тэнгэрт нар нэгэн байг! Дэлүүн болдогийг гийгүүлэх саран бас нэгэн байг! Дэлхий газарт хаан бас нэгэн байг!
...Өсөх насандаа Ононгийн мөсөн дээр шагалцан наадаж, өдгөө идэр цагтаа бүх Монголын хувь заяанд холбогдсон чи бид хоёр нэг нарны дор багтахгүй ээ. Учир иймд хоёр их хаан, хоёр их баатар, хоёр монгол эрийн ёсоор энэ хэргийг нэгэн тийш болгоё. Хаан Жамухын суу алдрыг даяар Монгол мэднэ. Энэ нэр сүрээрээ чиний хаан алдрыг өндөрт өргөөд би амиа тэвчье. Олны санаа бүү хоёрдог! Өлмий, өвдөг доор чинь би өөрийгөө ивж өгье, хаан анд минь! Чиний нэр уудам агуу болог! Гүр хаан Жамух өөрөө чамд сөгдлөө гэдгийг дуулаад хамаг монгол, дөрвөн зүг найман зовхист чиний алдар урьд хожид үзэгдээгүйгээр дуурсах болно. Нэгдсэн их гүрнийг нэг гарт хураан захируулахын тулд нэг нь нөгчиж, нөгөө нь хагацъя. Есөн хөлт цагаан туг, дайн тулааны хар сүлдэнд чинь хоёуланд нь сөгдөн гуйя, хаан анд минь! Чи намайг өршөө!... Өршөөхдөө цаазалж өршөө! Би чамтай нөхөрлөе! Нөхөрлөхдөө үхэж нөхөрлөе! Хүчирхэг гүрэн өнө мөнх оршихыг бэлгэдэж хаан биеэрээ туг сүлдийг чинь тахия! Эзэнт улсын чинь төлөө миний өргөх өчүүхэн энэ хувь багадах учиргүйг тэнгэр мэднэ. Одоо чамайг дийлэх хүчтэн газар дээр үгүй ээ! Чиний баатар цэргүүдийн өмнө юу ч тэсэн тэвчиж чадахгүй. Харь дайсан хатгалдахыг санаархвал Монгол цэргийн тахир сэлмээр дэлхийн дайдыг нумлан хэмжигтүн! Дорно зүгт нар хаанаас манддагийг очиж үзэгтүн! Өрнө зүгт нар хаана шингэдэгийг хүрч мэдэгтүн! Бас их төр, эзэнт гүрний хэргийг эмсийнхээ үгтэй хутгалдан зөвшигч надаар төгсгөл болог! Энэ мөчөөс хойш хаан Жамухын алдар урван тэрслэгч хэнийг ч болов төрийн цээрлэл цааз үл тойрохын хууль болог! Өчих өчил минь гүйцлээ. Хаан анд минь, өшөө хорсол буцалсан хамгийн бэрх цагт ч Өүлэн эхийн сүү цусгүй байсныг санаж цус гаргалгүйгээр намайг алуулагтун!!! Үтэр түргэн тонилгогтун! Түүхийн хүрд саад тотгоргүй эргэг! гэвэй.
Чингис хаан хэсэг бодлогоширсноо тэргүүнээ өргөн шадар хүмүүсээ дуудан зарлиг болгов.
-Хаан Чингисийн зарлиг биш гэдгийг мөнх хөх тэнгэр соёрхтугай! Баатар Жамухын сүүлчийн өчил гэрээсийг биелүүлж цус гаргалгүйгээр үхүүлэгтүн! Анддаа бэлэглэсэн алтан бүсийн минь бүслүүлж... аргамаг сайхан хүлгээр хаан Жамухыг тахиж, агсах зэвсэг хуяг дуулгыг нь асаан хүлэг баатрын ёсоор оршуулагтун! Эр хүн нөхөрлөхөд хад чулуу хайлж урсаж ч болдогийг түмэн үе санатугай!
Ийнхүү айлдан эргэхэд Чингис хааны ов товхон буурал суусан армаг тармаг сахал дээр нулимсан дусал гялтганав. Хаадын зарлиг ёсоор болж, мөнх тэнгэрийн таашаалд нийцэв.
...Найман зууны тэртээх Жамухын шарил дээгүүр эх нутгийн ноён салхи гунигтайхан хэсүүчилж нөхрийн тухай үгсийг хялганы бутанд шивнэн эрин зуунд илгээнэ.